Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2023/0933/3 |
Дугаар | 221/МА2024/0244 |
Огноо | 2024-04-09 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2024/0244
“С о” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж
Нэхэмжлэгч: “С о” ХХК
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/403 дугаар захирамжийн “С о” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0078 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0933/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С о” ХХК-аас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/403 дугаар захирамжийн “С о” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0078 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан “С о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/403 дугаар захирамжийн “С о” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй тухайд, нэхэмжлэгч “С о” ХХК нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8,000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар дүүргийн Засаг даргын 2014 оны 04 сарын 25-ны өдрийн А/162 дугаар захирамжаар эзэмшиж эхэлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2020 оны 09 сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгуулсан. Нэхэмжлэгч нь эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг нэхэмжлэлдээ тодорхойлсон бөгөөд мөн шүүхийн үзлэгээр тогтоогдсон болно.
3.2. Дээрх үйл баримтаар газрын гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, болзлыг хангаагүй, зориулалтын дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй болох нь тогтоогдож байхад шүүх цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож байсан цаг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн, гэрээг цахим системээс хэвлэсэн огноогоор гэрээ байгуулсан огноог тооцохгүй” гэх тайлбарыг буруутгахааргүй боловч нэхэмжлэгч талын “цар тахлын нөхцөл байдлын улмаас газраа ашиглах боломжгүй байсныг харгалзан үзээгүй” гэх тайлбар илүү үндэслэл бүхий байна” гэх зэргээр дүгнэсэн нь зориулалтын дагуу ашигласан байхыг заавал шаардаж буй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасныг болон Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах” тухай 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсгийг зөрчиж, буруу үнэлсэн.
3.3 Мөн “...нэхэмжлэгч хуулийн этгээдийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх боломжгүй, тухайн газрыг аж ахуйн зориулалтаар ашиглахтай холбоотой ажлыг хийсэн гэж үзэхээр, ...” гэж илт хууль бус, үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.
3.4. Учир нь эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болохоо хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байх боловч тухайн шалтгаанууд нь Газрын тухай хууль тогтоомж болон Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдэгт ойлгох нөхцөлүүдэд хамаарахгүй байгаа юм.
3.5. Шүүх хууль буруу хэрэглэсэн талаар, Газрын тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 35 дугаар зүйлийн 35.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч нь зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбараар нотлогдож байхад хуулийн шаардлагыг зөрчиж, буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаснаар шийдвэр хууль ёсны болж чадсангүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0078 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “С о” ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулж “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай” А/403 дугаар захирамжийн “С о” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа, “... хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, дуудлага худалдааны анхны үнэ төл гэсний дагуу төлөөд өөр асуудал байхгүй гэсэн мөртлөө газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, маргаан бүхий газар техникийн нөхцөл аваад, ашиглалтад оруулах гээд хөөцөлдөж байгаа, ковидын нөхцөл байдлын хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргасан.
4. Анхан шатны шүүх, хариуцагч нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон маргаан бүхий актыг гаргасан гэж үзэхээр байхын зэрэгцээ нэхэмжлэгч хуулийн этгээд нь эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээргүй байсныг анхаараагүйгээс маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
5. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн 28 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Хужир булан-62, 1850 тоот хаяг байршилтай 7993 м.кв талбайтай “С о” ХХК-д эзэмшүүлсэн газар нь:
- анх дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар захирамжаар 8000 м.кв газрыг Г.Тунгалагт эзэмшүүлж,
- дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/162 дугаар захирамжаар Г.Т-с 8000 м.кв газрыг “С о” ХХК-д шилжүүлж,
- дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар “С о” ХХК-ийн 7993 м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгагдсан үйл баримт тогтоогдох ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.
Харин Баянзүрх дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60.1-д заасныг удирдлага болгон, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө/-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба уг зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал (а) газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, (б) ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, (в) ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.
7. Энэхүү маргааны үйл баримтын тухайд эдгээр шаардлага хангагдаагүй, захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг тодруулах, холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүйгээс захиргааны акт үндэслэл бүхий болж чадаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
7.1. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/162 дугаар захирамжаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг “С о” ХХК-д шилжүүлснээс эхлэн, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргийн аливаа зөрчилгүй байсан гэж үзэх ба хариуцагч энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийг гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасныг хэргийн үйл баримттай харьцуулан тайлбарлавал, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрх нь гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан өдрөөс бодитоор хэрэгжих нөхцөл бүрдсэн гэж үзнэ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/162 дугаар захирамжаар эрх үүссэнээс хойш цуцлах хүртэл 9.1 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
7.2. Дүүргийн Засаг дарга болон Газрын зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг зайлшгүй хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй” гэж үзэж, “С о” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж ...” гэснийг зөрчсөн байна.
Учир нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 22, 24, 25 дугаар зүйлд заасан зохицуулалттай харьцуулан тайлбарлавал газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг шийдвэр гаргахаас өмнө, шалган тогтоох нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг байх тул “...жил бүр гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй, одоо хүртэл газраа ашиглаагүй тул хүчингүй болгох үндэслэл бүрдсэн” гэх зэргээр татгалзлын үндэслэлээ илэрхийлж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй, мөн 40.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
7.3. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан” зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.
“С о” ХХК-ийн хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулснаас хойш захиргаанаас олгосон газар эзэмших эрх, зориулалтын дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас техникийн нөхцөл, Эрчим хүчний үндэсний төвөөс магадлалын ерөнхий дүгнэлт, Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус авч, 400 кВ чадалтай 10/0.4 кВ-ын дэд өртөө барьж, ашиглалтад оруулах зэргээр газар эзэмших идэвхитэй үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байх тул “зориулалтын дагуу ашиглаагүй” буюу “газрыг дараалсан хоёр жил ашиглаагүй” гэх нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.
8. Дээрх байдлаар захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийлгүй шийдвэр гаргаснаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул сэргээн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ