Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 01

 

Ю.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 757 дугаар шийдвэртэй, Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, Тээврийн хорооны 8-6 тоотод оршин суух, Борлууд овогт Юнрэнгийн О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, Яслийн 16 айлын орон сууцны 4-1 тоотод оршин суух, Б овогт Р-гийн С-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.О, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Р.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 5.358.500 төгрөгийг буцаан гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “2015 оны 4 дүгээр сард Р.С нь бидэнд хандаж хашаагаа худалдахаар ярьсан, Улаангом сумын 7 дугаар багт байрлах хашааг 9.000.000 төгрөгөөр худалдан авахаар Р.Стай тохироод урьдчилгаанд 5.328.500 төгрөг өгсөн юм. Тухайн үед Р.С нь хашааны өмчлөлийн гэрчилгээг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргаж өгөхөөр тохирсон бөгөөд гэрчилгээ гарсны дараа бид үлдэгдэл тооцоогоо хийхээр тохирсон. Гэвч тэр үеэс хойш Р.С нь хашааны гэрчилгээ банкны барьцаанд байгаа гэж хэлээд биднийг уг хашаандаа буулгаагүй бөгөөд удалгүй тэдний

хашаанд өөр айл ирж буусан. Бид Р. Сгаас удаа дараа мөнгөө буцаан авахаар шаардаж Цагдаагийн байгууллага, эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Р.Сгаас мөнгөө авч чадаагүй тул Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Иймд Р.Сгаас хашаа худалдан авахаар түүнд урьдчилгаа болгож өгсөн 5.328.500 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид хандахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөг, нийт 5.358.500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Манайх Улаангом сумын 7 дугаар багт хашаатай надтай хамт ажиллаж байсан Ю.О хашаагаа надад худалдчих гэж байсан. 2015 оны сүүлчээр Ю.О хашааны урьдчилгаа болгож дансаар 1.200.000 төгрөг, дараа нь 250.000 төгрөг, 450.000 төгрөг нэмж өгсөн юм. Би түүнээс хашааны урьдчилгаанд нийт 1.900.000 төгрөг авсан. Ю.О бид хоёр НИК-ийн шатахуун түгээх газар хамт ажиллаж, нэг ээлжинд гардаг байсан. Тэрээр миний данс руу орсон бензин, тосны мөнгийг надад хашааны мөнгөд өгсөн мэтээр нэхэмжлэл гаргасан байна. Бид хоёр хамт ээлжинд гарсан үед хүмүүс бэлэн мөнгөгүй үедээ бензин шатахуун авахдаа Ю.О нь өөрийн данс руу мобайлаар хийлгэчихээд, өөрөө картгүй байсан тул миний дансруу тэрээр уг мөнгөө хийж, маргааш өглөө нь миний картнаас уншуулж аваад, дараагийн ээлжтэй тооцоо хийж хүлээлцдэг байсан. 2017 оны 03 дугаар сарын үед Ю.О би хашаа авахгүй, мөнгөө буцааж авъя гэсэн. Би түүний мөнгийг хашаагаа зарж байгаад өгнө гэж тохирсон. Миний хашааны гэрчилгээ Хас банкны зээлийн барьцаанд байгаа, тиймээс би Ю.Оыг 15.000.000 төгрөгөө гүйцээж өгчихөөд гаргуулж ав гэсэн. Би Ю.Оаас хашааны урьдчилгаа 1.900.000 төгрөг авсан. Үүнийг л буцаан өгнө. Надаас үндэслэлгүйгээр илүү мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 757 дугаар шийдвэрээр:

 

“1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Р.Сгаас 2.178.500 /хоёр сая нэг зуун далан найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.180.000 /гурван сая нэг зуун наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай

2. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ю.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.686 /нэг зуун мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Сгаас 49.806 /дөчин есөн мянга найман зуун зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.Од олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 757 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдолыг гаргаж байна. Хариуцагч Р.С нь хамт ажиллаж байсан Ю.О-д өөрийн эзэмшлийн хашааг 10 сая төгрөгөөр зарна гэж амаар худалдах худалдан авах гэрээг байгуулсан байх бөгөөд тухайн үед хашаа нь банкны барьцаанд байсаныг хэлээгүй төөрөгдөлд оруулж урьдчилгаа төлбөр болох 5328500 төгрөгийг авсан бөгөөд хашаагаа өөр хүнд зарсан тул урьдчилгаа төлбөрөө авахаар удаа дараа оролдсон боловч өгөөгүй тул миний үйлчлүүлэгч шүүхэд хандсан болно. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын 2178500 төгрөгийг хангаж үлдсэн 3180000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Шүүх зохигчидын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнээд нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй болно. Нэхэмжпэгчийн банкнаас зээл авсан баримт, тухайн өдрөө мөнгө өгч авч байгааг харсан гэрчийн мэдүүлэг болон бусад нөхцөл байдлыг тодруулж байгаа дамжмал нотлох баримт, үйл явдлын хоорондын уялдаа холбоог үнэлэхгүй шийдвэр гаргасан нь шударга ёсонд үл нийцэх бөгөөд нэхэмжпэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Ийм шийдвэр гаргахдаа " ....хэрэв нэхэмжпэгч нь хариуцагчид бэлэн мөнгө өгсөн бол үүнийгээ ямар нэг хэлбэрээр баримтжуулан, бэхжүүлэх боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээ хийхдээ бичгээр байгуулаагүй, мөн бэлэн мөнгө өгч байсан гэх боловч бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн ямар нэгэн бичгийн баримт үйлдээгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна. Учир нь ИХ-ийн 243 дугаар зүйлд энэ харилцааг зохицуулахдаа гэрээг заавал бичгээр хийх талаар хуульчлаагүй байна. Мөн иргэд хоорондоо бэлэн мөнгө өгч авахдаа заавал бичгийн баримт үйлдэх шаардлагагүй бөгөөд энэ нь тухайн нөхцөл байдал болон итгэлцэлийн үндсэн дээр явагддаг бөгөөд дээрх тохиолдолд мөнгө өгч, авч байгааг харсан гэрч байхад үүнийг үнэлээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ю.О  нь Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж” гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн 5.328..500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Сд холбогдуулан гаргажээ.

Хариуцагч нь  “нэхэмжлэгчээс хашааны урьдчилгаанд нийт 1.900.000 төгрөг авсан, гэтэл нэхэмжлэгч надаас үндэслэлгүйгээр илүү мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ю.О нь 2015 оны 04 дүгээр сард Р.Сгийн өмчлөлийн хашааг 10.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч урьдчилгаа 2.178.500 төгрөг төлж, / хх 26-28,77 дугаар тал/ үлдэгдэл үнийг нь дараа төлөхөөр тохиролцсон үйл баримтууд тогтоогджээ. / хх 23,25-28,65,77дугаар тал/ 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 3.150.000 төгрөгийг хариуцагч Р.Сд өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т  заасан нэхэмжлэлийн шаардлага түүний татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

  Хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Ч.Батбаатар, Т.Сунгай, С.Дашсамбуу, П.Долгор / хх 68-75 дугаар тал/ нарыг шүүхэд дуудаж хууль сануулж  гэрчийн мэдүүлэг авчээ. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр  нэхэмжлэгч Ю.О нь хариуцагч Р.Сд хашааны үнэд хэдэн оны хэдэн сарын хэдэнд бэлэн мөнгө өгч авалцсан талаар  үзэж, харсан тухай үйл баримт тогтоогдоогүй байна.

 

 Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь  үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 65.830 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ю.О-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.830 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА                                  

ШҮҮГЧ                        М.НЯМБАЯР

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.ЖАМБАЛСҮРЭН