Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2019/03117/И |
Дугаар | 001/ХТ2021/00629 |
Огноо | 2021-06-03 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2021/00629
Э.Золбоогийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00255 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1078 дугаар магадлалтай,
Э.Золбоогийн нэхэмжлэлтэй,
Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-д холбогдох
Санхүү бүртгэлийн хэлтсийн ачигч, буулгагчийн ажилд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь 2019.09.25-ны өдрийн Б/429 тушаалаар компанийн эд зүйлийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсныг Э.Золбоо эс зөвшөөрсөн. Учир нь Э.Золбоо тухайн байгууллагад 2008 оноос хойш ажиллаж байсан. Болсон явдлын тухайд агуулахын нярав ээлжийн амралттай, Э.Золбоо бол ачигч, буулгагч ажилтай. Гэтэл 2019.08.01-ний өдрөөс агуулахын нярвын ажлыг давхар хийх болсон. Ажлаа хийж байх явцад н.Баасандорж жолоочийн гуйснаар дамартай зэс утас өгөөд гаргасан. н.Баасандорж нь зэс утас авахдаа хүнд үзүүлээд буцаагаад аваад ирнэ гэсэн. Зэс утас байгууллагаас гаргах гэж байна гээд асуухад нь Э.Золбоо би өгсөн гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл байгууллагаас зэс утас хулгайлах гэсэн шалтгаанаар ажлаас халсан. Хувийн байдлын хувьд Э.Золбоо охинтойгоо хамт амьдардаг өрх толгойлсон эцэг. 2008 оноос хойш тухайн байгууллагад ажиллаж хөдөлмөрийн хөлсөөрөө амьдарч байсан тул маш их гомдолтой байна. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...байгууллагын ажил хийж байхдаа би өөрийнхөө ажлыг хийгээгүй хүний ажлыг хийдэг байсан. Ажлаа хийж байхдаа аль болох түргэн шуурхай ажиллах юмсан. Эндээс юм авч ашиг олох санаа зорилго байгаагүй тийм учраас надад гомдолтой байна. Хулгай хийхийг завдсан түүхтэй залуу хүн хаана ч ажилд орж чадахгүй. Би энэ зэс утсыг авч гарч ашиг олохгүй хулгайлах санаа байхгүй байхад ингэж ажлаас халсанд гомдолтой байна гэсэн. Дээрээс нь тушаалд дурдсан үндэслэл нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй байх тул Э.Золбоог санхүү бүртгэлийн хэлтсийн ачигч, буулгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Э.Золбоо нь 2019.09.19-ний өдрийн 10 цагийн үед компанийн жолоочоор ажиллаж байсан н.Баасандоржид зэс утас өгсөн гэдэг. Харуулын нэгдүгээр цэг дээр станцын эзэмшлийн автомашиныг жолоодож гарах үедээ объектоос 29 кг 2 ширхэг хар өнгийн дамартай ф-0,75 маркийн зэс утсыг зөвшөөрөлгүй авч гарахад нь харуул саатуулсан. Яагаад авч гарах гэж байсан бэ гэж асуухад санхүү бүртгэлийн хэлтсийн нярвын ажлыг орлон гүйцэтгэж байсан Э.Золбоогоос авсан гэж хэлсэн. Иймд энэ хэрэгт хамтран оролцсон гэж үзээд харуул хамгаалалтын хэсэг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст зөрчлийн хэрэг үүсгэж шалгуулахаар гомдол гаргасан. Хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд одоо хүртэл шалгагдаж байна. Э.Золбоогийн энэ үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д заасны дагуу хөдөлмөрийн дотоод журам бусад холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэж үзээд хуульд заасан хугацаанд ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00255 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Э.Золбоог Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн санхүү бүртгэлийн хэлтэст ачигч, буулгагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-иас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 5,958,988 төгрөг гаргуулж Э.Золбоод олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-иас 110,294 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1078 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00255 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Э.Золбоогийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.18-ны өдрийн 1078 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэрэгт байгаа нотлох баримтыг буруу үнэлсэн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг зөв үнэлж хуулийн дагуу шийдвэр гаргасан боловч давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Э.Золбоо нь нярав Халзанг ээлжийн амралттай байхад ажлыг нь түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд Э.Золбоод Сэлбэг материал хүлээн авах хадгалах, олгох үйл ажиллагааны журам гээчийг танилцуулаагүй, тэрээр хар практикаар дутаахгүй байлгаж хүлээлгэж өгөх ёстой гэсэн зарчмаар ажлаа хийж байсан. Э.Золбоогийн ажлын байрны тодорхойлолтын Г хэсэг буюу Ажлын байрны хүчин зүйлс гэсэн хэсгийн Ажлын үр дүнгийн талаар ажил эрхлэгчийн хүлээх хариуцлага гэсэн талд Сэлбэг материал хүлээн авах хадгалах, олгох үйл ажиллагааны журам биелүүлэх ёстой гэж дурдаагүй. Мөн давж заалдах шатны шүүхээс Э.Золбоо нь бусдын хариуцуулсан эд зүйлийг бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр буруутгасан бол тушаалын үндэслэл нь Э.Золбоог компанийн эд зүйлсийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан байдаг. Гэтэл ажил олгогчийн ажлаас халах тушаал гаргасан 2019.09.25-ны өдрийн байдлаар Э.Золбоог хулгай хийсэн болохыг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байдаг. Тушаалын 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан байдаг боловч тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг үндэслэдэг, мөн үндэслэл болгосон хөдөлмөрийн дотоод журмын 18.5.3, 18.6.7 дахь заалтууд нь ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн зохицуулалтууд байдаг. Тухайлбал, Ажлаас халах тухай тушаалд компанийн хөдөлмөрийн дотоод Журмын 18.5.3 дахь хэсэг 18.6.7 дахь хэсгийг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 18 дахь бүлэг нь Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах гэсэн бүлэг байхад ажил олгогч уг заалтыг баримтлаад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтын дагуу ажлаас халсан байна. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох цуцлах гэдэг ойлголт нь хөдөлмөрийн хуулийн 37, 40 дүгээр зүйлийг ойлгох бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын уг заалтыг үндэслэл болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлүүдийг үндэслэсэн бол уг тушаал хуулийн дагуу гарсан тушаал болох байсан. Хөдөлмөрийн дотоод журмын 18.5 дахь хэсэгт Компанийн гүйцэтгэх захирал дараах тохиолдлуудад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэсэн өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл. Үүнд гээд цааш нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдээ дурдсан байх ба 18.5.3 хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж заасан. Ийнхүү 18.5.1-18.5.7 дахь хэсэгт ямар тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах вэ гэсэн хэсгээ тайлбарласан байх ба 18.6 дахь хэсэгт Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэх заалтаа тодруулсан байна. Үүний 18.6.7 дахь хэсэгт Ажилтан өөрт хариуцуулсан болон үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, компанийн эд зүйлийг тоносон, эд ангийг хулгайлсан, хулгайд алдсан, үрэгдүүлсэн, хулгай хийхийг завдсан, хууль бусаар ашигласан, ашиглахыг завдсан дутаасан гэх зүйлүүдийг тусгасан. Мөн ДЦС 3 ТӨХК-ийн ёс зүйн зөвлөлийн 2019.09.24-ний өдрийн хурал нь хууль бус бөгөөд зөвхөн Э.Золбоог ажлаас халахын тулд хуралдсан хууль бус зөвлөл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Дулааны цахилгаан станц ТӨХК нь Э.Золбоог ажлаас халсныхаа дараа нь бүх ажилтнуудаас санал авч албан ёсоор хуулийн дагуу ёс зүйн зөвлөлөө байгуулсан байдаг. Ажилтныг халсан тушаал нь актад тавигдах шаардлагыг хангаагүй, үндэслэл болгосон хуулийн зохицуулалтууд хоорондоо зөрүүтэй. Ажлаас халаад байгаа гэж тайлбарладаг боловч хөдөлмөрийн гэрээ цуцлах заалтуудыг үндэслээд байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.18-ны өдрийн 1078 тоот магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.27-ны өдрийн 183/ШШ2020/00255 шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Э.Золбоо нь хариуцагч Дулааны III цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх Э.Золбоог Дулааны III цахилгаан станц ТӨХК-ийн санхүү бүртгэлийн хэлтэст ачигч, буулгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 5,958,988 төгрөг гаргуулж Э.Золбоод олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн ажилтан Э.Золбоог ажлаас чөлөөлсөн Б/429 дугаар тушаалыг 2019.09.25-ны өдөр гаргасан ба ...нэхэмжлэгч 2019.09.19-ний өдрийн 10 цагийн үед компанийн жолоочоор ажиллаж байсан н.Баасандоржид зэс утас өгч гаргуулсан нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдоно гэжээ.
Нэхэмжлэгч Э.Золбоогийн хэрэг бүртгэлийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу гэм буруутай болох нь тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг буруутгах боломжгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э.Золбоог гэмт хэрэг үйлдсэн гэх баримт байхгүй, ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй байх бөгөөд Дулааны III цахилгаан станц ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 18.5.3-т ...хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж, 18.6.7-д Ажилтны өөрт хариуцуулсан болон үйлдвэрлэлийн эд ангийг хулгайлсан хулгайд алдсан, үрэгдүүлсэн, хулгай хийхийг завдсан, хууль бусаар ашигласан, ашиглахыг завдсан, дутаасан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ гэж тус тус заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ гэж, 131 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд сануулах, ...цалин бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, энэ нь ажил олгогч ажилтныг сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах эрхийн зохицуулалт юм.
Анхан шатны шүүх ажил олгогчийн гаргасан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нийцээгүй гэж дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа дотоод журмыг үндэслэн ажлаас халах хэлбэрийг сонгосон байхад талуудын харилцан тохиролцон тогтоодог гэрээнд заасан ноцтой зөрчилтэй адилтган тайлбарласан нь үндэслэл муутай болжээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.Золбоо өөрт хариуцуулсан эд зүйлийг бусдад шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон байх тул ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасныг зөрчөөгүй байна.
Ажил олгогчийн 2019.09.25-ны өдрийн Б/429 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т үндэслэгдсэн, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 18.5.3, 18.6.7 дахь заалтад заасан зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Э.Золбоогийн хариуцагч Дулааны III цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг зөв гэж үзнэ.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин давж заалдах шатны шүүх тогтоох хэсэгтээ хууль баримтлаагүй алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1078 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг 1 дэх заалтад ... хүчингүй болгож гэсний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 111,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД