Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 851

 

 

 

 

 

 

 

  2019          8              22                                            2019/ДШМ/851                                  

 

 

 С.А-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            прокурор М.Сансарсайхан,

            шүүгдэгч С.А-ын өмгөөлөгч А.Очбадрал,  

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1908010410617 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн С-ын А, Төв аймагт 1993 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87-32 тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-ын задгайд түр оршин сууж байсан, /регистрийн дугаар: 000000000/,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон.

 

С.А- нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 67-11 тоотод оршин суух иргэн Ч.Г-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “I phone 5” загварын гар утас, “Acer” загварын зөөврийн компьютер, бэлнээр 20,000 төгрөг хулгайлан авч, 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.А-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “sunniuyuan” гэсэн бичигтэй хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр зааж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А- нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч С.А- давж заалдах гомдолдоо: “... Би анхнаасаа хэргээ хүлээн, мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн саад бололгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй билээ. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж хохирогчийн нэхэмжилсэн 320,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хувийн байдлын хувьд эхнэрээсээ салсан ба хоёр хүүхэд минь ээжтэйгээ хамт амьдардаг. Эхээс гурвуулаа ба хоёр эгч минь хүнтэй сууцгааж тус тусын амьдралаар амьдардаг. Аавыг нас барснаас хойш ээжийгээ харж хандах, хань болох үүрэг надад ноогдсон учраас нас ахиж буй ээждээ хань болж туслах үүргээ үргэлж ухамсарладаг. Залуу хүний хөнгөн бодол, бүтэлгүй ухамсар, гэнэн томоогүй үйлдлээрээ гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Цаашид үнэн шударгаар ажил хөдөлмөр эрхэлж, өтөлж буй эхийгээ харж хандаж, зөв замаар амьдрах хүсэл дүүрэн байна. Миний энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан тохирох хэсгийг журамлан надад оногдуулсан хорих ялыг зохих хэмжээгээр багасгаж өгөхийг хүсч байна...” гэжээ.

Шүүгдэгч С.А-ын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх С.А-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримталсан атлаа түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг оногдуулсан. Иймд түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү..” гэв.

Прокурор Н.Сансарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар С.А-д холбогдох хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад С.А- нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 67-11 тоотод оршин суух иргэн Ч.Г-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “I phone 5” загварын гар утас, “Acer” загварын зөөврийн компьютер, бэлнээр 20,000 төгрөг хулгайлан авч, 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ч.Г-ийн “... 15 цагийн үед манай охин Энхцацрал утсаар яриад гэрийн тооноор хулгайч ороод миний “I phone 5” загварын гар утас, “Acer” загварын зөөврийн компьютер, бэлэн 20.000 төгрөг алдагдсан байна гэж хэлсэн ...” /хх 25/,

“... энэ хэргийн дараа С.А-ын ээж Ганчимэг “манай хүү танай гэрээс эд зүйл хулгайлсан байна, хохирлыг нь төлж барагдуулах болно” гэж хэлсэн ... ” гэх мэдүүлгүүд /хх 27/,

Гэрч Д.Ганчимэгийн “...надад өөрөө хэлэхдээ таны таньдаг айлын эд зүйлийг авсан гэж байсан ...” гэх мэдүүлэг /хх 35/

Эд зүйлийн үнэлгээ /хх 37-39/, хохирол төлсөн тухай баримт /хх 98/,

Шүүгдэгч С.А-ын яллагдагчаар өгсөн “... хашаа даваад, монгол гэрийн тооноор ороод хойд талын орон дээрээс “I phone 5” загварын хар өнгийн гар утас, зурагтны доод талын тавиур дээр байсан хар өнгийн зөөврийн компьютер, бор өнгийн цүнхэнд байсан бэлэн 10.000 орчим төгрөг авч, түлхүүрээр нь дотроос нь нээж гарч явсан”  гэх мэдүүлэг /хх 59/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.  

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

С.А-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай талаар шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл энэ зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хөнгөрүүлэн оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээнд багтаж байгаа тохиолдолд ямар хэмжээний ялыг хэрхэн хөнгөрүүлж багасгасан талаар дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй атлаа  шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, тусгай ангид заасан хэмжээний ял оногдуулсан нь буруу болжээ.

 

Шүүгдэгч С.А-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын 2 дахь заалтаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн хэсгийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1410 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамж /хх 94/, шүүх хуралдааны тэмдэглэл /хх 100/, шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт гардуулсан баримт /хх 109/ зэргээс үзэхэд шүүх хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр болсон нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд шийдвэрийг “2016” онд гаргасан мэтээр бичигдсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А-д хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А-д хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТСАЙХАН          

 

ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

  ШҮҮГЧ                                                          М.ПҮРЭВСҮРЭН