Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 119/2023/0005/з |
Дугаар | 221/МА2024/0258 |
Огноо | 2024-04-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2024/0258
“С г” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Нэхэмжлэгч: “С г” ХХК //
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Ц.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжийн Ц.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 119/ШШ2024/0003 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Гуравдагч этгээд Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 119/2023/0005/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С г” ХХК-иас Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжийн Ц.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 119/ШШ2024/0003 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан “С г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шинжээчийн зардал болох 400,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа процессын алдаа гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дараах үйлдлээрээ дордуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож, 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн шүүх хэрэг маргааныг шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ нэг талыг хэт барьж “энэ маргааныг дараагийн шүүх хурлаар шууд шийднэ, танай зүгээс ямар ч хүсэлт гаргасан шүүх хурал хойшлуулах үндэслэл болохгүй” гэж байсан. Үүнийг хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байх ба шүүх хуралдааны бичлэгийг шалгаж өгөхийг хүсэж байна. Улмаар шүүх хурлыг хойшлуулж, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10.00 цагт товлосон.
2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинээр нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагч талтай буюу Орхон аймгийн Засаг даргын төлөөлөгчтэй ярилцаж, энэ баримтыг шууд гаргуулах боломжтой юу гэж асуухад: Хариуцагч тал боломжтой, нөгөө хэрэгт байгаа учраас шууд авах боломжтой гэж шүүх хурал завсарласан. Нэмэлт хүсэлт байгаа эсэхийг тодруулалгүйгээр шууд шүүх хуралдааныг 5 минут орчим завсарлаж, “Шинээр нотлох баримт гаргуулах” миний хүсэлтийг шийдвэрлэсэн мэт үйлдэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хэлэлцэхээс өмнө урьд нь төлөөлж байсан төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхийг тодруулж мөн өөрийн зүгээс “хүсэлт байна” гэдгээ хэлэхэд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс хүсэлт хэлэлцэхгүйгээр шүүх хуралдаан үргэлжлүүлэн явуулсанд гомдолтой байгаа.
3.2. Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхээс шүүхийн шийдвэртээ нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн талаар дүгнэлт өгөөгүй, шийдвэрлээгүй. Ингэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийг зөрчиж процессын алдаа гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “... хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж заасныг шүүх үл тоон нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээж аваагүй буюу хэрэг хэлэлцэхээс өмнө шинээр гаргаж өгөх, нотлох баримт, санал хүсэлт байгаа эсэхийг огт асуулгүйгээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. “Одоо хүсэлт хэлэлцэхгүй” гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн явдалд маш их гомдолтой байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч миний зүгээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн авч хэлэлцээгүй хүсэлтээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэхтэй холбоотой хүсэлт байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөр хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн.
3.3. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хуульд заасны дагуу хамгаалахын тулд хууль зүйн туслалцаа авч, өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломжийг хангаж өгөхийг хүсэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд түүнийг шийдвэрлэх нь шүүхийн үүрэг юм. Хуулиар хүлээсэн үүргээ шүүх биелүүлээгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 119/ШШ2024/0003 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
4. Гуравдагч этгээд нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг баримтлан “үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авсан” гэх үндэслэлээр, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7А хороололд байршилтай, орон сууцны зориулалттай 1845 кв.м газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ш.О-ээс Ц.Эт шилжүүлж, аймгийн Засаг даргын 2021 оны А/384 дүгээр захирамжийн Ш.Од-т холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
3. Нэхэмжлэгч “С г” ХХК-иас “Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжийн Ц.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “...маргаан бүхий захиргааны актаар газар олгосон нь шатахуун түгээх станцын галын аюулгүй байдлын бүс, холбогдох норм болон Газрын тухай хуулийн 33.1.2-т заасныг зөрчсөн” гэж тодорхойлж, харин түүнийг эс зөвшөөрч хариуцагч “...холбогдох норм дүрэмд нийцсэн тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэрийн дагуу Ш.О-т олгосон газрыг хуульд заасан үндэслэлээр Ц.Э-т шилжүүлсэн” гэж, гуравдагч этгээдээс “газрыг шилжүүлж авсан нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй” гэж тайлбарлаж маргасан.
4. Анхан шатны шүүхээс “... иргэд хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын 2022 оны А/752 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нийцсэн бөгөөд шатахуун түгээх станцын галын аюулгүй байдлын бүс, холбогдох норм дүрмийг зөрчөөгүй болох нь тогтоогдсон, уг газрын анх 2012 онд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байхад 2020, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгаагүй гэх үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... -/ыг/ хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.
Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол гагцхүү хуулийн дагуу үүсч хамгаалагдсан байх нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болно.
6. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;
6.1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр захирамжаар, “тус аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/804 дүгээр захирамжаар Ш.О-т эзэмшүүлсэн Дэнж баг, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд байрших, орон сууцны зориулалттай 1000 кв.м газрын хэмжээ, зориулалтыг өөрчлөхгүйгээр Зэст баг, 1-16 дугаар байрны хойд талд шилжүүлэн эзэмшүүлэх” нөхцлөөр нэхэмжлэгч Ш.О, хариуцагч аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ.
Аймгийн Засаг дарга гэрээнд заасан нөхцлийг биелүүлж, дээрх шүүхийн шийдвэрийг үндэслээд, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/528 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Зэст багт, 1-16 дугаар байрны хойд талд 1000 кв.м газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ч “уг байршилд хүүхдийн тоглоомын талбай тохижуулсан” гэх үндэслэлээр 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар захирамжаар газрын байршлыг Цагаанчулуут баг, 7А хороолол болгож өөрчилсөн бол аймгийн Засаг даргын 2021 оны А/384 дүгээр захирамжаар уг газрын хэмжээг 1845 кв.м болгож нэмэгдүүлсэн.
Улмаар Ш.О-ээс газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Эт шилжүүлэхээр гаргасан өргөдөл, хавсаргасан баримт бичиг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзээд, аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжаар шилжүүлж шийдвэрлэсэн.
6.2. Дээрх байдлаар Ц.Эт шилжүүлэн эзэмшүүлсэн, Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, 7А хороололд байршилтай, 1845 кв.м талбай бүхий орон сууцны зориулалттай газар нь Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2017 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд ШТС, шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулахын зориулалтаар эзэмшүүлсэн 1399 кв.м газартай давхцалгүйн зэрэгцээ “С г” ХХК-ийн шатахуун түгээх станцын аюулгүй тойргоос Ц.Э-ын эзэмшил газрын захын цэг хүртэл 23.27-36.47 метр зайтай учир нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхойлсон холбогдох норм дүрэм, стандартыг зөрчөөгүй болох нь тогтоогдоно.
6.3. “С г” ХХК-ийн хувьд, Ш.О-т анх эзэмшүүлсэн газрын байршлыг өөрчилсөн, газрын хэмжээг нэмэгдүүлсэн тухай захиргааны байгууллагын шийдвэрт бус, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Эт шилжүүлсэн уг захирамжтай маргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... барилгын норм дүрэм зөрчсөн гэсэн шаардлагын үндэслэл байгаа, шүүхийн шийдвэртэй огт маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гарсан учраас анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөөч гэж гомдол гаргасан” гэж тайлбарлана.
7. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх зохицуулалт болох Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.3-д “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:”, 38.4-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж заасныг, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгтэй харьцуулан дүгнэхэд, газар эзэмших эрхтэй Монгол Улсын иргэд хооронд, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийг гэрчилгээг шилжүүлэхээр, тус хуулиар тогтоосон шаардлагын дагуу баримт бүрдүүлэн хүсэлт гаргасан; газар эзэмших эрхийг шилжүүлж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд шалгасны үндсэн дээр шийдвэрлэсэн байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т нийцсэн байна.
8. Орхон аймгийн Засаг даргын маргаан бүхий 2021 оны А/752 дугаар захирамжаар Ш.О-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Э-т шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалттай нийцэхээс гадна уг шийдвэр нэхэмжлэгчийн тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож буй энэ нөхцөлд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй буюу энэ хэсгийн 5-д заасан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох аль ч нөхцөл нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “… хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй.
9. Учир нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
9.1. Хүсэлт хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэх гомдлын хувьд, шүүх 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хэрэг хэлэцэх шүүх хуралдааныг шинээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Д.Б-ийн гаргасан “хэргийн материалтай танилцах” хүсэлтийн дагуу 10 хоногийн хугацаагаар хойшлуулсан, энэ хугацаанд тэрбээр хэргийн материалтай танилцсан тухайгаа баримтжуулсан маягтыг баталгаажуулж шүүхэд хүргүүлсэн зэргээс үзэхэд шүүхэд хэргийн материалтай танилцах, тайлбар мэдүүлэг гаргаж мэтгэлцэх тэгш боломжоор хангахтай холбоотой Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 20, 28 дугаар зүйлд заасан хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг шүүх хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
9.2. Хүсэлт гаргах эрхийг хангаагүй гэх тухайд, хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг даргалагч нээж, тогтоосон дэг, дарааллын дагуу хэргийг хэлэлцэхээс өмнө шүүхэд гаргах нотлох баримт, санал хүсэлт байгаа талаар асуухад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “… Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02/02/387 дугаар албан бичгийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтэй, … өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт шийдээгүй байгаа” гэж хэлсэн, дээрх хүсэлттэй холбогдуулан даргалагчаас шүүх хуралдааныг түр завсарлуулж, тухайн албан бичгийг хариуцагчаас гаргуулж хэрэгт хавсаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “… хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж заасантай нийцнэ.
Хуулийн дээрх зохицуулалтаар шүүх хуралдаанд эхлэхийн өмнө “шүүхэд санал, хүсэлт гаргах” үе шат нь шүүх хуралдаанд оролцогчийн гаргасан эхний хүсэлтийг шүүгч шийдвэрлэсэн тохиолдолд дараа дараагийн хүсэлтийг гаргах агуулгагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өмгөөлөгч авах” зэрэг хүсэлтээ илэрхийлэх боломж байхад хэрэгжүүлээгүй нь эрх хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй.
9.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “… нэхэмжлэгч хуулийн этгээдийн удирдлагуудын зүгээс өмгөөлөгч авах санал хэлсэн” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн гаргасан “манай тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагатай” гэх хүсэлтээр 2 удаа буюу 2023 оны 7 дугаар сарын 25, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, эдгээр хугацаанд нэхэмжлэгч “С г” ХХК-ийн зүгээс өмгөөлөгч оролцуулах хүсэлт, гэрээг ирүүлээгүй байх тул уг эрхийг шүүхээс хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
9.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-аас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “... тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлах тухай” 374 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” хүсэлт үндэслэлгүй талаар шүүхийн шийдвэрт дүгнэснээс гадна шүүхийн зардлыг нэхэмжлэгчид хуваарилсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
10. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн эрхлэн явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 119/ШШ2024/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ