Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 111/ШШ2021/0003

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, “Чулуун өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01” гэрээг бүчингүй болгох тухай 76 дугаартай захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай захирамж нь анх Баянхонгор аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй тус сумын Засаг даргад холбогдох иргэний хэрэгт холбогдуулан тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гаргасан захирамж юм.

Бид аймгийн ИТХ-ын эрх хэмжээнд халдаж, хуулиар олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд тус гэрээг байгуулсан байсан. Үүнийг ойлгож Иргэний хэргийн шүүх дэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээг хүчингүй болгосон. Гэрээг хүчингүй болгохдоо захирамж гаргасан боловч тус захирамжид уг нөхцөл байдлыг бүрэн тусгаагүй, шууд гэрээг хүчингүй болгож гаргасан нь өөрөө буруу бөгөөд үүнээс шалтгаалан уг захирамжтай холбогдох нэхэмжлэл гарсан гэж үзэж байна.

Энэ бүхнээс дүгнэхэд тус захирамж нь бичилтийн утга агуулга болон хэлбэрийн хувьд алдаатай захирамж болжээ. Гэхдээ тус захирамжаар зохицуулсан харилцаа буюу шийдвэрлэсэн асуудал нь зөв, бид аймгийн ИТХ-ын эрх хэмжээнд халдсан гэрээ хийснээ хүлээн зөвшөөрсөн нь хуульд нийцсэн асуудал юм.

Нэхэмжлэгч Чулуун өргөө ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Чулуун-Өргөө” ХХК нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01” гэрээг бүчингүй болгох тухай 76 дугаартай захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан ““Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01” гэрээг бүчингүй болгох тухай 76 дугаартай захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий “Чулуун-Өргөө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ