Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0572/З |
Дугаар | 157 |
Огноо | 2017-05-01 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 157
“Ньюголден кроун” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 874 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0124 дүгээр магадлалтай, “Ньюголден кроун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 874 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “...Ашигт малтмалын 12738 X тоот, 12739 X тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүйд тооцуулах, Ньюголден кроун ХХК-ийн 12738 X тоот, 12739 X тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг сэргээхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг сэргээлгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах тухай” нэхэмжлэгч “Ньюголден кроун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0124 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 11 дүгээр зүйлийн 11.1.17, 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан “Ньюголден кроун” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тус компанийн эзэмшиж байсан 12738 Х, 12739 Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу хугацаа сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд 22.1.1-22.1.4-д заасан баримтуудын хамт шаардлага ханган ирүүлээгүй байна.
Тухайлбал, Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1.хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2.үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; 22.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 22.1.4.хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг мөн хуулийн шаардлага хангасан байхыг шаардсан байдаг.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар олон төрлийн үүрэг хүлээдэг бөгөөд ээлжит тусгай зөвшөөрлийн сунгалтын жилд шүүхийн магадлалаар зөвхөн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхтэй холбоотой дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалыг тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ огт гаргаж өгөөгүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсныг Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийг сунгах үндэслэлгүй юм.
Магадлалд Ашигт малтмалын тухай хуулийн 56.8 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, мөн хуулийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасны дагуу 2012 онд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа 2012.07.23-2015.07.23 гэж тодорхой, нэхэмжлэгчид ашигтай буюу шүүхэд маргаантай байсан хугацааг хасаж тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцсон юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 874 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасантай нийцжээ.
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
“Ньюголден кроун” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 12738Х, 12739Х тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсонд тооцож, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Уул уурхайн кадастрын компьютержсэн систем”-д бүртгэсэнийг тусгай зөвшөөрөл эзэмшигч эс зөвшөөрч, “...тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг анх олгосон огноо буюу 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс тооцно” гэж, харин хариуцагч нь “...тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээсэн захиргааны байгууллагын шийдвэр гаргасан огноогоор тооцно...” гэж тус тус маргасан байна.
Үүнээс үзвэл маргааны гол агуулга нь дээрх тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх буюу дуусгавар болох хугацааны тухайд болно.
“Ньюголден кроун” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 12738Х, 12739Х тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг даалгасан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар шийдвэрийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр эдгээр тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээж, үүнийг үндэслэн мөн даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 736 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгджээ.
Дээрх шийдвэр гарсны дараа тусгай зөвшөөрлийн 5, 6 дахь жилийн төлбөрийг төлүүлж, хугацааг уг шийдвэрт зааснаас өөрөөр анх олгосон хугацаагаар буюу 2013.09.26-2014.09.26, 2014.09.26-2015.09.26 гэж гэрчилгээний хавсралтад тэмдэглэсэн байна.
Захиргааны байгууллагын гаргасан шийдвэрүүдэд эдгээр тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг ийнхүү өөр өөрөөр заасан нь нэхэмжлэгчид ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсгэсэнийг болон тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь түүний төлбөр төлсөн хугацаагаар тодорхойлогдохыг давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д заасныг үндэслэн зөв дүгнэжээ.
Харин Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар шийдвэр гарснаас хойш Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 736 дугаар шийдвэр гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ бодитой хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулах боломжгүй нь тодорхой байжээ.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллага 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан шийдвэртээ хугацааг “2012 оны 07 дугаар сарын 23-наас 2015 оны 07 дугаар сарын 23...” гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ...тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар ...сунгуулах” гэж заасантай нийцээгүй байна.
Иймд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 736 дугаар шийдвэрт заасан хугацааг баримталж “Ньюголден кроун” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 12738Х, 12739Х тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2015 оны 07 дугаар сарын 23-нд дуусгавар болсноор тооцсон захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг болон хуульд заасан “3 жилээр сунгах” гэж заасанд нийцүүлж тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дуусах талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Мөн нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй тул “...тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах...” хүсэлтийг бие даасан шаардлага гэж үнэлэхгүй, шүүхийн энэ шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, төлбөр төлөх зэрэг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг нь хуульд заасан журмын дагуу үргэлжлэн хэрэгжихийг давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой заасан байна.
Иймээс “...тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа нэхэмжлэгчид ашигтай буюу маргаантай байсан хугацааг хасч тооцсон...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн хариуцагчийн “... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй ...” гэх энэ маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар гаргасан гомдолд хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0124 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ