Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2016/0316

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 5 сарын 19 өдөр

       Дугаар 221/МА2016/0316

Улаанбаатар хот

 

 

“Биндэръяа-Уул” ХХК, “Өгөөж чанар” ХХК,

 “Дархан далай геодези” ХХК, “ДАЦА” ХХК-иудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Биндэръяа-Уул” ХХК, “Өгөөж чанар” ХХК, “Дархан далай геодези” ХХК, “ДАЦА” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч хуулийн этгээдүүд /компани/ нь Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжтай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зохион байгуулсан төсөл сонгон шалгаруулалтад холбогдох хуулийн дагуу оролцон ялагчаар шалгарч Аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаартай захирамжаар:

1. Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд байрлах 6500.0 мкв талбайтай нийтийн орон сууцны зориулалттай газрын эзэмших эрх үүсэн улмаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 080100909 нэгж талбарын дугаар олгон 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ /№000317725/ болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зургийг албажуулан “Өгөөж чанар” ХХК-нд олгосон.

2. Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд байрлах 1500.0 мкв талбайтай цэцэрлэгийн зориулалттай газрын эзэмших эрх үүсэн улмаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 080100902 нэгж талбарын дугаар олгон 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ /№000317718/ болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зургийг албажуулан “Биндэръяа-Уул” ХХК-нд олгосон.

3. Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд байрлах 34000 мкв талбайтай нийтийн зориулалттай газрын эзэмших эрх үүсэн улмаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 080100907 нэгж талбарын дугаар олгон 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ /№000317723 болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зургийг албажуулан “ДАЦА” ХХК-нд олгосон

4. Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд байрлах 8500.0 мкв талбайтай нийтийн зориулалттай газрын эзэмших эрх үүсэн улмаар газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 080100908 нэгж талбарын дугаар олгон 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 2 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ №000317724 болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зургийг албажуулан “Дархан далай Геодези” ХХК-нд олгосон.

Нэхэмжлэгч компаниуд нь дээрх сонгон шалгаруулалтад оролцохын тулд холбогдох бүхий л материалыг бүрдүүлэн зардал гарган оролцож ялагчаар шалгаран газар эзэмших эрхийн дагуу гэрчилгээгээ аван дараагийн барилга барих ажилдаа бүхий л үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.

Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон асуудлаас үүдэн бидний газар эзэмших эрхийг аймгийн Засаг дарга А.Энхболд хүчингүйд тооцож 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаартай захирамж гаргасан байна.

Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар төрийн алба залгамж чанартай бөгөөд өмнөх албан тушаалынхаа гаргасан шийдвэрийг хууль зөрчиж хүчингүй болгосон нь нэхэмжлэгч бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж эдийн засгийн хохирол учруулаад байна.

Иймд нэхэмжлэгч бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар захирамжаар С.Насанбатыг аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулж, 188 дугаар захирамжаар А.Энхболдыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон байхад С.Насанбат нь мөн өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/288, “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай” А/289, “Газар эзэмших зориулалт өөрчлөх тухай” А/290, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 291,” Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/292, “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” А/300, “Газар эзэмших эрхийн байршлыг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай” А/302, “Газар эзэмшүүлэх тухай” А/303 дугаар захирамжийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга С.Насанбат нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад дээрх захирамжийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлнэ гэж заасны дагуу түүний бүрэн эрх Засаг даргын орлогчид бүрэн шилжсэн болно.

Иймд “Биндэръяа-Уул” ХХК, “Өгөөж чанар” ХХК, “Дархан далай геодези” ХХК, “ДАЦА “ХХК-аас гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Биндэръяа-Уул” ХХК, “Өгөөж чанар” ХХК, “Дархан далай геодези” ХХК, “ДАЦА” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн “Биндэръяа-Уул” ХХК, “Өгөөж чанар” ХХК, “Дархан далай геодези” ХХК, “ДАЦА” ХХК нарт  холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар захирамжаар С.Насанбатыг аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулж, 188 дугаар захирамжаар А.Энхболдыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон байхад С.Насанбат нь мөн өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/288, “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай” А/289, “Газар эзэмших зориулалт өөрчлөх тухай” А/290, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/291, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/292, “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” А/300, “Газар эзэмших эрхийн байршлыг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай” А/302, “Газар эзэмшүүлэх тухай” А/303 дугаар захирамжийг гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга С.Насанбат нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад дээрх захирамжийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж, А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.

 Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасны дагуу түүний бүрэн эрх Засаг даргын орлогчид бүрэн шилжсэн гэсэн тайлбарыг огт харгалзаж үзээгүй хуулийн дээрх заалтыг огт хэрэглээгүй хэрэг маргааныг шийдвэрлэлээ.

Мөн хариуцагч талын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэх заалттай нийцэхгүй байна гэж дүгнэж буйтай санал нийлэхгүй байгаа болно.

 Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/184 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 байршилд газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч “Биндэръяа-Уул” ХХК цэцэрлэг барих 5 дугаар нэгж талбарт, “Өгөөж чанар” ХХК нийтийн орон сууц барих 4 дүгээр нэгж талбарт, “Дархан далай геодези” ХХК нийтийн орон сууц барих 3 дугаар нэгж талбарт, “ДАЦА” ХХК нийтийн орон сууц барих 2 дугаар нэгж талбарт, тус тус шалгарсан болох нь нотлогджээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга /асан/ С.Насанбат 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А/300 дугаартай “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” захирамж гарган түүний хавсралтаар “Биндэръяа-Уул” ХХК-д 11 дүгээр баг 13 дугаар хороололд цэцэрлэг барих зориулалтаар 1500 м.кв газрыг, “Өгөөж чанар” ХХК-д 11 дүгээр баг 13 дугаар хороололд нийтийн орон сууц барих зориулалтаар 6500 м.кв газрыг, “Дархан далай геодези” ХХК-д 11 дүгээр баг 13 дугаар хороололд нийтийн орон сууц барих зориулалтаар 8500 м.кв газрыг, “ДАЦА” ХХК-д 11 дүгээр баг 13 дугаар хороололд нийтийн орон сууц барих зориулалтаар 3400 м.кв газрыг тус тус 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчөөгүй байна.

Дээрх хууль ёсны захирамжийг үндэслэн “Биндэръяа-Уул” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн 000317718 дугаартай гэрчилгээ, “Өгөөж чанар” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн 000317725 дугаартай гэрчилгээ, “Дархан далай геодези” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн 000317724 дугаар гэрчилгээ, “ДАЦА” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн 000317723 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус олгожээ.

Дээр дурдсан хэргийн болсон үйл баримтын талаар болон оролцогчдын эрх зүйн байдлын талаар талууд ямар нэгэн маргаангүй байх бөгөөд гол маргаан нь Дархан-Уул аймгийн Засаг дарга /асан/ С.Насанбат 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А/300 дугаартай “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” захирамжийг өөрийн бүрэн эрх дуусгавар болсны дараа гаргасан эсэх талаар маргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А/300 дугаартай “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” захирамжийг гаргах үед Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын бүрэн эрх, дуусгавар болоогүй байсан гэж үзсэн нь зөв байна.

Учир нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн С.Насанбатыг Дархан-Уул аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан 187 дугаар захирамж, А.Энхболдын Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон 188 дугаар захирамжууд нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын “Ирсэн бичгийн бүртгэлийн карт”-нд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ирснээр бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Засаг дарга /асан/ С.Насанбат 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд БНСУ-ын Кёнги аймагт айлчилсан, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А.Энхболдод Дархан-Уул аймгийн Засаг даргын ажлаа хүлээлгэн өгсөн нь  Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Комисс томилох тухай” А/10 дугаар захирамж, Дархан-Уул аймгийн Засаг даргын Ажил хүлээлцүүлэх комиссын хурлын 2015 оны 09 дүгээр 22-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажил хүлээлцэх тухай” ХЭГ/1823 тоот албан бичиг, аймгийн Засаг даргын ажил хүлээлцүүлэх комиссын хурлын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

            Нөгөө талаар  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/184 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” захирамжийн дагуу явагдсан төсөл сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэгэнт шалгарсан аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Хэрвээ тус аймгийн Засаг дарга асан С.Насанбат энэхүү захирамжийг гаргаж амжаагүй байсан ч шинээр томилогдсон Засаг дарга А.Энхболд уг захирамжийг зайлшгүй гаргах ёстой болох нь тогтоогдож байна. Иймд аймгийн Засаг дарга асан С.Насанбатыг гаргах ёсгүй захирамжийг гаргасан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/ -ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэх хуулийн заалтыг баримталсан байх боловч хуулийн дээрх заалтын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь хуулийн дээрх заалтын агуулга нь төрийн ямар нэгэн байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ Газрын тухай хууль тогтоомж зөрчихөөс гадна, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол тэрхүү шийдвэрийг хүчингүй болгох эрх бүхий этгээдийг зааж өгсөн, өөрөөр хэлбэл газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах агуулга бүхий заалт юм. Гэтэл хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн агуулгаас үзэхэд газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

            ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР