| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
| Хэргийн индекс | 152/2017/00674/и |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 02
Х банкны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэртэй, Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар багт байрлах, Хбанкны Увс салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймаг, Улаангом сумын 9 дүгээр баг, 11-32 тоотод оршин суух, Хольдог овогт Жанчивын Т-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.424.403, 91 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэлийн агуулга: “Ж.Т нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хбанкны Увс салбарын төв тооцооны төвд ЗГ/1607861 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 1.936.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, сар бүр тэгш 233.000 төгрөг төлөх нөхцөлтэй цалингийн нэмэлт зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 974.615,94 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3.284,06 төгрөг, нийт 977.900 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй. Иймээс зээлдэгч Ж.Тгаас нэхэмжлэлийн шаардлагын дагуу
зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.420.403,91 төгрөг, нотариатын хураамж 4.000 төгрөг, нийт 1.424.403,91 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: “Миний бие 2016 оны 2 дугаар сарын 09-нд ажлаас халагдсан. Тэгэхэд цалингийн зээл 1.000.000 төгрөг байсан ба зээл дээр хүү, торгууль дур зоргоороо нэмсэн байна. 2015 оноос хойш эхэлж банк хүү бодсон байна. Би 2016 оны 3 дугаар сард 29.900 төгрөгийн хүү төлсөн. 1 дүгээр сар, 2 дугаар сард мөн хүү төлсөн байгаа. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 851.000 төгрөгийн цалингийн зөрүү бас авсан. Би ээлжийн амралтаа аваад банкны зээлийг 2 сараар нь хийсэн боловч зээл хасагдаагүй ба эргэн төлөлтийн хуваарьт засвар хийж сараас сард гүйлгэж шилжүүлэн хүүгээ нэмж үндсэн зээл нэмэгдсэн байсан. Хбанкны нэхэмжлэлийг үзэхэд үндэслэлгүй зүйл харагдаж байна. Би Хбанкны зээл бүү хэл өөрийн гэсэн амьдрал надад алга. Барьсан гэргүй, хийсэн ажил амьдралгүй хүн. 2016 оноос 2017 онд асрамжийн газарт өвөлжиж, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж гэрийн модон дээр гялгар цаас, цагаан бүрээс тохож зуссан. Би аймгаас явахдаа биеэ эмчлүүлэх мөн ажил хийж, мөнгө олж охиноо тэжээх гэж нутгаасаа гарсан. Миний нөхөр өвчтэй хүн байдаг. Би 2016 оны 1, 5, 7, 11 дүгээр сарууд, 2017 оны 3, 5, 7 дугаар саруудад тус тус Хбанкинд надад зээл төлөх чадвар байхгүй, зээлийнх хүүгээ зогсоож өгнө үү гэж хүсэлт гаргахад намайг хэл амаар доромжилсон. Би төлөх чадваргүй учраас уг мөнгөн дүнг төлөхөөс татгалзаж байна. Иймд Хбанкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” Гэжээ
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Хольдог овогт Жанчивын Тгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.420.403,91 /нэг сая дөрвөн зуун хорин мянга дөрвөн зуун гурван төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хбанкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 4.000 /дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 37.740 /гучин
долоон мянга долоон зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Тгаас 37.676 /гучин долоон мянга зургаан зуун далан зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хбанкинд олгосугай.
3. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, тасархай хорооллын урд байрлах, 700 га талбай бүхий, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, гэрчилгээний 000567207 дугаартай, нэгж талбарын 8516004549 дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Ж.Тгийн нэр дээрх газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.” гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Увс аймаг Улаангом сумын 9 дүгээр багийн иргэн Ж.Т миний бие Хбанкны нэхэмжлэж буй 977.900 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжлэж байгааг ойлгохгүй байна. Би 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөхөд 2.000.000 орчим төгрөгийн өр байгаагүй, 1.000.000 гаруй төгрөгийн зээл байсан ба зээлийн хүү, торгуулийн хүүг төлөхөөс татгалзаж байна. Иймд Хаан банкнаас гаргасан 1.424.403,91 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Дансны хуулганаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа юм. Эцсийн үлдэгдэл тэг болчихсон байхад хаанаас ч юм мөнгө нэхэж байгааг зээл эргэн төлөх хуваарьт гарын үсэг ашиглаж засвар хийсэн гэж үзэж байна. 2016 оны 03 дугаар сарын 29-ний актны мөнгө урамшуулал, үлдэгдэл цалин зэргээс 220.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 01-нд 105.000 төгрөг, 197.000 төгрөг, 96.000 төгрөг, 18.000 төгрөг, 29.900 төгрөг, 85.100 төгрөг, 790.000 төгрөг нийт 1.397.900 төгрөг хийсэн тул одоо банкнаас нэхэмжлэж буй дүнг төлөх үндэслэл байхгүй учраас мөнгө төлөхөөс татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Хбанк нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.420.403.91 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Ж.Тд холбогдуулан гаргажээ.
Шүүх нэхэжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим”-д талуудын дунд үүссэн маргаантай эрх
зүйн харилцааг шүүхээс хянан шийдвэрлэхдээ материаллаг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөж, зөрчихгүй байх агуулгаар тодорхойлогдоно.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан дараах журмыг зөрчсөн байна. Үүнд:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Даалгавар гүйцэтгүүлэх тухай” 2058 дугаар захирамжийг Дархан уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Дээрх захирамжийн 1 дүгээр заалтын “а” хэсэгт заасан ажиллагааг дутуу гүйцэтгэж, хариуцагч Ж.Тд эрх, үүрэг танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг ноцтой зөрчжээ
. 2. Анхан шатны шүүх 1.420.403.91 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад түүнийг тодруулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан журамд нийцээгүй байна. Тодруулбал, шүүх нэхэмжлэлийн шаардлага 1.420.403.91 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийн аль нь болохыг тодруулаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд маргааныг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж байгаа тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.420.403.91 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагч Ж.Тгийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Хариуцагч Ж.Т давж заалдах гомдол гаргахдаа 37.676 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Хариуцагч Ж.Т нь давж заалдах гомдол гаргахдаа Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 77 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 37.676 /гучин долоон мянга зургаан зуун зургаа/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.Т
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН