Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0307

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э Э К Э Э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Т.Э

 

Нэхэмжлэгч: “Э Э К Э Э” ХХК /РД:5883474/

Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/8001 дүгээр албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендерийн баталгаа болох 20,000,000 төгрөгийг улсын орлого болгон Төрийн санд шилжүүлснийг буцаан гаргуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0140 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/1033/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э Э К Э Э” ХХК-аас Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан “Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/8001 дүгээр албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендерийн баталгаа болох 20,000,000 төгрөгийг улсын орлого болгон төрийн санд шилжүүлснийг буцаан гаргуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0140 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 16.1.7-д заасныг баримтлан “Э Э К Э Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/8001 дүгээр албан мэдэгдлийн “Э Э К Э Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн ирүүлсэн тендерийн баталгаа болох 20,000,000 төгрөгийг Төрийн санд шилжүүлснийг “Э Э К Э Э” ХХК-д буцаан олгох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох   Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/8001 дүгээр албан мэдэгдлийн “Н л” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Т.Э нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэр гаргасан тухайд, нэхэмжлэгч “Э Э К Э Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлага “Тендерийн баталгаа болох 20,000,000 төгрөгийг улсын орлого болгон Төрийн санд шилжүүлснийг буцаан гаргуулахыг хариуцагчид даалгах” гэж тодруулсныг шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан.

Гэтэл шүүхээс гаргасан шийдвэр нь “тус компанийн ирүүлсэн тендерийн баталгаа 20,000,000 төгрөгийг Төрийн сангийн дансанд шилжүүлснийг “Э Э К Э Э” ХХК-д буцаан олгох асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгах” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн байна.

3.2. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухайд, шийдвэрийн үндэслэх хэсэгт харин ЭҮТӨҮГ/202301103 дугаартай тендер шалгаруулалтын Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-т “албан ёсны веб хаягийг ирүүлэх ба хаягаар орж шалгахад мэдээлэл зөрүүтэй, эсвэл мэдээлэл байхгүй бол нотлох баримтыг хүчингүйд тооцно” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 16.1.7-д заасныг зөрчсөн шинжтэй байна гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч “Э Э К Э Э” ХХК нь дээрх ЭҮТӨҮГ/202301103 дугаартай тендер шалгаруулалтад оролцохдоо тендер шалгаруулалтын баримт бичгийн нөхцөлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч оролцсон тухай мэдэгдэл гаргасан бөгөөд тендер шалгаруулалтын явцад үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудасны мэдээллийг үндэслэх нь хууль зөрчих тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яаманд аль алинд нь гомдол гаргаж байгаагүй. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ч үйлдвэрлэгчийн цахим хуудасны мэдээллийг шалгах нь хууль зөрчсөн тухай ямар нэг байдлаар үндэслэл, маргаан гаргаагүй, тус тендерийн баримт бичгийг баталсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийг хариуцагчаар татаж маргаагүй байхад уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх ... хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн дээрх тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.4-т “Нотлох баримт нь нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас хэлбэрээр байж болно” гэж заасанд нийцүүлэн захиалагчаас үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудасны мэдээллийг шаардсан ба бусад бүх нийлүүлэгч компаниуд тус мэдээллийг бүрэн гүйцэд хүргүүлж оролцсон нь “өрсөлдөх тэгш боломжтой байх” зарчимд нийцсэн гэх үндэслэлтэй.

3.3. Нэхэмжлэгч нь ЭҮТӨҮГ/202301103 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй II” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг захиалагч 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин зарлахад оролцож, захиалагчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр шалгарсан байдаг. Тус шийдвэртэй холбоотой оролцогчоос ирүүлсэн гомдлыг Сангийн яам хянан шийдвэрлэсэн ба “Э Э К Э Э” ХХК нь захиалагчийн тогтоосон цахим хуудаснаас мэдээлэл шалгах нөхцөлд нийцүүлэн санал болгож буй барааны техникийн үзүүлэлтийг нэг бүрчлэн үйлдвэрлэгчийн цахим хуудсанд https://www.maxamtire.com.cn/product/58 байршуулсан байгааг хавсралтад харуулж байна.

3.4. Нэхэмжлэгч “Э Э К Э Э” ХХК нь энэхүү шаардлагыг хангахгүй байх тул захиалагчаас бусад нотлох баримтаар нотлох боломж олгож тодруулга авсан бөгөөд тийнхүү ирүүлсэн баримт бичиг нь мөн шаардлагад нийцэхгүй байгаа тухай шийдвэрийг Сангийн яам үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байдаг. Иймд Сангийн яамны шийдвэрийн үндэслэлд хамаарахгүй тендер шалгаруулалтын баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4 дэх хэсгийг үндэслэн Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/8001 тоот албан бичгийн “Э Э К Э Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0140 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганхуяг дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

4.1. Анхан шатны шүүхээс “Н Л” ХХК-ийн тендерт холбоотой Сангийн яамны “Гомдол хянасан тухай” албан бичгийг дүгнэхдээ “... захиалагч хэрхэн үнэлэх нь Захиалагчийн эрхийн асуудал,... “Н Л” ХХК-ийн тендерт холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.2-т “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Шаардана,... “Албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсвэл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэж тодорхой заасан байна.

“Н Л” ХХК-иас “Э Ү” ТӨҮГ-т хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09/27 тоот албан бичигт дурьдахдаа “...уул уурхайн зориулалттай дугуй нь зөвхөн Франц, АНУ, Испани улсад үйлдвэрлэдэг” гэж дурьдсан бөгөөд “Н л” ХХК нь тендерт Мишелин группын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Үйлдвэрлэгчийн баталгаажуулалтын захидал”-ыг ирүүлсэн байдаг. Гэтэл захиалагч, Сангийн яам болон шүүхээс тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлага хангасан гэж үзэж, дүгнэсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцэхгүй юм.

4.2. Учир нь Мишелин Ази (Хонг Конг) компани нь Мишелин группын гэрээт борлуулагч бөгөөд Мишелин Ази (Хонг Конг) компани болон Мишелин группын хоорондын хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх ёстой боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.

Сангийн яамны энэ талаар манай гомдлыг хянасан “Гомдол хянасан тухай” албан бичигт “...Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл “Мichelin Asia (Ноng Коng) компанийг үйлдвэрлэгч гэж, гэрээнд “Мишелин группын гишүүн” гэж тус тус дурдсан ба Мишелин группын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Үйлдвэрлэгчийн баталгаажуулалтын захидал”-ыг ирүүлсэн байх тул шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн тайлбараар тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.2 дахь заалтыг “Н л” ХХК зөрчсөн болохыг давхар нотлон харуулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл “Н Л” ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичиг болон Сангийн яамнаас албан мэдэгдлийг хянасан албан мэдэгдлээр Мишелин Ази (Хонг Конг) компанийг үйлдвэрлэгч гэж үзэн Мишелин группын баталгаажуулалтын захидлыг ирүүлсэн нь Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

4.3. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.8-ын 5 дахь заалтад “Үйлдвэрлэгч компанийн тухай танилцуулга /wеb хаяг, холбогдох утас, факс, электрон хаяг, үйл ажиллагааны тухай танилцуулга г.м/”-ыг шаардсан байтал “Н л” ХХК нь үйлдвэрлэгч Мишелин Ази (Хонг Конг) компанийн бус Мишелин группын катологийг ирүүлсэн нь мөн тендер шалгаруулалтын шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэв Мишелин Ази (Хонг Конг) компани нь гэрээт борлуулагч гэж үзвэл үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсвэл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэхээр байсан.

Дээрхээс үзвэл ЭҮТӨГ/20231/01103 дугаартай тендерт “Н л” ХХК нь тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй байхад захиалагч талаас “хамгийн сайн” гэж үнэлэгдэн “Н л” ХХК-ийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь заалтыг зөрчсөн байхад гомдлыг хянасан дээд шатны байгууллага Сангийн яам гомдлын үндэслэлийг сайтар шалгахгүйгээр мөн л шаардлагад нийцсэн гэж үзсэн.

4.4. Ийнхүү захиалагч талаас тендерт оролцогчдын тэгш, шударгаар өрсөлдөх боломжоор хангаагүй, холбогдох материалыг тэгш бус, зөрүүтэй үнэлгээ хийсэн байхад Сангийн яамнаас нэг талыг баримтлан “захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаа тул тус мэдэгдлийг хүчингүй болгуулахаар маргасан болно.

Сангийн яамнаас гомдлыг хянасан албан мэдэгдлийн 2 дахь хэсэгт “Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-19.4 дэх хэсэгт Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг өгөгдлийн хэлбэрээр бэлтгэж баталгаажуулан тендерт ирүүлнэ гэж заажээ. “Н л” ХХК-ийн тендерт XDR3 загварын дугуйны зургийг ирүүлсэн байх тул шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” хэмээн тайлбарласан байдаг.

Гэтэл тендерт шалгарсан “Н л” ХХК нь баримт бичигт тендерт санал болгож буй барааны зургийг баталгаажуулж ирүүлээгүй нь Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-19.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтыг зөрчсөн, “шаардлагад нийцсэн” хэмээн хууль болон журамд заасан гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад “баталгаажуулах” гэдэг нь хуулийн этгээдийн тэмдэг дарж, итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байхыг шаарддаг бөгөөд манай компанийг энэ үндэслэлээр захиалагч талаас удаа дараа тендерээс татгалзаж байсан ба энэ талаар баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

Иймд, дээрхи үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох “Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8001 тоот “Гомдол хянасан тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад холбогдуулан хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтыг харьцуулан үзэхэд,

3.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч авто машины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301103 дугаартай тендер шалгаруулалтад “Э Э К Э Э” ХХК зэрэг нэр бүхий компаниуд оролцсон ба нэхэмжлэгч хуулийн этгээдээс тухайн тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолттой холбоотой асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан.

Тус газраас гомдлыг хянаад, “зүсэлтэд тэсвэрлэх чадвар сайтай, дугуй хурд даацын үзүүлэлт 714-788 эсхүл түүнтэй дүйцэх гэх заасан нь Michelin XDR3 брэндийн 33.00R51 хэмжээтэй дугуйн онцлог үзүүлэлтийг заасан нь өрсөлдөх боломжийг хязгаарласан” гэж дүгнэн, техникийн тодорхойлолт болон тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.8-д холбогдох өөрчлөлт оруулж, зөрчил арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг захиалагчид мэдэгдэж, 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/1193 дугаар албан бичгийг хүргүүлсэн.

 Уг шаардлагын дагуу “Э ү” ТӨҮГ-аас тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлтийг оруулснаар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын  2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1262 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн үргэлжүүлэх зөвшөөрөл олгожээ.

3.2.   2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нээсэн уг тендер шалгаруулалтад  “Э Э К Э Э” ХХК, “Н л” ХХК, “А” ХХК гэсэн 3 хуулийн этгээд оролцсон. Тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 9 дүгээр сарын 25, 10 дугаар сарын 03, 10 дугаар сарын 05, 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд хуралдаж, мониторингийн дүгнэлтийн дагуу тендерт оролцогч 3 хуулийн этгээдээс тодруулга авсны үндсэн дээр “Э Э К Э Э” ХХК, “А” ХХК-ийг шаардлагад нийцэхгүй, харин “Н л” ХХК-ийг шаардлагад нийцсэн, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэх дүгнэлтийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд захиалагчаас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр оролцогч нарт зохих мэдэгдлийг хүргүүлсэн.

3.3. Тендер шалгаруулалтын талаарх захиалагчийн уг шийдвэрт 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан “Э Э К Э Э” ХХК болон “А” ХХК-иудын гомдлыг Сангийн яам хянаад, “Э Э К Э Э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-т заасан шаардлагад нийцэхгүй, “Н л” ХХК-ийн тендер нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.8-д заасан шаардлагад нийцсэн гэж тус тус шийдвэрлэсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8001 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд;

Мөн өдрийн 03/8002 дугаар албан бичгээр, “А” ХХК-ийн тендер нь (а) тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.8-д заасан шаардлагад нийцээгүй гэх захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, (б) ТШЗ 19.4-д заасан шаардлагад нийцээгүй гэх захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, харин (в) ирүүлсэн тодруулгын дагуу https://business.michelinman.com цахим хуудсанд “TKPH” нь 620 байхад “Н л” ХХК-ийн тендерт 744 гэж зөрүүтэй байгаа асуудлаар Үнэлгээний хороо хэлэлцэж шийдвэрлэсэн мэдээлэл байхгүй гэх үндэслэлээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн СЭ-112-12/6236 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх үйл ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн талаар 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8002 дугаар албан бичгээр “А” ХХК-д хариу өгчээ.  

3.4. Үүнээс хойш Үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 02, 07-ны өдрүүдэд дахин хуралдаж, “Хүнд даацын өөрөө буулгагч авто машины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301103 дугаартай тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан гэх үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг дахин зарлах саналыг Захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж, улмаар захиалагчаас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн СЭ-112-12/6861 дүгээр албан бичгээр тендерт оролцогч нарт энэ тухай мэдэгдсэн.

Захиалагч ЭҮТӨҮГ/202301103 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч авто машины дугуй II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин зарлахад  “Э Э К Э Э” ХХК дахин оролцож, 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр шалгарсан нийтэд илэрхий үйл баримт байна.

3.5. Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/8112, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ДЧ-112-12/6724 дүгээр албан бичгээр, “Э Э К Э Э” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаж, үндэслэлгүй болохыг мэдэгдсэн учраас тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг Төрийн санд шилжүүлэхийг мэдэгдсэний дагуу Тээвэр хөгжийн банк 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлгийн гүйлгээ хийсэн.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлан”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно:” гээд 16.1.6-д “нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг;” 16.1.7-д “барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл” гэж тус тус заасан.

5. Тухайн тохиолдолд “Э Э К Э Э” ХХК-ийн санал болгож буй дугуй нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтүүдэд нийцэж буй эсэхийг нотлохоор БНХАУ-ын Сайлун группын лабораторийн шинжилгээний мэдэгдэл, тайлан, зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг тодруулгаар ирүүлсэн байтал шаардлага хангаагүй гэж үзсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

6. Нөгөөтээгүүр Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан үзэх журам”-ын 6.1-д “...гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагаа хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж, ...” гэж заасныг Сангийн яам бүрэн хэрэгжүүлээгүй буюу тендерт оролцогч “Э Э К Э Э” ХХК-ийн гаргасан тендерийн өгөгдлийн хүснэгт ТШЗ 18.6.2, 18.6.8, 19.4-т заасан шаардлагад хамаарах гомдлын хүрээнд, захиалагчийн шийдвэрийг хянаж дүгнээгүй гэж үзэхээр байна.

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.9-т “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасны дагуу тендер шалгаруулалтыг хянан үзэх явцад ”Н л” ХХК-аас нийлүүлэх барааны техникийн үзүүлэлтийн талаар аливаа тодруулга авах бүрэн боломжтой, хуулиар үүнийг зөвшөөрсөн.

8. Тендерт оролцсон “Э Э К Э Э” ХХК болон “А” ХХК-иудаас, “хамгийн сайн” үнэлэгдэж тендерт шалгарсан “Н л” ХХК-ийн талаар ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийлүүлэх бараа буюу дугуйны техникийн үзүүлэлт, түүний баталгаажилт зөрүүтэй гэж тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.8-д заасан шаардлагыг хангаагүй” гэх адил агуулга бүхий гомдлыг Сангийн яаманд гаргасан байхад “Э Э К Э Э” ХХК-ийн гомдол үндэслэлгүй гэж, харин “А” ХХК-ийн гомдолтой холбогдуулан “Н л” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэрлэснээс үзэхэд нэхэмжлэгчийн тендерийг ийнхүү шаардлагад нийцээгүй гэж дүгнэснийг зөв гэсэн атлаа шалгарсан “Н л” ХХК-ийн тендерийн баримт мөн л шаардлагыг бүрэн хангасан эсэхэд холбогдох тодруулгыг оролцогчоос авалгүйгээр тендерийн баримт бичгийг шаардлагад нийцсэн гэж үзэж, “хамгийн сайн” гэж үнэлсэн захиалагчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзсэнээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасантай нийцээгүй, тендерт оролцогчдод тэгш бус байдлыг бий болгожээ.

9.  “Э Э К Э Э” ХХК нь захиалагчаас шаардсан тодруулгын дагуу тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-т заасан шаардлагыг хангасан, “Н л” ХХК-ийн тендерийн хувьд дугуйны хурд, даацын үзүүлэлт буюу ТКРН нь цахим эх сурвалжаас зөрүүтэй болохыг уг тендер шалгаруулалтад хийсэн захиалагчийн мониторингийн дүгнэлтээр тодорхойлсон үйл баримт тогтоогдож байхад хариуцагч Сангийн яамнаас “Э Э К Э Э” ХХК-ийн гомдолд “... “Н л” ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн гэх захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж хариу өгсөн атлаа “А” ХХК-ийн гомдлын дагуу “Н л” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагч “Э ү” ТӨҮГ-ын шийдвэрийг хүчингүй болгосон байхад анхан шатны шүүх “Н л” ХХК-ийн тендер шаардлага хангасан гэж үндэслэлгүй бөгөөд зөрчилтэй дүгнэлт хийсэн байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11. Нэгэнт Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн шийдвэрийг хууль бус гэж тогтоосноор нэхэмжлэгчээс тендерийн баталгаа болгож Тээвэр хөгжлийн банканд байршуулсан 20,000,000 сая төгрөгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3-т заасны дагуу улсын орлого болгох үндэслэл бүрдээгүй гэж үзэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол дурдсанчлан тендерийн баталгааг буцаан олгох агуулга бүхий шийдвэрийг “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” гэж үзэх үндэслэлгүй.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо 2 хуудас нотлох баримт хавсаргаж ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-д “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасантай нийцээгүй тул тэдгээрийг магадлалын үндэслэл болгож үнэлээгүй болно.

Харин давж заалдах гомдлыг хүлээн авахдаа анхан шатны шүүхээс уг зохицуулалтыг анхаарахын зэрэгцээ хэргийн хуудсыг дугаарлахгүй орхих, эсхүл алгасаж дугаарлах /78-79 дэх хуудасны хооронд “34-35” гэж дугаарласан, мөн хуудас дугаарлаагүй бусад баримтыг  оруулж үдсэн/, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтыг шүүгч гарын үсэг зурж, баталгаажуулаагүй зэргээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөх зохион байгуулалтын хийгээд архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдох стандарт, журмыг зохих ёсоор хэрэгжүүлж хэвшүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0140 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараагаа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 16 дугаар зүйлийн 16.1.6, 16.1.7-д заасныг баримтлан “Э Э К Э Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/8001 дүгээр албан мэдэгдлийг хүчингүй болгож, тус компанийн ирүүлсэн тендерийн баталгаа болох 20,000,000 төгрөгийг Төрийн санд шилжүүлснийг “Э Э К Э Э” ХХК-д буцаан олгохыг Сангийн яаманд даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ