Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2018/02348

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг дүгээр хороо, дугаар хороолол тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Т ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, М.М-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,379,630 төгрөгийг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.З, хариуцагч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд болон төлөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.А-тай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 08700358 тоот Зээлийн гэрээг байгуулж, 4,200,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг  байгуулж түүний эзэмшлийн  улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлахаар заасан. М.Атай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг буцаан шаардах эрх үүссэн. Зээлдэгч М.Агаас зээлийн үндсэн төлбөрт 4,200,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 754,600 төгрөг, алданги 2,420,530 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 4,500 төгрөг, нийт 7,379,630 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг байгуулж би гарын үсэг зурсан. Үндсэн зээл 4,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Г.Энхүүлэн иргэний үнэмлэхгүй гээд байхаар нь зээл авч өгсөн. Би нэг ч төгрөг хэрэглээгүй. Баянгол дүүргийн цагдаад хандахад эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгосон.  Надаас гадна олон хүн залилсан

 

байсан. Тоёота приус маркийн автомашиныг зээлдүүлэгч өөрөө олж авах боломжтой тул зээлийн хүү төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,379,630 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М.А нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, Г.Энхүүлэнд зээл авч өгсөн. Тоёота приус маркийн автомашиныг зээлдүүлэгч өөрөө олж авах боломжтой тул зээлийн хүү төлөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М.Атай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  зээлийн гэрээ байгуулж 4,200,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтэй нийцсэн байна.

 

Зээлдэгч М.А нь үндсэн зээлийн гэрээний үүрэгт 4,200,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 819,000 төгрөг бүгд 5,019,000 төгрөгийг төлөх, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэг хүлээжээ.  

 

Хариуцагч М.А нь зээлийн  төлбөр хийгээгүй тул зээлийн гэрээний 2.3 дах хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг 5,019,000 төгрөгт алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 2,420,530 төгрөг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нотариатын зардал 4,500 төгрөгийг хохиролд тооцож  нийт 7,379,630  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дахь хэсэгт “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.

 

Хариуцагч М.А Тоёота приус маркийн автомашиныг зээлдүүлэгч өөрөө олж авах боломжтой гэж маргаж, нэхэмжлэгч дээрх автомашиныг бодитойгоор хүлээн аваагүй гэж мэтгэлцэж байх ба хариуцагч М.А нь “бусдад зээл авч өгсөн нь” зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Агаас 7,379,630 /долоон сая гурван зуун далан есөн мянга зургаан зуун гуч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,025 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.Агаас 133,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                                                                                                                                                                                                                                                                                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НАРАНГЭРЭЛ