Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 111/ШШ2021/009

 

Гомдол гаргагч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, “******* ******* *******” ХХК-ийн гомдолтой, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******-д холбогдох “Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч, хариуцагч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“1.1. Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас Монгол Улсын хуулийн этгээд болох “******* ******* *******” ХХК, түүнийг төлөөлж, гүйцэтгэх захирал албан тушаалтай *******, нөгөө талаас Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг удирдлага болгон талуудын зөвшилцөл, харилцан тохиролцоог үндэслэн дараах нөхцөлтэйгээр байгуулав.

1.2. “******* ******* *******” ХХК-иас Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “... улсын байцаагч *******-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт талууд харилцан буулт хийж, тохиролцох замаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх, цаашид уг ******* ******* сувиллын үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу үргэлжлүүлэн хэвийн явуулахтай холбоотой харилцааг зохицуулахад гэрээний зорилго оршино.

1.3. Энэхүү гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталснаар захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл

2.1. Хариуцагч Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ийн гаргасан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д ногдуулсан торгууль 28.500.000 төгрөг, нөхөн төлбөр 62.572.302 төгрөг, нийт 91.072.302 төгрөгийн 32.9 хувь буюу 30.000.000 төгрөгийг төлүүлэхээр тохиролцсоныг талууд хүлээн зөвшөөрч, энэхүү гэрээгээр баталгаажуулав.

2.2. Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 30.000.000 /Гучин сая/ төгрөгийг үйл ажиллагаа зогсоолгосон болон коронавирус цар тахлын улмаас учирсан доголдлын улмаас дараах хугацаанд төлж барагдуулна. Үүнд:

2.2.1      2021 оны 4 дүгээр сарын 30-нд 10.000.000 төгрөгийг

2.2.2      2021 оны 5 дугаар сарын 30-нд 10.000.000 төгрөгийг

2.2.3      2021 оны 6 дугаар сарын 30-нд 10.000.000 төгрөгийг тус тус төлж дуусгавар болгоно.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн үзлэгийн зардал 40.000 төгрөгийг төлөх 

2.3. Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд тусгагдсан зөрчил, түүнийг арилгах арга хэмжээг авах боломжит хугацааг нэхэмжлэгчид олгоно.

2.4. Нэхэмжлэгчийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд тусгагдсан зөрчлөө арилгах хугацаанд ******* ******* сувиллын үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоогоор хангах.

2.5. Нэхэмжлэгч нь уг шийтгэлийн хуудсанд дурдагдсан зөрчлийг 2021 онд үе шаттайгаар арилгах бөгөөд байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө бүхий зөрчлийг тэргүүн ээлжинд арилгах.

2.6. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд тусгагдсан зөрчлийг арилгахаар мэргэжлийн туслалцаа, зөвлөгөөг хариуцагч талаас авч болно.

2.7. Нэхэмжлэгч нь байгаль орчин болон эрүүл ахуйн бусад чиглэлээр хийж гүйцэтгэж буй ажлынхаа мэдээллийг тухай бүрт хариуцагчид мэдэгдэж ажиллана.

2.8. Талууд энэхүү эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлэх бөгөөд гэрээ зөрчсөн талууд хэн алиндаа учирсан хохирлыг хариуцна.

Гурав. Бусад зүйл

3.1. Талууд гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд гэрээний талууд тус бүр нэг хувийг хадгалж, үлдэх хувийг Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлнэ.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“******* ******* *******” ХХК нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******-д холбогдуулан “Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч, хариуцагч нар харилцан буулт хийж, 2021 оны 4 дүгээр сарын 30-нд 10.000.000 төгрөгийг, 2021 оны 5 дугаар сарын 30-нд 10.000.000 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 30-нд 10.000.000 төгрөгийг тус тус төлж, маргаанаа дуусгавар болгохоор эвлэрэх арга замаа тодорхойлон, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.” гэж заасан. Гомдол гаргагч, хариуцагч нар эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсгийг тус тус баримтлан “******* ******* *******” ХХК-ийн гомдолтой, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******-д холбогдох “Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийн гомдол гаргагч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагч “******* ******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН