Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0372

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Га*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Г*******

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.И*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Га*******” ХХК

Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч

Хариуцагч Сангийн яам

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар дүгнэлтэд заасан “Га*******” ХХК-ийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай 213 дугаар тушаалаар бүртгэлд хамрагдсан “Га*******” ХХК-ийг бүртгэснийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 211 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З*******

Хариуцагч  Д.О*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2024/0037/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Га*******” ХХК-иас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч, Сангийн яаманд тус тус холбогдуулан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар дүгнэлтэд заасан “Га*******” ХХК-ийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай 213 дугаар тушаалаар бүртгэлд хамрагдсан “Га*******” ХХК-ийг бүртгэснийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 211 дүгээр шийдвэрээр:

“/2005 оны/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 14.1.4 дэх заалт, 14.5 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Га*******” ХХК-иас гаргасан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаартай дүгнэлтэд заасан “Га*******” ХХК-ийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай 213 дугаар тушаалаар бүртгэлд хамрагдсан “Га*******” ХХК-ийг бүртгэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.И******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “…”Га*******” ХХК нь шүүхэд хандаж "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар дүгнэлтэд заасан "Га*******” ХХК тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг хүчингүй болгуулах болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын "Га*******” ХХК-ийг бүртгэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба шүүхээс хэргийг хянан шийдвэрлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтад “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаар” заасан. Гэтэл дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна гэж үзэн нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

3.2.Маргааны зүйл болох Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар дүгнэлтэд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож байна” гэж ерөнхийлсөн байдлаар тусгасан бөгөөд тендерт оролцогч этгээдийн хувьд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй гэх үндэслэлийн алинд нь хамаарах хууль зүйн нөхцөл тогтоогдсон болохыг нарийвчилж, тухайлан тогтоох байдлаар тусгаагүйгээс үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүхээс үнэлэхдээ тухайн акт, хариуцагчийн аман тайлбар зэргийн агуулгаар дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, бодитоор үнэлэх хуулийн шалгуурт нийцээгүй буюу хэт нэг талын нотлох баримтад ач холбогдол өгөх байдлаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3.3.Маргаан бүхий захиргааны акт гаргагч этгээдээс актыг боловсруулахдаа үндэслэл болгон үнэлсэн ганц баримт нь талууд хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд тус гэрээнд гэрээний үүрэг биелэгдээгүй гэж үзэх үндэслэлийг огт тусгаагүй бөгөөд зөвхөн гэрээний зөрчил гэж үзэн хариуцлага тооцох боломжийг тухайлан зохицуулсан байдаг ба энэ нөхцөлд сонирхогч болон гуравдагч этгээдээс гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн буюу үүрэг бүрэн биелэгдээгүй гэх зохиомол нөхцөл үүсгэх нь боломжгүй талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргасан атал үүнд ач холбогдол өгөөгүй зөвхөн захиргааны эрх зүйн хэм хэмжээ, зохицуулалтын хүрээнд тооцох хариуцлага нь үндэслэлтэй эсэхэд үнэлэлт өгөх замаар хэт явцуу байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн гүйцэт дүгнээгүй гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдол гаргаж байгаа болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, дахин шинээр акт гаргатал дүгнэлт, тушаалыг түдгэлзүүлэв.

            1.Шүүх маргааныг шийдвэрлэхдээ /2005 оны/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг хэрэглэх талаар, тухайлбал уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 521 дугаар зүйлийн 521.2.1-д тус тус заасны дагуу улсын байцаагчаас тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргахдаа тухайн этгээд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, эсхүл биелүүлээгүй болохыг тогтоосон байх шаардлагатай талаар дүгнэсэн байх боловч үүнийгээ энэхүү маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг гэрээний үүргээ “биелүүлээгүй” гэж үзэх болсон үндэслэл, шалтгаан нөхцөлийг тодруулах ажиллагааг хариуцагчаас хангалттай хийгээгүй байхад зөвхөн “…Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 1/3093 дугаар албан бичгээр тогтоогдож байна…. гэж дүгнэсэн нь хангалттай бус, гэтэл хэрэгт авагдсан бодит нөхцөл байдал, түүнийг нотлох фото зураг болон давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын байцаагчийн гаргасан тайлбар зэргээс тус тус үзэхэд хариуцагчдаас маргаан бүхий дүгнэлт, тушаалыг гаргахаас өмнө хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байсан нь тогтоогдох бөгөөд харин энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.

            Тухайлбал шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.10-т “…Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/3093 дугаар албан бичгийн болон маргаан бүхий акт болох Сангийн сайдын мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын хавсралтад тус тус “…гэрээний үүргээ биелүүлээгүй” тухай тайлбар, үндэслэлүүдээр тогтоогдож байна…” гэсэн атлаа нэхэмжлэгч чухам ямар шалтгааны улмаас гэрээний үүргээ 100 хувь биелүүлж чадаагүй болон тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд зайшгүй орох шаардлага үүссэн эсэхэд дүгнэлт өгсөнгүй.

            Хяналт шалгалтын явцад ажлын гүйцэтгэлийг биечлэн шалгаагүй, түүнчлэн 85 хувийн гүйцэтгэлтэй гэдэг нь үндэслэлтэй эсэхийг тодруулаагүй, мөн дутуу ажлын гүйцэтгэл зогссон шалтгаан, тухайлбал Ковид 19 цар тахлын улмаас гэрээнд заасан хугацаа алдахад хүргэсэн эсэх, мөн нэхэмжлэл болон давж заалдах гомдолд дурдсанчилан цар тахлын улмаас бараа материал, тээврийн зардлын үнэ тооцоолсноос хэд дахин өссөн, хөл хорионы улмаас нийлүүлэлт саатсан зэргээс гадна санхүүжилт цаг тухайдаа бүрэн хийгдээгүй нь гэрээний гүйцэтгэлд хэрхэн нөлөөлсөн болохыг тогтоох ажиллагаа хангалттай хийгдээгүй, нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар авагдаагүй байна. 

Үндсэндээ улсын байцаагчаас нэхэмжлэгчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй гэсэн дүгнэлт гаргахдаа зөвхөн Барилгын хөгжлийн төвийн дээрх албан бичгийг үндэслэсэн байх бөгөөд үүнийгээ ч давж заалдах шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн болно.

2.Сангийн яамны Худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот удирдамжийн 3-т “Хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу баримт материалыг тухайн аж ахуйн нэгж байгууллага, холбогдох газруудаас татан үзэх, шаардлагатай бол газар дээр нь очиж баримтжуулах хэлбэрээр …явуулна”, мөн 7-д “…шаардлагатай тохиолдолд ажлын байранд очих замаар хийх…”-ээр тус тус заажээ.

            Анх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2.418.410.370 төгрөгийн санхүүжилтээр 8 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг талууд нийтдээ 3 удаа сунгахдаа тухай бүр магадлалын дүгнэлтээр баталгаажсан дүнгээр санхүүжилтийг нэмэгдүүлж байсан, сүүлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болох үед ажлын гүйцэтгэл 85 хувьтай, харин санхүүжилтийн 90 орчим хувь олгогдсон, барилгын ажил 2019 оны хавраас эхэлж, 2020 онд хийгдэж байгаад 2021 онд ковидын улмаас зогссон, 2022 онд компанийн захирал Д.Г******* өвчний улмаас нас нөгчиж, 2023 оны 6 дугаар сард өвийн журмаар эхнэр Ч.И*******т компанийн эрх шилжсэн, энэ хооронд буюу 2022 онд 1.174.2 сая төгрөгийн барилга угсралтын ажлын үлдсэн санхүүжилтийг авах санал гаргаж байсан, түүнчлэн санхүүжилтгүйгээр үлдэгдэл ажлыг хийх боломжгүй талаар байр сууриа илэрхийлж байсан зэрэг нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна.

            Гэтэл улсын байцаагчийн маргаан бүхий дүгнэлтэд “…Боловсрол, шинжлэн ухааны яамнаас ирүүлсэн албан бичигт …гэрээнд уг ажлыг 2019.08.31-2020.08.01-ний өдөр хүртэл хугацаанд батлагдсан ажлын зураг төслийн дагуу бүрэн хийж дуусгахаар тусгасан байх боловч 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэл 85 хувьтай гэж дурджээ. Шалгалтын хугацаанд “Га*******” ХХК-ийн гэрээнд тусгагдсан …гар утас руу холбогдсон боловч компанийн утас биш гэсэн хариу өгсөн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар баримт бичиг, тайлбар, мэдүүлэг гаргуулахаар албан бичгүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яам руу хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй тул нэмэлт мэдээлэл байхгүй гэж үзсэн болно…” гэснээс, мөн Сангийн яамнаас 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11/6386, 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03/7090 дүгээр албан бичгээр тус тус Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандаж хяналт шалгалтад шаардлагатай бичиг баримт шаардаж байсан зэргээс тус тус үзэхэд холбогдох баримт сэлтийг эрх бүхий байгууллагаас гаргаж өгөөгүй энэ тохиолдолд гүйцэтгэгчээс бодит нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг зайлшгүй хийх ёстой.

            Гэвч зөвхөн дээрх нөхцөл байдлаас хамаарч “нэмэлт мэдээлэл байхгүй” гэж үзэн, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан нөхцөл үүссэн гэсэн нь шийдвэрт дүгнэсэнчилэн нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг “хангалттай тогтоосон” гэж үзэхээргүй байна.

            3.Нэхэмжлэгчийн зүгээс өөрийг нь оролцуулан хяналт шалгалт хийж өгөхийг хүсч байсан талаар Сангийн яамны “Гомдол хянасан тухай” 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/8599 дүгээр албан бичигт дурдсан байхаас гадна бодит байдалд барилгын карказ угсрах ажил, өрлөгийн ажлууд хийгдэж дууссан, цонх бүрэн суулгасан, хөөсөн фасад, дээвэр, дотор цахилгааны монтаж татагдсан, дотор шаврын ажил хийгдэж дууссан, гадна хашаа, гадна инженерийн шугам сүлжээний ажил, авто зогсоол цутгах ажил хийгдсэн, 2, 3 дугаар давхарын тэгшилгээ хар шал, дотор халаалтын систем хийгдсэн болох нь Боловсрол, шинжлэх ухааны яамны зурган баримтаар тогтоогддог, мөн уг баримтад тулгамдаж буй асуудал буюу санхүүжилтийн талаар, тухайлбал 2020 оны төсөвт 2815.6 сая төгрөгийн санхүүжилт тусгагдаж, 1640.6 сая төгрөгийн санхүүжилт авч гэрээний дүнгийн зөрүү 593.4 сая төгрөг, төсөвт өртийн зөрүү 1175.0 сая төгрөг татуулсан. 2021 онд улсын төсөвт санхүүжилт тусгагдаагүй, 2020 онд татуулсан санхүүжилт болох 1175.0 сая төгрөгийг төсөвт суулгаж, магадлалын нэгдсэн дүгнэлтээр батлагдсан 6515.6 сая төгрөгт багтаан гэрээний зөрүү болох 581.6 сая төгрөгийн нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай байна…” гэснээс үзэхэд төсөвлөсөн санхүүжилт хугацаандаа бүрэн хийгдээгүйгээс барилгын ажил зогссон уу, эсхүл Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 1/3093 дугаар албан бичгийн хавсралтад дурдсанчилан “…гүйцэтгэгч компанийн дотоод зохион байгуулалтаас шалтгаалан ажил удааширч, гэрээний хугацаанд хүлээлгэн өгөөгүй” юу гэдгийг дахин шалгаж, нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл бодит байдалд гүйцэтгэсэн ажлын болон санхүүжилтийн хувь хэрхэн балансалж байгаа болох, түүнчлэн гэрээний хугацаанд компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал нас нөгчсөнийг компанийн дотоод зохион байгуулалтын уялдаагүй байдал гэж дүгнэж болох эсэх, сургуулийн барилгын ажил 100 хувь дуусаагүй нь зөвхөн нэхэмжлэгч талаас шалтгаалсан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

            4.Харин Сангийн сайдын 2023 оны 213 дугаар тушаалын тухайд Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн маргаан бүхий дүгнэлтийг үндэслэж “Га*******” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгааруулсан этгээдийн бүртгэлд хамруулсан байх тул энэхүү тушаалын үндэслэл болсон дүгнэлтийг дахин шинээр гаргах хүртэл түдгэлзүүлж байгаа энэ тохиолдолд Сайдын тушаалыг мөн адил түдгэлзүүлж шийдвэрлэв.

            Учир нь шүүхээс тогтоосон хугацаанд улсын байцаагчаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан нөхцөл байдал үүссэн эсэхэд дахин гаргах дүгнэлт нь нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд хамруулах эсэх талаарх Сайдын тушаалын үндэслэл болох болно.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 56 дугаар зүйлийн 56.5.4, 56.6.1, 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Га*******” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх” 213 дугаар тушаалын хавсралтын “Га*******” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинээр гаргатал гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй”, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу тогтоосон хугацаанд хариуцагчдаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий дүгнэлт бүхэлдээ, тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                            ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

 

                              ШҮҮГЧ                                                       З.ГАНЗОРИГ

 

                            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН