Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

                                                 
                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж, 
Улсын яллагч Н.Цогтбаяр  
Шүүгдэгчийн өмгөөлөгч  С.Нармандал
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
 Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зундуйн Осоржамаад холбогдох 201603000274 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 сарын 14-ний  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 
            
    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн Өгийнуур сумын харъяат, одоо Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Сайр гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Зундуйн Осоржамаа /РД:АМ92101538/

Шүүгдэгч З.Осоржамаа нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Жарантай гэх газраас иргэн Т.Батжаргалын шүдлэн болон соёолон насны 2 тооны морийг машин механизм ашиглан хулгайлж, иргэн Т.Батжаргалд 1100000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
                                  
ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч З.Осоржамаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 29-ний өдөр би Батжаргал гэдэг айлын адуунаас хамар цагаан хээр, хар шүдлэн үрээ хоёрыг адуунаас нь тасдаж туугаад аваачин хашсан нь үнэн. Маргааш нь эзэн нь ирж авсан гэв. 

Хохирогч Т.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би малдаа явж байгаад адуугаа бүртгэхэд манай хүрэн, хээр, халтар, хар, хамар цагаан хээр зүсмийн 5 адуу хамт байсан. Тэгээд би Хотонт сумын төв орчихоод орой гэр лүүгээ явж байхдаа замдаа адуугаа бүртгэтэл хамар цагаан зүсний хавчиг морь, хар зүсний шүдлэн үрээ гэсэн 2 тооны адуу байхгүй байсан. Би тухайн үедээ тасарсан юм байх гэж бодоод өнгөрсөн. Маргааш нь адуугаа хариулаад явж байтал Золбоо гэдэг залуу таараад хуучилж байтал энд яваад байдаг 5 үрээ хэний үрээ вэ гэхээр нь миний үрээ гэтэл өчигдөр З.Осоржамаа 2 үрээ туугаад явж байх шиг байсан гэж хэлсэн. Тэгээд би Осоржамаатай уулзахад би хүний мал байна гэж бодоод туусан гадаа байгаа гэж хэлсэн. Би чамайг өвөө, эмээд чинь хэлнэ гээд өвөө, эмээгийнд нь очтол манай хар зүсний үрээ гэрийн гадна байх хашаанд хашаатай байсан. Тэгээд Баатархүүгээс манай морь хаана байна гэхэд малын байранд байна гэхээр нь хартал малын хашааны ард байх саравчинд хийсэн байсан. Тэгээд би 2 үрээгээ аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-25-29х/
Гэрч Л.Самдангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 18-19 цагийн үед малд явж байх үедээ Баатархүү гэдэг Осоржамаагийнхтай айл, хонийг нь хардаг айлаар ороод гарсан. Тэгэхэд Осоржамаа хашаан дотроо 2 үрээ хашсан, адуугаа гаргаад явуулж байсан. Би адууны хашаан дээр нь очиход Осоржамаа адуугаа гаргаж байсан. Би тухайн үед тэр 2 адууг ямар учиртай адуу гэдгийг мэдээгүй. Нэг хар зүсний, соёолон үрээ байсан байх, би насыг нь сайн мэдэхгүй байна. Нэг сартай хээр зүсний морь байгаа харагдсан. 2 үрээг үлдээгээд бусад адуугаа гаргаж байсан” гэсэн мэдүүлэг/хх-33х/
Гэрч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тухайн өдөр манай нөхөр сумын төв рүү 2 хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр явсан. Орой 21 цагийн үед буцаад гэртээ ирээд манай 5 тооны адуунаас 2 морь болох хар зүсний үрээ, хамар цагаан шар хээр морь 2 алга байна гэж хэлж ирсэн. Маргааш өглөө нь манай нөхөр Батжаргал 2 морио хайгаад явсан, тэгээд нөгөө хамт байсан морин дээрээ очоод ойр хавиар хайгаад ирлээ, сураг байхгүй байна гэж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-35-36х/
Гэрч Ө.Лхүндэвийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай хүү Осоржамаа адуундаа явж ирээд адуугаа хашаад байх шиг байсан. Тэгээд 2 үрээ адуу үймүүлээд байна гэж байсан. Маргааш өглөө нь манай хашаанд хар зүсний үрээ уяатай байсан. Тэгтэл удалгүй Батжаргал ирчихсэн Осоржамааг адуугаа хулгай хийлээ гээд байсан. Нэг адуу нь байхгүй байна гэж байсан. Малын хашааны араас гаргаж ирсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-37-40х/
Гэрч Н.Золбоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 05 сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутагт адуу хайгаад явж байтал энэ Осоржамаа гэдэг залуу мотоцикльтой явж байгаад таарсан. Би тухайн үед Норовсамбуугийн малыг малладаг байсан юм. Тэгээд надтай таараад хэдэн тооны адуу хайж байгаа гэж хэлээд та харсан уу гэж байсан. Тэгээд Осоржамаа надаас салаад явсан. Би байсан газраасаа адуугаа дурандаж байтал Осоржамаа Жарантай гэх газар байсан 5 тооны адуун дотроос 2 тооны адуу туугаад яваад өгсөн. Би тухайн үедээ өөрийнх нь адуу юм байх гэж бодсон. Осоржамаа над дээр ирэхдээ улаан өнгийн, бага зэрэг хуучин, Мустанг-5 маркийн мотоцикль байх шиг байсан. Энэ 2 адуу Осоржамаагийн адуутай нийлсэн зүйл байхгүй. Жарантай гэх газар байх 5 тооны адуун дотроос 2 адууг нь салгаж, туугаад явсан. Өөр ямар нэгэн адуу тууж яваагүй” гэсэн мэдүүлэг /хх-48-49х/
Шүүгдэгч З.Осоржамаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 05 сарын 29-ний өдөр би адуугаа хайхаар Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг, Жарантай гэх газар адуугаа хайгаад явж байхдаа Золбоо гэдэг хүнтэй таарсан. Золбоо ах бас адуугаа хайгаад явж байна гэсэн. Би тухайн үед Золбоо ахад худлаа хүний нэр хэлээд хэдэн адуугаа хайгаад явж байна гэсэн. Тэгээд салаад явж байтал замд 5 тооны адуу байхаар нь дотроос нь хамар цагаан хээр зүсмийн үрээ болон хар зүсмийн үрээг тасдаж туугаад гэр рүүгээ аваад явсан. Тэгээд гэрийнхээ гадаа хашиж байгаад эзэнд нь баригдсан” гэсэн мэдүүлэг /хх-62-63х/ 
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10, 13/, 
Фото зургийн үзүүлэлт /хх-11-12, 14-16/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-17-19/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-21, 51/
    Шинжилгээ хийж шинжээч томилох тогтоол /хх-20, 50/
    Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Засаг даргын тодорхойлолт /хх-30х/
Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-70-71х/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-68-69/
Хохирогч Т.Батжаргалын хүсэлт /хх-30/ зэрэг болно.

Шүүгдэгч З.Осоржамаа нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Жарантай гэх газраас иргэн Т.Батжаргалын шүдлэн болон соёолон насны 2 тооны морийг машин механизм ашиглан хулгайлж, иргэн Т.Батжаргалд 1.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би малдаа явж байгаад адуугаа бүртгэхэд манай хүрэн, хээр, халтар, хар, хамар цагаан хээр зүсмийн 5 адуу хамт байсан. Тэгээд би Хотонт сумын төв орчихоод орой гэр лүүгээ явж байхдаа замдаа адуугаа бүртгэтэл хамар цагаан зүсний хавчиг морь, хар зүсний шүдлэн үрээ гэсэн 2 тооны адуу байхгүй байсан. Маргааш нь адуугаа хариулаад явж байтал Золбоо гэдэг залуу таараад энд яваад байдаг 5 үрээ хэний үрээ вэ гэхээр нь миний үрээ гэтэл өчигдөр З.Осоржамаа 2 үрээ туугаад явж байх шиг байсан гэж хэлсэн. Тэгээд би Осоржамаатай уулзахад би хүний мал байна гэж бодоод туусан гадаа байгаа гэж хэлсэн талаар мэдүүлсэн хохирогч Т.Батжаргалын мэдүүлэг /хх-25-29х/,  2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 18-аас 19-н цагийн үед Осоржамаа хашаан дотроо 2 үрээ хашсан, адуугаа гаргаад явуулж байсан. Би тухайн үед тэр 2 адууг ямар учиртай адуу гэдгийг мэдээгүй. Нэг хар зүсний, соёолон үрээ байсан гэсэн гэрч Л.Самдангийн мэдүүлэг /хх-33х/, тухайн өдөр манай нөхөр сумын төв рүү 2 хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр яваад орой 21 цагийн үед буцаад гэртээ ирэхдээ  манай 5 тооны адуунаас 2 морь болох хар зүсний үрээ, хамар цагаан шар хээр морь 2 алга байна гэж хэлж ирсэн талаар мэдүүлсэн гэрч Б.Энхцэцэгийн мэдүүлэг /хх-35-36х/, 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай хүү Осоржамаа адуундаа явж ирээд адуугаа хашаад байх шиг байсан. Тэгээд 2 үрээ адуу үймүүлээд байна гэж байсан. Маргааш өглөө нь манай хашаанд хар зүсний үрээ уяатай байсан. Тэгтэл удалгүй Батжаргал ирчихсэн Осоржамааг адуугаа хулгай хийлээ гээд байсан. Нэг адуу нь байхгүй байна гэж байсан. Малын хашааны араас гаргаж ирсэн байсан талаар мэдүүлсэн гэрч Ө.Лхүндэвийн мэдүүлэг /хх-37-40х/,   2016 оны 05 сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутагт адуу хайгаад явж байтал Осоржамаа гэдэг залуу мотоцикльтой явж байгаад таараад хэдэн тооны адуу хайж байгаа гэж хэлээд та харсан уу гэж байсан. Тэгээд Осоржамаа надаас салаад явсан. Би байсан газраасаа адуугаа дурандаж байтал Осоржамаа Жарантай гэх газар байсан 5 тооны адуун дотроос 2 тооны адуу туугаад яваад өгсөн. Би тухайн үедээ өөрийнх нь адуу юм байх гэж бодсон тэлээр мэдүүлсэн гэрч Н.Золбоогийн мэдүүлэг /хх-48-49х/, эдгээр мэдүүлгийн нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч З.Осоржамаагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10, 13/, фото зургийн үзүүлэлт /хх-11-12/,  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-21/  зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.  

 Иймд шүүгдэгч З.Осоржамааг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч З.Осоржамаа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
 
Мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн шүүгдэгч З.Осоржамаагийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 
 
 Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                          
      
ТОГТООХ нь:
    
1.    Шүүгдэгч Өөлд овогт Зундуйн Осоржамааг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч З.Осоржамаад эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар    шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч З.Осоржамаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид   эдлүүлсүгэй. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч  З.Осоржамаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 
     5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 19-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг   хүчингүй болгосугай. 
6. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч З.Осоржамаагийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 350000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулсугай. 
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Осоржамаад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
9. Шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай. 

 


                                 


                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ