Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 262

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00262

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02368 дугаар шийдвэртэй, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Н” ХХК, А.А нарт холбогдох, түрээсийн гэрээний төлбөрт 22 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

Хариуцагч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К” ХХК нь “Н” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1 тоот түрээсийн гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 3 хороо Чингисийн өргөн чөлөө 45А байрны 1 давхарт байрлах 186,7 м.кв талбайтай ажлын байрыг зоогийн газрын үйл ажиллагаа явуулахаар 1 сарын 1 500 000 төгрөгийн үнэтэй түрээслүүлсэн. Түрээсийн гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээнд хог, гадна доторх цэвэрлэгээ, ашиглалтын зардал багтаагүй, сар бүр ашиглалтын зардлаа түрээслэгч төлөх үүрэгтэй байсан. “К” ХХК нь “Н” ХХК-тай гэрээг байгуулсан боловч тус компани үйл ажиллагаа явуулаагүй. Гэрээг хийхэд “Н” ХХК-ийн зоогийн газрыг биечлэн ажиллуулдаг эзэн А.А түрээсийн төлбөр тооцоог биечлэн хийж, тооцоо нийлсэн актыг байнга өөрөө хийж байсан. “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Мөнх-Эрдэнэ нь зоогийн газрын захирал А.Агийн төрсөн хүү нь юм.

2016 оны 7 дугаар сараас эхлэн тус компани түрээсийн төлбөрөө төлж чадахгүй хойшлуулж, 2016 оны эцэс гэхэд 9 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Үүнээс хойш 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 7 200 000 төгрөгийн түрээсийн өр төлбөр нэмэгдэж нийт 16 200 000 төгрөг болсон. 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөр 500 000 төгрөг төлж нийт 14 200 000 төгрөгийн өр төлбөртэй болсон. Тухайн үед түрээслэгч А.А төлбөр төлөхийг удаа дараа хойшлуулж, бид  түрээсийн төлбөрийг төлөхийг шаардаж, хэрвээ ажиллуулахгүй бол гэрээ цуцлахыг сануулж байсан ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдөр 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож гэрээг цуцалж, байраа хүлээлгэж өгөх гэсэн хүсэлт гаргасан. Саналыг хүлээн авч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон байраа хүлээж авсан.

А.А 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр албан бичиг өгч 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор түрээсийн үлдэгдлийг бүрэн төлж дуусгана гэсэн боловч төлбөрөө төлж дуусгаагүй. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөх талаар уулзсан. Компанитай гэрээ байгуулсан, захирал хүүгээ дууд гэхэд би ажиллуулж байгаа, төлбөрийг би төлж байсан учир өмнөөс нь төлбөр барагдуулах гэрээг хийнэ, төлбөрийг ч би төлнө гээд гэрээ байгуулж хавсралт үйлдэж, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн. Тооцоо нийлсэн акт дээр хүлээн зөвшөөрч манай компанийг төлөөлж нягтлан бодогч н.Эрдэнэбаясах, менежер Баасанжав, захирал н.Өнөр нар гарын үсэг зурсан байдаг. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлбөрөө хэрхэн төлөх вэ гэхэд миний хэлсэн ажил биелэгдэхгүй болчихлоо, төлнө гэсээр өдий хүрсэн тул шүүхэд хандаж, албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

“Номун хүрдийн Эрин” ХХК, А.А нараас хамтран 22 300 000 төгрөг буюу 14 200 00 төгрөгийн түрээсийн төлбөр, 8 100 000 төгрөгийн алданги гаргуулна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх ажиллуулсан хугацаа болох 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 293 хоногийн түрээсийг алдангийн хамт тооцож 13 543 500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Гэрээ цуцлах тал дээр нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 24-ний гэрээг цуцлая гэсэн. Нэгэнт захирал нь өөрөө гэрээгээ цуцлах талаар хэлсэн тул цайны газрыг ажиллуулахаа больсон үеэс гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бичгээр үйлдэж өгсөн баримт байгаа. 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нарийн бичиг нь дуудаад тооцоо нийлэх акт гэж 22 300 000 төгрөгийн мэдэгдэл өгснийг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан. Хамгийн сүүлд төлбөр төлөх гэрээ байгуулахад надад өгсөн гэрээн дээр би гарын үсэг зурсан, бусад хүмүүс гарын үсэг зураагүй. 22 300 000 төгрөгийг өгөх боломжгүй, алданги төлөхгүй гэдгээ хэлсэн. Тэр үед захирал нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх юм бол болно гэж амаар хэлж байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Номун хүрдийн эрин” ХХК, А.А нараас 21 300 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Номун хүрдийн эрин” ХХК, А.А нараас 264 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 21 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн байрыг ашигласан хугацааны төлбөр болон алданги болох нийт 13 516 500 төгрөгийг төлнө. 2016 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл сар бүрийн 1 500 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сар 1 500 000 төгрөг, 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны 800 000 төгрөг, нийт 11 300 000 төгрөг. Үүнээс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөгөөр 2 удаа нийт 1 000 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөг төлсөн. Мөн 2016 оны 7 дугаар сарын түрээсийн алданги болох 223 хоногийн 1 003 500 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын алданги 193 хоног 868 500 төгрөг, 9 дүгээр сарын алданги 163 хоног 733 500 төгрөг, 10 дугаар сарын алданги 133 хоног 598 500 төгрөг, 11 дүгээр сарын алданги 103 хоног 463 500 төгрөг, 12 дугаар сарын алданги 73 хоног 328 500 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын алданги 43 хоног 193 500 төгрөг, 02 дугаар сарын алданги 6 хоног 27 000 төгрөг, нийт алданги 4 216 500 төгрөг, түрээс 9 300 000 төгрөг, нийт 13 516 500 төгрөгийг төлж барагдуулна.

2017 оны 2 дугаар сарын 16-нд менежер н.Баасанжав “н.Баяраа захирал танайхыг хааж, үйл ажиллагааг зогсооно, нэмж өрөнд оруулаад яахав гэсэн. Манай эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг барьцаалан тоолж хүлээн авсан. 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр өөрийн тоног төхөөрөмж болох буйдан 16 ширхэг, ширээ 8 ширхэгийг зарж менежер н.Баасанжав болон харуулд нь 1 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Энэ нөхцөл байдал болон гэрээний 3, 1, 2-т заасныг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр гэрээг цуцлах хүсэлт гаргасан гэж байгааг зөвшөөрөхгүй. Мөн шинэ захирал н.Тогтохбаяр уулзаад хэдийд тооцоо хийх вэ гэж ярилцан, бичгээр баримт үйлдээд өг гээд цаас өгч хэлж бичүүлж, үүнийгээ баримт болгон ашиглаж байгаа нь ёс зүйд нийцэхгүй.

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлэх актыг нягтлангийнхаа тооцооллоор гаргасан. Надтай хамтарч тооцоо нийлээгүй. Энэ тооцоолол маш их алдаатай, гарын үсэггүй. Иймээс би нарийн бичигт нь миний хувьд би мэдэгдлийг чинь хүлээн авсан гэж гарын үсэг зурна, танай тооцоог нягтлан үзээгүй тул үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй шалгаж үзнэ гэж бичиж өгсөн. Санхүүгийн түвшинд шүүхээс үнэлэх нотлох баримт биш. Учир нь нэхэмжилж байгаа 22 300 000 төгрөгийн авлагатай гэх нэхэмжлэхэд гарын үсэг зураагүй, манайд үлдэх хувь дээр уг компанийн хэн ч гарын үсэг зураагүй, 2 хувь дээр гарын үсэг адилхан байснаар баталгаажих ёстой.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт шаардлага хангаагүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус талаар зохицуулснаас үзвэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэл муутай. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад нэхэмжилсэн сүүлийн 2, 3, 4, 5 дугаар сарын түрээсийг өгөхгүй. Эдгээр саруудын төлбөр 7 783 500 төгрөг нь төлөгдөх ёсгүй төлбөр гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүйг залруулан өөрчлөх боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “Номун хүрдийн эрин” ХХК, А.А нарт холбогдуулж түрээсийн гэрээний үүрэг 14 200 000 төгрөг, алданги 8 100 000 төгрөг, нийт 22 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, “К” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 45а байрны 1 давхарт 186.7 м.кв талбайг зоогийн газрын зориулалтаар сарын 1 500 000 төгрөгөөр тооцож 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай “Номун хүрдийн эрин” ХХК-д түрээслэх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.3 хувийн алданги тооцох нөхцөлөөр харилцан тохиролцсон байна. /хх7-8/

 

Шүүх, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хуулийн дээрх заалт болон талуудын байгуулсан гэрээ ёсоор түрээслэгч нь түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ гүйцэтгээгүй нь түрээслүүлэгч гэрээг цуцлах болон нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийн үндэслэл болох юм.

 

Мөн нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний дагуу алданги шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч түүний хамрах хугацаа, тооцооллыг буруу хийжээ. Тухайлбал, хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн үндсэн үүргийн 50 хувиар тооцож, 7 100 000 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

 

Хариуцагч “Номун хүрдийн эрин” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр түрээсийн гэрээг дуусгавар болгож, санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас үлдэгдэл төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгч талд гаргаж байжээ. Түүнчлэн, хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид хүсэлт гаргаснаар талууд Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 22 300 000 төгрөгийн төлбөрийг “Номун хүрдийн эрин” ХХК 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдсон. /хх40, 39, 9/ Иймд гэрээ дуусгавар болгох хүсэлт гаргасан үеэс түрээсийн гэрээг цуцлагдсан гэж үзнэ.

 

Зохигчдын тайлбар, дээрх гэрээний хавсралтаас үзвэл хариуцагч тал түрээсийн төлбөрт 2016 онд 9 000 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 7 200 000 төгрөг, нийт 16 200 000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 2 000 000 төгрөгийг төлсөн тул 14 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй болж, алдангийг үндсэн үүргээс тооцож буюу 2016 онд 4 500 000 төгрөг, 2017 онд гэрээ цуцлах хүртэл хугацаанд 1 878 400 төгрөг, нийт 6 368 000 төгрөг төлөх нь тогтоогдож байна. /хх10/

 

Хэргийн үйл баримтыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн алдангийн хэмжээг 6 368 000 төгрөгийн 50 хувиар тооцож 3 184 000 төгрөг гаргуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 14 200 000 төгрөг, алданги 3 184 000 төгрөг, нийт 17 384 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Номун хүрдийн эрин” ХХК, А.А нараас түрээсийн гэрээний 17 384 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 916 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “264 450” гэснийг “244 870” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА