Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/735

 

               2022         10             04                                   2022/ШЦТ/735

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан     

улсын яллагч Б.Ууганбаяр,   

шүүгдэгч Б______

шүүгдэгч __________ тэдний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___________ нарт холбогдох эрүүгийн 2205021782027 тоот дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын  иргэн, ________оны 06 дугаар сарын 23-ны өдөр _________ аймгийн Т_______ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг гэх, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ___________ оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, _____________

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________ оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ________ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, __________/ тоот оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ______________

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч  _________ нар нь бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч _________ маргалдах явцдаа хохирогч __________ биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч  ________ мэдүүлэхдээ: “...хохирогч 2022 оны 06 дугаар сарын 19-ний орой өөрийн эзэмшлийн prius маркийн _________ улсын дугаартай автомашинаар таксинд явж байхад хорооллын замын урд талаас 3 залуу гараа өргөсөн. Тэгээд замдаа явж байхад хорооллын Бичлийн тэр хавьд явж байхад __________ гээд залуу машинд шүлсээ хаясан. ...дахиад шүлсээ хаясан.... Тэгэхээр нь би машинаа зам дээр 1-р эгнээ рүү шахаж зогсоод чи яагаад шүлсээ хаяад байгаа юм та нар өөр машинд суу гэсэн. Тэгтэл _______ гэх залуу машинаас буугаад ирсэн тэгэхээр нь би бас машинаасаа буутал __________намайг шууд цамцнаас заамдаж аваад үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газар баруун талын нүд рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би заамдсан гарыг нь тавиулж чадахгүй байж байтал хажуугаас _______ гэх залуу хажуунаас ирээд намайг тэр залуугаас салгасан. Тэгэхээр нь би тэр залуугаас зугтаагаад жаахан холдоод хажууд явж байсан хүнээс цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд байж байхад ________ гээд залуу миний араас хөөгөөд би тэр хавиар тойроод зугтаасан. Тэгээд байж байтал _________ гэх залуу за уучлаарай ах гээд хажууд ирэхээр нь за гайгүй болж байгаа юм байна гэж бодоод зугтаахаа болиод зогстол __________ гэх залуу миний хамар руу 1 удаа хүчтэй мөргөсөн. Тэгээд толгой эргээд би газарт унасан. ...Хамрын хугарлыг ________ гэх эрэгтэй учруулсан. Нүд болон духны гэмтлийг _______й гэх эрэгтэй учруулсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 10-13 дугаар хуудаст /,

 

мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн: "...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 00 цаг өнгөрч байхад хорооллын тэнд байдаг нэг бааранд орсон ...архи аваад _________ бид 3 хувааж уусан. Тэгээд 4 өнгөрч байхад баарнаас гараад зам дагуу алхаж явж байгаад таксинд суусан. Тэгээд замдаа явж байгаад __________машинд нь шүлсээ хаясан. Тэгээд жолооч нь болиоч гэхэд ________ за уучлаарай гэсэн. Тэгээд цааш явж байгаад жолооч бид гурваас нутаг хаана вэ гэж асуусан. Тэгэхэд бид нар ________ гэхэд жолооч алуурчны нутаг юм байна шүү дээ гэсэн. Тэгэхэд _________ уурлаад маргалдаад зогс гэсэн. Тэгээд жолооч ________ нар машинаасаа буугаад маргалдаад зодолдоод __________ жолоочийн нүүр тус газар нь цохисон ________ нэг удаа мөргөж байх шиг харагдсан. Тэгэхэд би буугаад салгасан. Тэгээд жолооч зугтаагаад байрны тийшээ гүйсэн яг ямар байр руу гүйснийг нь мэдэхгүй байна. Араас нь ________ хөөгөөд гүйсэн. Тэгээд нээх удаагүй 5 орчим минутын дараа ___________цагдаа бариад хүрээд ирсэн. Тэгээд цагдаа __________ хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8900 тоот дүгнэлтээр: “...__________ биед хамар ясны хугарал, духанд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээч эмч Б.Даваасүрэнгийн дүгнэлт /хавтас хэргийн 33- 34 дүгээр хуудас/

 

Яллагдагч _________ мөрдөн байцаалтад: “... __________ барьж аваад ноцолдоод байж байхад цагдаа ирээд намайг аваад ___________ 2 дээр очоод бид  нарыг аваад  явсан....” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 52 дугаар хуудас/,

Яллагдагч _________ мөрдөн байцаалтад: “... тухайн гэмтлийн ______ай бид 2 _________ биед учруулсан....” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 59 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 64 дүгээр хуудас /,

-үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 70, 80 дугаар хуудас/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтаст хэргийн 68, 78 дугаар хуудас/,

-төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67, 83 дугаар хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 66,77 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч __________ нар нь бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ________ маргалдах явцдаа хохирогч _________ биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч _________ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах ...” санал,

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________: “...гэм буруугаа ойлгож, гэмшиж байна...” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________: “...гэм буруугаа ойлгож, гэмшиж байна...” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/  саналыг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч __________ нар нь хохирогч ________ маргалдаж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогч ___________ эрүүл мэндийн халдашгүй байдалд цохиж, мөргөх үйлдэл хийж халдсан гэмт хэргийн обьектив талын шинжийг хангаж байх бөгөөд энэхүү үйлдэлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу _____________ нар нь бүлэглэн үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ________ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ____________ нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

  

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч __________ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

            Хохирогч _________ шүүгдэгч нар нь 520,000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч 2,000,000 төгрөгийн хохирол шаардсан боловч баримтаа ирүүлээгүй байна. Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн тухайд торгох, эрх хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлтэй. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 төгрөгөөр торгох, мөн хуульд зааснаар шүүгдэгч _________ 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 төгрөгөөр торгох, уг торгуулийн ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч мөрдөн байцаалтын шатанд 2 сая төгрөг нэхэмжилсэн боловч 250,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч нар нь хохирол төлбөр төлсөн тул хохирогчид төлөх төлбөргүй. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх... ” санал,

 

            шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч нар гэм буруу дээрээ маргадаггүй. Хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч уг ялын саналыг гаргаж байна гэж ойлгож байгаа. Уг ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж, 270,000 төгрөгийн баримт гаргаж өгөөгүй гэсэн ч шүүгдэгч нар хийсэн хэрэгтээ гэмшиж төлөх нь зүйтэй гэж үзэж төлсөн. Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд бага насны хүүхдүүдтэй. Хавтаст хэрэгт авагдсан гэрч ___________ нарын мэдүүлгүүдээс хувийн байдлын талаар харж болно. Шүүгдэгч нар нь дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн. Ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь хаан банкны дансны хуулга зэргээр батлагдаж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэж өгнө үү. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул уг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна гэв.

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч ___________ нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч _________ 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох, шүүгдэгч ___________ 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох  ял шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ________ нарт оногдуулсан 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох  ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.  

 

Хэрэгт шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ______________  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч _________ 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял, __________ 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ____________  оногдуулсан  950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ________ нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч _________ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ___________ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ