Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1173

 

 

 

 

 

 

 

  2022              9              23                                      2022/ШЦТ/1173

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч А.А........нэ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01330 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Найман цагаан овогт А........лийн А........нэ, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд .................................., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..............................

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.А........нэ нь 2022 оны 7 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын сагсан бөмбөгийн талбай дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.М................ржийг урьд өмнө болсон асуудлын талаар ярьж түүн рүү дайрч маргалдах үед Э.М................ржийг хөлөөрөө хавирч унагаан нүүрэн тус газарт нь толгойгоороо нэг удаа мөргөж, эрүүл мэндэд нь “хамар яс, таславчийн хугарал, муруйлт, дух, зүүн хацар, тохой, шилбэнд зулгаралт 2 нүдний доод зовхи, хамар хамарсан, баруун даланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч А.А........нэ нь 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 105 дугаар байрны хажууд байрлах сагсан бөмбөгийн талбайн орчим найз Б.А................ай, С.Г................г, Г.М................р, А................аа, Э.М................рж нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Энэ үед Э.М................рж нь А.А........нэтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн 2019 онд болсон зам тээврийн ослын үеэр өөрийн үеэлийг орхиж явсан талаар ярилцан маргаан үүсгэхэд шүүгдэгч нь түүнийг заамдан авч хавирч унаган, толгойгоороо мөргөсний улмаас хохирогчийн биед хамар яс, таславчийн хугарал, муруйлт, дух, зүүн хацар, тохой, шилбэнд зулгаралт, 2 нүдний доод зовхи, хамар хамарсан, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Гэрч Г.М................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М................рж чи ер нь намайг яах гэж дуудсан юм гээд миний нүүр эрүү рүү мөргөсөн би уурлаад М................ржийн нүүр рүү гараараа 2-3 удаа алгадсан... Тэгээд бид хоёр салаад М................ржтой эвлэрээд тамхи татаад байж байтал М................рж бүр өнгөрсөн юм буюу 2019 онд М................ржийн үеэл нь А.А........нэтэй хамт машинтай явж байгаад хүн мөргөөд асуудал үүссэн юм энэ талаар яриад А.А........нэ рүү уурлаад чи манай үеэлийг хаяад явсан биз дээ гээд А.А........нэ М................рж хоёр маргалдаад эхэлсэн ба А.А........нэ М................рж дээр очоод энгэрээс нь заамдаж аваад М................ржийг хажуу тийш нь хөлөөрөө хавиараад унагачихаар нь бид нар салгаад байж байтал М................рж дахиад А.А........нэ рүү дайраад байхаар нь А.А........нэ М................ржийн өмнө нь зогсож байгаад ...нүүр рүү толгойгоороо 1 удаа хүчтэй мөргөсөн чинь М................рж хойшоогоо саваад бөгсөөрөө эхэлж суугаад толгойгоороо хойшоо унасан. Тэгсэн чинь М................ржийн ам хамраас цус гараад хамар нь хавдчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

- Гэрч С.Г................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М................рж А.А........нэтэй маргалдаад байсан ба юунаас болж маргалдаад байгааг нь ойлгоогүй тэгсэн чинь тэр хоёр өөд өөдөөсөө хараад зогсож байтал А.А........нэ тэр М................ржийн нүүр рүү нь толгойгоороо 1 удаа мөргөсөн чинь хойшоогоо уначихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

- Хохирогч Э.М................ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед найзтайгаа хамт ажил тараад ганц пиво уучхаад найз М................р руу гар утсаар ярихад М................р Содон хороололд байна гэхээр нь би 2022 оны 7 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөд яваад очсон. Намайг очиход М................р, А.А........нэ, А................ай, Г................г нар Содон хорооллын шийдэн дээр тоглож байсан ба бид нар сагсны талбайны хажууд байдаг саравчинд суугаад 2.4 литрийн том пиво 2 ширхгийг хувааж уугаад байж байтал би М................ртай маргалдсан ба... М................р миний толгой руу гараараа одоо боль андаа гээд 2-3 удаа зөөлөн цохисон. Тэгээд би М................ртай салаад байж байтал би дахиад архи ууя гээд би А.А........нэ рүү томорсон юм шиг байна лээ тэгсэн чинь А.А........нэ миний нүүр хэсэг болон хамар руу толгойгоороо 1 удаа хүчтэй мөргөсөн чинь би хойшоогоо газар унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10455 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт...Духны баруун хэсэгт 3х2см, 2х1.5см, зүүн хацарт 3х0.5см, зүүн тохойд 4х1см, шилбэнд 5х0.5см, 3х0.5см, 0.5х0.5см хүрэн өнгийн зулгаралттай. 2 нүдний доод зовхи, хамар хамарсан хөхөлбөр, баруун даланд 4х0.2см улаан өнгийн цус хуралттай.

2022.07.26-ны өдрийн Лазер мед эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээний хариунд: Хамар яс бяцарсан хугаралтай, хамрын таславч 1/3 хэсгээрээ зөрүүгүй хугаралтай, бага зэрэг зүүн тийш муруйлттай...гэжээ...ДҮГНЭЛТ

1. Э.М................ржийн биед хамар яс, таславчийн хугарал, муруйлт, дух, зүүн хацар, тохой, шилбэнд зулгаралт, 2 нүдний доод зовхи, хамар хамарсан, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Шүүгдэгч А.А................нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М................рж хуучны буюу 2019 онд би М................ржийн үеэлтэй нь хамт машинд явж байгаад осол хийсэн юм. Тэгсэн чинь М................рж намайг зугтаасан гээд байхаар нь би М................ржтой тухайн үед маргалдаад би М................ржийг хөлөөрөө хавирч унагаад босгоод ирсэн чинь М................рж чи намайг зодчих гээд над руу дайраад байхаар нь ...би М................ржийн нүүр хэсэг, хамар хэсэг рүү нь толгойгоороо 1 удаа мөргөсөн чинь М................рж хойшоо 2 алхаад бөгсөөрөө суугаад хойшоо газар унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А........нэ нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10455 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.А........нэ нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “урьдын харилцааны явцад бий болсон таарамжгүй явдлаас маргалдаж” хохирогч Э.М................ржийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч А.А........нэ нь хохирогч Э.М................ржийн биед халдаж хамар яс, таславчийн хугарал, муруйлт, дух, зүүн хацар, тохой, шилбэнд зулгаралт, 2 нүдний доод зовхи, хамар хамарсан, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.А........нэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.М................рж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр хүсэлт гаргаж ирүүлсэн байх тул шүүгдэгч А.А................нийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч А.А................нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч А.А........нэ нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.А........нэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 30, 31 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дахь тал), “Жаргалант дулаан” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч А.А........нэ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.А........нэд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 01330 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Найман цагаан овогт А........лийн А................нийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А................нийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А........нэд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А........нэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ