| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/02413/И |
| Дугаар | 001/ХТ2021/00812 |
| Огноо | 2021-06-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2021/00812
Д.Агиймаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/02321 дүгээр шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 477 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Д.Агиймаа
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Бие даасан шаардалага гаргаагүй гуравдагч этгээд Капитрон банк ХХК
Битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор,
Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Агиймаа нь 2007.01.08-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байрны 109 тоот хаягт байрлалттай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, Ү-2205001883 бүртгэлийн дугаартай, 000004634 дугаартай гэрчилгээг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас олгосон байдаг. Д.Агиймаа нь өнөөдрийг хүртэлх хугацаанд тус орон сууцанд бага насны гурван охины хамтаар амьдарч байгаа болно. Д.Агиймаа нь 2015.02.11-ний өдөр Б.Амарзаяад хууран мэхлэгдэж, түүнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн нэр дурдагдсан орон сууцыг түүний өмчлөл рүү шилжүүлэн өгсөн байдаг юм. Худалдан авагч Б.Амарзаяа тус орон сууцыг өөрийн өмчлөлд хүлээн авсны дараа Капитрон банк ХХК-тай 2015.02.15 өдөр 3004-2015/29 тоот дугаартай, орон сууцны зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр 77,000,0000 төгрөгийн зээлийг авчээ. Капитрон банк" ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.Амарзаяад холбогдуулан ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлдэгч Б.Амарзаяатай байгуулсан 2015.02.12-ны өдрийн №3004-2015/29 тоот орон сууцны зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж,... байна. Иймд зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүд нийт 84,582,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.05.12 өдрийн 101/ШШ2016/04040 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Д.Агиймаа нь мөн 2018 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.Амарзаяа, Капитрон банк ХХК нарт холбогдуулан 2015.02.11-ний өдөр Д.Агиймаа, Б.Амарзаяа хоёрын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг Д.Агиймаагийн өмчлөлд шилжүүлэхийг Б.Амарзаяад даалгах, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Б.Амарзаяа, А.Батцэрэн, Капитрон банк ХХК нарын хооронд байгуулагдсан 3004-2015/29 дугаар барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, улмаар уг гэрээгээр барьцаалагдсан орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах, Б.Амарзаяагийн нэр дээр бүртгэгдсэн тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.07-ны өдрийн 101/ШШ2017/00510 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Агиймаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018.04.06-ны өдрийн 871 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.07-ны өдрийн 101/ШШ2017/00510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2018.10.02-ны өдрийн 001/ХТ2018/01302 дугаартай, хуралдааны тогтоолоор, нэхэмжлэгч Д.Агиймаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Улсын Дээд шүүхээс Д.Агиймаа болон Б.Амарзаяа хоёрын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, мөн хуулийн 56.5-д зааснаар орон сууцны өмчлөх эрхийг Д.Агиймаагийн нэр дээр буцаан шилжүүлэх боломжтой хэмээн үзэж, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4-р хороолол, 57 дугаар байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Агиймаад шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч, 187 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Ариунболор нь 2019.05.16-ны өдөр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04040 дугаартай шүүгчийн захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Д.Агиймаагийн амьдарч байгаа Баянгол дүүргийн 19 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байрны 109 тоот хаягт байрлалттай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 02/19260292 дугаартай, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэн авсан юм. Улсын дээд шүүхийн тогтоолоор Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байрны 109 тоот хаягт байрлалттай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Агиймаад буцаан олгох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул төлбөр авагч Капитрон банк ХХК нь төлбөр төлөгч Б.Амарзаяад холбогдох 84,852,222 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Д.Агиймаагийн өмчлөлийн дээрх орон сууцыг битүүмжилсэн нь хуульд нийцээгүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авсан 2019.05.16-ны өдрийн 02/19260292 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлж өгнө үү. Иймд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.10.02-ны өдрийн 001/ХТ2018/01302 дугаартай тогтоолоор уг битүүмжлэгдсэн орон сууцны өмчлөгч эрх Д.Агиймаад шилжиж ирсэн тул Д.Агиймаагийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.12-ны өдрийн 101/ШШ2016/04040 дүгээр шийдвэрээр Б.Амарзаяагаас 84,852,222 төгрөг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018.12.31-ний өдөр үүсгэн төлбөр төлөгч Б.Амарзаяад төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул түүний төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол. 57 дугаар байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжлэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Ган-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Амарзаяа нь өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан Капитрон банк ХХК-иас зээл авахаар хүсэлт гаргасны дагуу 2015.02.12-ны өдөр 30042015/29 тоот зээлийн гэрээ байгуулж, 77,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Амарзаяагийн дансанд шилжүүлсэн. Зээл олгосон үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, өнөөдрийн маргаан бүхий улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 109 тоот, 48 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Капитрон банк ХХК тухайн үед хуульд заасны дагуу гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч тухайн үед Б.Амарзаяа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016.05.12-ны өдрийн 04040 дугаар шийдвэрээр Б.Амарзаяагаас нийт 84,852,222 төгрөг гаргуулж, Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр гарсны дагуу нэхэмжлэгч Д.Агиймаа барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг маргааныг Улсын дээд шүүхийн 01302 тогтоолоор өмчлөлийг Д.Агиймаагийн нэр дээр буцаан шилжүүлэх, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд 2018.12.31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар барьцаалуулсан маргаан бүхий орон сууцыг битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэх газрын орон сууц битүүмжилсэн ажиллагаанд Д.Агиймаа гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар удирдах албан тушаалтанд гомдол гаргасны дараа шүүхэд гомдол гаргах ёстой байдаг. Мөн гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 101/ШШ2019/02321 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 57 дугаар байрны 109 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаартай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Агиймаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.02-ны өдрийн 477 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 101/ШШ2019/02321 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Агиймаагаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн шүүх хуралд оролцох эрхийг хангалгүй, ноцтойгоор зөрчиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Д.Агиймаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасанд, хариуцагч эс зөвшөөрч орон сууц битүүмжлэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Баянзүрх, Сүхбаатар. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.12-ны өдрийн шүүгчийн 101/ШШ2016/04040 дүгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамжаар Б.Амарзаяа нь Капитрон банк ХХК-д 84,852,222 төгрөг төгрөгийг төлөх үүрэгтэй байна. /хх-32-34/
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч Д.Агиймаагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг барьцаалсан, төлбөр төлөгч дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн хөрөнгийг баталгаажуулан улмаар барьцааны орон сууцыг битүүмжлэн, хураасан нь төлбөр барагдуулах хуульд заасан дараалал, журмыг зөрчөөгүй байна. /хх-67-71/
Д.Агиймаа нь 2015.02.12-ны өдөр Б.Амарзаяагийн Капитрон банк ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, улмаар уг гэрээгээр барьцаалагдсан орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.07-ны өдрийн 101/ШШ2017/00510 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Агиймаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогджээ.(хх-15-21)
Нэхэмжлэгч Д.Агиймаа 2015 онд Б.Амарзаяад хууран мэхлэгдсэний улмаас худалдах-худалдан авах гэрээ байгуулан улмаар орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлсэн, шүүхээр гэрээг хүчин төгөлдөр бус тооцсон шийдвэр гарч өмчлөх эрхээ олж авсан гэж тайлбарлан зээлийн гэрээний барьцааны хөрөнгө болох дээрх орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.7, 49 дүгээр зүйлийн 49.4.1 заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлажээ.
Түүнчлэн зээлийн гэрээний үүрэгт хөрөнгийг барьцаалах цаг хугацаанд дээрх хөрөнгө, зээлдэгч Б.Амарзаяагийн өмчлөлд бүртгэлтэй байсан, хожим маргаан гарснаар өмчлөх эрх нь Д.Агиймаад шилжсэн үйл баримт тогтоогдсон боловч энэ нь барьцааны зүйлийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож дүгнэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 156.6-д заасныг зөрчөөгүй, төлбөр авагч Капитрон банк ХХК-ийн хувьд барьцааны зүйлээс шаардлагыг хангуулах эрх үүссэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд заажээ. Энэ үндэслэлийг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд мөн заасан боловч уг гомдолд тус шатны шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасныг зөрчөөгүй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхийг хүссэн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/02321 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 477 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ
Г.ЦАГААНЦООЖ