| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2019/0196/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 12.1.4., 21.11.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 65
Б.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2019/0196/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Жавхлантуяа
Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат
Шүүгдэгч Б.Э-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр
Нарийн бичгийн дарга Б.Мандуул нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолтой, Б-н Э-т холбогдох, 1825006720476 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай, О- овогт Б-н Э-.
Шүүгдэгч Б.Э- нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 3 дугаар сард, 2017 оны 5 дугаар сард, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймагт амьдарч байсан өөрийн гэртээ болон эцэг, эхийнхээ гэрт буюу Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин багийн *-**-** тоотод бага насны хүүхэд болох 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, дагавар охин О.Э-г 12 нас 6 сар 16 хоногтойгоос 13 нас 10 сар 14 хоногтой байх үед нь удаа дараагийн үйлдлээр уруул, хүзүүн дээр нь үнсэх, ам руу нь бэлэг эрхтнээ хийх, хөхийг нь базах, бэлэг эрхтнийг нь долоох, гараараа оролдох, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн., 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдөр өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ сунгасан шүүх хуралдаанд оролцоод цагдан хорих байр луу хуяглан хүргэх явцад оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч О- овогт Б-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4.т заасан бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1.т заасан цагдан хоригдсон яллагдагч оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4.т зааснаар 15 /арван тав/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1.т зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.т зааснаар Б.Э-т оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 16 /арван зургаа/ жил хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Б.Э-т оногдуулсан 16 /арван зургаа/ жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 195 /нэг зуун ерэн тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 52.050 /тавин хоёр мянга тавь/ төгрөг гаргаж Орхон аймаг дахь Цагдаагийн газарт олгох,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 506 дугаар зүйлийн 506.1.д зааснаар шүүгдэгчээс 1.601.100 /нэг сая зургаан зуун нэг мянга нэг зуу/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эрх зүйн ажилтан Б.Б-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдолдоо:
...Миний бие дагавар охин О.Э-г хүчиндсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирлын мөнгийг төлнө. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Э- тайлбартаа:
Би маш их гэмшиж байна., ялаас хасаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Д.Энхбаяр тайлбартаа:
Шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа., хохирлын мөнгийг төлж барагдуулна., иймд түүний давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна., оногдуулсан ялаас хасаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат тайлбартаа:
Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:
Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг тогтоогдсон., үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүхээс ононгдуулсан ял түүний гэм бурууд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Э-ыг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 3 дугаар сард, 2017 оны 5 дугаар сард, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймагт амьдарч байсан гэртээ болон эцэг, эхийнхээ гэрт буюу Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин багийн 3-22-63 тоотод бага насны хүүхэд болох 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, дагавар охин О.Э-г 12 нас 6 сар 16 хоногтойгоос 13 нас 10 сар 14 хоногтой байхад нь удаа дараагийн үйлдлээр уруул, хүзүүн дээр нь үнсэх, ам руу нь бэлэг эрхтнээ хийх, хөхийг нь базах, бэлэг эрхтнийг нь долоох, гараараа оролдох зэргээр бэлгийн харьцаанд орж бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн., мөн 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ сунгасан шүүх хуралдаанд оролцоод цагдан хорих байр луу хуяглан хүргэх явцад оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4., 21.11 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Э-ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4.т зааснаар 15 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1.т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.т заасныг баримтлан Б.Э-т оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 16 жил хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э-ын бага насны хүүхдийг хүчиндсэн үйлдэл нь тухайн үед болсон үйл баримт болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоол гарах үндэслэл болсон нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон насанд хүрээгүй хохирогч О.Э-, гэрч Р.О-, Н.Б-, Б.Э- нарын мэдүүлэг, мөн шинжээч эмч Ж.Г-гийн мэдүүлэг/ х.хийн 55-р хуудас/ Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 692 дугаар дүгнэлт /х.хийн 23-р хуудас/., охидын эмчийн үзлэг болон зөвлөгөөн хийсэн тухай баримт, /х.хийн 33 хуудас /, О.Э-гийн нас тоолсон тухай тэмдэглэл., мөн түүнийг оргон зайлсан талаарх гэрч Л.Г-, Э.Б-, М.Г-, Б.Б-, Д.Б- нарын мэдүүлэг, Цагдан хорих байрны 2019-02-21-ний өдрийн бүртгэл, шүүгдэгчийг шүүх хуралдаанд дуудсан мэдэгдэх хуудас /х.хийн 17-р хуудас/, шүүгдэгчийг эрэн сурвалжлах явцад 00-76 ОРХ улсын дугаартай машинд хэрэглэсэн шатахууны тооцоо /х.хийн 13-р хуудас/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Э-ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, насанд хүрээгүй хүүхдэд учирсан хохирол, хор уршгийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрч, насанд хүрээгүй хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлуудыг шалгаж тогтоожээ.
Иймд шүүгдэгч Б.Э-ын гаргасан ...миний бие дагавар охин О.Э-г хүчиндсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна., хохирлын мөнгийг төлнө.., надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, харин Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эрх зүйн ажилтан Б.Б- нь шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон бөгөөд анхан шатны шүүх хохирогчийн эмчилгээний болон сэтгэл заслын зардал 1.601.100 төгрөгийг шууд Б.Б-т олгохоор шийдвэрлэснийг “ “...Б.Б-ээр дамжуулан хохирогч О.Э-д олгох...” гэж шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг:
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 506 дугаар зүйлийн 506.1.д зааснаар шүүгдэгчээс 1.601.100 /нэг сая зургаан зуун нэг мянга нэг зуу/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эрх зүйн ажилтан Б.Б-ээр дамжуулан насанд хүрээгүй хохирогч О.Э-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад шүүгдэгч нь эрэн сурвалжилсан ажиллагааны зардал 52.050 төгрөгийг Орхон аймгийн Цагдаагийн газарт төлж баримтаа ирүүлснийг дурдсугай.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР