Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0308

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Т.Ө-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

 

Нэхэмжлэгч: Т.Ө

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга

Гуравдагч этгээд: М.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Өлгий сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлөлт хийхийг ажил олгогчид даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2024/0014 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Гуравдагч этгээд М.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 110/2023/0046/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Ө-аас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “...Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Өлгий сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлөлт хийхийг ажил олгогчид даалгах-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2024/0014 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.12 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ө-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчийн маргаж байгаа акт нь Өлгийн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дугаартай тушаал байгаа. Тус тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4, 82.1 дэх заалтууд, байгууллагын дотоод журмын 5.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг Өлгийн сумын багийн нийгмийн ажилтны ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Өмнө Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 дугаартай тушаал, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Өлгийн сумын 8 багийн нийгмийн ажилтны ажилд /Төрийн үйлчилгээний алба/, ажиллуулж байсан. Ийнхүү маргаан бүхий Б/59 дугаартай тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон юм. Тодруулбал, тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 дэх заалт нь эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох агуулгатай заалт билээ. Иймд маргаан бүхий тушаалаар нийтийн эрх зүйн харилцааг бус хувийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх ... нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т “Захиргааны акт гэж ... нийтийн эрх зүйн хүрээнд ... гаргасан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тушаал нь нийтийн эрх зүйн хүрээнд хамаарахгүй тул Б/59 дугаартай тушаал нь захиргааны акт биш.

3.2. Бид энэ талаар анхан шатны шүүхэд маргасан боловч шүүх бодитоор дүгнэлт хийсэнгүй. Тодруулбал шүүхийн шийдвэрийн 8 дахь тал, 6 дугаартай хэсэгт “нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэ маргааныг ... хувийн эрх зүйн маргаан гэж маргасан байх ба өмнө нь уг асуудлыг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0001 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн тул шүүх уг асуудлаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ” гэсэн. Гэтэл шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0001 дугаартай захирамжид  ч тус маргаан нь нийтийн эрх зүйн маргаан болох талаар бодит дүгнэлт хийж чадаагүй. Тодруулбал шүүгчийн захирамжийн 2 дахь тал, 3 дугаартай хэсэгт “Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд заасан энэхүү нэхэмжлэлийн харьяаллыг тогтоолгохоор Улсын дээд шүүхэд хандах үндэслэл ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн. Энэ хэсэгт тухайн акт нь нийтийн эрх зүйн эсвэл хувийн эрх зүйн акт эсэх талаар огт  дүгнэлт өгөөгүй байна.

Дээрх шүүгчийн захирамжийн 4 дугаартай хэсэгт Баян-Өлгийн аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг иш татаж, тус захирамжаар маргаан бүхий актыг нийтийн эрх зүйн маргаан гэж дүгнэсэн” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тушаал нь нийтийн эрх зүйн асуудалд хамаарахыг иргэний хэргийн шүүх тогтоосон мэтээр дүгнэсэн. Гэвч энэ нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

3.3. Иргэний хэргийн шүүхээс маргаан бүхий тушаалыг нийтийн эрх зүйн харилцааны хүрээнд хамаарах тушаал гэж үзээгүй. Харин захирамжийн 6 дахь тал, 5.10 дугаартай хэсгийн төгсгөлд “мөн ... нэхэмжлэгчийн... эгүүлэн тогтоолгохыг хүссэн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалтай холбоотой, Төрийн албан тухай хуулиар зохицуулагдах нийтийн эрх зүйн маргаан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Захирамжийн 5.11 дугаартай хэсэгт “Тодруулбал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага агуулга нь төрийн үйлчилгээний албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалд томилогдох, төрийн захиргааны албан тушаалын сул орон тооны захиалга хүргүүлэх ... нэр дэвшүүлэх үйл баримт нь Төрийн албан тухай хуулиар зохицуулагдах нийтийн эрх зүйн  маргаан тул ...” гэж тайлбарласан. Мөн иргэний хэргийн шүүгч нь захирамжийн үндэслэлээ амаар тайлбарлахад “хэдийгээр тушаал хувийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон хэдий ч эгүүлэх томилогдох албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал байх тул  бид шийдэх үндэслэлгүй байна” гэж тайлбарласныг тод санаж байна.  Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 00062 дугаартай тогтоолоор дээрх Захирамжид гаргасан бидний гомдлыг шийдвэрлэсэн. Ингэхдээ тогтоолын 3 дахь тал, 5 дугаартай хэсэгт “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгох гэж байгаа ажлын байр буюу ... нийгмийн ажилтан нь төрийн захиргааны албан тушаалд хамаарах ба уг тушаалыг хүчингүй болгосноор үүсэх үр дагавар нь ажилд эгүүлэн тогтоолгох буюу захиргааны албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь болно” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, тушаал хувийн эрх зүйн харилцаанд хамаарахыг үгүйсгээгүй. Гагцхүү ажилд эгүүлэн томилох нөхцөлд төрийн захиргааны албан тушаалд томилогдох гээд байгааг шүүх үндэслэл болгосон. Иймд иргэний хэргийн шүүхээс маргаан бүхий тушаалыг нийтийн эрх зүйн харилцаанд хамруулан дүгнээгүй байгааг захиргааны хэргийн шүүх олж харсангүй. Иргэний хэргийн шүүх маргаан бүхий тушаалыг нийтийн эрх зүйн маргаан, асуудал гэж дүгнэсэн ч захиргааны хэргийн шүүх түүний дагуу шийдвэрлэх үндэслэлгүй. Тийм ч учир аль ч шүүх хүлээж аваагүй нэхэмжлэлийн хувьд Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц маргааны харьяаллыг тогтоож ирсэн билээ.

3.4. Захиргааны хэргийн шүүх нь энэхүү маргааныг нийтийн эрх зүйн хуулийг хэрэглэж шийдвэрлэж байна. Тэгснээр тушаалын үндэслэл хянагдахгүй байх, улмаар захиргааны байгууллагын өмнөөс захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргах буюу түүнийг орлох нөхцөл байдалд хүргэж байна. Тодруулбал, хариуцагч байгууллага нь “эрх бухий байгууллага шаардсан” гэх үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 дэх заалтын дагуу тушаал гаргасан. Бид тийм үндэслэл байгаагүй гэж маргаж байгаа. Гэтэл шүүх тушаалын үндэслэл болоогүй нийтийн эрх зүйн хуулийг хэрэглэх замаар л маргаан шийдэж байна. Үүний үр дүнд тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т заасан үндэслэл байсан эсэх асуудал огт дүгнэгдсэнгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоод байгаа. Нэхэмжлэгч нь үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т заасан үндэслэл бий болоогүй гэж маргаж байгаа. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр, гагцхүү “нэхэмжлэгчийг ажилд томилох үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийгээд байна. Өөрөөр хэлбэл, логик дараалалгүй, үсэрсэн дүгнэлт хийж байна. Үүнийг тодруулбал, “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд гагцхүү ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох нөхцөлд үүсэх эрх зүйн үр дагавар билээ. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэхэд л шүүх дүгнэлт хийх учиртай. Гэтэл нэхэмжлэгчийн “Тушаалын үндэслэлийг хянуулах эрх хэрэгжсэнгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Бид Улсын дээд шүүхээр хэргийн харьяалал тогтоолгох болно гэжээ.

4. Гуравдагч этгээд нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

3. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;

3.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг гаргаж, тус сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын албан тушаал эрхэлж байсан Т.Ө-ыг уг албан тушаалд жинхлэн томилсон бол “багийн Нарийн бичгийн даргын бүтэц орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

3.2. Улмаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус сумын  1 дүгээр багийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай Т.Ө-ы нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэргийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 696 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 616 дугаар тогтоолоор тус тус тус хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

3.3. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн, Өлгийн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар Т.Ө-ыг Өлгий сумын 8 дугаар багийн Нийгмийн ажилтнаар томилж, ТҮ-4 зэрэглэлээр цалинжуулж байсан ба энэ үед Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл”-д зааснаар Нийгмийн ажилтны албан тушаал нь ТЗ-1 ангилалд хамаарч байжээ.

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын “Туслах түшмэл”-ийн ангилалд хамаарах болж, Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 487 дугаар тогтоолоор мөн ангилал хэвээр тогтоосон.

3.4. Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар багийн Нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтыг баталж, мөн өдрийн 3/456 дугаар албан бичгээр Өлгий сумын 12 багийн Нийгмийн ажилтны албан тушаалд, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/245 дугаар албан бичгээр Т.Ө-ы эрхэлж байсан сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтны албан тушаалд тус тус сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлд хүргүүлсэн байжээ.

3.5. Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн маргаан бүхий Б/59 дүгээр тушаалаар “багийн нийгмийн ажилтны орон тоо төрийн үйлчилгээний салбар /ТҮ-4/-аас төрийн захиргааны албанд хамаарах /ТЗ-10/ болсонтой холбогдуулан, төрийн албаны тусгай шалгалтад тэнцээгүй” гэх үндэслэлээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 82 дугаар зүйлийн 82.1, Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоол зэргийг үндэслэн Т.Ө-ыг Өлгий сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн.

4. Нэхэмжлэгч Т.Ө нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Өлгий сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлөлт хийхийг ажил олгогчид даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... миний хувьд төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжээгүй, харин ажиллаж байсан багийн нийгмийн ажилтны албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалд хамаарах болсон нь сонгон шалгаруулалт зохион байгуулах үндэслэл болохгүй, надад төрийн тусгай шалгалт өгөх шаардлага үүсээгүй байхад шалгалтанд тэнцээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж тодорхойлно.

5. Хариуцагч түүнийг эс зөвшөөрч “... Т.Ө-ы ажиллаж байсан төрийн үйлчилгээний албан тушаалыг Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлд хамааруулж ТЗ-1 болгосон, 2022 оны нээлттэй сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлсэн иргэн ажиллаагүй тул өмнө нь ажиллаж байсны хувьд Т.Ө үргэлжүүлэн ажиллаж байсан, 2023 оны захиалгын дагуу орон тоог нээлттэй зарлахад Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан М.Д байгууллага хооронд шилжих хүсэлт гаргаж, уг албан тушаалд томилогдсон тул төрийн албаны хууль тогтоомж зөрчиж, нэхэмжлэгчийг томилох боломжгүй” гэж, гуравдагч этгээдээс “... төрийн албаны хууль тогтоомжийн дагуу шалгалт өгч, тус албан тушаалд шилжин томилогдсон, төрийн жинхэнэ алба хаагч миний эрх, баталгаа зөрчигдөж байна” гэж тус тусын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

6. Хууль хэрэглээний тухайд;

6.1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;”, 3.1.4-д ““сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг;”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:” гээд 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас;”, 27.1.3-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;”, 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэх зэргээр төрийн албан албан хаагч, түүнээс хамаарах шалтгаанаар үүсэх сул орон тоог нөхөх зарчим, журмыг тус тус зохицуулсан.

6.2. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 18 дугаар зүйлийн 18.8-д “Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан тушаалын ангилал өөрчлөхтэй холбоотой хэм хэмжээг тусгасан.

7. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалттай хамтатган авч үзвэл, шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай хууль зүйн асуудал нь нэхэмжлэгч Т.Ө-ы эрхэлж байсан “багийн Нийгмийн ажилтан” гэх төрийн үйлчилгээ /ТҮ-4/-ний албан тушаал нь Засгийн газрын шийдвэрээр төрийн захиргааны албан тушаал /ТЗ-10/-д шилжсэн тохиолдлыг “сул орон тоо” гарсан буюу төрийн албаны тусгай шалгалтын үндсэн дээр сонгон шалгуулах замаар тухайн орон тоог нөхөх үндэслэл бүрдсэн гэж үзэх эсэхээс хамаарч, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэх нь тодорхойлохоор байна.

8. Энэ хэсгийн 6.1-д заасан хуулийн зохицуулалтуудыг хамтатган тайлбарлавал, төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан; төрийн жинхэнэ албан хаагч өөр албан тушаалд сонгогдож, томилогдсон, эсхүл нас барсан; зэргээр төрийн албан хаагчаас өөрөөс нь хамаарах шалтгаанаар түүний эрхэлж байсан төрийн захиргааны албан тушаалыг эрхлэх хүнгүй болсон тохиолдлыг Төрийн албаны тухай хуульд “сул орон тоо гарсан” гэх агуулгаар тодорхойлжээ.

Энэ тохиолдолд тухайн орон тоог сонгон шалгаруулалтын журмаар нөхөхдөө баримтлах зарчим, дарааллыг тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д тодорхой байдлаар зохицуулсан.

9. Харин энэ хэсгийн 6.2-т заасан зохицуулалтын дагуу Засгийн газраас  төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг төрийн захиргааны албан тушаалд хамааруулах байдлаар шинэчлэн тогтоож буй явдал нь дээр дурдсан сул орон тоонд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэр, эрх бүхий байгууллагаас хуулиар тогтоосон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу үүсч буй уг харилцаа нь тухайн албан тушаалыг эрхэлж байсан төрийн албан хаагчаас хамаарах хүчин зүйлээс шалтгаалаагүй гэж үзэх байх тул төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхтэй холбоотой зохицуулалтыг энд хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийг хуулийн хүчин төгөлдөр болсон иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан нутгийн захиргааны байгууллагын  туслах түшмэл “ТЗ-1” буюу “багийн Нийгмийн ажилтан” гэсэн ажил албан тушаалд Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны Б/23 дугаар тушаалаар нэгэнт томилсон атлаа албан тушаалын ангилал өөрчлөгдсөн гэж сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

11. Өөрөөр хэлбэл анхнаасаа хариуцагчаас нутгийн захиргааны байгууллагын  туслах түшмэл “ТЗ-1”   ангилалд хамаарч байгаа  “багийн Нийгмийн ажилтан”  албан тушаалд нэхэмжлэгчийг томилсон атлаа төрийн албан хаагчийг ажил, үүргээ гүйцэтгэж ажиллаж байх хугацаанд нь хариуцагчаас “ТҮ-4“-ыг “ ТЗ-1” болсон мэтээр Засгийн газрын 2019 оны  275 дугаар тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэсэн.  

Мөн түүнчлэн Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралтаас үзвэл нутгийн захиргааны албан тушаал  “ТЗ-1” гэсэн  нь “ТЗ-10” ангилал зэрэглэлийн дугаарлалт өөрчлөгдсөн болохоос бус “багийн Нийгмийн ажилтан” хэвээр байсныг тэмдэглэх нь зүйтэй. 

12. Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг “... төрийн үйлчилгээний албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал болж өөрчлөгдсөн энэ тохиолдлыг төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын шинэ орон тоо бий болсон гэж үзнэ, Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1-д заасан журмын дагуу сул орон тоог нөхөх тул уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах хууль зүйн үндэслэлгүй” гэж буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” гэж заасантай нийцээгүй байх тул “... албан тушаалын ангилал солигдоход анх төрийн албанд томилоход хэрэглэдэг журам үйлчлэхгүй, төрийн албаны тусгай шалгалт өгөх шаардлага үүсээгүй” гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

13. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэхтэй холбогдуулан, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр аждын байранд нь эгүүлэн тогтоосон бол ... өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэгэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

14. Дээрх байдлаар хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон маргааны үйл баримтад холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2024/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.4, 10 дугаар зүйлийн 10.4, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ө-аас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Ө-ыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлөлт хийхийг ажил олгогчид даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ