Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/0062

 

     

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ******* холбогдох 2133000040029 тоот хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын инженер мэргэжилтэй, ******* сумын Засаг дарга ажилтай , ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ******* сумын Баянцогт 2 дугаар баг 4-11 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай *******

 

Холбогдсон хэргийн талаар:

******* нь ******* сумын Засаг даргаар буюу Төрийн улсын төрийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө", 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална", 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан "Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна", 7.1.1 дэх хэсэгт заасан "нээлттэй тендер шалгаруулалтын журам", 7.1.2 дахь хэсэгт заасан "тендер шалгаруулалтын онцгой журам", 7.1.3 дахь хэсэгт заасан "зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам", 7.1.4 дэх хэсэгт заасан "олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам", 7.2 дахь хэсэгт заасан "Хуульд энэ хуулийн 7.1.2-7.1.4-т заасан журмыг хэрэглэхээр зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг мөрдөнө", 33 дугаар зүйлийн 33.2.2 "техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох", 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан "Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна", 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх хэсэгт "худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах", 46.1.5 дахь хэсэгт заасан "тухайн бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх" гэснийг,

Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", 6.4.4-д заасан "хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгоно", 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан "Захиалагч худалдан авах ажиллагаа явуулсан тухай бүр тендер шалгаруулалтын хавтаст хэрэг бүрдүүлж архивын нэгж болгон хадгална" гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.4-д заасан "төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах", 7.1.6-д заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэснийг тус тус зөрчиж, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулалгүйгээр 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай, " авто машин худалдан авах" 30.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг иргэн байгуулсан цаг хугацаанд буюу 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "" ХХК-ийн захирал авто машин худалдан авахад зарцуулна гэж 5.000.000 төгрөгийг бэлнээр хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                                                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Гэм буруугийн талаар:

******* нь ******* сумын Засаг даргаар буюу Төрийн улсын төрийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай, " авто машин худалдан авах" 30.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг иргэн байгуулсан, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн захирал авто машин худалдан авахад зарцуулна гэж 5.000.000 төгрөгийг бэлнээр хувьдаа авсан  үйл баримт нь:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...******* сумын Засаг даргад Орон нутгийн төсвөөс 2017 онд д автомашин худалдаж авах 30,0 сая төгрөг баталж эрх шилжүүлсэн. Эрх шилжсэнтэй холбогдуулан худалдан авах ажиллагааг тамгын газар зохион байгуулсан байна. Автомашиныг нийт 30,0 сая төгрөгөөр худалдаж авсан байна. Гэтэл тус суманд үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн захирал нийгмийн хариуцлагын хүрээнд сумын Засаг даргын тамгын газарт автомашины худалдаж авах зорилгоор 5,0 сая төгрөгийн хандив авсан нөхцөл байдал үүссэн байна. Дээрх хандив нь сумын эсвэл аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн дансанд хандив хэлбэрээр төвлөрөн журмын дагуу зарцуулах ёстой байтал ******* нь төрийн сангийн дансаар дамжуулалгүй орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам, төсвийн тухай хууль зөрчиж бэлнээр авсан байна. Иймд тус хандивын 5,0 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн 1 дугаартай дансанд буцаан төвлөрүүлэхийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг ( 1-р хх-ийн 91-р хуудас),

2. Гэрч шүүх хуралдаанд өгсөн: Тухайн үед 2017 онд байсан шиг санаж байна. ******* бид хоёр танилцаад арваад жил болж байсан. Манайх үйл ажиллагаагаа орон нутагт 2 жил явуулж байгаа. ******* машин тэрэг авах гэж байна эвдэрчихлээ гээд бид 2 уулзаад 5 сая төгрөг хандив тусламж гээд өгсөн. Тэрийг би компанийнхаа тайлангийн мэдээнд тусгах байсан. Тэр сүүлийн мөнгийг хувьд нь өгөөгүй, орон нутагт өгсөн. Энүүгээрээ шүүх дээр шалгагдаад байж байгаа учир нь би тэр мөнгийг хувьд нь өгсөн биш, хахууль гээд өгсөн биш. Найз нөхөд гээд явж байж ингээд бичээд өгчихвөл бас нэг гайгүй юм болов уу гэж бодоод бичиж өгсөн гэх мэдүүлэг,

3. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..." ХХК-ийг би 2011 онд үүсгэн байгуулсан. 2015-2017 онд ******* сумын нутаг дэвсгэрт 3 дугаар баг Цоохор морьт 2 нэртэй талбайд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан. 2017 онд аймгийн Бүрэгхангай суманд алт олборлох үйл ажиллагаа явуулж байна. дугаартай ашиглалтын лицензтэй. Тухайн үед суманд алт олборлох үйл ажиллагаа явуулдаг байсан, тийм учраас нийгмийн хариуцлагын гэрээ гэж сумын Засаг даргын тамгын газартай хийдэг байсан. Би оныг нь сайн мэдэхгүй байна, алт олборлож байхдаа Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан шиг санаад байна. Тэгтэл 2017 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод явж байна гээд ярьсан. Ямар ажлаар явж байгааг нь асуухад машин авах гэж орж ирсэн гээд ярихаар нь тэгвэл манайх нийгмийн хариуцлагын хүрээнд 5,0 сая төгрөг машин авахад чинь өгье гээд би компанийн кассаас билүү, данснаас билүү 5,0 сая төгрөг бэлнээр аваад Засаг дарга т Тэнгис кино театрын тэр хавьд ч билүү аваачиж өгсөн санагдаад байна. Эсвэл Баянбүрдийн тойргийн тэр хавьд ч билүү...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 110-111, 139-р  хуудас),

4.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2017-2018 оны үеэр Улаанбаатар хотын "Дизель хүрээ" гээд техникийн зах дээр машин зардаг байсан юм. Тэгээд тухай үед машин зарагдах муутай байсан болохоор 2018 оны хавраас Өмнөговь аймагт нүүрсний Норд бенз маркийн машин барьдаг байж байгаад тухай үеэр мөн корона гээд өвчний улмаас ажил зогсоод Баян-Адарга сумандаа байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын үеэр Баян-Адарга сумын Тамгын газарт жолоочоор ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. гэх хүнийг бол танина. Энэ хүн нь манай аавын дүү хүүхэд найз байгаа юм. 2017-2018 оны үед зах дээр зогсдог байхад гэх залуу ирээд та машиныг маань зогсоол дээрээ тавиад зараад өгөөч гээд цагаан өнгийн Прадо-120 маркийн машинтай ирсэн. Тэгээд би тухай үед зөвшөөрөөд тэр машиныг нь өөрийнхөө зогсоол дээр тавиулаад зарж өгөхөөр болсон, тэр залуу өөрөө барилгын материал дээр суудаг залуу болохоор надад машинаа үлдээчхээд явсан. Тэгээд тэр машин нь миний зогсоол дээр хоёр гурав хоноход хүмүүс ирж үзээд авъя гэхээр нь миний машин бишээ эзэнтэй нь яриад худалдаж аваарай гэж хэлээд өөрийг нь дуудаад худалдаж авах хүмүүстэй нь уулзуулаад явуулсан. Би хэдэн төгрөгөөр ямар хүнд зарсныг нь хэлж мэдэхгүй байна, би тэр машин зарсан мөнгөнөөс нь аваагүй, тухай тэр машиныг хорин хэдэн сая төгрөгөөр зарна гэж байсан. машинаа зарчихлаа ах баярлалаа гээд надад нэг ч төгрөг өгөөгүй. Би ******* гэх хүнийг бол танихгүй. Тиймээ намайг гуйж заруулсан, би дээрх мэдүүлэгтэй дэлгэрэнгүй ярьсан. Тухайн машин миний зогсоол дээр хоёр гурван хоног зогсоход 2 эрэгтэй хүн сонирхоод авъя гэхээр нь би өөрийг нь дуудаад тэр машиныг нь авна гэсэн хүмүүстэй уулзуулсан, ч машинаа зарахаар болчихлоо гээд явсан, би яг ямар нэртэй, ямар хүнд зарсныг нь бол хэлж мэдэхгүй байна. Би тухайн машиныг ******* сумын Засаг даргын Тамгын газарт зарсан гэдгийг нь мэдээгүй, ямар хүн аваад явсныг нь мэдээгүй, тухай үед хоёр залуу л ирж үзээд сонирхоод байхаар нь би машины эзэн тэй уулзуулсан. Надад 5.000.000 төгрөг өгсөн гэдэг нь худлаа. Мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 100-102-р хуудас),

5.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2017 онд болсон асуудал учир одоо нарийн санахгүй байна. Ямар ч байсан 2017 оны 08 дугаар сарын дунд үед манай сумын Засаг дарга ******* нь албаны авто машинаа худалдаж аваад ирж байсныг санаж байна. Төрийн сангийн хуулга дээр байгаа баримтыг үзэхэд төвөөс эрх шилжсэн хөрөнгө оруулалтаар манай сумын Засаг даргын албаны хэрэгцээнд 30.000.000 төгрөгөөр авто машин худалдан авах санхүүжилт орж ирсэн байна. Уг санхүүжилтийг манай сумын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн тоот төрийн сангийн дансанд байршуулсан байна. Уг дансанд орсон төсвийн мөнгийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан нь тамгын газрын дарга байгаа юм. Ямар ч байсан 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0005104 дугаартай төлбөрийг хүсэлтийг тамгын газрын дарга нь бичиж батлаад, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай авто машин худалдан авах гэрээний хамтаар надад өгсөн байна. Миний хувьд дээрх төлбөрийн хүсэлт болон гэрээг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр авто машины төлбөр болох 30,000,000 төгрөгийг иргэн тоот данс руу шилжүүлсэн байна..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 104-105-р хуудас),

6. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ямарч тендерт оролцож байгаагүй. Би энэ Прадо маркийн машиныг зарах гээд гээд Да-Хүрээ зах дээр машин зардаг байсан ахыг зараад өгөөч гээд аваачаад тавьсан байсан. ...Тэгээд л ах яриад нэг хүн авах гэж байна, машиныг чинь аваад явчихъя гэнэ, мөнгийг нь дараа өгье гэнэ гэсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй ээ мөнгөө өгөөд машинаа ав гэсэн юм. Тэрнээс 7 хоногийн дараа ирээд мөнгийг чинь данс руу чинь хийчихлээ, машинаа авъя гэхээр нь 10 дугаар хороолол хавьцаа л машин авсан өдөр нь гэрээ билүү итгэмжлэл ч билүү нэг юм хийж өгсөн байх. Би аль нотариат орсон гэдгээ ч санахгүй байна. Би бол машинаа 30,0 сая-д л зарна гэж байсан. Тэрнээс өөр илүү мөнгө би ерөөсөө аваагүй, Би бэлнээр ямар ч мөнгө аваагүй. Зөвхөн дансаараа 30,0 сая төгрөг авсан. Миний Хаан банкны тоот данс. ах надаас бол мөнгө төгрөг унагаана гэж байхгүй. Би харин тухайн үедээ зогсоол дээр нь заруулах гээд тавьсан зогсоолын мөнгө, хоол унд идэх мөнгийг бэлнээр л өгсөн. ах одоо суманд байгаа гэсэн. Машин зарахаа больсон гэж байсан. Би ахаас энэ талаар асуухад одоо санахгүй байна өө, машиныг чинь олон жилийн өмнө зарсан шүү дээ гэж байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 107-108-р хуудас),

7.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үнэлгээний хороо албан ёсоор хуралдсан эсэх асуудлыг санахгүй байна. Материалаас үзэхэд дараах байдлаар 3 удаа хуралдсан байна. Үүнд: Эхний хурал 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан байх ба тэмдэглэлд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар намайг биш газрын даамал гэх байдлаар бичиж, тэмдэглэлийг хөтөлсөн байна. Хоёр дахь хурлыг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийсэн байх ба нарийн бичгийн дарга газрын даамал гэх байдлаар бичиж, хурлын тэмдэглэлийг бичсэн байна. Гурав дахь удаа 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан байх ба нарийн бичгийн даргаар бичиж, тэмдэглэл хөтөлсөн байна. Ийм зөрүүтэй байгаагаас үзэхэд эдгээр хурлын тэмдэглэлийг нөхөж хийсэн байх, ямар ч байсан 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш, харин 06 сарын 05, 06 сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Тендерийн баримт бичгийг дутуу хагас боловсруулсан боловч албан ёсоор тендер зарласан эсэх, би өөрөө үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан эсэх гэдгээ ч санахгүй байна. Ямар ч байсан 2017 оны 07 дугаар сард манай сумын Засаг дарга ******* нь өөрөө Улаанбаатар хот руу яваад Прадо 120 маркийн машин худалдаж аваад түүнийгээ өөрөө унаад ирж байсан юм. Материалаас үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үнэлгээний хорооны гишүүд бүгд гарын үсэг зурж уг авто машиныг Засаг даргын тамгын газарт хүлээн авсан байна. Авто машин хүлээн авах тэмдэглэлд би өөрөө гарын үсэг зурсан байна, гэхдээ машиныг албан ёсоор нүдээр үзэж, шалгаж авсан зүйл байхгүй. Засаг даргын захирамж дээр намайг нарийн бичгийн даргаар томилсон байна. Би энэ үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан эсэхээ мэдэхгүй байна. Хэрэв би өөрөө нарийн бичгийн даргаар ажилласан бол хурлын тэмдэглэлийг би өөрөө хөтлөх ёстой, дээрх тэмдэглэлүүдийг би хөтлөөгүй, сүүлийн 07 сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлд би гарын үсэг зураагүй байгаа учир би өөрөө тендерийн баримт бичиг боловсруулаагүй байх. Ер нь нөхөж л бүрдүүлж гишүүдээр гарын үсэг зуруулсан байх. Энэ тендерийн материалыг машин худалдаж авсныхаа дараа л нөхөж бүрдүүлсэн юм шиг байна. Миний санаж байгаагаар Засаг дарга ******* өөрөө л яваад машинаа худалдаж аваад ирсэн ш дээ. Яагаад тендер зарлаагүй гэдгийг би мэдэхгүй байна. Машиныг албан ёсоор хүлээж авах ажил хийгдээгүй. Тэмдэглэлийг бас л нөхөж хийгээд бид нараар гарын үсэг зуруулсан байх. Ямар ч байсан би гарын үсэг зурсан байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 114-115-р хуудас),

8.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Засаг дарга *******ын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/32 тоот захирамжаар 5 хүний бүрдэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулж, үнэлгээний хорооны даргаар Засаг даргын орлогч миний бие, нарийн бичгийн даргаар Хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн , үнэлгээний хорооны гишүүдээр ИТХ-ын нарийн бичгийн дарга , газрын даамал , иргэдийн төлөөлөл нарыг томилсон байна. Үүний дагуу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Үнэлгээний хорооны гишүүд миний ажлын өрөөнд хуралдаад "Сумын Засаг даргын авто машиныг худалдан авах тухай" асуудлыг хэлэлцээд тендерийн баримт бичгээ боловсруулж цахим сайтад байршуулахаар ярьсан юм. ...Үүнээс хойш би хөдөө ажил ихтэй байсан учраас дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулж дахин хурал зөвлөгөөн   хийгээгүй. Ямарч байсан сумын Засаг дарга ******* өөрөө ганцаараа Улаанбаатар хот руу яваад Прадо-120 маркийн авто машиныг худалдаж аваад ирсэн юм. Машинаа худалдаж аваад ирсэн хойно нь ямар учиртай машин худалдан авсан гэдгийг нь асуухад ******* дарга өөрөө Да-Хүрээ зах дээр явж байгаад нэг иргэнээс машин худалдаж авсан гэж хэлсэн юм. Тэгээд дарга өөрөө яваад машинаа худалдаж аваад өөрөө унаад суманд ирчихсэн учир Засаг дарга нь "уг машиныг актаар хүлээж ав" гэсэн үүргийг надад өгсөн юм. Иймд би 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр "Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт" үйлдэж машиныг хүлээж авсан юм. Ингээд нэгэнт машиныг хүлээж авсан учир би өөрөө үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга үүрэг өгч тендерийн материалын бүрдэл хангуулж, үнэлгээний хурлын тэмдэглэлүүд болон тендерийн баримт бичиг, авто машин худалдах, худалдан авах гэрээ зэргийг нөхөж бүрдүүлж архивт хадгалуулсан юм. Засаг дарга ******* нь дээрх 5.000.000 төгрөгийг авсан гэдгээ хэлээгүй, бид нар огт мэдээгүй байсан юм. Гэтэл бүр сүүлд аймаг дээр нэг сургалтын арга хэмжээ болоход "" ХХК нь манай суманд 5.000.000 төгрөг өгсөн гэж тайлан тавьсан гэсэн. Тэгээд л ямар учиртай мөнгө төгрөг бол гэдэг асуудал яригдахад "Манай сумын Засаг дарга ******* нь албаны машин худалдаж авахад 30.000.000 төгрөг хүрээгүй, тэгэхээр нь "" ХХК-иас 5.000.000 төгрөг нэмж аваад машинаа 35.000.000 төгрөгөөр авсан гэж тайлбарлаж байсан. Тэгэхээр нь бид нар уг машиныг 35.000.000 төгрөгөөр авсан юм байна гэж ойлгоод яваад байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 117-124-р хуудас),

9.Гэрч мөрдөн шалгах жиллагаанд өгсөн: “...Тэр үед би энэ албан тушаалд байгаагүй. Би тэр үед Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Мөн худалдан авах ажиллагааны талаар ч мөн адил мэдэж байгаа зүйл байхгүй байна. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны тоот дансанд " ЗДТГ автомашины үнэ" гэсэн утгатайгаар 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн бүртгэл нь манай байгууллагын 2017 оны архивын баримт бичигт хадгалагдаж байсныг хуулбарлан хуулбар үнэн гэж баталгаажуулж санхүү албаны тэмдэг дарж хавтаст хэрэгт хавсаргуулахаар гаргаж өглөө...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 126-р хуудас),

10.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сая сумын засаг дарга *******тай Сайхан суманд ирэх замдаа машин дотор ярьж байлаа. Би худалдан авах ажиллагааны Үнэлгээний хорооны гишүүнээр оролцохдоо хөндлөнгөөс хяналт тавих иргэн гэдгээр оролцож байснаа өнөөдөр засаг дарга *******аас сонсож мэдлээ. Надад A3 сертификат байхгүй, би сургалтад нь сууж байгаагүй. Намайг уг автомашин худалдан авах ажиллагааны ажлын хэсэг Үнэлгээний хороонд томилсон талаар өнөөдөр мэдэж байна. Би уг худалдан авах ажиллагаанд оролцоогүй... Миний гарын үсгийг өөр хүн зурсан байна. Дээрх 3 хурлын тэмдэглэл болон автомашин хүлээн авсан актад бичигдсэн гарын үсэг бүгд миний гарын үсэг биш байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 131-132-р хуудас),

11. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уламжлалт аргаар тендер зарлаад иргэн аж ахуй нэгжүүдээс санал ирээгүй тохиолдолд шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэдэг. Шууд гэрээ байгуулах зөвлөмжийн талаар мэдэхгүй байна. Энэ нь Орон нутгийн хөгжпийн сангаас 30,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй сумын засаг даргын тамгын газарт засаг даргын ажлын албан хэрэгцээнд жийпний төрлийн туулах чадвар сайтай автомашин худалдан авах ажлын хэсэгт миний бие ажилласан. Аймгаас худалдан авах ажиллагааны эрхийг манай суманд шилжүүлсэн байсан. Үнэлгээний хорооны даргаар , нарийн бичгийн даргаар , гишүүдээр , иргэний төлөөлөл , миний бие ажилласан. Үнэлгээний хорооны анхны хуралд сууж оролцсон. Анхны хурлаар "тендер ээ зарлая, баримт бичиг бүрдүүлье, туулах чадвартай жийпний төрлийн машин сонирхий" гэж хуралдсан. Би энэ хуралд сууснаас хойш уг тендер сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд ажиллаагүй. 2017 оны 6 сард аймаг сургалтад суусан, 2017 оны 07 дугаар сард наадмын дараа Монголын нутгийн удирдлагын холбооны гишүүдтэй 10 хоногийн хугацаанд туршлага судлах аялалд ,,,,, аймгуудаар аялсан. 2017 оны 08 сарын 11-ний өдөр ээлжийн амралтаа аваад Солонгос улсад ажиллахаар яваад 2017 оны 09 сарын 11-ний өдөр Монгол улсад ирсэн. Ингээд суманд ирэхэд засаг дарга ******* цагаан өнгийн жийп автомашин авчихсан байсан. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш ажилдаа орсны дараа дээрх тендерийн баримт бичигт хуралд оролцсон болон автомашин хүлээн авсан актад гарын үсэг нөхөж зурсан. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан зуруулсан санагдаж байна. Ямар ч байсан дээрх худалдан авах ажиллагааны материалыг нөхөж бүрдүүлсэн гэдгийг мэдэж байна. Яагаад нөхөж бүрдүүлсэн гэдгийг мэдсэн бэ гэхээр өчигдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Засаг дарга *******, орлогч дарга нар автомашин худалдан авах тендерийг Tender.gov.mn сайтад зарлаагүй байсан байна гэж ярьж байсныг сонсоод би өөрөө Tender.gov.mn сайтаас шүүж үзэхэд тухайн жилийн зарласан 4 ажил дундаас уг автомашин худалдан авах тендер зарлагдаагүй байсан. Ингэхээр тендер зарлалгүй шууд худалдан авалт хийж тендер зарласан мэтээр материалаа нөхөж бүрдүүлсэн байна. Би тухайн үед нь сумандаа байхгүй байсан учраас сүүлд нөхөж гарын үсэг зуруулсан баримтыг шалгалгүй өөрийн гарын үсгээ зурсан нь миний буруу болсон байна. Би уг үнэлгээний хороонд гишүүнээр томилогдоод 1 удаа хуралд суусан. Өөр ажиллагаанд оролцоогүй. Дээрх хурлын тэмдэглэлд бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг мөн. Гэхдээ би анхны хуралд буюу 1 удаа хуралд суусан. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр болон 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралд оролцоогүй. Намайг сүүлийн 2 удаагийн хуралд оролцсон мэтээр тэмдэглэл үйлдсэн байсан. Би сүүлд дээрх хурлын тэмдэглэлүүдэд гарын үсгээ нөхөж зурсан. Би автомашин хүлээн авах ажлын хэсэгт ажиллаагүй. Намайг ажилласан мэтээр тэмдэглэл үйлдэж 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш надаар гарын үсэг нөхөж зуруулсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 136-137-р хуудас),

12. Гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... засаг даргын захирамжаар эрх шилжүүлсэн дээрх 30.000.000 төгрөгөөр 2017 онд /он сарыг санахгүй байна/ Прадо 120 маркийн автомашин худалдаж авсан. Орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг ахалж ажилласан. Тендер зарласан эсэхийг мэдэхгүй байна. Шууд гэрээ байгуулах зөвлөмж бичгээр өгсөн зүйл байхгүй. Засаг дарга өөрөө Улаанбаатар хот руу яваад хувь хүнээс худалдаж авсан. 30.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 35.000.000 төгрөгөөр авлаа. 5.000.ОООтөгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд хандив өгсөн. Тэгээд 35.000.000 төгрөгөөр машинаа авлаа гэж хэлж байсан. Дээрх Тоёота Ланд крузер Прадо 120 маркийн автомашиныг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр худалдаж авчхаад ХХК-наас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр засаг дарга автомашин худалдан авахад 5.000.000 төгрөг бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж авсан талаар би мэдэхгүй. гэж хүн суманд өөрийн биеэр ирж гэрээ байгуулсан талаар би сайн санахгүй байна. засаг даргаас эрх шилжүүлсэн 30.000.000 төгрөг нь автомашин худалдаж авахад мөнгө нь хүрэхгүй, туулах чадвар сайтай автомашин зах зээлийн ханш өндөр байгаа талаар засаг дарга болон үнэлгээний хорооны гишүүд надад хэлж байгаагүй, Засаг дарга ******* тухайн үед 30.000.000 төгрөгөөр машин худалдаж авахад мөнгө нь хүрэхгүй байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 143-144-р хуудас),

13. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө зам тээврийн осол гаргаж байгаагүй. 2017 оны 08 сарын үед Нисэхийн эцэс орох гээд автомашинтайгаа явж байтал Буянт-Ухаа хорооллын наахан талд миний баруун талаас цагаан өнгийн жийп маркийн автомашин орж ирээд миний буруу талын урд хэсэг рүү мөргөж байсан. Цагдаад дуудлага өгч хэмжилт хийлгээгүй. Би төв замаар явж байхад цагаан өнгийн жийп маркийн автомашин туслах замаас орж ирж мөргөсөн бөгөөд тухайн жолоочийн буруутай үйлдлээс болж осол гарсан. Миний автомашиныг мөргөсөн автомашины жолооч нь миний үеийн эрэгтэй хүн байсан бөгөөд "цагдаа дуудахгүй тохиръё, засуулаад өгье" гэхээр нь зөвшөөрч Өргөө кино театраас урагш 25 дугаар эмийн сан руу уруудах замд байдаг Петровис урд талд байдаг "Ранже ровер" засварын газарт очиж засуулж байсан. Миний автомашинаас буруу талын урд талын их гэрэл хагарч, урд гупер нь хагарсан байсан. Их гэрэл, гупер хоёрыг шинээр солиулж, ажлын хөлстэйгээ нийлээд 5 сая гаруй төгрөг болж байсан. Уг мөнгийг нөгөө автомашины жолооч өөрөө төлж байсан. Тэр жолооч надад учирсан хохирлыг өөрөө төлж барагдуулсан юм. Тухайн үед засварын газраас үнэлгээ хийж, төлбөрийн баримт өгч байсан. Одоо баримт нь байхгүй байна. Би өөрийн гар утсан дээрээ ослын үеийн зургийг авч байсан бөгөөд автомашинаа засуулж хохиролгүй болсон тул зургуудаа устгасан. Цагаан өнгийн жийп л байсан. Ямар маркийн автомашин байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр автомашины мөргөлдсөн талынх нь урд их гэрэл нь хагарч, гупер нь хагарсан байх шиг байсан. 08 сарын 14-ний өдөр манай хүүгийн төрсөн өдөр болдог юм. Тийм учраас би 2017 оны 08 сарын 13-ны өдөр гэртээ л байсан гэж бодож байна. 2018 оны 09 сард 4989 УНП автомашиныг ББСБ-д хураалгасан. Түүнээс хойш хаана, хэнд байгааг мэдэхгүй байна. Уг автомашины жолоочийг би танихгүй, утасны дугаарыг нь ч мэдэхгүй. Дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 161-р хуудас),

 14. аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай албан шаардлагын хуулбар (1-р хх-ийн 4-5-р хуудас),

            15.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн "...Уг тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн улсын дугаартай RZJ1200034307 аралын дугаартай ямар сэвгүй 2004 онд үйлдвэрлэсэн, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орж ирсэн тээврийн хэрэгсэл байна. Уг тээврийн хэрэгсэл нь 235136 км явсан заалттай байна..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 19-27-р хуудас),

 16. 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ******* сумын засаг даргын тамгын газарт тоёота прадо 120 маркийн автомашин худалдан авсан хэрэгт тендерийн баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд (1-р хх-ийн 28-65-р хуудас),

            17. 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн сангийн дансны хуулга (1-р хх-ийн 127-р хуудас),

18. Хөрөнгийн үнэлгээний "Капитал зууч" ХХК-ны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан №2021/А-03 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 175-189-р хуудас),

19. Засаг даргын Пүрвээгийн ыг ******* сумын засаг даргаар томилсон 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/58 дугаартай захирамжийн хуулбар /1-р хх-ийн 223-р хуудас/,

20. Төрийн Аудитын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу хийсэн нийцлийн аудитын тайлангийн материалын хуулбар (1-р хх-ийн 63-98-р хуудас),

21.Шүүгдэгч *******т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 11 сарын сүүлээр 2017 оноос сумын засаг дарга болсон. Анхны жил байсан. Хоёрт үнэлгээний хороо гэж байгаа. Үнэлгээний хороог сумын засаг даргын захирамжаар томилдог учраас би томилсон. Бусдаар бол би нөлөөлсөн юм байхгүй. Үнэлгээний хороо бол хууль журмынхаа дагуу явсан байна уу яваагүй байна уу гэдгийг бол би мэдэхгүй. Намайг нөлөөлсөн мэтээр мэдүүлгүүд авсан байна лээ. Сүүлд үнэлгээний хорооныхон маань сүүлд бол надад хэлж байсан. Өөрсдийн гэсэн өргөдөл гомдол гаргуулсан байгаа тэрийг шүүх хянаж шийдвэрлээгүй. Одоо шууд худалдаж авна тэгнэ ингэнэ гэсэн юм огт байхгүй. Прокурорт өргөдөл бичиж гараар бичиж өгсөн байгаа. Үнэлгээний хорооны гишүүд бүгд төрийн албан хаагчид хэсгийн хороонд ажиллаж байсан учраас дараагийн хурлаа тэр сайтад тавихгүйгээр цалгардуулсан асуудал болсон. Би өөрөө 30 сая төгрөг тавьсан. 30 сая төгрөгөөр шинэ тэрэг авах боломжгүй. Манайх бол өөрөө 294 мянган метр кубийн нутаг дэвсгэртэй 4000 орчим хүн амтай 2 тусдаа сууринтай хамгийн олон малтай. Сүүлийн арав гаруй жил 200 гаруй мянган малтай 2 том голтой. Тийм учраас бид нарт туулах чадвар сайтай машин байх ёстой. Тийм үүднээс 30 сая төгрөгөөр ланд маркийн машин авах байсан боловч бензин тос их иддэг дээр нь арай бага иддэг  парадаа 120 маркийн машиныг хэдий жижиг боловч туулах чадвар сайтайгаар нь парадаа 120 машиныг сонгосон. Орж ирсэн парадаа судлаад үзэхэд 40-51 сая төгрөгийн хооронд байсан. Энэ 30 сая төгрөгтөө Монголдоо унаж байсныг авъя гэхээр нэлээд үзэж нягталж байж авахгүй бол өнгө үзэмж муу, тэгээд нэлээдгүй шалгах шаардлагатай байсан. Би өөрөө Улаанбаатар хот руу 3,4 удаа явж байсан мэдүүлгүүд дээр ч байгаа. Хотод 7 шахам хонож байж авсан. Яагаад өөрөө явсан бэ гэхээр энэ мөнгө нь 2016 онд аймгаас тавигдсан мөнгө гэтэл үнэлгээний хороо эрх шилжсэн хамаагүй. Үнэлгээний хороо хавар хуралдсан. 3 дугаар улирал 4 дүгээр улирал руу орсон. Нөгөө асуудлаа 2 дугаар улирал 3 дугаар улиралдаа шийдэхгүй бол буцааж татагддаг. 06 сарын 15-аас хойш тендер зарлаагүй бол төсвийг шууд татаж байгаа. Татагдах байдалд хүрэх юм бол сум маань өөрөө надаас өмнө 2 жил машин байгаагүй. Иргэдэд үйлчлэх дээр нь эмнэлгийн зарим үйлчилгээнд явдаг байсан. Би өөрөө 2 удаа төрөх гэж байгаа хүн Эрдэнэтийн эмнэлэгт хүргэж байсан түүх байгаа. Ийм асуудал шөнө орой гэлтгүй гардаг учраас мөнгөө татагдахаас өмнө энэ машиныг зайлшгүй авах шаардлагатай гээд өөрөө явсан тохиолдол байгаа. За тэгээд 8 сарын эхээр он сарын сайн санахгүй байна. Тухайн үед албаны машин байгаагүй учраас жолооч байгаагүй. Машин барих жолоочгүй байсан. Би өөрийн биеэр жолоо барьж яваад миний буруу байсан. Туслах замаас орохдоо авто машин мөргөөд тухайн үед намрын цаг байсан хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэгийн юмыг авах гэж явж байсан. Гэм буруугаас үүдэж мөргүүлсэн жолоочийнхоо хохирлыг төлүүлээд тухайн үедээ гэдэг найздаа хандаад яриад урд нь өөрөө ярьж байсан найз нь тусалж дэмжье гээд машин тэрэг ийм учиртай гэж яриад эдэн төгрөг тэдэн төгрөг өг гэж хэлээгүй ийм асуудал болчихлоо гэж хэлээд 5 сая төгрөг өгсөн. Тэр мөнгөөрөө эвдрэлийг засуулсан. Тухайн үед шинээр машин аваад би ингэсэн шүү гэдгээсээ санаа зовоод хамт олноосоо нуугаад машин авахдаа хандив тусламжаар нэмэрлэсэн юм аа гэдэг байдлаар хамт олондоо хэлсэн. Сүүлд мэдүүлэгт би бодит үнэнийг хэлсэн би ийм юм болсон гээд нотлох баримтаа ч гаргаж өгсөн. Харин тэр шинжээчийн дүгнэлт буруу явсан байна лээ. Би бодохдоо шинжээчийн дүгнэлт авто машины копутыг сөхөөд үндсэн машины араам гулзайсан байна уу тэр копут сольсон байна уу тэр их гэрэл өөрийнх нь байна уу сүүлд солигдсон байна уу тэр бүгдийг хараагүй. Одоо гараад машиныг харсан ч ил байгаа. Тэрийг харахгүй зүгээр ерөнхий зургууд хараад явсан. Би ойлгоогүй миний машиныг хараад ерөнхий үнэлгээ нь ямархуу байна гэдгийг харах гэж байгаа юм болов уу гэж бодсон. Шинжээч бол тухайн машин асуудал 4, 5 жилийн өмнө болсон асуудал тэр машин аваар осолд орсон байна уу аль талаараа мөргөсөн байна гэдгийг шинжээч бол гаргаж ирэх юм болов уу гэж бодсон гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлэв.

 Хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нь: Улсын ерөнхий прокурорт  гаргасан гомдлын хариу ирээгүй байхад хэрэг шүүхэд шилжүүлсэн,  Мөн дээрээс нь Үнэлгээний хороонд орсон зарим нэг гишүүн Оюунболд гэж хүнээс мэдүүлэг аваагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  зааснаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ нотолбол зохих байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөн 1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Шүүхээс дараах нөхцөл байдлыг харгалзан үзээч гэж хүсэж байна.

Нэг. Улсын яллагч эхнийх нь тендерийн сонгон шалгаруулалт явуулахдаа үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлсөн хурал хийсэн мэтээр баримт бүрдүүлээд өөрөө явж байгаад авто машин авсан гэх асуудалд 2017 06 сарын 05, 2017 06 сарын 13 гэдэг 2 он сар явж байгаа. Яллах дүгнэлтийн 13 дугаар талд байгаа. Тэгэхээр  хууль буцааж хэрэглэх асуудал яригдана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэнэ. 2017 оны 07 сарын 01-ээс өмнө 2 хурал хийсэн хурал хийгээгүй өөрөө зохион байгуулсан мэтээр улсын яллагч яллаад яваад байгаа. 1.9 дүгээр зүйл заавал яригдана. 1.9 дүгээр зүйл яригдвал шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд 2002 оны эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл шүүгдэгчийн эрх зүйн байдлын дээрдүүлсэн хууль юм байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт 2017 оны 07 сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэн хуулийн 22.1 дэх хэсгийн тайлбар хэсэг байгаа. Хууль тогтоогчоос өөрөө шууд тайлбар хийсэн байгаа. Улсын дээд шүүхээс тайлбар хийгээгүй. Урвуулан ашиглах гэж байгаа. Энэ хуульд заасан "урвуулан ашиглах" гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар сэдэлт нь юу байсан юм бэ энэ хүн яг ямар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн юм бэ гэдэг байдал тогтоогдохгүй байна. Яагаад гэхээр түрүүн хэлээд байна. Машингүй 2 жил болсон Рашаант баг гээд нийтийн ашиг сонирхлын төлөө өөрөө ийм асуудалд өөрөө орчоод байгаа юм. Өөрийнхөө амрыг бодох юм бол мөнгө нь хүрэлцэхгүй байна гээд мөнгөө улсын төсөвт татуулаад сууж байж болох байсан. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. гэмт хэргийн субьектив талын шинж хангагдахгүй буюу нэг талаас харагдаад байна.

Зарим ажиллагааны он сар, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хэргийг прокурорт буцаах ч боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Буцаагаад өгөөч. Үнэхээр гэм буруутай гэж үзэх юм бол зүйлчлэлийг 263.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэсэн байр суурьтай,

Улсын яллагч: Орон нутгийн хүндрэлтэй асуудлыг ойлгож байна. Хэдийгээр хүндрэлтэй асуудал байсан ч хууль зөрчиж арга хэмжээ авч ажиллагаа авч болохгүй. Орон нутагт улсын хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тусгай хууль байж байгаа. Энэ хуулийнхаа дагуу үнэлгээ гаргаад тэр үнэлгээнийхээ дагуу техникийн нөхцөл байдал хангасан, төсвийн мөнгийг хэмнэсэн худалдан авах ажиллагаа явуулах байсан. Энэ дээр өөрөө худалдан ажиллагаа явуулахгүй өөрөө дур мэдэн худалдан авах ажиллагааг явуулсан. Гэмт хэрэг болсон цаг хугацааг 2 янзаар ойлгоод байх шиг байна. Энэ гэмт хэрэг маань өөрөө дур мэдэн авсан нь 2017 оны 07 сарын 27-ны гэрээ байдаг. 2017 оны 08 сарын 04-ний өдөр 5 сая төгрөгийн асуудал яригдаад байгаа гэрчийн мэдүүлэг, өөрийн мэдүүлэг зэргээр цаг хугацаагаар тогтоогдож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46.1 дүгээр зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааг заасан байгаа. Энэ нь энэ хуулийг 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энд өмгөөлөгчийн хэлж байгаа хууль буцаан хэрэглэх асуудал яригдахгүй.  Тухайн компани нь орон нутагт хандив гэж өгсөн байдаг. Хандив өгдөг журам байгаа. Орон нутгийн хөгжлийн сан гэж байгаа. Орон нутгийн хөгжлийн сан нь дэмжлэг өгсөн дэмжих зорилгоор өгсөн дотоодын болон төрийн бус байгууллагын болон гадаадын албаны тусламж хандив дээд шатны байгууллагын хамтран ажиллах олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Төсвийг бол тодорхой заасан байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараах зүйлсэд зарцуулахыг хориглоно. Орон нутгийн хөгжлийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад арга хэмжээнд зарцуулна. Тэгэхээр дансанд шууд шилжүүлээд төвлөрсөн байдлаар зарцуулаагүй өөртөө хандивыг авсан. Өөртөө авахдаа машины засвар үйлчилгээнд ашиглаж өөрийн гэм буруугаас үүссэн байгууллагын машинд учирсан хохиролд зарцуулсан гэдэг бол мэдүүлгээр тодорхой байна. Зүйлчлэлийн хувьд гэмт хэрэг болсон цаг хугацаа нотолбол зохих байдал бүрэн тогтоосон гэсэн  байр суурьтай тус тус мэтгэлцэж байна.

Гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1. ******* сумын Засаг даргад Орон нутгийн төсвөөс 2017 онд  автомашин худалдаж авах 30,0 сая төгрөг баталж эрх шилжүүлсэн байна.(1-р х.х-ийн 32-36-рт)

 Эрх шилжсэнтэй холбогдуулан худалдан авах ажиллагааг захиалагч хэрэгжүүлж өөрийн эрх хэмжээний дотор 2017 оны 03-р сарын 07-ны өдөр А/32 тоот захирамж гарган Үнэлгээний хороог байгуулжээ. (1-р х.х-ийн 37-рт)

*******ын дээрх үйл ажиллагаа нь  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.9-д зааснаар “үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг хэлнэ гэж,  мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэж заасантай нийцсэн байна.

Захиалагч буюу Засаг даргын 2017 оны 03-р сарын 07-ны өдрийн  А/32 тоот захирамжаар хуульд заасны дагуу байгуулсан  Үнэлгээний хороо нь  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасан “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна:

47.2.1.техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх;

47.2.2.тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” гэсэн хуулийн заалтыг зөрчиж тендер шалгаруулалт явуулаагүй  нь  гэрч , ,  нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзлээ.( х.х-ийн 114-115,  131-132, 136-137-рт)

 “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн  6 дугаар зүйлийн  6.1.3 дахь хэсэгт заасан  захиалагч  нь “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”  гэснийг Засаг дарга ******* нь зөрчиж Үнэлгээний  хорооноос дүгнэлт  гараагүй, гэрээ байгуулах эрх олгоогүй байхад 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр  дугаартай, " авто машин худалдан авах" 30.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг иргэн байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувь хүнд давуу байдал олгож албаны эрх мэдлээ хэтрүүлж,  Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.6-д заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэсэн хуулийн хориглосон заалтыг зөрчсөн гэж дүгнэв.

  2. *******  “” ХХК-ны захирал Д.Баянмөнхтэй 2017 оны 08-р сарын 04-ны өдөр  “******* суманд байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглахтай холбогдсон дэд бүтэцийг хөгжүүлэх,  ажлын байр нэмэгдүүлэх тухай нийгмийн хариуцлагын гэрээ  байгуулжээ. (1-р х.х-ийн 77-рт)

“Өгөөж баянхангай “ ХХК-ийн захирал Д.Баянмөнх нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлд 2017 оны 10-р сарын 19-ны өдөр бэлэн мөнгөний орлогын баримтаар Засаг даргын автомашин худалдан авахад гэсэн зориулалтаар 5000,000 төгрөг бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж  компанийн санхүүгээс гаргуулан авсан байна.(1-р х.х-ийн 05-рт) 

            Шүүгдэгч *******  хандивын 5 сая төгрөгийг “Өгөөж баянхангай “ ХХК-ийн захирал бэлнээр хүлээн авснаа хүлээн зөвшөөрч  машин авхад зориулсан болон осолд орсон машин засахад зарцуулсан гэх мэтээр 2 өөр мэдүүлсэн  ба яллах дүгнэлтэд  хувьдаа авсан гэж дүгнэсэн байдаг.

 Шүүгдэгч ******* нь дээрх 5 сая төгрөгийг машин авахад зарцуулсан гэх үйлдэл нь иргэн “ ...би бэлнээр ямар ч мөнгө аваагүй, зөвхөн дансаараа 30 сая төгрөг авсан” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд машин худалдаж аваад явж байхдаа осолд орсны улмаас автомашины эвдрэлийг хандивт 5 сая засуулсан гэж мэдүүлсэн нь гэрч “...Би төв замаар явж байхад цагаан өнгийн жип машин туслах замаас орж ирж мөргөсөн тухайн жолоочийн буруутай үйлдлээс болж осол гарсан.  Миний автомашиныг мөргөсөн жолооч нь миний үеийн эрэгтэй хүн байсан бөгөөд цагдаа дуудахгүй засуулаад өгье гэхээр нь зөвшөөрч... 5 сая гаруй төгрөг болж байсан” гэсэн мэдүүлэгээр тогтоогдсон гэж  үзэж байна. (1-р х.х-ийн 107-108-рт, 2-р х.х-ийн 161-рт)

Шүүгдэгч ******* нь төрийн хөрөнгөөр  худалдан авсан  автомашиныг жолоодож явахдаа осол гаргаж автомашинд хохирол учруулсан тохиолдолд “Хөдөлмөрийн тухай” хуульд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээх замаар өөрийн хөрөнгө, цалин хөлсөөр  сумын Засаг даргын  тамгын газарт  учирсан   хохирлыг нөхөн төлж барагдуулах нь хуульд нийцэх байжээ.

Гэтэл Засаг дарга   санхүүгийн анхан шатны бүрдүүлэлтгүйгээр “Өгөөж баянхангай” ХХК-ийн Засаг даргын тамгын газарт гэрээний дагуу хандив гэж өгсөн 5 сая төгрөг бэлэн авч  өөрийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж  Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан "төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах" гэснийг зөрчсөн гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 

 Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэж тус тус заажээ.

Шүүгдэгч *******ын ******* сумын Засаг даргаар буюу Төрийн улсын төрийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай, " авто машин худалдан авах" 30.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг иргэн байгуулсан, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "" ХХК-ийн захирал авто машин худалдан авахад зарцуулна гэж 5.000.000 төгрөгийг бэлнээр хувьдаа авсан  үйлдэл нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна. 

Иймд шүүгдэгч Д.ыг Нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь заавал хохирол шаардахгүй  төгсдөг,  хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тусгай субьекттэй  гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл: Авилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д  зааснаар Сумын засаг дарга нь нийтийн албан тушаалтан юм.

Субьектив талын шинжийн хувьд: Нийтийн албан тушаалтан  нь өөрийн үйлдлыг хууль бус шинжтэй болохыг мөн  түүнээс учрах хор уршгийг   ухамсарлаж мэдсэн,  мэдэх үүрэг бүхий  албан тушаалтан учраас  *******ыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль 2017 оны 07-р сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш  буюу  2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр,  2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр  шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна.

  *******  2017 оны 03-р сарын 07-ны өдөр А/32 тоот захирамж гарган Үнэлгээний хороог байгуулсан ба энэ Үнэлгээний хорооны гишүүд  2017 оны  06 сарын 05-ны өдөр ,    2017 оны  06 сарын 13-ны өдрүүдэд  хуралдсан  хурлын тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан эсэх талаар гэрчийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь шүүгдэгч *******ын үйлдэлтэй холбоогүй тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгчийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн   263 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн гэм буруутай гэж үзэх хуулийн үндэслэлгүй гэж үзлээ. Прокуророос *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн   22.1 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийн шаардлагад  нийцжээ

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч О.Мөнхбаяр  "" ХХК-ийн  хандивт өгсөн 5 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд буцаан төвлөрүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.(х.х-ийн 90-рт)

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 5 сая төгрөг гаргуулан ******* сумын орон нутгийн хөгжлийн санд оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх  шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул   эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй  байна.

Шүүгдэгч  *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй   Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн   22.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж зааснаар  шүүгдэгч *******т торгох ял дээр нэмж оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,   36.6, 36.7, 36.8  дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө, бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялын 7,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ******* төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******т нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар   шүүгдэгч *******т торгох ял дээр нэмж 02 жилийн хугацаагаар оногдуулсан нийтийн албанд томилогдох  эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******аас 5,000,000 төгрөг гаргуулан ******* сумын засаг даргын тамгын газрын орон нутгийн хөгжлийн санд олгосугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг  тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

                            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.САРАНТУЯА