Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

 

 

 

 

 

   

                                 

      2022         10           05                                       2022/ШЦТ/181

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

         Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Дд холбогдох эрүүгийн 2219003240263 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Э.Д

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Э.Д нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 32-74 УАТ улсын дугаартай, Тоёота приүс-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ж.Дгийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ... гэв.

          Хохирогч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие гэр бүлийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар  багт оршин суудаг ба Дорноговь аймагт очиж биеэ эмчлүүлэх зорилгоор Дорноговь аймагт амьдардаг хүргэн Дыг машинтай нь дуудсан. Манай хүргэн, охин, зээ нар ирж бид 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймаг руу явсан. Өдөр 13 цагийн үед Дорноговь аймгийн Дэлгэрэх сум орж, цаашаа Сайншанд сум руу гарсан. Ойролцоогоор 60 км орчим яваад машин осолд орж онхолдсон ... Би өөрөө Дыг ажилтай байхад нь дуудаж ирүүлсэн ба болгоомжгүй зүйл болсон. Надад гомдол санал байхгүй  ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 77 дугаар хуудас/,

          Гэрч О.Ренчингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Дэлгэрэх сумаас 14 цагийн орчим гарсан. Тэгээд би унтсаар явсан. Цочиж сэрээд харахад машин хөрвөөд босчихсон байсан. Тэгээд гараад харахад машины жолооч талын урд талын дугуй хагарсан, хойд талын дугуйны нуух мултарсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

          Гэрч А.Нарантунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Дэлгэрэх сумаас гараад 2 цаг гаран явсны дараа гэнэт машин эргээд осол болсон. Машинаас гараад харахад урд талаараа машин эвдэрч гэмтсэн байсан. Тэгээд ээжийг урд талын суудлаас буулгах гэхэд баруун талын өвдөгнөөс үл ялиг цус гарсан байсан ба баруун талын хавирга өвдөөд байна гэхээр нь ээжийгээ хэвтүүлээд түргэн тусламж дуудсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 08 дугаар сарын 04-ний өглөө Сайншанд сум руу гарсан. Өдөр 11 цагийн үед Дэлгэрэх сум орж, бензин аваад ойролцоогоор 30 минут болоод Сайншанд сум руу хөдөлсөн. Дэлгэрэх сумаас 60 км яваад зам дээр бага зэрэг шавар тогтсон байсан ба тэр хэсгээр гарах гэтэл миний машин жолооч тал руугаа шарваж, тэр чигтээ яваад машин 1 бүтэн эргээд 4 дугуй дээрээ зогссон ... Манай хадам ээжийн баруун талын 3 хавирга хугарсан байна, Улаанбаатар хот руу явж хагалгаанд орох шаардлагатай гэсэн  ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 75 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 02/0369 дугаартай  “Ж.Дгийн биед хүзүүний С5-р нугалмын их биеийн арын доод хана дайрсан, зүүн талын неврал арк дайрсан зөрөөтэй, арын сэртэн дайрсан зөрөөгүй хугарал, баруун 6, 7, 8-р хавирганы далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,

          Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас/,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас/,

          Хохирогч Ж.Дгийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримтууд /хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас/,

          Техникийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,

          Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн магадалгаа /хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Э.Д нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 32-74 УАТ улсын дугаартай, Тоёота приүс-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ж.Дгийн биед хүнд хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна гэж үзэв.

Иймд хэрэгт авагдсан, талуудын шинжлэн судалсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч Ж.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлтдээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргаж, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.         

         Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.

        3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг, жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

         4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА