Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 02233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Ц ББСБ” ХХК/РД: /-ийн  нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: “Х” ХХК/РД/-д холбогдох

 

64 166 667 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх  хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болд-Эрдэнэ, өмгөөлөгч Р.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч “Х” ХХК/рд: 6175473/ нь 2018 оны 1-р сарын 18-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай ЗГ-201818 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50 000 000/тавин сая/ төгрөгийг сарын 5/тав/ хувийн хүүтэй, 14/арван дөрөв/ хоногийн хугацаатай зээлсэн.

Бидний хооронд байгуулагдсан 2018 оны 01 сарын 18-ны өдрийн 201818 дугаартай Зээлийн гэрээний 3.8-д “Зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүнээс нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч үл маргах журмаар энэхүү гэрээний 2.4-т заасан хэмжээгээр төлнө” гэж заасан.

Гэтэл зээлдэгч “Х” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлэн, зээл хүүний төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй байна.

Зээлдэгч нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нь дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 50 000 000/тавин сая/ төгрөг,

Хүүний үлдэгдэл: 11 583 334/арван нэгэн сая таван зуун наян гурван мянга гурван гучин дөрөв/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 2 083 333/хоёр сая наян гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөг,

Зээл олголтын шимтгэл: 500 000/таван зуун мянга/ төгрөг,

Нийт 64 166 667/жаран дөрвөн сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоон/ төгрөг зээлийн өр төлбөртэй байна.

Дээр дурьдсан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ-201818 дугаартай Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 зээлдэгчийн зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг ББСБ-д үл маргах журмаар төлөхийг шаардах эрхтэй. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.4-д “Зээлдэгч гэрээний 1.2.11 дахь заалтад заасан ноцтой зөрчил гэж “Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх ерөнхий хугацааг хэтрүүлсэн, зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацааг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг ойгоно” гэж тус тус заажээ.

Иймд зээлдэгч “Х” ХХК-тай  байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ-201818 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх өр төлбөрийг гаргуулахаар танай шүүхэд  хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Тус банк бус санхүүгийн байгууллагын зүгээс шүүх хурал болох хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх замаар зээлдэгч “Х” ХХК-иас нэхэмжлэх болно.

Хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

Зээлдэгч “Х” ХХК-аас 2018 оны 01 дүгээр сарын №8-ны өдрийн ЗГ-201818 дугаартай зээлийн гэрээний өр төлбөрт нийт 64 166 667/жаран дөрвөн сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоон/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950/дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийн хамт гаргуулах.” гэв.

 

Нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК-ийн өмгөөлөгч Р.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад хүлээн зөвшөөрч байгаа, татгалзаж байгаа баримтаа ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан үндсэн зээл 50 000 000/тавин сая/ төгрөгийг, хүү 11 583 334/арван нэгэн сая таван зуун наян гурван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 2 083 333/хоёр сая наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг, зээл олголтын шимтгэл 500 000/таван зуун мянга/ төгрөгийг, бүгд 64 166 667/жаран дөрвөн сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Х” ХХК-д 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “Х” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн боловч хариуцагч “Х” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр № ЗГ-201818 Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.3, 2.4, 2.6-д зааснаар нэхэмжлэгч нь 50 000 000/тавин сая/ төгрөгийг 5/тав/ хувийн хүүтэй, 14/арван дөрөв/ хоногийн хугацаатай, нэмэгдүүлсэн хүүг 20/хорь/ хувиар тооцохоор хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь зээлийг 14/арван дөрөв/ хоногийн хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээсэн болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, Чингис хаан банкны 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн төлбөрийн баримтын хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 50 000 000/тавин сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь үндсэн зээл 50 000 000/тавин сая/ төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь Гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн М01 мэдэгдэл болон 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн М5 мэдэгдлийн хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

 

Хариуцагчаас үндсэн зээлийн төблөрт 50 000 000/тавин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үндсэн хүүнд 11 583 334/арван нэгэн сая таван зуун наян гурван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээ болон хавсралт 1-т зааснаар хариуцагч нь 50 000 000/тавин сая/ төгрөгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хүүнд 1 166 666/нэг сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээ болон Гэрээний хавсралт №1-ийн хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Зохигчид Гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хувь хэмжээг заагаагүй байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүүг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагчаас зээлийн хүүнд 1 166 666/нэг сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 10 416 668/11583334-1166666=10416668/ /арван сая дөрвөн зуун арван зургаан мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүнд 2 083 333/хоёр сая наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 2-ын 2.4, 3-ын 3.8-д зааснаар зохигчид үндсэн хүүний 20/хорь/ хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “... гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно ...” гэж заасан.

 

Гэрээ болон Хавсралт 1-т заасан хугацаанд хариуцагч нь зээл, үндсэн хүүг төлөөгүй байх тул нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүүнд 2 083 333/1166666x20%=233333.2, 233333:14хоног=16666, 16666х140хоног=2333240/ /хоёр сая наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээ болон Хавсралт 1-ийн хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл олголтын шимтгэл 500 000/таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 3-ын 3.9-д зааснаар зохигчид зээл олголтын шимтгэл үндсэн зээлийн 1/нэг/ хувь байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагчаас зээл олголтын шимтгэлд 500 000/таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлд 50 000 000/тавин сая/ төгрөгийг, хүүнд 1 166 666/нэг сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 2 083 333/хоёр сая наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг, зээл олголтын шимтгэлд 500 000/таван зуун мянга/ төгрөгийг, бүгд 53 749 999/50000000+1166666+2083333+500000=53749999/ /тавин гурван сая долоон зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 10 416 668/64166667-53749999=10416668/ /арван сая дөрвөн зуун арван зургаан мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас бүгд 53 749 999/тавин гурван сая долоон зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК-д олгон, үлдсэн 10 416 668/арван сая дөрвөн зуун арван зургаан мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас бүгд 53 749 999/тавин гурван сая долоон зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК-д олгон, үлдсэн 10 416 668/арван сая дөрвөн зуун арван зургаан мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 426 699 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ