Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨ

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,

Улсын яллагч Н.Бадам,

Хохирогч Ц.Б/цахимаар/,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох эрүүгийн 22330002800..  дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг ....суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .........аймагт жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт .... тоотод оршин суух,  Б.Г РД:.......,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г... нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн .....сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ц.Б.... маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний толгойн тус газарт гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г....... нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн ........сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ц.Б...... маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний толгойн тус газарт гараараа олон удаа цохиж  хохирогчийн эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславч муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г...... өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр цагаан сарын өдөр байсан. ...... суманд хөдөө  аавынхаа дүүгийн очиж золгох гээд явж байхад дэлгүүрийн гадаа зогсоод би золголтын архи аваад өгөөч гэж хэлсэн. Эхнэр чадахгүй өөрөө ав гээд тэр зүйлээс болоод маргалдаад цохисон. Манай эхнэр машины жолооны ард сууж байсан. Гарынхаа араар толгой руу нь 2 удаа цохисон. Манай эхнэр хэрүүл хийх болгондоо манай ах дүү нарыг доромжилдог.Танай тэр ах чинь эхнэрээсээ салсан, энэ ах чинь эхнэрээсээ салсан гэж. Салж хүмүүст би ямар хамаа байхав дээ. Би хүүхдүүддээ сайн аав нь байна аа.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Б....... өгсөн: “...2022 оны 02 сарын 02-ны өдөр шинийн нэгний өдөр байсан. Бид хоёр 3 хүүхдээ аваад манай нөхрийн ахынд очиж золгоод Б...... сумын төв дээр ирээд өөр айлд золгох гэж байсан. Дэлгүүр дээр зогсоод намайг архи аваад ир гэхээр нь чи өөрөө аваад ир гэхэд миний нүүр лүү 3 удаа цохисон. Намайг машинаас чирч татсан. Манай 4 хүүхэд хойно сууж байсан. Тэгээд өөрөө хашаа даваад цаашаа яваад өгсөн. Чи хаачих гэж байгаа юм бэ гэхэд хот явна гэсэн. Хүүхдүүд хүртэл ааваа суучих гэж зөндөө хэлсэн. Би уйлж очиж зөндөө гуйхад машинаа гадаа намайг дахиж цохисон. Би сүүлдээ хамаатны эгч рүү ярихад машинтай ирээд аваад явсан. Чи яадаг юм гээд уурлаад гэр лүүгээ яваагүй. Манай хүүхэд ээжээ явъя гэсэн. Тэр өдөр миний зүрх толгой аягүй их өвдсөн. Манай нөхөр өмнө нь миний толгойг хагалж байсан. Жирэмсэн байхад хүртэл гар хүрч байсан. Чамайг харахаас уур хүрээд байна гээд Манай хадам аав 4 сарын 6-ны өдөр өөд болсон. Өөр хүүхэнтэй болоод 2, 3 жил гэртээ ирээгүй. Би ганц эмэгтэй хүн 4 хүүхдээ хараад нуруун дээрээ бүх ачааг үүрч байгаа. Өөр хүүхэнтэй болсон юм шиг байна. Нөгөө хүүхэн нь гичий минь зайл гэсэн. Эхний 2 жил зөндөө удаа Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ. Харахад би зүгээр байгаа мөртөө Хүнийг өрөвдөхгүй бол би энэ хүнийг хайрлахгүй. Би 6 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Гарч ирсний дараа миний араас төмөр юм авч шидсэн. Хүүхдүүддээ уурлаж загнаж гар хүрдэг. Хүүхэд нь ханиад хүрсэн гэхэд ерөөсөө тоодоггүй, өөрийгөө бодоод Би ямар ч юм энэ хүнээс гуйгаагүй. Би уучлалт гуйгаад гэртээ хүрээд ирэх юм болов уу гэхэд ирээгүй. 2021 онд 3 удаа гэртээ ирж хоносон. 2022 он гарахад хэд хоног цагаан сараар ирсэн. Тэгээд ерөөсөө ирээгүй. Би 4 хүүхэдтэй хүн салаад Өөрөө миний үгийг ерөөсөө авахгүй байна. Би салах бодол байхгүй. Чи хаана байна хотод байна уу хамт ажил хийе, уулзъя гэхээр тоодоггүй, Би 2 бага хүүхдээ цэцэрлэгт зөөгөөд 2 том хүүхдээ сургуульд зөөдөг. Манай аав ээжийг амьдралд оролцлоо гэдэг. Манай аав, ээж хүүхдүүд харж тусалдаг. Энэ хавар үнэхээр хэцүү байсан манай гэр бүл мөнгө төгрөггүй. Энэ хүн зээл авсан юм шиг байна лээ. Тэр мөнгөөр 1 угаалгын өрөө янзалсан байна лээ. Эмч намайг хамрын хагалгаанд ор гэсэн. Би цонхоо онгойлгож унтахгүй бол хамар битүүрдэг. Би бамбайтай сүүлийн үед хүндэрсэн. Сүүлийн 2 жил миний биеийн байдал,  сэтгэл санаа хэцүү байгаа. Манай хадам эгч манай хүүхдүүдийг хөдөө гэртээ авч ирээд харья гэсэн. Мөнгө төгрөг ч өгөхгүй хэцүү байна. Би үнэхээр гомдолтой байна. Намайг хамрын хагалгаанд ороорой гэсэн. Уул нь шүүх хуралд би очъё гэхэд зав гарсангүй. Манай ээжийн бие муу байгаа тул би очиж амсангүй цахимаар орж байна...” гэх мэдүүлэг,

           Мөрдөн байцаалтад

1. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл

2. Хохирогч Ц.Б...... ...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Б.... сумд өөрийн  нөхөр Г, дөрвөн хүүхдийнхээ хамт Г.... эгчийнд очиж золгох гээд замдаа Б.... сумын төв дотор дэлгүүрийн урд зогстол манай нөхөр Г...... явж байгаад намайг архи аваад ир гэхээр нь би "чи өөрөө ороод авчихаа" гээд хэлсэн чинь уурлаад миний толгой руу гараа зангидаж байгаад 2 удаа цохиод авсан юм. Тэгэхээр нь би уйлаад " чи яаж байгаа юм бэ" гээд хэлсэн чинь Г..... машиныхаа хаалганы хажууд ирээд хаалга онгойлгоод намайг "Чи машинаас буу" гээд татахаар нь би буугаагүй юм. Тэгсэн чинь цаашаагаа зам руу очоод хот явна гээд зам дээр гараа өргөөд зогсоод байсан юм. Би тэгэхээр нь машинтайгаа хажууд нь очиж зогсоод Г...... "чи наанаа юу хийгээд байгаа юм бэ явъя машиндаа суу" гэсэн чинь суухгүй байсан юм. Тэгснээ хүний машинд суугаад яваад өгсөн юм. Тухайн үед машин дотор манай том хүү О... /11 настай/ дунд хүү А.... /8 настай/ бага охин М...... /5 настай/ бага хүү А.... /3 настай/ нар байсан юм. Өөр хүн дэргэд байгаагүй юм. Г...... намайг цохих үед би машин дотор жолоочийн суудал дээр сууж байсан юм. Харин Г....... жолоочийн хажуугийн урд суудал дээр сууж байсан харин хүүхдүүд маань арын суудал дээр сууцгааж байсан юм. Тэр үед Г....... архи уучихсан байсан болохоор жолоо бариагүй би жолоо барьж явж байсан юм. гэх мэдүүлэг (хавтаст 0000091 хэргийн 9-10, 47-48 тал),

3.Насанд хүрээгүй Гэрч Г.О..... ...Цагаан сарын шинийн 1 ний өдөр байсан санагдаж байна аав Б.Г... ээж Ц........ гурван дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Б....... суманд айлд очих гээд машинтайгаа явж байхад аав нэг л ууртай байсан Машиныг ээж жолоодоод аав урд жолоочийн эсрэг талын суудал дээр суусан байсан, гурван дуу бид дөрөв арын суудал дээр байсан. Тэгээд айл руу очихын өмнө дэлгүүрийн гадна зогсоод машин дотор байж байхад ир гэсэн чинь ээж орохгүй гэж хэлэхэд аав ээжийг дэлгүүр лүү ороод архи аваад гараад аав ээжийн нүүр хэсэг рүү нь таван удаа гараа атгаж байгаад цохиод ээжийн хамраас нь цус гарсан. Тэгээд аав машинаас буугаад яваад өгөхөөр нь ээж дүү бид нар Эрдэнэт хот дахь гэртээ ирсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар тал),

4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №143 дугаартай "Ц.Б....... биед тархи доргилт, хамрын таславчны мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. хамрын таславчны мурийлт бүхий гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Тархи доргилт хамрын таславчны мурийлт нь тус бүрдээ эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-26 дугаар тал),

           5. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 58-64 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Г........ холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бэхжүүлж, цуглуулж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэж бичсэн байсан. Шүүх хуралдаанд хохирогч оролцож  гэмт хэрэг гарсан өдрийг 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэж мэдүүлж байгаа бөгөөд хавтаст хэргийн 07 дугаар хуудаст авагдсан хохирогчийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол дээр гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 02 дугаар сарын 02 гэж, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эрх бүхий албан тушаалтны авсан мэдүүлгийн тэмдэглэлд хохирогч 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буюу цагаан сарын шинийн нэгэн гэж тодорхой бичиж мэдүүлсэн бол насанд хүрээгүй гэрч Г........ “ цагаан сарын шинийн нэгэн гэж “ гэмт хэрэг гарсан өдрийн талаар тодорхой мэдүүлсэн /хавтас 1, хуудас 67/  байна. Иймд гэмт хэрэг гарсан цаг хугацаа 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болох нь тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн  хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас учирсан, хохирол хор уршгийг гэмт хэрэгт тооцно”  гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Г....... нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Б...... толгойн тус газарт гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь  Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.2-т заасан хамаарал бүхий  хүний  сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлдэг.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийл гэж тодорхойлсон.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулах, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэх бол сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг нь  мөн  хуулийн  үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг байна. Шүүгдэгч Б.Г........ нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Б..... эсрэг бие мах бодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг.

Хохирогч Ц.Б......... биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт бүхий учирсан гэмтэл нь  шүүгдэгч Б.Г....... санаатай үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь тодорхой цаг хугацаанд давтамжтайгаар үйлдэгдэж байдаг нийгэмд аюултай гэмт хэрэг юм.

Иймд улсын яллагчийн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх байдлуудыг дүгнээд  шүүгдэгч Б.Г...... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай гэж дүгнэлээ.

Иргэний нэхэмжлэлийн хувьд хохирогч зардал, хамрын зураг авхуулсан 58.000 төгрөг, цаашид  хамрын  хагалгаа хийлгэх зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г...... нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Б.Г.... нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 70-р хуудас/ гаргасныг прокурор хянаад 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай /хавтаст хэргийн 76/-аар хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гаргасан байна.

Шүүгдэгч Б.Г...... холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г..... 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 2 сарын хугацаанд төлөх  шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г........ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн 450.000 төгрөгийг 2 сарын дотор төлж барагдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Г.....авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Ялтан Б.Г........ нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Хохирогч Ц.Б...... нь хамрын зураг авхуулсан 58.000 төгрөг, цаашид  хамрын хагалгаа хийлгэх зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г...... нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг шүүхээс гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   А.НАРАНТУЯА