Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/722

 

 

 

 

 

 

 

2022           09           28                                        2022/ШЦТ/724

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Э.С- түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оюунбаатарын өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас М овогт Э-ын С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105001181258 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймаг Баянгол суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр М овогт Д-ын Ц- гэсэн эцэг, эхийн нэр, нэрээ өөрчилсөн М овогт Э-ын С-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.С- нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ИИ ХХК-нд эм бэлтгэгч, эд бараа хариуцагчаар ажиллаж байхдаа Нитрил М №50 загварын 1 удаагийн үзлэгийн бээлий 460 хайрцаг, Хонивэлл /Honeywell/ №50 загварын 1 удаагийн үзлэгийн бээлий 24 хайрцаг зэрэг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж 15,534,006 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оюунбаатарын “... 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орой 21 цагийн үед манай тооцооны ажилтан Х.Анхбаяр над руу яриад бараа хариуцдаг ажилтан Ц- нь өөрийн хариуцсан бараанаас 460 хайрцаг 14,720,000 төгрөгийн нэг удаагийн үзлэгийн бээлийг 2020 оны 12 дугаар сарын 06-наас 08-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амарсанаагийн гудамж 9 тоотод байрлах ИИ ХХК-ны байрлах ажлын байрнаас аваад маргааш мөнгө нь ороод ирэхээр зарлагыг нь бичүүлнэ гээд нэг удаагийн бээлий авсан. Гэвч одоог хүртэл мөнгийг нь өгөөгүй, төсвийн байгууллагад өгчхөөд одоог хүртэл мөнгийг нь авч чадахгүй байна гээд мөнгийг нь төлөхгүй байна гэхээр нь би ямар учраас зээлээр бараа өгч, зөвшөөрөлгүй гаргасан талаар лавлахад тооцооны ажилтан Б.Оюунжаргал нь зөвшөөрч өгч явуулсан байсан. Би 2 хоногийн дараа мэдээд ямар нэг баримтгүй бараа гаргаж болохгүй гэдэг үүднээс зарлагын баримтыг нь Орхонтуулын нэрээр хэвлэж гаргасан гэж Анхбаяр надад хэлэхээр нь би Ц- руу яриад ямар учраас зөвшөөрөлгүй зээлээр бараа авсан, мөн ямар учраас падан бичүүлээгүй талаар лавлахад надад би бээлийг төсвийн байгууллагад өгсөн, тэгээд мөнгө нь ороод ирэхээр нь зарлага гаргуулна гэж бодсон юм гэж хэлэхээр нь би ямар төсвийн байгууллагад өгсөн юм гэж лавлахад Таван богд гэхээр нь би Таван богд төсвийн байгууллага биш гэхэд надад Таван Богдын охин компани Энержи ХХК гэхээр нь би Таван Богдод Энержи гэх охин компани байхгүй гэхэд манай эгч ажилладаг юм, манай эгч 1 дэх өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөнгийг нь гаргуулаад өгнө гэж хэлээд түүнээс хойш надтай холбоогүй болсон. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш би энэ талаар мэдснээс хойш Ц- ажилдаа ирээгүй.

          ... Манай байгууллагас Ц- нь 460 хайрцаг нэг удаагийн Малайз улсад үйлдвэрлэгдсэн бээлийг авсан. Нэг бүрийн үнэ нь 32,000 төгрөг буюу нийт 14,720,000 төгрөг. Мөн сүүлд 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тооллогоор манай байгууллагаас Америк улсад үйлдвэрлэгдсэн 24 хайрцаг нэг удаагийн бээлий дутсан. Нэг бүрийн үнэ нь 36,000 төгрөг нийт 864,000 төгрөг болж 484 хайрцаг бээлий нийт 15,584,000 төгрөгийн хохирол учруулж хувьдаа завшсан байна. Иймээс дээрх төлбөрийг нэхэмжилнэ. Ц- нь манай байгууллагад эд хариуцагч, бэлтгэгч, олгогчоор ажиллаж байсан. Ажилд авсан тушаал бий. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал/

 

          Гэрч Х.Анхбаярын “... 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би Оюунжаргалаас ээлжээ авчхаад байж байхад Оюунжаргал миний хажууд өөрийн ээлжний тооцоог хийж байсан. Тэр үед утас дугарч гаднаас захиалга ирж бээлий асуусан. Тэгээд бээлий байгаа эсэхийг тооцооны программаас харахад 460 хайрцаг бээлийний үлдэгдэл байсан тул би бээлий байгаа гэдгийг хэлэхэд Оюунжаргал хажуунаас бээлий байхгүй, Ц- бүгдийг нь авсан гэж хэлсэн. Тэгээд би Оюунжаргалд зарлага гаргалгүй бээлий өгсөн байна гэхэд нэхэмжлэхээр төрийн байгууллагаас мөнгө орж ирнэ, тэгээд мөнгө нь орж ирэхээр зарлагаа гаргаад тооцоог нь хийе гэж хэлсэн. Мөн Ц- гар падан бичиж өгсөн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тухайн бээлийний зарлагыг өөрийн нөхөр Орхонтуулын нэр дээр гаргасан. Тэгээд би Ц- ирэхээр нь түүнд хандаж чи зарлагагүй 460 хайрцаг бээлий авч явсан байна, би зарлагыг нь гаргачихлаа мөнгийг нь хэзээ өгөх вэ гэхэд Ц- надад өнөөдөр юм уу, маргааш мөнгө орж ирэнгүүт нь төлчихнө гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би ээлжин дээрээ дахин Ц-оос бээлийний мөнгийг асуухад хараахан мөнгө орж ирээгүй байна, төрийн байгууллага учраас их уддаг юм байна, би мөнгө нь орж ирэнгүүт нь өгчихнөө гэж хэлсэн. Үүнээс хойш 2020 оны 12 дугаар сарын 14, 16-ны өдрүүдийн аль нэг өдөр нь Ц-той ээлжин дээрээ гарч байхдаа түүнээс 460 хайрцаг бээлийний мөнгө яасан их удаж байна гэдгийг хэлэхэд надад би 460 хайрцаг бээлийгээ Отгонцэцэгт хүлээлгээд өгчихсөн, та мэдээгүй юм уу гэсэн. Тэгээд үүнийг нь Оюунжаргалд Ц- бээлий буцаасан гэж байна, орлогыг нь аваарай гэж хэлээд би ээлжнээс буугаад маргааш нь ажлын хуралд ирэхэд Оюунжаргал Ц-ыг бээлийг буцаагаагүй гэдгийг хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал/

 

          Гэрч Б.Оюунжаргалын “... 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед манай Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ИИ ХХК-ын бараа бэлтгэдэг ажилтан Ц- нь над дээр орж ирээд нэг удаагийн бээлий их сайн зарагдаж байна, Анхбаяр борлуулагч дээр зарлагыг нь гаргаад маргааш тооцоог нь хийе гэж хэлээд гар падан бичээд 460 хайрцаг бээлийний зарлага гаргаад авахаар болсон. Тухайн үед агуулах хариуцсан ажилтан Орхонтуул, үйлчлэгч Даваасүрэн, бэлтгэгч Ганчимэг нар байсан.

          ... Тухайн үед Анхбаяраас авсан барааны мөнгийг өгөөд байсан тул итгэсэн. Мөн надаас авсан 169 хайрцаг бээлийний тооцоог хийж байсан тул итгээд өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

          “... Улмаар дахин 18 цагийн үед дахин ирээд 460 хайрцаг бээлийний падан бичүүлж зарлагыг гаргуулаагүй. Тооцоог хийлгүй надад нэг хувь падан үлдээж, өөр нэг хувийг нь аваад явсан. Миний хувьд зарлага гаргаж падан бичдэг. Харин барааг би агуулахаас өөрөө тоолж 460 хайрцаг бээлийг өгсөн. Харин Даваасүрэн, Орхонтуул, Ганчимэг нар зөөж гөргөж өгсөн.

          ... Тухайн үед би зарлагаа гаргана гэхэд би маргааш Анхбаяр эгч болон өөрийн ээлжин дээрээ зарлагаа гаргаад тооцоог нь хийнэ гэж хэлж авсан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй.

          ... Миний бие болон Анхбаяр захиалга авч, зарлагын падан гарган үйлчлүүлэгч болон Ц-, Ганчимэг, Отгонцэцэг нарт өгдөг. Тухайн гар паданы дагуу Ц-, Ганчимэг, Отгонцэцэг нарт өгдөг. Тухайн гар паданы дагуу Ц-, Ганчимэг нар барааг бэлдэж тоолоод Отгонцэцэг тухайн барааг дахин тоолж, шалгаж үзээд барааг гаргадаг. Харин 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ц- 460 хайрцаг бээлийг өгөхдөө би гар падан бичин түүний дагуу барааг нь бэлдээд тоолж түүнд хүлээлгэж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал/

 

          Гэрч Б.Отгонцэцэгийн “... 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр надаас бараа авахдаа Оюунжаргалтай тооцоо хийгээд мөнгө барьчихсан байсан. Би тооцоо дансыг хийдэггүй. Надаас бараа авахдаа мөнгийг нь одоо ороод ирэхээр нь хийнэ гэж байсан. Харин агуулахад үлдсэн барааг аваад тооцоог хийсэн үгүйг мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. / 1дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал/

 

          Гэрч Ө.Даваасүрэнгийн “... Намайг ажил хийж байхад Ц- намайг энийг зөөгөөд өгөөч гээд Оюунжаргал намайг зөөгөөд өгчих гэхээр нь би 3 том хайрцагтай нэг удаагийн бээлий зөөсөн. Хичнээн хайрцаг нэг удаагийн бээлий байсныг би мэдэхгүй байсан. Ямарч байсан том хайрцаган дотор нэг удаагийн жижиг хайрцагтай бээлий байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтас хэргийн 38 дахь тал/

 

          Гэрч Д.Ганчимэгийн “... Тэгэхэд 2 давхарын шатны хажууд жижиг хайрцагтай бээлийг том хайрцагт хийгээд гарахад бэлдсэн байсан. Тэгэхэд Ц- намайг тухайн бэлдэж тавьсан байсан хайрцагтай бээлийг гаргалцаад өгөөч гэж хэлсэн. Тэр үед нь би тухайн хайрцагтай бээлийг Ц- болон Даваасүрэн нарын хамт доошоо 1 давхар руу үүд рүү зөөж өгсөн.

          ... Тухайн байгууллагад бараа бэлтгэгч туслахын ажил хийдэг. Миний хувьд 2 давхраас Оюунжаргалаас падан ирэхээр нь тухайн паданы дагуу барааг бэлтгэж өгдөг ажил хийдэг. Харин барааг бэлтгэсний дараа Отгонжаргал ахлах цааш гаргадаг юм. Миний хувьд ээлжинд гардаг бөгөөд Оюунжаргалын хамт нэг ээлжинд гардаг.

          ... Анхбаяр, Оюунжаргал нар нь манай байгууллагын захиалга хүлээн авагч бөгөөд захиалгын дагуу падан гаргаж өгдөг. Тухайн паданы дагуу Ц- болон би барааг бэлтгэж өгөөд Отгонжаргал гэгчээр шалгуулан барааг тоолуулан цааш байгууллагаас гаргадаг. Орхонтуул нь манай байгууллагын эм бэлтгэгч. Дуусаж байгаа бараа бүтээгдэхүүнийг өөр агуулахаас хангаж авчирдаг. Бямбажав нь манай байгууллагын үйл ажиллагаа хариуцсан менежер хийдэг. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/

 

          Гэрч Д.Бямбажавын “... Тухайн бараа бүтээгдэхүүнийг Оюунжаргал өгсөн боловч бараагаа тоолоход манай байгууллагаас нийт 460 хайрцаг нэг удаагийн бээлий авсан. Мөн үүн дээр хэлэлгүй цөөн тоогоор нийт 24 хайрцаг нэг удаагийн бээлий авч явсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал/

 

          Гэрч Д.Байгалмаагийн “... Миний хувьд тухайн байгууллагаас ямар нэг бараа бүтээгдэхүүн болон нэг удаагийн бээлий авсан удаа байхгүй. Ямар нэг падан надад байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/

 

          Гэрч Ц.Лхамжавын “... Миний төрсөн эгч Туяа нь 13 дугаар хороололд эмийн сан ажиллуулдаг байж байгаад гадаад улс руу буюу Швед улс руу явахаар болоод надад нэг удаагийн үзлэгийн найман хайрцаг бээлий, мөн бэлэн хувцас зэрэг зүйлс үлдээсэн байсан. Тэгээд надад тухайн үед нэг утасны дугаар өгөөд аваачаад өг гээд тухайн хүнд аваачиж өгөхөд миний дансыг аваад 236,000 төгрөг хийж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал/

 

          Тэд аудит ХХК-ны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/Ж/21-1 дугаартай аудитын “...5. ИИ ХХК-ны ажилтан Д.Ц- нь ИИ ХХК-нд 15,534,000=00 төгрөгийн хохирол учруулсан гэх магадлалтай байна. ...” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 142-149 дэх тал/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай:

          “... 8. Тэд аудит ХХК-ны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/Ж/21-1 тоот аудитын дүгнэлт нь тухайн үед аудитад ирүүлсэн санхүүгийн нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй байна. Учир нь шинжилгээгээр ИИ ХХК-ны ажилтан Д.Ц-ын хариуцаж байсан бараа борлуулалтын тооцоог тулган шалгахад 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны хооронд байгууллагаас нийт 26,440,476.24 төгрөгийн бараа авч борлуулан, төлбөрийг бэлнээр 1,154,500 төгрөг, өөрийн харилцах данснаас байгууллагын харилцахад 9,751,970 төгрөг, нийт 10,906,470 төгрөгийг барагдуулж 15,534,006.24 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 153-159 дэх тал/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №2258 дугаартай:

          “...3. ... хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Ц- гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирч байна. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 164-183 дахь тал/

 

          Кости эстимэйт ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлан. /2 дахь хавтаст хэргийн 197-199 дэх тал/

 

          Э.С-ийн яллагдагчаар өгсөн “... Үүний дараа 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр билүү 07-ны өдөр байх 460 хайрцаг нэг удаагийн үзлэгийн бээлий мөн 24 хайрцаг нэг удаагийн үзлэгийн бээлий авч facebook хаягаараа зарж борлуулан уг зарсан мөнгөө хувийн хэрэгцээнд зарцуулсан. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч ИИ ХХК-ны ажлынхантай ярилцаж тохиролцож мөнгийг нь буцаан өгнө. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 191-194 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Э.С- нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ИИ ХХК-нд эм бэлтгэгч, эд бараа хариуцагчаар ажиллаж байхдаа Нитрил М №50 загварын 1 удаагийн үзлэгийн бээлий 460 хайрцаг, Хонивэлл /Honeywell/ №50 загварын 1 удаагийн үзлэгийн бээлий 24 хайрцаг зэрэг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж 15,534,006 төгрөгийн хохирол учруулжээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.С- нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

ИИ ХХК-нд 15,534,006 төгрөгийн хохирол учирсан нь Тэд аудит ХХК-ны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/Ж/21-1 дугаартай аудитын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан тул шүүгдэгч Э.С-ээс 15,534,006 төгрөг гаргуулж ИИ ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Нөгөө талаар шүүх хуралдаанд улсын яллагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,600,000 төгрөгийг гаргуулах дүгнэлт гаргасан боловч энэ талаарх санхүүгийн баримт байхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцох боломжгүй байна.

Учир нь Засгийн Газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 1 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнөх шатанд гарсан зардлыг мөрдөгч, прокурор, ...  тус тус тооцож, тухай бүр тэмдэглэл үйлдэн баталгаажуулна. Мөрдөгч, прокурор, ... зардлыг баталгаажуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бичгээр гаргасан нэхэмжлэлийг харгалзаж болно” гэж, мөн 3.2 дахь хэсэгт Мөрдөгч, прокурор, ... энэхүү журмын 3.1-д заасан тэмдэглэлийг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын маягтыг бөглөн тухайн байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, эсхүл дээд шатны даргаар хянуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана” гэж заасан ба дээрх заалтуудыг хангаагүй болно.

Гэхдээ эрх бүхий этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Э.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.С- нь одоо жирэмсэн болох нь өвчний түүх, хэт авиан оношлогоо зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа мөн 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр төрсөн хүү Гантөгсийн Төгсбуянт бага насны хүүхэдтэй зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулав.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Э.С- нь өмнө нь М овогт Д-ын Ц- нэртэй байсан ба 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн ОНӨ-ийн 1119000012-рт М овогт Э-ын С- болгон өөрчилсөн тухай Иргэний бүртгэлийн ерөнхий газарын Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн Дугаар 206/000049 “Ургийн овогт, эцэг /эх/-ийн нэр өөрчилсөн тухай лавлагаа” /2 дахь хавтаст хэргийн 24 дэх тал/ авагдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Э-ын С-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.С-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.С- шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжлүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгохыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.С-ээс 15,534,006 төгрөг гаргуулж ИИ ХХК-нд олгосугай.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн эрх бүхий этгээд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ