Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 82

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Хохирогч: Ш.Оюун,  

            Хохирогчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

            Шүүгдэгч: Б.Нэргүй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Бурдууд овгийн Бямбажаргалын Нэргүйд холбогдох эрүүгийн 201620000309 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл-7, нөхөр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ОД75072826, Бурдууд овгийн Бямбажаргалын Нэргүй.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Нэргүй нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Ш.Оюунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

       1. Хохирогч Ш.Оюуны  хэрэг бүртгэлтэд өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би бэлчээрт байсан тугалаа хариулчихаад гэрлүүгээ явж байтал манай хонины бэлчээрт Наваантаяын хонь орчихсон бэлчээрлэж байсан. Тэгээд би хонины дэргэд яваад очиход Наваантаяын охин Сэлэнгэ хонио хариулаад явж байсан. Би түүнтэй уулзаад  “Хонио цааш эргүүлээд туугаад яв, яагаад манай мал бэлчээдэг газарт малаа оруулсан юм” гэж хэлэхэд Сэлэнгэ надад хандан “Мэдрэл муутай юм уу, энэ чинь манай хонь бэлчээдэг газар” гэж хэлээд ээж рүүгээ утсаар залгаж ээжийгээ дуудсан. Тэгтэл удалгүй Нэргүй нь нөхөр Наваантаяын хамт мотоциклоор ирсэн. Тэгээд Нэргүй нь  барьж ирсэн жижиг гэрийн униараа  миний нуруун тус дал хавиар болон толгой тус газарт цохисон. Тухайн үед миний толгой манарч бие эвгүй болоод мориноосоо унах шахсан. Цохиулснаас болж толгой өвдөж нүүр нүд хаван ихтэй байсан тул маргааш нь багийн эмчид үзүүлээд сумын эмнэлэгт очиж хэвтэж 4 хоног эмчлүүлсэн, дараа нь аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 5 хоног, Онош хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Би шинжээч эмчийн 608 тоот дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Одоо миний толгой бага зэрэг өвдөж байгаа. Намайг зодсон хүнд гомдолтой байна. Б.Нэргүй нь миний эмчилгээний зардал, эмнэлгийн төлбөрийг төлж барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг  /хх-ийн 19-20-р тал/,

       Хохирогч Ш.Оюуны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Миний биеийн байдал сайжирсан. Б.Нэргүй нь надаас уучлалт гуйж миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн 5 хоногийн төлбөр 312000 төгрөг, Онош хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 181500 төгрөг, мөн 66800 төгрөгийн эм тариа авч өгсөн, эмнэлэгт хэвтэж байхад бэлнээр 150000 төгрөг өгсөн. Мөн цаашид эмчилгээ хийлгэхэд зориулж 1300000  төгрөгийг нэмж өгсөн, цаашид нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Би Б.Нэргүйг уучилж , бид 2 эвлэрсэн. Малын бэлчээрээс болж ийм асуудал гарсан” гэх мэдүүлэг,

       2. Гэрч О.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би малаа хариулаад явж байтал Оюун эгч Наваантаяын охинтой маргалдсан. Тэгж байтал Наваантая нь эхнэр Нэргүйгийн хамт ирж Нэргүй нь Оюун эгчийг жижиг гэрийн униар толгой болон дал тус газарт нь цохисон. Нэргүй нь Оюун эгчийг бэлчээрийн маргаанаас болж цохисон гэж бодож байна. Нэргүй нь Оюун эгчийн нуруу болон толгой тус газарт нь жижиг гэрийн униар 2 удаа цохисон нь үнэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

 

       3. Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №608 дугаартай шинжээчийн дүгнэлтэд : “Үзүүлэгч Ш.Оюуны биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, духны баруун дээд хэсгийн хуйханд хавдартай, 2 нүдний эргэн тойрон хар хөхөрсөн, зүүн далны дээр эмзэглэлтэй, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Урьд нь бэртэл, гэмтэл, хууч өвчин байхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох дүрэм, журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэжээ /хх-ийн 15-р тал/,

 

            4. Хохирогч Ш.Оюуны эмчлүүлсэн талаарх Эмчийн тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 32, 33-35-р тал/,

 

            5. Шүүгдэгч Б.Нэргүйгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р тал/,

 

            6. Увс аймгийн Зүүнговь сумын 2-р багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 125 тоот Тодорхойлолт /хх-ийн 40-р тал/,

 

            7.  Шүүгдэгч Б.Нэргүйгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би нөхөр Наваантаяын хамт багийн дарга Тогтохбаярын гэрт очиж айргийн эх аваад тэднийхээс гараад явах гэж байтал манай охин Сэлэнгэ над руу утсаар залгаад “Манай хонийг Оюун эгч уулын энгэрт ээрчихээд явуулахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр Наваантаяын хамт айргийн эхээ гэрт хүргэж тавьчихаад охин Сэлэнгийн хонь хариулж байсан газарт яваад очиход охин маань уйлчихсан зогсож байсан. Би юу болсон талаар асуухад : “Би тугалаа хариулаад иртэл манай хонь энэ айлын бэлчээр лүү яваад орчихсон байхаар нь би очоод авах гэтэл Оюун эгч намайг хэл амаар доромжилсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Оюун эгчид “Саваа дагуулаад мал идүүлж болдоггүй юм уу” гэхэд Оюун эгч “Өвөлжөөнийхөө баруун талаар биш урд талаар нь малаа бэлчээ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Маргалдаж байгаад би Оюун эгчийг жижиг гэрийн униар дал нь тус газарт нь хударсан. Тэгтэл Оюун эгч хойноос морины богино цагаан аргамжаар миний толгой дундуур ороолгоход би эргүүлээд гарыг нь цохих гэхэд унины үзүүр Оюун эгчийн толгойн тус газарт нь цохичихсон. Тэгээд би тухайн үед Оюун эгчээс уучлалт гуйж, эвгүй харьцсанд уучлаарай, би уул нь таны гарыг цохих гэсэн юм” гэж хэлсэн. Оюун эгч бид хоёр нэг сум, нэг багийн, айл саахалт амьдардаг хүмүүс учир нэгнээ сайн мэддэг . Өмнө нь бид бас бэлчээрээс болж маргаж байсан. Мөн энэ айлын том болсон эрэгтэй хүүхдүүд нь манай охидыг эвгүй үгээр доромжилж хэлсэн байсныг би сонсоод гомдож бухимдсан байсан, иймэрхүү үл ойлголцсон асуудлаас болж би уураа барьж дийлэлгүй Оюун эгчийг зодож гэмтээсэндээ харамсаж байна. Шинжээч эмчийн 608 тоот дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Оюун эгчийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн  эмчилгээний төлбөрт 312.000 төгрөг, хувийн эмнэлгийн төлбөрт 181500 төгрөг өгсөн. Мөн 66.800 төгрөгийн эм тариа авч өгсөн, эмнэлэгт хэвтэж байхад нөхөрт нь бэлнээр 150.000 төгрөг өгсөн. Мөн цаашид хийлгэх эмчилгээний зардалд 1300000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж  байна. Ийм асуудал болно гэж бодож төсөөлөөгүй.  Би Оюун эгчээс уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн. Цаашид бид энгийн сайхан харилцаатай байна гэж бодож байна”  гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

           Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Нэргүй нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Ш.Оюунтай малын бэлчээр булаацалдсанаас буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ш.Оюун, гэрч О.Даваадорж нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №608 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

                  Шүүгдэгч Б.Нэргүй, хохирогч Ш.Оюун нар Зүүнговь сумын 2-р багт айл саахалт амьдардаг, тухайн үед хохирогч, шүүгдэгч нар малын бэлчээрээс болж маргалдсан нь нотлогдсон,  шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Оюуны бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Б.Нэргүй нь гэм буруугаа ойлгож ухамсарлан хохирогчоос уучлалт гуйж, хохиролд нийт 1.860.300 төгрөг өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан, хохирогч Ш.Оюун нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

                 Шүүгдэгч Б.Нэргүй анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж гэм хорыг арилгасан, хохирогч Ш.Оюун нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Нэргүйд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

                  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй  байна.  

                       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Бурдууд овгийн Бямбажаргалын Нэргүйг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Б.Нэргүйд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар  Б.Нэргүйг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Нэргүйгээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Нэргүйд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН