Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00263

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02211 дүгээр шийдвэртэй, Д.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХНХЯанд холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еребулан, Б.Эрдэнэмөнх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний Б\25 дугаар тушаалаар Ховд аймаг дахь “Хөгжил Политехник коллеж”-ийн захирлаар томилогдсон ба ажиллах хугацаанд хариуцсан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажлыг сайжруулах, суралцагчийн эрдэм, мэдлэгийг дээшлүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, авъяас чадвар, ажлын туршлага болон бүх нөөц боломжоо дайчлан зүтгэсэн. Үүний үр дүнд байгууллага нь салбарын хэмжээнд ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн амжилтыг гаргасан. Ямар нэгэн байдлаар хариуцлага алдаж, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар ажил үүргээ хангалтгүй биелүүлж, муу үнэлгээ авсан гэх хууль бус үндэслэлээр ажлаас халсан ба уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилсон.

Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилогдоод удаагүй байхад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/79 дугаар “Ажлаас халах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн “ажиллагсдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, байгууллагын өр авлага нэмэгдүүлсэн, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр удаа дараа хязгаарлалттай дүгнэлт авч байсан, санхүүгийн хяналт шалгалтаар өгсөн зөвлөмж, үүрэг даалгавар, албан шаардлага, актыг биелүүлээгүй нь тогтоогдсон” гэх үндэслэлээр дахин ажлаас халсан.

Ажил олгогч нь ажлаас халах тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэх, “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” эсэхийг тушаалд нэрлэн дурдаагүй учир ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаагаа ойлгоогүй. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15 дугаар зүйлд: “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтална. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр, тушаал, тогтоол, захирамж гаргана” гэснийг сайд Н.Номтойбаярын Б/79 дугаартай тушаал ноцтой зөрчсөн.

Иймд ХНХЯанд холбогдуулан эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч ХНХЯанд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/79 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх" нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/79 дүгээр тушаалд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2 дахь заалт, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар 8.4.13, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.7, 14 дүгээр зүйлийн 14.4.1, 14.4.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.3, 16.5 5 дахь заалтыг тус тус баримталсан. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу захиргааны хэргийн шүүх хянаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болохоор хуульчилсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” нь захиргааны байгууллага болохыг хуульчилсан. Иймд уг хэрэг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Бг Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ХНХЯнаас 2 948 534 төгрөг гаргуулж Д.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг ХНХЯны удирдлагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 62 126 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн харъяалал зөрчсөн. Нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан хаагч боловч үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг байсан. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар гомдлоор үүсэх иргэний хэргийн талаар тодорхой зохицуулалт байхад шүүх хэрэглээгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7029 дугаартай нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан тул иргэний хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэхээс өөр аргагүй гэсэн утгатай шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө захиргааны хууль тогтоомжийг баримталсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 8.4.13-т заасан эрхийнхээ хүрээнд тушаал гаргаж байгаа тул иргэний шинжтэй харилцаа биш, зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, захиргааны хууль тогтоомжид заасан зөрчлийг үндэслэн ажлаас чөлөөлж байгааг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх ёстой.

Хөдөлмөрийн гэрээ байхгүй байхад зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тайлбар авч хэргийг шийдвэрлэх ёстой байсан ч гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/91 дугаартай тушаалаар төрийн өмчит политехник коллежийн захирал нартай үр дүнгийн гэрээ байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгасан. Нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сард эмнэлгийн магадлагаагаар чөлөө авах хүсэлтээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт өгсөн байдаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хөдөлмөрийн эсхүл үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг байсан бөгөөд үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилладаг байсны хувьд улсын байцаагчийн актуудын талаар, ямар зөрчил дутагдал гаргадаг байсан талаар тодорхой тайлбар авч болох байсан.

Хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдохгүй байна, ажил олгогч нэхэмжлэгчид өмнө нь сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг буруу хэрэглэсэн. Хөдөлмөрийн зөрчилд биш, захиргааны хуулиудад заасан зөрчлүүдэд улсын байцаагчийн актууд тавигдсан, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналтын байгууллага тул хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байгаа нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт ойлгомжгүй, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож буй атлаа ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зөрчсөн, зөрчөөгүй талаар дүгнэлт хийгээгүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй гэсэн атлаа хөдөлмөрийн маргаан гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн зэрэгт гомдолтой тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Хөдөлмөр, ниймийн хамгааллын яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 2 948 534 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Бг Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.7, 14 дүгээр зүйлийн 14.4.1, 14.4.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.3, 16.5.5-д заасныг үндэслэсэн байна. /1хх 10/

 

Дээрх тушаалд зааснаар нэхэмжлэгч Д.Бг “багш, ажилчдын мэдээллийн мөрөөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хийсэн шалгалтаар ажиллагсдыг ажлаас үндэслэлгүй чөлөөлж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, байгууллагын өр авлага нэмэгдүүлсэн, санхүүгийн тайлангийн дүгнэлтээр хязгаарлалттай үнэлэлт авч байсан, үүрэг даалгавар, албан шаардлага, актыг биелүүлээгүй нь тогтоогдсон” гэж үзжээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлснийг буруу гэх агуулгаар хийсэн дүгнэлт хэргийн баримтаар тогтоогдсон.

 

Хариуцагчаас тушаалын үндэслэлээ болгосон нэхэмжлэгч Д.Бгийн гаргасан гэх зөрчлийн талаарх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн актыг “хууль бус болсон” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 13-2/4364, 13-2/4365 дугаар албан бичиг хэрэгт авагджээ. /1хх 13-14/

 

Түүнчлэн Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь Хөгжил политехник коллежийн санхүүгийн үйл ажиллагааг шалгасан танилцуулгаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоосноос хойшхи хугацаанд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын 2016 оны санхүүгийн үйл ажиллагааны байдалд шалгалтыг хийсэн байх тул /1хх 164-180/ нэхэмжлэгч Д.Бг тушаалд дурдсан буюу ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ захиргааны байгууллагын гаргасан эрхийн актыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх байтал иргэний хэргийн шүүх шийдвэрлэсэн нь хэргийн харъяалал зөрчсөн гэж үзжээ.

 

Хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №128/ШЗ2017/7029 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж авагдсан. Уг захирамжийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч Д.Б нь ижил шаардлага бүхий нэхэмжлэлийг ерөнхий харъяаллын буюу Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан, тус шүүх тухайн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь тогтоогдсон байна. /1хх 73-75/

 

Иймд энэ талаарх хариуцагчийн гаргасан тайлбар, гомдол үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА