Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 812

 

  Т.Б-д  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Мөнхтулга,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1242 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Мөнхтулгын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлээр Т.Б-д  холбогдох эрүүгийн 1908 01946 0637 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Т-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ........... аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эрүүл мэндийн статистикч мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Т.Б нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ...... дүүргийн .. дугаар хороо, .......... хорооллын .дугаар байрны ... тоотод байрлах гэрийнхээ үүдэнд С.Л-г түлхсэний улмаас хананд толгойгоо цохиж, С.Л-н биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Б-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхээс яллагдагч Т.Б-д  холбогдох эрүүгийн хэргийг хянаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэж үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, хохирогч С.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад: “............” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “О” хорооллын 38, 47, 48 дугаартай байрнуудын ашиглалтыг хариуцан ажилладаг. Тэгтэл 48 дугаар байрны .. тоотын оршин суугч нь ус, дулаан ашиглалтын төлбөр төлөхгүй. Шаардлага тавихаар шүүхдээд ав гээд байдаг. Бид хуулийн дагуу сар болгон өр, төлбөр төлөх талаар мэдээлэл хүргүүлж, утсанд нь мессеж бичиж, мэдэгдэл удаа дараа тараасан. ...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хагас сайн өдөр би өөрийн биеэр очиж уулзахад 30 орчим насны эмэгтэй гарч ирээд “мэдэж байгаа ээж, аавтайгаа холбогдоод хэлье” гэхээр нь би “миний дэргэд ярьчих” гээд хэлтэл “чи зайл аа” гээд энгэрээс хоёр гараараа зуураад түлхсэн... Би ус, дулаан ашигласны төлбөрөө төл гэж шаардлага тавьсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Эрхэмтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би С.Л-тай нэг компанид ажилладаг. ...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр менежер надтай хамт ...Орчлон хорооллын ...48 дугаар байрны 100 тоотод амьдрах айлын хүнтэй уулзаж ус, дулааны мөнгөө хугацаанд нь төлөх талаар... уулзаж байгаад сүүлдээ тэр айлын эмэгтэй хэрэлдэж эхэлсэн... Тэр айл ус, дулааны төлбөрөө өгөхгүй жил гаран болж байгаа би урьд нь 4-5 удаа очиж мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг, яллагдагчаар Т.Б-н  мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр буюу бямба гарагт хүү Билгүүний хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 48 дугаар байрны 100 тоотод гэртээ амарч байтал 12 цагийн орчим хаалга тогшсон. Тэгэхээр нь хэн бэ гэхэд орон сууцны байцаагч байна гэхээр нь хаалгаа онгойлготол бас нэг хүнтэй манай гэр лүү дайраад орж ирэх гээд байсан. “Яах гэж байгаа юм” гэтэл “байрны мөнгөө төлөөгүй байна” гэхээр нь би “төлөхгүй биш төлнө өө” гэхэд орж ус хаана гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг тус тус авагдсан байна.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт зорилго”-ыг мөрдөгч бүрэн тогтоосон гэхэд эргэлзээтэй бүхий байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч Т.Б-н  үйлдэлд Эрүүгийн хуулийн өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг зайлшгүй шалган тогтоохгүйгээр тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзээд хэргийг прокурорт очтол Т.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Мөнхтулга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан бөгөөд хэргийн хүрээнд өөр ямар төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох, ямар ажиллагаа хийх зэрэг нь ойлгомжгүй. Гэмт хэрэг гарах цаг хугацаанд Т.Б нь тохиолдлын шинжтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас, нөгөөтэйгүүр хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байхад шүүгдэгч Т.Б-н  эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг прокурорт буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1242 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Т.Б нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ............ тоотод байрлах гэрийнхээ үүдэнд С.Л-ыг түлхсэний улмаас хананд толгойгоо цохиж, С.Л-ын биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой тул прокурор С.Мөнхтулгын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1242 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.