Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/732

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Б.Б- түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Б-ын Б-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205025221992 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүэг ... дүгээр хороо ... дугаар хороолол, ... дүгээр байр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Б-.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80/8 дугаар байрны 04 тоотод хохирогч Б.Ж-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг гараараа цохих зэргээр зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ:

“Байрны түрээсийн барьцаа авна гэсэн. Тухайн миний түрээсэлж байсан байр бясаатай байсан юм. Бясааны хор дөрвөн удаа цацсан. Хоёр хорны мөнгийг чи өгчих гэсэн. Би 60,000 төгрөг өгчих л гэж хэлсэн. Илүү дутуу юмгүй салъя гэж хэлсэн. Залуу хүн тул ойлгох л байх гэж бодсон. Цахилгаан, байрны мөнгө төлөөгүй гэж тасална гээд хэлж байсан. Ярих гээд хааяа залгахаар утсаа авдаггүй.

Би өөрөө л уг асуудлыг зохицуулдаг. Намайг заамдаж цохисон. Миний цамцны товч хүртэл тасарсан. Энэ залуу намайг 2-3 удаа цохисон. Аргагүйн эрхэнд солгой гараараа би 2-3 удаа цохисон. Миний цохиулсан газар хавдсан. Уг явдал болсноос 6-7 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ж- мэдүүлэхдээ:

“Байрны түрээсийн барьцааны мөнгөний асуудлаас болж маргаан үүсэн. Тухайн үед би эхнэр, охины хамт явж байсан. Энэ хүн өөрөө ёс бус зан гаргасан. Намайг заамдсан. Би охиноо нэг гартаа хөтөлсөн байсан. Эхнэр салгаж цагдаад өгсөн. Би насаараа толгойн MRI-д орох боломжгүй болсон. Хацрын мэдрэх чадвараа алдсан тул хохирлоо яаралтай авмаар байна.

Нийт 3,950,000 орчим төгрөгийн хохирол байгаа. Үүнээс мэс засалд 2,000,000 төгрөг, нүдний имплант 1,500,000 төгрөг шинжилгээ, үзлэгийн зэрэг мөнгө орсон. Б- гэх хүн надад мөнгө өгөөгүй байгаа” гэв.

 

Хохирогч Б.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн “ ... Тухайн өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 80/8 дугаар байрны 4 тоотод түрээслэгчтэйгээ гэрээ дууссаны дагуу байраа хүлээж авах гээд очсон. Түрээслэгч Б-той барьцаа мөнгөний суутгал, бясааны хортой холбоотой асуудлаас болж маргалдсан. Би тухайн үед эхнэр хүүхдийн хамт явж байсан. Маргалдаад байж байхад манай байрыг түрээслэгч Б- намайг заамдаж аваад баруун нүдний доод төвгөр ясан тус газарт 1 удаа, баруун нүд, хамар хоёрын дундах нүдний ухархай хэсэгт 1 удаа, толгойн ар талын дагз хэсэгт 1 удаа тус тус цохиж гэмтэл учруулсан. Дундуур нь манай эхнэр болох Жавхлан орж ирээд цагдаад дуудлага өгсөн.

Гомдолтой байна. Өөрт учирсан хохиролд эмчилгээний зардлуудыг гаргуулах болон баримтыг хэргийн явцад гаргаж өгнө. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дэх тал/

“... Хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд оролцоно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дэх тал/

 

Гэрч И.Жавхлангийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2022 оны 4 дүгээр сарын 20-ноос 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянгол дүүрэгт байрлах байраа гэрээ хийж Б- гэх хүнд 3 сарын хугацаатай түрээслүүлсэн.

2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн гэрээ дуусч уг байраа хүлээж авах гээд очих үед тухайн байрыг маань түрээсэлсэн иргэн Б- барьцаа мөнгө болох 550,000 төгрөг дээрээ нэмж 600,000 төгрөгийг нэхэж хэрүүл маргаан эхэлсэн. Үгийн зөрүүгүй манай нөхөр болох Ж-гийн нүүрэн тус газарт нь 2 удаа, толгой руу нь 1 удаа цохиод авсан. Би тэгээд цагдаа дуудсан. Манай нөхөр Ж-, 4 настай хүүхдээ хөтөлсөн байсан болохоор өөдөөс нь бол ямар нэгэн сөрөг хөдөлгөөн хийгээгүй. Ер нь үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Би шууд цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10387 дугаартай:

“1. Б.Ж-гийн биед баруун хоншоор ясны өмнөд хана, ухархайн доод ханын цөмөрсөн далд хугарал, баруун доод зовхинд шарх, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 29-30 дахь тал/

 

Б.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80/8 дугаар байрны 4 тоот байрыг надад түрээслүүлсэн Б.Ж- гэх залуу ирсэн.

Тухайн өдөр уг байрны түрээсийн гэрээ дууссан байсан. Би тухайн байрны эзэн Ж-д түлхүүрийг нь хүлээлгэж өгөх гэж байсан. Тэгээд би тухайн байрны эзэнд хандаж би уг байрыг түрээслэх хугацаандаа 4 ширхэг 30,000 төгрөгийн үнэтэй бясааны хор цацсан. Уг төлбөрөө авах санал тавьж маргаан эхэлсэн. Уг байрны эзэн Ж- миний тавьсан саналыг эсэргүүцэж надтай маргалдаж намайг хэл амаар доромжилсон. Бид хоёр маргалдах үед Ж- намайг боогоод миний нүүрэн тус газар баруун нүдний доод хэсэгт 4-5 удаа цохисон. Би цааш түлхэх гээд миний гар хүрэхгүй байсан. Намайг заамдаж боосон байсан. Би тэгэхээр нь зүүн гараараа нүүрэн тус газарт нь 1-2 удаа цохисон. Бид хоёр маргалдаад зодолдож байхад Ж-тэй хамт явсан эмэгтэй салгаж цагдаа дуудсан.

... Би хийсэн үйлдэлдээ хамарсаж байна. Ахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогч болох Ж-г хохиролгүй болгоно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80/8 дугаар байрны 04 тоотод хохирогч Б.Ж-тэй орон сууц түрээсийн гэрээний төлбөрөөс болж маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь баруун хоншоор ясны өмнөд хана, ухархайн доод ханын цөмөрсөн далд хугарал, баруун доод зовхинд шарх, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б- нь Б.Ж-гийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Б.Ж- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 3,955,200 төгрөг /хэргийн 48-49 дүгээр тал/ нэхэмжилжээ.

 Үүнээс эрүүл мэндийн даатгалын газраас төлсөн 1,320,000 төгрөгийг, шүүгдэгч, хохирогч нарын хоорондоо хохиролд тооцуулахаар тохирсон түрээсийн төлбөрийн барьцаа 600,000 төгрөгийг хасч үлдэх 2,084,500 төгрөгийг хор уршигт тооцож шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-оос 2,084,500 төгрөг гаргуулж хохирогч Б.Ж-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ