Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

 

 

 

   

                                

      2022         10           05                                        2022/ШЦТ/180

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан

Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А.Тт холбогдох эрүүгийн 2219000000262 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , бүрэн бус дунд боловсролтой, Барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ач зээ,хүүхдийн  хамт Х овогт А.Т /

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Т нь 2022 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ... гэрт хохирогч В.Гтой хардалтын улмаас маргалдаж улмаар түүний биед хайч барин халдаж эрүүл мэндэд “...зүүн мөр, зүүн бугалга, зүүн алганы хонхорт шарх гэмтэл..” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч А.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, гэм буруугаа ойлгож, гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

         Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 04-09 дүгаэр тал),

 

        Хохирогч В.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ханбаянзүрх хайрхан дээр гэртээ байж байгаад өдөр 16:00 цагийн орчимд би гадаа байдаг лангуун дээр очиход манай эхнэр А.Т хүргэн ах Жавхаа ахтай хамт гадаа лангуун дээр юм аа зарж байхдаа Жавхаа ахын бие нь өвдөөд байна гэхээр нь сэржмийн 100 гр Ерөөлийн архи уусан гэж хэлсэн. Би тэгэхээр нь эхнэрээ дахиж битгий уугаарай гэж хэлээд гэртээ орсон байсан чинь орой гэрт орж ирэхдээ согтуу орж ирэхээр одоо унтаж амар хань нь шөнийн суудал тосоод хэдэн /аялж байгаа/ хүн аваад ирье гэсэн чинь манай эхнэр А.Т чи хэдэн янхан руугаа явах гэж байгаа биз дээ гээд над руу хэрүүл өдөж эхэлсэн. Би тэгээд чимээгүй байсан чинь улам их хэрүүл өдөөд байхаар нь бид 2 хэрэлдсэн чинь манай эхнэр гэрийн зүүн урд талд байсан цаасан хайрцгаас хайч гаргаж ирээд баруун гартаа хайч барьж байгаад чамайг ална гэж хэлээд над руу дайраад миний зүүн гарын мөр, булчин, зүүн гарын алган дээр хэд хэдэн удаа зүсэж гэмтээсэн. Би тэгээд өөрийгөө хамгаалж баруун хөлөөрөө өөдөөс нь өшиглөж байгаад дийлдэхгүй байсан чинь манай хүү 6 настай Нямка гэрээс гараад хойд айлын эгч Баянжаргалыг дуудсан чинь Баянжаргал эгч уйлаад эхнэр бид 2-г салгахаар нь би Баянжаргал эгчийн хажуугаар нь зугтаад гэрээс гарч явсан. Би гэрээс гараад ертөнцийн зүгээр урагшаа зам дагуу гүйж байхдаа хүргэн ах Жавхаа руу залгаад цагдаа, эмнэлэг 2 дуудаарай гэж хэлсэн удалгүй цагдаа нар ирээд намайг эмнэлэг дээр буулгаад манай эхнэр А.Тийг цагдаа руу авч явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

 

Гэрч Т.Баяржавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ханбаянзүрх уулан дээр лангуу ажиллуулдаг болохоор өдөр 12:00 цагийн орчимд очиж гадаа лангуун дээрээ зогсож байгаад 15:00 цагийн үед миний гэдэс гүйлгээд байсан болохоор гадаа лангуун дээр хамт зогсдог А.Т, Отгонтуяа 2 гэдэс чинь өвдөөд байвал 100 гр архи уучихвал зүгээр болно гэж хэлэхээр нь 100 гр сэржмийн ерөөл 1 жижиг шилтэйг уусан би тэр жижиг архинаас ууж байгаад Отгонтуяа, А.Т нарт жаахан амсуулсан. Би тэр жижиг архи ууж дуусгачихаад 00 орж ирчихээд миний гэдэс гайгүй болохоор нь өөрийнхөө машин дотроо ороод унтаад өгсөн. Би 2 цаг гаран унтаад 18:40 минутын үед босоод 00 орж бие засчихаад лангуун дээрх юм аа хураагаад орой 20:00 үед гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байхад 22:00 цагийн үед миний гар утас руу манай хүргэн дүү Г залгаад яаралтай эмнэлэг, цагдаа дуудаарай А.Т намайг хэд хэдэн газар хутгалчихлаа гэж хэлээд утсаа тасалсан дахиж залгасан чинь утас нь холбогдоогүй...Намайг сэрэхэд А.Т, Н.Отгонтуяа нар нь бага зэрэг согтуу байсан.” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 16 дугаар тал),

 

          Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №02/0403 дугаартай “... 1. В.Гийн биед зүүн мөр, зүүн бугалга, зүүн алганы хонхорт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт  (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 41 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

        

Шүүгдэгч А.Т нь 2022 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ханбаянзүрх уулын сахиулын гэрт хамтран амьдрагч  В.Гийг галт тэрэгнээс хүн тосохоор явлаа гэхэд нь “янхан руугаа явах гэлээ” гэж хэлэн үүнээс тэдний хооронд маргаан үүсч  гэрийн зүүн урд талд цаасан хайрцагт байсан үйлийн хайчийг авч хохирогчийн биед  халдаж эрүүл мэндэд нь“...зүүн мөр, зүүн бугалга, зүүн алганы хонхорт шарх гэмтэл..” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч В.Г,гэрч Т.Баяржавхлан нарын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №02/0403 дугаартай  шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл,журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх,хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

            Шүүгдэгч А.Т, хохирогч В.Г нар нь хамтран амьдардаг,гэр бүлийн хамаарал бүхий этгээд боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч А.Т нь хохирогчийг байнга зодсон,харгис хэрцгий харьцсан,догшин авирласан зэрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Өөрөөр хэлбэл А.Т нь  хамтран амьдрагч В.Гтой хардалтын улмаас муудан тэдний хооронд маргаан үүссэнээс түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

          Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч В.Гоос: “... гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт/хавтаст хэргийн 46 дугаар тал/ болон хэрэгт хохирлын талаар гаргасан баримт байхгүй тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч А.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Т урьд  ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн,бага насны 2 хүүхэдтэй хамт амьдардаг/, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч А.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

           

Бусад асуудлаар:

Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь саарал өнгөтэй бариул нь улаан болон шар өнгөтэй, ажлын хэсэг дээрээ IVOT TP гэсэн бичигтэй 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч А.Тт оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй,цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь саарал өнгөтэй бариул нь улаан болон шар өнгөтэй, ажлын хэсэг дээрээ IVOT TP гэсэн бичигтэй 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН