Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1226

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             10             03                                                               

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Н.Ундрах,  

шүүгдэгч: Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Б.О-д  холбогдох эрүүгийн 0000000000000000 тоот хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                  

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ийн О /РД:00000000/,

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* аймгийн ****** гол суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Б М” ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 3, ах, эгч, нарын хамт Дархан-Уул аймгийн Ш сумын Х баг 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Ц төв дотор хохирогч Ч.Т-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас цээж хэсэгт олон удаа дэвсэн өшиглөх, нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр онц харгис хэрцгийгээр зодон эрүүл мэндэд нь зүүн 2,3,4,5,6,7,8,9,10, баруун 7-р хавирганд хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, зүүн чихний дэлбэн. цээж, зүүн мөр, бугалга, бүсэлхий, баруун, зүүн гуя, нуруунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Ц төв дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Т-ийг хардсаны улмаас цээж хэсэгт олон удаа дэвсэн өшиглөх, нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр онц харгис хэрцгийгээр зодон эрүүл мэндэд нь “зүүн 2,3,4,5,6,7,8,9,10, баруун 7-р хавирганд хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, зүүн чихний дэлбэн, цээж, зүүн мөр, бугалга, бүсэлхий, баруун, зүүн гуя, нуруунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.  

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               -хохирогч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутагт байрлах “Цогт” төвд байрлах зочид буудалд өөрийн танил Б.О гэх залуугийн хамт 13 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орсон. ...О намайг хардаад над руу дайраад намайг янхан авгай минь гэж хэлээд намайг 2022 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн үед газар унагааж байгаад хоёр хөлөөрөө цээж хэсэг рүү 10 гаруй удаа дэвсээд байсан. Мөн миний нүүр, хамар хэсэг гараараа цохиод байсан. Харин би хэдэн удаа цохисон талаараа санахгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-21-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Д-гийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай:

               “...1. Ч.Т-ийн биед зүүн 2,3,4,5,6,7,8,9,10. баруун 7-р хавирганд хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, зүүн чихний дэлбэн, цээж, зүүн мөр, бугалга бүсэлхий, баруун, зүүн гуя, нуруунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

               4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

               5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37-р хуудас/, гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.О-ийн яллагдагчаар өгсөн: “...Би Т-ийг газар унагааж хөлөөрөө цээж болон нуруу хэсэгт нь хөлөөрөө 5-7 удаа өшиглөсөн, би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэж /хавтаст хэргийн 46-48-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 64-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 66-р хуудас/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 73-р хуудас/, Бүрдэл майнинг ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 74-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 75-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 76-р хуудас/,  иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 77-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 78-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 79-87-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Д-гийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай дүгнэлтээр хохирогч Ч.Т-ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.О нь хохирогч Ч.Т-ийн эрх чөлөөнд халдаж, нүүрэн тус газар нь гараараа цохин, цээж хэсэгт нь олон удаа дэвсэн өшиглөсөн нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Мөн түүнчлэн шүүгэгч Б.О-ийн үйлдэл нь олон тооны цохих өшиглөх аргаар хохирогчийн биед олон хавирга хугарсан гэмтэл бүхий хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц харгис хэрцгий аргаар гэж заасантай нийцэх бөгөөд мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” хэргийг онц харгис хэрцгий аргаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.О-ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ч.Т нь хохиролд 500,000 төгрөг авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.О-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Харин хохирогчид учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Т гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Т-т олон тооны шарх, гэмтэл учруулж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-1.3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авахуулах саналтай, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх аргаа хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.О мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно....” гэв.  гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.О-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил хөдөлмөр эрхэлдэг /“Бүрдэл Майнинг” ХХК-нд цахилгаанчин ажилтай/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.  

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.О-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.О-д  шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. 

Харин шүүгдэгч Б.О-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг тэнсэх ялын нэг хоногоор тооцож /7х1/, эдлэх ялаас хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Б овогт Б-ийн О-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

   3. Шүүгдэгч Б.О 1 жилийн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Отгонтөрийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг тэнсэх ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялыг 11 сар 23 хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.О-д  шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

   6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Т гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.УРАНГУА