| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00459/И |
| Дугаар | 142/ШШ2018/00751 |
| Огноо | 2018-07-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2018/00751
| 2018 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 142/ШШ2018/00751 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, 16-р хороо, Велл март 75 дугаар байр 13 тоотод байрлах, У ББСБ ХХК-ний /Регистрийн дугаар: 5870097/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, ** тоотод оршин суух, Д овогт П-н Г-д /Регистрийн дугаар: **/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 2,484,191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч П.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанхуаран Хамтын хөгжил ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П овогтой Г нь тус Улаанхуаран Хамтын хөгжил хадгаламж зээлийн хоршооноос 2016.03.21 нд 1,2%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай 3,0 сая төгрөгийн зээл авсан. Зээлээ 2016/04/28 нд 277,000 төгрөг, 2016/08/30 нд 500,000 төгрөг, 2016,12,01 нд 300,000 төгрөг, 2017/1/06 нд 150,000 төгрөг, 2017/01/07 нд 200,000 төгрөг, 2017/06/13 нд 200,000 төгрөг тус тус төлсөн. Зээлийн хугацаа нь 2017/04/21 нд дууссан. Одоо үлдэгдэл нь 1,613,441,0 төгрөгийн дутуу байна. Нэмэгдүүлсэн хүү нь 2017/04/29 ны байдлаар 870750 төгрөг болсон байна. ,Иймд 2,484191төгрөг төлбөрийг П.Г аар төлүүлж манай Улаан-Хуаран хамтын хөгжил хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү?. Зээлийн төлбөрийн асуудлаар удаа дараа утсаар буюу албан бичгээр хандаж гэрээр нь очиж мэдэгдэж байсан боловч сүүлийн үед холбогдох боломжгүй хаяган дээрээ байхгүй болсон учир бид цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж энэ хаягийг олж тогтоосон болно гэжээ.
Хариуцагч П.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Улаанхуаран хамтын хөгжил ХЗХ-оос 3сая төгрөг зээлсэн нь үнэн. Гэхдээ нэхэмжилсэн мөнгөнөөс 1,200,000 төгрөг байх ёстой гэж үзэж байна. Учир нь авсан зээлийн маань үлдэгдэл 1,200,000 төгрөг байх ёстой гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 1,284,191 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанхуран-хамтын хөгжил ХЗХ нь хариуцагч П.Г аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 1,613,441 төгрөг, нэмэгдүүлсн хүү 870.750 төгрөг нийт 2,484,191 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 1,284,191 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч П.Г нь Улаанхуран-хамтын хөгжил ХЗХ оос 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөгийг сарын 1,2 хувийн, жилийн 14,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд комреросор 2 ширхэг, автомат мотор 2 ширхэг, хөөс цацагч зэргийг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн 9-14 дугаар хуудас дахь зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд, нэхэмжлэгч Улаанхуран-хамтын хөгжил ХЗХ нь Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-д зааснаар шаардах эрхтэй.
Талууд зээлийн гэрээ байгуулагдсан болон түүний хүчин төгөлдөр эсэх талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 1,627,000 төлсөн, одоо үндсэн зээлээс 1,613,441 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүү 870,750 төгрөгний нийт 2,484,191 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нийт 1,900,000 төгрөгийг төлсөн, 1,284,191 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч П.Г энэхүү үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 1,284,191 төгрөгийг төлөхгүй гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Гэвч 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч П.Г нь үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 240,441 төгрөг, нийт 3,240,441 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд талууд байгуулсан зээлийн гэрээндээ зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, алданги төлөх талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч П.Г аас 1,613,441 төгрөг гаргуулан Улаан хуаран-хамтын хөгжил ХЗХ-нд олгож,нэхэмжлэлийн шаардлагаас 870,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгэр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан П.Г аас 1,613,441 төгрөг гаргуулан У ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 870,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.800 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 40,765 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохбөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эсзөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдахгомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН