Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

 

    Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

хохирогчийн өмгөөлөгч С.А-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-,

шүүгдэгч Н.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ү-т холбогдох эрүүгийн 2213001010167 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, БИ............ регистрийн дугаартай, Т овогт Н-ын Ү-.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ү- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Б-Ц” ХХК-ийн “К-О” бараа нэртэй борлуулалтын салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллах явцдаа 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд компанийн барааг худалдан борлуулсан 12,843,262 төгрөгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч Х.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаас гадна яллах дүгнэлтийн хавсралтад хавсаргасан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байгаа. Иймд шүүгдэгч Н.Ү-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирогч тал хохирлыг бүрэн төлж арилгасан тул төлөх төлбөр байхгүй” гэв.

1.2. Шүүгдэгч Н.Ү- мэдүүлэхдээ: “Би  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж, өмгөөлөгчийн маань гаргасан саналыг харгалзан үзнэ үү”  гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж арилгасан байгаа. Харин зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлыг ашиглаагүй. Харин үйлдлээрээ гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан гэмт хэрэг биш  гэж үзэж байгаа. Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэж байгаа. Яагаад гэвэл шүүгдэгч шүүх хуралдааны явцад Г- гэдэг хүний зөвшөөрөлгүй уг бараануудыг лангуунаас авч чадахгүй гэдгийг мэдүүлсэн.  Мөн ажлын байрны тодорхойлолтод ч гэсэн  шүүгдэгчид лангуу руу орох эрх  нь байхгүй гэдгийг харуулж байгаа. Мөн энэ талаар өөрөө ч гэсэн тухайн байгууллагын захирал ч гэсэн мэдүүлээд байгаа.  Иймд улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан  гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж гэм буруутайд тооцож өгөхийг шүүхээс хүсэж байгаа” гэв.

 

2. Эрүүгийн 2213001010167 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. “Б-Ц ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ж-аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдөл, хавсралт материалууд /хавтаст хэргийн 05-11 дэх тал/,

 

2.2. “Б-Ц” ХХК-ийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 15-нь өдрийн 20 дугаартай “...Н.Ү-ийг Казахстан барааны худалдааны төлөөлөгч албан тушаалд томилох тухай...” тушаалын хуулбар /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

2.3. С.Ж-, Н.Ү- нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд /хавтаст хэргийн 15-20 дахь тал/,

 

2.4. “Б-Ц” ХХК-иас гаргуулан авсан зарлагын баримтууд /хавтаст хэргийн 22-27 дахь тал/,

 

2.5. Хохирогч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

2.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38, 44-45 дахь тал/,

 

2.7. Гэрч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,

 

2.8. Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,

 

2.9. Гэрч К.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,

 

2.10. Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,

 

2.11. Гэрч Б.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,

2.12. Гэрч Ж.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,

 

2.13. Гэрч А.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,

 

2.14. Шүүгдэгч Н.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэргийг,

 

2.15. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс:

2.15.1. “Б-Ц” компанийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

2.15.2. “Б-Ц” компани  захирлын тушаал /хавтаст хэргийн 14 дэх тал/ зэргийг, 

2.15.3. Хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 15 дахь тал/,

2.15.4. Ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

2.15.5. Гэрч нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн  хохирол төлсөн баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Харин шүүгдэгч Н.Ү- болон хохирогчийн өмгөөлөгч С.А- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Ү-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

    1. Хэргийн үйл баримт:

Шүүгдэгч Н.Ү- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Б-Ц” ХХК-ийн “К-О” бараа нэртэй борлуулалтын салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллах явцдаа 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд компани барааг худалдан борлуулсан 12,843,262 төгрөгийг завшсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. “Б-Ц ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ж-аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдөл, хавсралт материалууд /хавтаст хэргийн 05-11 дэх тал/,

 

3.1.2. “Б-Ц” ХХК-ийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 15-нь өдрийн 20 дугаартай “...Н.Ү-ийг Казахстан барааны худалдааны төлөөлөгч албан тушаалд томилох тухай...” тушаалын хуулбар /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

3.1.3. С.Ж-, Н.Ү- нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд /хавтаст хэргийн 15-20 дахь тал/,

3.1.4. “Б-Ц” ХХК-иас гаргуулан авсан зарлагын баримтууд /хавтаст хэргийн 22-27 дахь тал/,

 

3.1.5. Хохирогч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай ХХК нь сар болгон ажилтнаасаа тайлан мэдээг аваад тооцоогоо гаргадаг байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын сүүлийн мэдээ тайлангийн үед худалдааны төлөөлөгч ажилтай Н.Ү- нь мэдээ тайлангаа өгөхдөө мэдээгээ буруу өгөөд манай ХХК-иас бараа таваарыг бид нартай ямар ч харилцаагүй хүмүүст худалдан борлуулаад, мөнгийг нь бэлнээр авч өөрөө хувьдаа завшиж, мэдээ тайланд болохоор манайхаас бараа материал байнга авдаг иргэд дэлгүүрүүдийн нэрийг нь барьж тэд нарт зээлээр өгсөн гэж худлаа бичиг баримт бүрдүүлсэн байсан. Тэгээд бид нар “К” нэртэй дэлгүүрт их хэмжээний бараа материал зээлээр өгсөн гэх тайлангийн дагуу “К” дэлгүүрийн эзэнтэй утсаар ярьж та манайхаас бараа материал зээлээр авсан байгаа юу гэж асуухад бид нар танайхаас зээлээр бараа материал аваагүй байгаа гэж хэлснээр Н.Ү-ийн манай ХХК-иас бараа материал завшсан болох нь илчлэгдсэн. Н.Ү- нь манай ХХК-иас бараа материалыг аваад захиалагч байгууллуудад хүргэж өгөөд өөрийн хүргэж өгсөн барааныхаа тооцооны биелэлтийг өөрөө хариуцаж ажилладаг. Зарим сард тухайн байгууллагууд нь төлж чадаагүй ч дараагийн сард нь төлж барагдуулдаг тийм л ажил үүргийн хуваарьтай байсан. Н.Ү-ийн энэ удаагийн үйлдэл нь бол манай ХХК-тай харилцагч дэлгүүрүүдэд бараа материал хүргэж өгөөд тэр байгууллагуудад зээлээр өгсөн гэх падан бүрдүүлчихээд өөрөө бусад байгууллагуудад бэлэн мөнгөөр зарж борлуулаад мөнгийг нь хувьдаа завшсан асуудал байгаа юм. Н.Ү- нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,703,400 төгрөгийн барааг өөр хүний нэр дээр зээлээр бичээд мөнгийг нь хувьдаа завшсан, мөн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3,124,500 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 799,300 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,980,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 335,300 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8,735,400 төгрөг нийт 16,677,900 төгрөгийн барааг бусдад бэлэн мөнгөөр зарж борлуулаад мөнгийг нь хувьдаа завшиж хохирол учруулсан. Үүнээс 2,446,770 төгрөгийг эргэн төлсөн байгаа ба одоо нийт 13,218,332 төгрөгийн хохирол нөхөн төлөх ёстой” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

3.1.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын сүүл үед би Казакстан Орос барааны импортын ажил хариуцсан салбарын Нягтлан бодогч Г-аас зээлийн жагсаалтыг гаргуулж аваад Н.Ү-ийг дагуулж хоёулаа яваад хамт иргэдээс үлдэгдэл төлбөрүүдийг цуглуулж ирэх үү гэж хэлтэл, Н.Ү- нь надад хандаад “ах аа би энэ зээлүүдийг бүгдийг нь өөрөө цуглуулж аваад хувьдаа ашигласан байгаа, та захиралд хэлэхгүй байж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би түүнд хандаад би энэ асуудлыг мэдэхгүй чи захирлын өөртэй нь уулзаад учир байдлаа хэлээрэй гэж хэлээд захирал болох С.Ж-ад дагуулж ирсэн. Тэгээд С.Ж- захирал тус салбарын бүх ажилчдыг дуудаж цуглуулаад хэзээнээс эхлээд ийм асуудал гарсан талаар тодруулаад дараа нь зээл ихтэй байсан “К” гэх дэлгүүрийн эзэн руу залгаад асуухад тухайн бараа материалыг “К” дэлгүүр аваагүй болж таарсан ба “К” дэлгүүрийн нэрээр авсан барааг болохоор зах дээр бараа зардаг Р- гэх хүнд зараад Р-ээс мөнгийг нь бэлнээр аваад өөрөө хувьдаа завшсан болж таарсан. Ингээд хэд хэдэн үйлдлээр нийт 13,218,332 төгрөгийн бараа материалын мөнгийг Н.Ү- хувьдаа завшсан болж таарсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 38, 44-45 дахь тал/,

 

3.1.7. Гэрч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрөө тус ХХК-д туслах ажилтан хийж байсан. Харин Н.Ү- болохоор худалдааны төлөөлөгч буюу энд тэнд байдаг дэлгүүрүүдээс захиалга авч ирээд нягтлан боловч ажилтай Г-т захиалга өгөөд Г-ын гаргаж өгсөн паданы дагуу нярав А- болон миний бие бараагаа гаргаад тухайн захиалгын дагуу барааг нь хүргэж өгдөг тийм л ажил үүргийн хуваарьтай байсан..., ...бид нар бараа хүргэж өгдөг болохоос биш мөнгөний асуудалд нь оролцдоггүй болохоор Н.Ү- дэлгүүрүүдээс мөнгийг нь бэлнээр авч өөрөө хувьдаа завшиж байсныг сүүлд нягтлангуудаас сонсож мэдсэн...” мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,

 

3.1.8. Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...туслах ажилтан Хуандых бид хоёр агуулахаас барааг гаргаж захиалагч иргэдэд хүргэж өгдөг, бидний хүргэж өгсөн барааны төлбөр тооцооны асуудлыг Н.Ү- хариуцаад хийдэг тийм л ажил үүргийн хуваарьтай байсан..., ...Н.Ү- иргэдэд хүргэсэн захиалгын барааны мөнгийг өөрөө хувьдаа завшиж байсныг огт мэдээгүй, сүүлд 2022 оны 02 дугаар сарын үед дарга С.Ж-аас сонсож мэдсэн...” мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,

 

3.1.9. Гэрч К.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би энэ асуудлын талаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сонсож мэдсэн. Яаж мэдсэн вэ гэхээр тухайн өдөр манай байгууллагын бүх ажилчид сууж байхад манай дарга С.Ж- Н.Ү-ийн захиалга авсан дэлгүүрүүдтэй утсаар ярьж танайд тийм хэмжээний өр төлөх вэ гэх маягаар асуухад зарим дэлгүүрийн эзэд байхгүй гэж хэлснээр Н.Ү-ийн мөнгө завшсан асуудал илэрсэн. Тэрнээс өмнө би юу ч мэдээгүй явж байсан. Тэр үед Н.Ү- бид нарт бүх үнэнээ хэлж мөнгө завшсан болохоо хүлээн зөвшөөрсөн...” мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,

 

3.1.10. Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ер нь “Б-Ц” ХХК-иас байнга бараа материал авдаг байсан. Хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сард тус ХХК-ийн ажилтан Н.Ү- гэх залуугаас 1.980.000 төгрөгийн бараа материал аваад тухайн үед төлбөрийг нь бэлнээр өгч байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,

 

3.1.11. Гэрч Б.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Ү- гэх залууг “Б-Ц” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилладаг байхад таньдаг болсон..., ... Би ер нь “Б-Ц” ХХК-иас байнга бараа материал авдаг. Хамгийн сүүлд гэвэл 2022 оны 01 дүгээр сарын сүүлд нь бараа материал авч байсан тухайн үеийн сар өдрийг нь би тодорхой санахгүй байна. Ямар ч байсан 2022 оны 01 дүгээр сарын сүүл үед байсан. Тэр үед яг хэдэн төгрөгийн бараа материал авснаа бас сайн санахгүй байна, миний санаж байгаагаар хоёр удаагийн паданаар нийт 1,100,000 орчим төгрөгийн бараа аваад мөнгийг нь хувааж өгч байсан. Би түүнд одоо хүртэл өглөгтэй байгаа миний одоо төлөх мөнгөн дүн бол 375,000 орчим төгрөг байгаа. Над руу Н.Ү- залгаад та мөнгөө хэзээ төлөх гэж байна гэж байнга асуудаг байсан. Сүүлийн үед над руу огт залгаагүй байгаа би түүнд төлөх мөнгөө одоо бүрэн төлж  барагдуулах болно...”  мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,

 

3.1.12. Гэрч Ж.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрөө Ховд аймагт хүнсний бөөний төв ажиллуулдаг юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын үед юм шиг санагдаж байна, сар, өдрийг нь тодорхой санахгүй байна. Нэг удаа Баян-Өлгий аймагт ирээд хүнсний бөөний төвүүдээр явж байхдаа “Б-Ц” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Н.Ү- гэх залуутай танилцаад тэр үеэс л бараа авч байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,

 

3.1.13. Гэрч А.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай “К” дэлгүүр нь 2022 оны 01 дүгээр сард “Б-Ц” ХХК-иас 8,735,400 төгрөгийн бараа материал авч, үнийг нь зээлээр бичүүлж байгаагүй...” мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,

 

3.1.14. Шүүгдэгч Н.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ““...Би прокурорын 2213001010167 дугаартай тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолтой холбоотой гомдол, санал байхгүй, хүлээн зөвшөөрч байна..., ...Миний бие тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б-Ц” ХХК-д 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн худалдааны төлөөлөгчөөр ажилд ороод 2022 оны 3 дугаар сараас тухайн ажлаас гарсан юм. Ажиллах хугацаанд мөнгө төгрөгийн асуудал гарсан тул тус компанийн бараа, материалуудыг нь дэлгүүртээ хувь хүмүүст зараад мөнгийг нь хувьдаа завшсан. Энэ ямар учиртай вэ гэвэл 2021 оны 12 дугаар сарын үед мөнгө төгрөгийн шаардлага гараад байсан тул иргэдэд “Б-Ц” ХХК-ийн бараа материалыг зарж борлуулаад мөнгийг нь бэлнээр аваад компаний дансанд тушаахгүйгээр өөрөө хувьдаа ашигласан. Миний өөрийн хувьдаа завшсан мөнгө маань нийтдээ 16 сая гаруй болсон байсан би түүнээс 2 сая гаруй мөнгийг нь төлж барагдуулсан юм. Миний бие “Б-Ц” ХХК-д 13,218,332 төгрөгийг төлж барагдуулах ёстой байгаа..., ...Би тухайн үедээ “Б-Ц” ХХК-ийн барааг захиалгын дагуу хүргэж өгөөд, түүнийхээ төлбөр тооцооны асуудлыг хариуцдаг байсан. Тэгээд Ховд аймгийн иргэн болох М- гэх хүнд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,703,400 төгрөгийн бараа зараад мөнгийг нь бэлнээр авч энэ мөнгөнөөс 1,381,000 төгрөгийг нь өөрөө хувьдаа завшсан. Би урьд нь гэрчээр мэдүүлэг өгөх үедээ М-гийн нэрийг андуураад Н- гэж мэдүүлсэн байна лээ. М-д зарсан 1,703,400 төгрөгийн барааг Булган суманд М- гэх хүнд зарсан гэж падан дээрээ бичүүлсэн байсан. Учир нь “Б-Ц” ХХК нь Ховд аймагт салбартай учраас би Ховд аймгийн иргэнд бараа материал зарах ёсгүй байгаа юм. Дараагийнх бол Говь-Алтай аймгийн иргэн О- гэх хүнд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байх 3,021,117 төгрөгийн бараа борлуулаад түүнээс 2,462,532 төгрөгийг нь өөрөө хувьдаа ашигласан байсан. Мөн Өлгий сумын Ахдам захад үйл ажиллагаа явуулдаг “А” гэх дэлгүүрийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1,980,000 төгрөгийн бараа борлуулаад мөнгийг нь компанийн дансанд тушаалгүй бэлнээр авч өөрөө хувьдаа ашигласан, мөн тухайн зах дээр худалдаа хийдэг Р- гэх хүнд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8,298,630 төгрөгийн бараа борлуулаад түүнээс мөн адил төлбөрийг нь бэлнээр аваад тухайн мөнгөн дүнгээс 7.019,730 төгрөгийг нь өөрөө хувьдаа завшсан. Р-т зарсан бараа материалыг “К” дэлгүүр гэж бичүүлсэн байсан учир нь би зах дээр борлуулалт хийх ёсгүй байсан бөгөөд зөвхөн аймгийн төвийн дэлгүүрүүд хөдөө сумууд болон бусад аймгуудыг хариуцдаг байсан, захыг бол өөр ажилтнууд хариуцдаг байсан. Дараагийнх нь Баяннуур сумын иргэн Н- гэх хүнд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 799,300 төгрөг, 01 дүгээр сарын 11-ний өдөр 335,300 төгрөг нийт 1,134,600 төгрөгийн бараа зараад түүнээс 759,530 төгрөгийг Н- бэлнээр төлсөн би түүнийг “Б-Ц” ХХК-ийн дансанд тушаасан байгаа. Би Н-аас 375,070 төгрөгийг одоо хүртэл аваагүй түүнээс асуугаагүй байгаа. Ингээд миний бие “Б-Ц” ХХК-иас завшсан мөнгө маань нийт 12,843,262 төгрөг юм. Н-аас авч чадаагүй авлага маань 375,070 төгрөг юм. Миний бие өөрийн завшсан 12,843,262 төгрөгт Н-аас авах авлага 375,070 төгрөгийг нийлүүлээд “Б-Ц” ХХК-д төлөх нийт мөнгөн дүн бол 13,218,332 төгрөг байгаа юм...”  мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

4.2. Шүүгдэгч Н.Ү-ийг “Б-Ц” ХХК-ийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар тушаалаар 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс тус компанийн Казахстан барааны худалдааны төлөөлөгч ажилтан гэх албан тушаалд томилж, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

4.3. Шүүгдэгч Н.Ү- болон “Б-Ц” ХХК-ийн захирал С.Ж- нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1 дүгээр зүйлийн 3.1.8-т зааснаар шүүгдэгч нь “албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахгүй, эзэмшиж байгаа өмч хөрөнгийг шамшигдуулах, хувийн хэрэгцээнд хэрэглэхгүй, компани болон хувь хүний нууцад хамаарах мэдээлэл, баримт бичгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй” гэж тусгажээ.

 

4.4. “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр уг эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, өөртөө авч завших буюу өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

 

4.5. Шүүгдэгч Н.Ү- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Б-Ц” ХХК-ийн “К-О” бараа нэртэй борлуулалтын салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллах явцдаа 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд компани барааг худалдан борлуулсан 12,843,262 төгрөгийг завшсан байна.

 

4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.

 

4.7. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Ү- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Б-Ц” ХХК-ийн “К-О” бараа нэртэй борлуулалтын салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллах явцдаа 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд компани барааг худалдан борлуулсан 12,843,262 төгрөгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэрэгт тооцох үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.

4.8. Харин Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т овогт Н-ын Ү-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг юм.

Ийнхүү Н.Ү- нь “Б-Ц” ХХК-ийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар тушаалаар 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс тус компанийн Казахстан барааны худалдааны төлөөлөгч ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар уг компанийн харилцагч байгууллагуудад борлуулах эд хөрөнгө түүний эзэмшилд түр шилжсэн байна.

Тодруулбал, түүний албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг Н.Ү- нь ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсны мөнгийг “Б-Ц” ХХК-ийн дансанд тушаалгүйгээр өөртөө завшжээ.

Энэ тохиолдолд хууль бус захиран зарцуулалт хийх буюу завших үедээ албан тушаалын байдлаа ямар нэгэн байдлаар дахин ашиглаагүй бол албан тушаалын байдлаа ашигласан гэх нөхцөл байдлаар хүндрүүлэн зүйлчлэхгүй.

Иймд шүүхээс Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т овогт Н-ын Ү-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалт болгон хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.

4.9. Шүүгдэгч Н.Ү- нь хууль бусаар ашиглан ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт, зорилго, гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

 

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

5.2. Шүүгдэгч Н.Ү-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Ба-Ц” ХХК-д 12.843.262 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5.3. Шүүгдэгч Н.Ү- нь шүүхийн шатанд дээрх хохирлыг төлж барагдуулсан болох 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ү-ийг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэх” дүгнэлтийг,

Шүүгдэгч  Н.Ү-ээс “Надад хамгийн бага торгуулийн ял оногдуулахыг хүсэж байна” гэх хүсэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс “Улсын яллагчийн гаргасан саналаа дэмжиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

 

2.2. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Ү-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

2.4. Шүүгдэгч Н.Ү-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

2.5. Шүүгдэгч Н.Ү-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

2.6. Шүүгдэгч Н.Ү- нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч Н.Ү-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлыг тус тус харгалзан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оноож шийдвэрлэв.

 

2.7. Шүүгдэгч Н.Ү- нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

2.8. Шүүгдэгч Н.Ү-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

2.9. Шүүгдэгч Н.Ү- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

2.10. Шүүгдэгч Н.Ү-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т овогт Н-ын Ү-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.   Шүүгдэгч Т овогт Н-ын Ү-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ү-ийг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ү-ийг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ү- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай

 

6. Шүүгдэгч Н.Ү- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч Н.Ү-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК