Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч, прокурор Я.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,

шүүгдэгч Р.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Т-т холбогдох эрүүгийн 2213000000185 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ......... боловсролын ........ дугаар сургуульд ......... ажилтай, Баян-Өлгий аймгийн ........... сумын ....... дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.и овогт Р-ын Т-, регистрийн дугаар БГ...........

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Т- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Р.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

1.2. Шүүгдэгч Р.Т- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна”  гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Р.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

 

2. Эрүүгийн 2213000000185 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. Иргэн Х.Б-аас 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасныг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-05 дахь тал/,

2.3. Хохирогч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

2.4.Гэрч Р.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 29-30 дахь тал/,

2.5.Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 609 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

2.6. Шүүгдэгч Р.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

2.7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 208 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэргийг,

2.8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

2.9. Шүүгдэгч Р.Т- хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Т-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

    1. Хэргийн үйл баримт:

Шүүгдэгч Р.Т- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Х.Б-аас 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт “...миний нөхөр болох Р.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж, миний эрх чөлөөнд халдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасныг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

3.1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-05 дахь тал/,

3.1.3. Хохирогч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байсан ба манай нөхөр болох Р.Т- нь 11 цагийн үед ажил руугаа явна гээд гэрээс гараад явсан бөгөөд өдөржингөө гэртээ ирээгүй шөнө 03 цагийн үед нэлээн согтуу гэртээ ирсэн юм. Тэр үед хүүхдүүд болон би унтаж байсан ба босоод цай, хоолыг нь хийж өгөх үед гэнэт шалтгаангүйгээр идэж байсан хоол, цайныхаа аяга тавгийг нь бүгдийг нь шидэж хагалж гэрийн гэрэл чийдэнг тасалж хаях үед би нөхөртөө яаж байгаа юм бэ гээд барьж авах үед гэр дотор харанхуй байсан. Тэр үед манай нөхөр Р.Т- нь намайг толгой хэсэг рүү баахан цохиж, улмаар Р.Т- нь миний толгой руу удаа дараа гараараа цохиж миний баруун нүд хэсэгт хүчтэй цохиж би орилж хашхирч байх үед хашаан дотор хамт байдаг хөрш болох Тилеу гэх хүн ирж хаалга цохиж, хаалга онгойлгох үед Тилеу нь бидэнд хандаж юу болоод байгаа юм бэ, чи эхнэрээ аллаа шүү дээ цагдаа дуудна гэж хэлэх үед манай нөхөр болох Р.Т- зөрөөд хаалгаар гараад зугтаасан. ...Манай нөхөр зөндөө агсам тавьж байсан ба тэр болгонд цагдаа дууддаггүй. 1 удаа цагдаад дуудлага өгсөн бөгөөд тухайн үед шүүхээр шийдвэрлэгдэж 7 хоногийн баривчилгаанд орж байсан. ...Нөхөр Р.Т- нь намайг зодох үед гэр дотор харанхуй байсан ба тухайн үед гараа зангидаж байгаад толгой хэсэг рүү зөндөө цохисон. Би газарт унаад босож ирэх үед удаа дараа цохиж унагааж, тухайн үед би толгойгоо хамгаалж хоёр гараа өргөж байх үед миний зүүн гар хэсэг рүү мөн адил хэд хэдэн удаа цохисон юм. ...Миний толгой тус газарт хэд хэдэн удаа цохиж зодсон. ...надаас уучлалт гуйж, дахин гар хүргэхгүй гэдгээ амласан, би ч гэсэн түүнийг уучилсан. Нөхөр маань түүнээс хойш архи уугаагүй байгаа ба одоо хамт амьдарч байгаа. Би дөрвөн хүүхдээ бодож түүнийг нэг удаа уучилсан. Миний зүгээс нөхөртэй холбоотой ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

3.1.4.Гэрч Р.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...шөнө дунд 4 цагийн үед байсан байх бие засахаар гадаа гарах үед манай хажууд байдаг Р.Т-ийн байшин гэрэлтэй байсан ба тухайн үед гэр дотор дуу чимээ чангаар гарч байсан. ...Р.Т-ийн байшингийн гадна хаалга онгойлгох гэхэд хаалга нь цоожтой байсан ба би эргээд тухайн байшингийн цохиж юу болоод байгааг асууж хаалга онгойлгоорой гэж хэлсэн. Удалгүй манай бэр болох Х.Б- хаалга онгойлгож өгөх үед юу болоод байгааг асуухад Х.Б- Р.Т- согтуу ирээд гэртээ агсам тавьж намайг зодлоо гэж хэлсэн. ...гэрэлд харахад Р.Х.Б-ы баруун нүд хавдаж, хөхөрсөн байсныг нь харсан юм. ...юу болсон талаар асуухад бэр Х.Б- надад Р.Т- согтуу ирээд агсам тавьж, намайг зодчихлоо гэж хэлсэн. ...Х.Б-ы баруун талын нүд хөхөрч хавдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 29-30 дахь тал/,

3.1.5.Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “...Иргэн Х.Б-ы биед тархины доргилттой, баруун нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, баруун нүдний дээд зовхинд дээд хэсэгт шархтай, зүүн талын нүдний гадны ирмэгт шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 1-7 хоногтоо үүссэн шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 609 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

3.1.6. Шүүгдэгч Р.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

3.1.7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 208 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 75- дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

4.2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба шүүгдэгч Р.Т- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч  байна.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.

4.3. Шүүгдэгч Р.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

     4.4. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

     4.5. Шүүгдэгч Р.Т- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.6. Шүүгдэгч Р.Т-ийн үйлдлийн улмаас хохирогч Х.Б-ы биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 608 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч Р.Т-ийн хохирогч Х.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

4.7. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

4.8. Гэмт хэрэг гарахад гэр бүлийн гишүүдийн бие биедээ хүндэтгэлгүй хандаж байгаа хандлага, шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

4.9. Прокуророос шүүгдэгч Р.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Р.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.

5.2. Хохирогч Х.Б-ы “Миний бие Молхы овогтой Хапасын Х.Б- нь нөхөр болох Ж  овогт Р-ын Р.Т-тэй сайн дурын үндсэн дээр хоорондоо эвлэрсэн, ямар нэгэн маргаангүй болно. ...Нөхөр болох Р.Т-т хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг эрхэм шүүгч танаас хүсэж байна...” гэх баталгааг үндэслэн шүүгдэгч Р.Т-ийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзнэ.

5.3. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Р.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгч  Р.Т-ээс “хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс “шүүгдэгч Р.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

2.2. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Р.Т-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

2.3. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

2.4. Шүүгдэгч Р.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

2.5. Шүүгдэгч Р.Т- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/-аар тогтоогдож байна.

2.6. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600.000 төгрөгтэй тэнцэх юм.

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т-т оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. 

2.9. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

2.10. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

2.11. Шүүгдэгч Р.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ж.и овогт Р-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т- нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Р.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК