Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 811

 

                                                            Ч.Б-д  холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор М.Энхбаатар,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч, 

          шүүгдэгч Ч.Б-н  өмгөөлөгч З.Хүрэлсүх, Ж.Уранчимэг,

          нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

        Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/422 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б-н  өмгөөлөгч З.Хүрэлсүх, Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Б-д  холбогдох 1911 00341 0089 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Ч-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ........ төвд ........ ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ..........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;

          Ч.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ........ дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” хүнсний дэлгүүрийн замын эсрэг талын төв зам дээр Б.Б-г цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Б-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-г 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ч.Б-н  цагдан хоригдсон 119 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирол болон хохирогчийн олох байсан цалин, орлоготой холбоотой нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан SOМЕI гэх бичиглэлтэй шар өнгийн DVD диск 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б-н  өмгөөлөгч Ж.Уранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх дүгнэхдээ: Ч.Б нь Б.Б-г цохисны улмаас хохирогч үерийн усны далан руу унаж тархиндаа хүнд гэмтэл авч амь насаа алдсан, Ч.Б нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Баатар, Бүдрагчаа, Батхишгийн мэдүүлгүүдээр, мөн хяналтын камерын бичлэг, Ч.Б-н  яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэргээр нотлогдсон гэж дүгнэжээ. Гэтэл гэрч Баатар мэдүүлэхдээ “... Намайг очиход надаас “таксинд явах уу, ахаа” гэж асууж байсан саарал өнгийн куртиктэй залуу болон өөр зүс мэдэх портертой миний насны Бүдрагчаа билүү тиймэрхүү нэртэй хүн цуг зогсож байсан. “Юу болсон юм бэ” гэхэд Бүдрагчаа нь “энэ залуу тэр унасан хөгшинтэй муудалцаад түлхчих шиг боллоо. Яг цохьсон юмуу, түлхсэн юмуу мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Бүдрагчаа мэдүүлэхдээ “... Би машин руу эргээд алхсан чинь л миний хажуугаар талийгаач саарал куртиктэй залууг хөөгөөд барьж авах үед цохьсон. Түлхсэнийг нь сайн мэдэхгүй байна. Тэнд зодоон болох ямар нэгэн шалтгаан байхгүй. Намайг хараад зогсож байхад талийгаач урд байсан саарал машины урд талд очоод буцаж эргээд гарч ирэхдээ л шууд нөгөө саарал куртиктэй залуу руу дайрсан. Ямар шалтгаанаар дайрсныг нь мэдэхгүй байна. Тэр саарал куртиктэй залуу бол зүгээр л зогсож байсан. Би бодохдоо талийгаач л өөрөө өдөж хоргоосон гэж бодсон. Намайг зогсож байхад “та настай хүн байж намбатай байгаач” гэж хэлж байгаа нь сонсогдсон. Тэгэхээр зодооныг талийгаач л эхлүүлсэн болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч Батхишиг мэдүүлэхдээ “... Бэр Наранцацрал над руу утсаар ярьж хэлэх үед мэдсэн. Тэр хэлэхдээ Б өнөөдөр өглөө “Д” дэлгүүрийн хажууд, зам дээр машин барих гэж зогсож байгаад согтуу хүн ирээд хоргоогоод, хэл амаар доромжлоод, хөлийн шилбэ хэсэгт нь гуталтай хөлөөрөө өшиглөөд, дайраад байхаар нь түлхсэн чинь жалга руу унаад толгойноос нь цус гараад байхаар нь түргэн дуудаж, эмнэлэгт хүргүүлсэн гэнэ. ...” гэх мэдүүлэг, камерийн бичлэгээр хохирогч шүүгдэгч Ч.Б-г заамдаад, шилбэ рүү нь өшиглөмөгц түлхэж байгаа нь тодорхой харагддаг. Ч.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлгийг мөрдөн байцаагч, хошууч Баттөмөр нь камерийн бичлэгээр “Цохьсон л харагдаж байна лээ ш дээ. Эртнээс цохьсон гэж хэлээд гэм буруугаа хүлээгээд явах юм бол ял чинь хасагдаад чамд л хэрэгтэй ш дээ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.13-т заасныг зөрчиж, хууран мэхэлж, тулгаж мэдүүлэг авсан тухай анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б хэлж мэдүүлдэг.

Дээрх нөхцөл байдал тогтоогдсоор байхад, мөн шүүгдэгч Ч.Б-н  халдашгүй байдалд халдаж буй хохирогчийн зүй бус үйлдэл, 3 удаагийн довтолгоо хийхэд нь шүүгдэгч Ч.Б эхний 2 дайралтаас зугатаж, хохирогчийн сүүлийн довтолгооноос биеэ хамгаалж хариу үйлдэл үзүүлж түлхсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн шилбэнд зулгаралт, улайлт үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэг зэргээр нотлогдсоор байтал дээрх нотлох баримтуудыг буруу үнэлж, хохирогчийг санаатайгаар амь насыг нь хохироосон гэж хэргийн бодит байдалд нийцэхгүй буруу дүгнэлт хийж, эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ч.Б-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-т заасан өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн байх гэм буруугийн сэдэлт, санаа зорилго огт нотлогдож тогтоогдоогүй.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т заасан “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсвэл хохирол, хор уршиг учрах боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэсэн хуулийн шаардлагад Ч.Б-н  хийсэн үйлдэл нийцэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэж байна.

Анхан шатны шүүх Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-д заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр үүрэг хүлээсэн хүн биш байна гэж дүгнэсэн. Мөн Ч.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.6-д заасан субъектэд хамаарахгүй мэтээр буруу дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тохиолдолд дэглэмийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Б-н  өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг буруу дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн ял шийтгэснийг эс зөвшөөрч давж заалдаж байна. Учир нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал нь гэмт хэрэгт тооцох үндэсгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал мөн байхад шүүхээс зөв дүгнээгүйд гомдолтой. Ч.Б-н  эсрэг амь хохирогчийн давтан шинжтэйгээр хийсэн хууль бус үйлдэл буюу довтолгоо нь хэрэгт авагдсан дүрс бичлэг, гэрч Д.Бүдрагчаагийн хоёр ч удаагийн мэдүүлгээр нотлогдсон. Гэтэл шүүх хэрэгт авагдсан өөр, ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа, түүний хууль зүйн үндэслэгээ, тайлбараа тогтоолдоо заагаагүй байна. Харин дээрх нотлох баримтуудыг буруу үнэлж, хохирогчид санаатай халдаж амь насыг хохироосон мэтээр дүгнэсэн нь үндэсгүй бөгөөд хэргийн бодит байдалд нийцэхгүй.

Аргагүй хамгаалалт болон довтолгоонд хамаарах шинжүүдийн талаар шийтгэх тогтоолд дурдсан боловч амь хохирогчийн довтолгоог “бодит шинжтэй биш” гэж дүгнэснийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Харин ч энэ байдал нотлогдоогүй учир хийсвэр дүгнэлт юм. Амь хохирогчийн санаа зориг, хэлсэн үг, хийсэн үйлдэл нь дүрс бичлэг болон гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байхад шүүх хуралдааны үед шүүгдэгчийг заавал буруутгах, халдлага, довтолгооноос зугтаж, зайлаагүй, ер нь халдашгүй байх эрхгүй хүн мэтээр хандсанд гомдолтой.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Маш  их гомдолтой байна. Миний сэтгэл санаа тогтворгүй байгаа. Хүнийг санаатайгаар алсан гэж анхан шатны шүүхээс тогтоосон байхад шүүгдэгчийн өмгөөлөгч нар аргагүй хамгаалалт гэж тайлбарлаж байна. 2 сарын өмнө миний ээж шүүх хуралдаанд сууж байсан бол одоо энэ хэргээс болж хэвтэрт орсон. Бид нарт сэтгэл санаа болон бие махбодийн хохирол учирсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг буцааж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ч.Б-д  холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, түүнд зохих ял шийтгэлийг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Ч.Б-н  сэтгэцийн байдлын талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Ч.Б тухайн үед өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдах чадвартай, гэмт үйлдлээ хариуцах чадвартай байсан бөгөөд талийгаачийг цохьсон үйлдэл нь гэмт хэргийн санаатай хэлбэр юм. Талийгаачийн өшиглөлтийн улмаас Ч.Б-н  биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Талийгаач хүний амь нас, эрүүл мэндэд халдах үйлдэл хийгээгүй учир аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй. Мөн болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Тухайн үед талийгаачийг ямар үйлдэл гаргаж байгаа талаар Ч.Б маш сайн мэдэж байсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул Ч.Б-д  холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна.

Хавтас хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэрч Г.Б-н “... Ингээд би өөрийнхөө машиныг зам дээр цоожилж орхиод явах гэтэл миний хажууд саарал өнгийн куртиктэй, дунд зэргийн нуруутай урьд нь зүс таних залуу ирээд “ах аа таксинд явах уу” гэхээр нь “явахгүй, өөр ажилтай болчихлоо” гэж хэлээд аксент машинд суугаад гэр лүүгээ явсан. Гэртээ очоод дискээ жолооч залууд үзүүлж өгчихөөд 10 минутын дараа буцаад машин дээрээ ирсэн. Тэгэхэд “Д” дэлгүүрийн хажуугийн жалга руу 1 хүн уначихсан байхаар нь гайхаад очоод хартал манай тэнд байдаг зүс таних хүн доор хэвтэж байсан. Намайг очиход надаас таксинд явах уу гэж асууж байсан саарал өнгийн куртиктэй залуу болон өөр зүс мэдэх портертой, Бүдрагчаа билүү тиймэрхүү нэртэй нэг хүнтэй зогсож байсан. Юу болсон талаар асуухад Бүдрагчаа “энэ залуу тэр унасан хөгшинтэй муудалцаад түлхчих шиг боллоо, яг цохьсон юм уу түлхсэн юм уу мэдэхгүй, муудалцаад л байсан” гэж хэлсэн. ...” /1 хх 59-61/,

гэрч Д.Б-н “... Энэ үед жижиг тэрэгний хойд тал нь зам дагуу машин барих гээд саарал куртиктэй нэг залуу зогсож байсан. Нөгөө согтуу өвгөн машины урд талаар нь очиж харчихаад буцаж араар нь тойрч гарч ирээд машин барих гэж байсан залуу руу очоод барьцалдаж авч байхаар нь би очиж салгасан. Би машиныхаа хажууд зогсож байхад машин барих гээд зогсож байсан саарал куртиктэй залуу “та настай хүн байж намбатай байгаач” гээд хойш ухарч байхад нь би очоод тэр настай хүнийг татаж салгасан. Салгачихаад би машин руу явах гэтэл тэр настай хүн дахиад л тэр залуу руу дайраад “муу хулгайч минь чи зайл” гэж хэлээд дайрахаар нь би дахиад гараас нь татаж салгасан. Салгачихаад өөрийнхөө машин руу эргээд алхсан. Намайг машин руугаа алхаж байхад л тэр настай хүн дахиад нөгөө залуу руу дайраад нөгөө залуу нь ухраад зайлаад зугатаасан боловч араас нь хөөгөөд барьж авах үед цохьсон уу, түлхсэн үү мэдэхгүй. Нөгөө настай хүн газар унаад шууд өнхөрөөд замын хажуугийн далангийн шороон дээр унаж өнхөрөөд цаана байсан далангийн 2 метр орчим өндөртэй цементэн хашлагыг даваад доош газар уначихсан. Доош унахдаа толгойгоороо унасан. Араас нь хартал толгой хэсгээс нь цус гарсан байсан. ...” /1 хх 63-64/,

Ч.Б-н  сэжигтнээр “...Намайг зам дээр зогсож байхад миний хажууд мод, нүүрс зарж байсан портерийн жолоочтой нэг настай эрэгтэй хүн чанга дуугаар юм яриад зогсож байснаа зам дагаж алхаад миний урд талд зогсож байсан жолоочгүй машины хажууд очиж жолооч талаар нь харчихаад хүнгүй болохоор нь буцаад эргэд над руу ирсэн. Ирэхдээ намайг зам дээр зогсож байхад “чи наанаа юу хийгээд зогсоод байгаа пизда вэ, үлбийсэн хулгайч, пизда минь зайл” гээд намайг заамдаад авахаар нь би гар луу нь түлхэж тавиулаад “та нас намбандаа байгаач ээ” гээд арагшаа ухраад зугтаасан чинь миний араас хүрч ирээд “ална шүү” гээд нэг гараараа куртикны энгэрээс барьж аваад зүүн хөлийн шилбэний дээд хэсэгт нэг удаа өшиглөсөн. Дахиад намайг гараа далайж байгаад цохих гэхээр нь би толгой руу цохих гэж байна гэж ойлгоод түрүүлээд биеэ хамгаалах зорилгоор өрсөөд тэр хүний зүүн шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохьсон. Тэгэхэд тэр хүн хойшоо унасан. Унаад замын хажуугийн налуу шороон хэсэг рүү өнхөрөөд эрчээрээ явсаар байгаад хажууд нь байсан үерийн усны далангийн цементэн хашлагыг даваад доош унасан. Би сандраад араас нь хартал тэр хүн доошоо хараад хэвтчихсэн толгойноос нь цус гарсан байдалтай байсан. ...” /1 хх 136-137/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ч.Б-н  биед зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх 1638 дугаартай дүгнэлт /1 хх 104/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаачийн зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хугарлаас доош зүүн чулуулаг, хөхлөг сэртэнг чиглэсэн хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн дарагдал, баруун, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, /45 мл/, тархины зүүн чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн чамархай зулай хэсгийн хатуу хальсны урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болно. ...” гэсэн 385 дугаартай /1 хх 108-110/ дүгнэлтүүд болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 3-6/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 96-99/, камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад;

Ч.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ........дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д.” хүнсний дэлгүүрийн замын эсрэг талын төв зам дээр Б.Б-г цохисны улмаас газарт унаж, улмаар замын хажуугийн үерийн далан руу унаснаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

            Гэтэл анхан шатны шүүх уг үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ, Ч.Б-н  үйлдлийг хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь эхлээд оюун ухаандаа төсөөлсний үр дүнд үйл ажиллагааны илрэл болж улмаар өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилго, сэдэлттэй байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөлийг тодорхойлжээ.

Шүүгдэгч Ч.Б нь амь хохирогчийг өөрөөсөө холдуулж, биеэ хамгаалах зорилгоор цохьсон үйлдлийн улмаас амь насыг нь хохирооход хүргэжээ. Тэрээр  хохирогчийг цохьсон үйлдлийг санаатай хийснээ хүлээн зөвшөөрдөг боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчийн амь насыг хохироохыг хүсч, тухайн цохилтын улмаас хохирогч газарт унаж, улмаар далан руу өнхөрч толгойгоороо газар мөргөн унаж, үхэлд хүргэсэн гэмтлийг авах болно гэдгийг урьдаас сайтар мэдэж, тэрхүү үр дүнд ухамсартайгаар зориуд хүргэсэн гэж буруутган дүгнэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарахаар байх тул шүүгдэгчийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Ч.Б-н  санаатайгаар амь хохирогчийг цохиж унагасны улмаас ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд түүний цохилтын нөлөөнөөс хамаарч, архи ууж согтуурсан байсан хохирогч цааш жалга руу унаж зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хугарлаас доош зүүн чулуулаг, хөхлөг сэртэнг чиглэсэн хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн дарагдал, баруун, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, /45 мл/, тархины зүүн чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн чамархай зулай хэсгийн хатуу хальсны урагдал гэмтэл учирч амь нас нь хохирсон үйлдэл нь бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шалгаж, үнэлэхэд хохирогчийг цохьсон шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус шинжтэй боловч шүүгдэгч нь өөрийн цохих үйлдлийн улмаас амь хохирогч далан руу өнхөрч унах боломжтойг ухамсарлаагүй байх бөгөөд хохирогчийн амь нас хохирохыг мэдэж, түүнд зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

            Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан шүүгдэгч Ч.Б-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэнд тооцон, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн зүйлд зааснаар 2 жилийн хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ч.Б-н  өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ч.Б-н  өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан “... Ч.Б-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үндэслэлтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгов.

Учир нь, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Д.Б, Г.Б болон Ч.Б-н  сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Б-н  хувьд аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан ... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм.

Мөн аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг бол талийгаач Б.Б-ы зүгээс бодитой халдлага хийгдээгүй байхад шүүгдэгч Ч.Б нь түүнийг цохиж унагасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

            Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолоо 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргасан боловч 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гарсан мэтээр бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байх ба дээрх байдал нь шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.