Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 111/ШШ2021/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил, гомдол гаргагч *******, хариуцагч ******* нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар *******-ийн гомдолтой, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч *******-эд холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч *******-ийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий гомдлыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ******* шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* миний бие 2020 оны орон нутгийн сонгуулиар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* 5 дугаар багт Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын МАН-аас нэр дэвшсэн. Аймаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Нам эвсэл нь санал авах өдрөөс 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.” гэсэн хуулийн дагуу хугацаанд өгч амжаагүй болно. Учир нь: Тухайн үед дээрх хугацаанд тайлангаа тавих үед Монгол улсад хорио цээр тавьж, Баянхонгор аймгийн ******* сумаас 10км зайд Нисэх онгоцны буудлын хашааны ажил хийж байсан тул зардлын тайлангаа өгөх боломжгүй, Баянхонгор аймаг руу оруулахгүй байсан. 12 дугаар сарын 4-нд ирсэн боловч тайлангаа өгөх хугацаа хэтэрсэн байсан хэдий ч холбогдох хүмүүсээс нь утсаар асуусан боловч хуулийн хугацаа дууссан гэсэн хариу мэдэгдэл өгсөн.

Хандивын дансанд: Аав, ах, эгч, дүүс хоёр сая төгрөг хийсэн, өөрөө нэг сая төгрөг хийсэн. Тухайн мөнгийг сонгуулийн зардалд зарцуулсан, бөгөөд Сонгуулийн сурталчилгааны материал бүхий танилцуулга, сонин, сэтгүүл зэрэгт хоёр сая төгрөг зарцуулагдсан. Нэг сая төгрөг нь сурталчилгааны машины бензин болон өдрийн хоол унданд зарцуулагдсан болно. Аав, ах, эгч, дүүс ажилтай орлоготой болгох гэж намайг дэмжин өөрсдийн бололцоогоороо мөнгө цуглуулан Сонгуульд ороход дэмжлэг өгсөн. Миний бие оюутан хүүхэдтэй учир амьдрахын эрхэнд хаана ажил төрөл байна, ажиллах боломж бололцоо байгааг судлан явдаг учраас Баян-өндөрт ажлын байр байгааг сонсоод тухайн үед явсан нь хөл хорио таарч ирж амжаагүй болно.

Зөрчлийн тухай хуулийн 1.25 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчилд шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2-т зүйлд 1.25 заасны дагуу 100000 нэгж бүхий мөнгөн төгрөгөөр торгууль ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хөл хорионы улмаас Баянхонгор аймаг оруулахгүй байсан. Энэ нөхцөл байдал надаас шалтгаалаагүй, хэзээ хэдийд хөл хорио тавихыг урьдчилан мэдэх боломжгүй. Иймд Баянхонгор аймгийн аудитын газрын улсын байцаагч Ш. Гийн өгсөн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн улсын байцаагч ******* би, Баянхонгор аймаг дахь Төрийн Аудитын газрын /*******/ тоот, бусад нотлох баримтуудыг үндэслэн: Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэснийг зөрчсөн тул нэр дэвшигч *******ын Н-ид шийтгэл оногдуулсан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч ******* Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч *******-эд холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч *******-ийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргасан.

Шүүх зөрчлийн хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянхонгор аймаг дахь Аудитын газар Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд нийцлийн аудит хийж, тус газрын дарга зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллуулахаар Баянхонгор аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга *******д 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1/11 дүгээр албан бичгийг хүргүүлснээр зөрчлийн хэрэг нээн, шалгажээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч ******* гомдол гаргагч *******-ийг нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайлангаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг ногдуулжээ.

Монгол Улсын Их хурлын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 23 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоосон байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.” гэж заасны дагуу нэр дэвшигч 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор зардлын тайландаа хувийн хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэх хуулийн шаардлагыг биелүүлээгүй нь гомдол гаргагч, хариуцагч нарын тайлбар, зөрчлийн хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Гомдол гаргагч ******* Баянхонгор аймгийн ******* суманд ажиллахаар явсан, очоод хөл хорионд орсон гэж мэдүүлж байх боловч аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль болсноос хойш 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 24 хоногийн хугацаанд зардлын тайлангаа төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад гарган өгөх боломжтой байжээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3-т “Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.” гэж тус тус заасан бөгөөд гомдол гаргагч *******-ийн сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан журмын дагуу гарган өгөөгүй үйлдлийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоолоор коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор улсын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06 цагаас эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 06 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, хөл хориог удаа дараа сунгасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Их хурлын 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “...Сонгуулийн хуулийг зөрчих /Сонгуулийн хуулийн 17.1 дүгээр зүйл/ зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамруулахгүй.” гэж өршөөлд хамруулахгүй зөрчил, шийтгэлийн төрөл, албадлагын арга хэмжээний төрлийг хуульчилсан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3, 1.3 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч *******ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН