Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0425

 

 

 

 

 

 

 

“И*******” ББН-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “И*******” ББН

Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Гуравдагч этгээд: “С*******” ББН

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах НЗДДЭМГ/202306025/02/01 дугаартай тендер зарласныг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0317 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, А.Э*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Д*******

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/1044/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “И*******” ББН-өөс Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан “Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах НЗДДЭМГ/202306025/02/01 дугаартай тендер зарласныг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0317 дугаар шийдвэрээр: 

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “И*******” ББН-өөс  Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах НЗДДЭМГ/202306025/02/01 дугаартай тендер зарласныг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарыг дутуу тайлбарлаж, хуулийг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С******* би шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон шүүхэд бичгээр өгсөн нэхэмжлэлдээ "Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байршил, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн хүрээнд тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно" гэж заасан. Үүнээс үзвэл Баянгол дүүргийн Засаг даргын хүсэлтийн дагуу тендер зарласан үйлдэл нь илт хууль бус бөгөөд тухайн саналыг үндэслэн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй юм..." хэмээн маргасан билээ.

Тодруулбал Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдан өрхийн эрүүл мэндийн төв шинээр байгуулах эсэхийг шийдвэрлэх ёстой билээ. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлээгүй, өрхийн эрүүл мэндийн төв байгуулахаар тогтоогоогүй байхад Нийслэлийн Эрүүл мэндийн газар өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэж Өрхийн эрүүл мэндийн төв байгуулсан үйлдэл нь илт хууль бус юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зөрчиж эрх олгогдоогүй байхад тендер зарласан хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгийг энэхүү гомдлыг хянах явцдаа бичлэгийг үзэх шаардлагатай хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу ажиллагаа явагдаагүй. Гэтэл энэ талаар "тодорхойлох нь” хэсэгтээ шүүгч огт дурдаагүй бөгөөд “үндэслэх нь" хэсэгтээ "...Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 болон 5.5 дахь хэсэгт зааснаас үзвэл хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тендер зарласан байна..." хэмээн тайлбарласан огт үндэслэлгүй юм.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т "Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасан бөгөөд энэ нь захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгосон заалт болохоос биш Нийслэлийн Эрүүл мэндийн газарт болон нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлд огт хамааралгүй эрх зүйн зохицуулалт юм.

Харин тус хуулийн 5.5-д дахь хэсэгт заасан "Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлнэ" гэж зааснаас үзвэл хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь Эрүүл мэндийн сайдын баталсан журмыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон заалт байна. Гэтэл шүүхээс дээрх заалтуудыг илтэд буруугаар тайлбарласан бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт Баянгол дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн тендер зарлах эрх олгогдоогүй байхад олгосон мэтээр тайлбарласанд гомдолтой байна.

Мөн Шүүх “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан эрх зүйн зохицуулалтыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа удаа дараа дурдсаар байхад шүүхээс дүгнэлт өгөөгүй болно.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах НЗДДЭМГ/202306025 дугаар нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг зарлах эрх олгогдоогүй болно.

Мөн маргаан бүхий шүүхийн шийдвэрийн "Үндэслэх нь" хэсгийн 5.3. дахь хэсэгт "... Дээрхээс үзвэл Нийслэлд 8000-аас дээш өрхтэй болсон хороонд Өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр эсхүл өмнө ажиллаж байсан төвийн гүйцэтгэлийн гэрээ цуцлагдсан тохиолдолд нийслэлийн эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцэн шийдвэрлэж, Засаг дарга шийдвэр гаргах ба сонгон шалгаруулах үйл ажиллагааг эрүүл мэндийн газар хэрэгжүүлж ажиллахаар зохицуулжээ ..." гэсэн бөгөөд энэ хэсэгт шүүгч зөв дүгнэсэн.

Гэтэл “үндэслэх нь" хэсгийн 5.12 дахь хэсэгтээ "... тухайн хорооны оршин суугч 8000 хүрсэн тохиолдолд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд бие даасан өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулахаар сонгон шалгаруулалт зарласан нь зүй ёсны ажиллагаа юм..." гэж дүгнэсэн байх бөгөөд шүүх хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар хоёр өөр зөрүүтэй тайлбар өгсөн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Мөн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж шийдвэрлээгүй, Засаг дарга тогтоогоогүй байхад энэ талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй байхад Нийслэлийн Эрүүл мэндийн газар тендер зарласан үйлдлийг зөвтгөж тайлбарлаж буй хууль бус бөгөөд үндэслэлгүй шийдвэр болсон. Энэхүү маргаан бүхий тендер 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад зарласан гэдгийг мөн энд дурдах нь зүйтэй.

3.2.Нотлох баримтыг буруу үндэслэж шийдвэр гаргасан тухайд:

 Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 5.12 дах хэсэгт "...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны "Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" 8/28 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан бөгөөд хорооны оршин суугч 8000 хүрсэн тохиолдолд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд бие даасан өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулахаар сонгон шалгаруулалтыг зарлах нь зүй ёсны үйл ажиллагаа юм" гэжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны "Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" 8/28 дугаар тогтоолд “Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны оршин суугч 8000 хүрсэн тул бие даасан өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах" тухай дурдаагүй, зөвхөн хорооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай тогтоол гарсан юм.

Гэтэл шүүхээс хорооны бүтэц зохион байгуулалт өөрчилсөн, хороо байгуулсан тогтоолыг Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах шийдвэр мэтээр тайлбарлаж шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгосон хууль бус юм.

Хорооны оршин суугчдын тоо 8000 хүрсэн тохиолдолд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдах ёстой гэтэл өрхийн эрүүл мэндийн төв байгуулах шийдвэр гаргаагүй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хороо байгуулах шийдвэр хэмээн үзэж "зүй ёсны ажиллагаа" гэж үзсэн гомдолтой байна.

Үүнээс үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны "Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" 8/28 дугаар тогтоолыг үндэслэн өрхийн эрүүл мэндийн төв сонгон шалгаруулах тендер зарласан үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Хороо байгуулсан шийдвэрийн Өрхийн эрүүл мэндийн төв байгуулах шийдвэр мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй юм. Хууль болон захиргааны хэм хэмжээний акт хоёр хоорондоо зөрчилдвөл "хуульд заасны хэрэглэх ёстой" байтал захиргааны хэм хэмжээний актад үндэслэж тэр тусмаа тухайн харилцааг зохицуулаагүй хэм хэмжээний актад үндэслэж шийдвэрлэсэн "шүүхийн шийдвэр хууль ёсны байх" гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

3.3."И*******” ӨЭМТ-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн бөгөөд нэхэмжлэгч рүү шууд чиглэсэн шийдвэр болох тухайд:

 Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж өгсөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасны дагуу "...захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн..." хэмээн үзэж нэхэмжлэлдээ энэ талаар тодорхой дурдсан.

 Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 317 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "...Уг маргаан бүхий тендер сонгон шалгаруулалт зарласан захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгч рүү шууд чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй..." гэжээ.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын зарлаад буй тус Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өрхийн Эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах тендер нь "И*******" ББН-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчсөн.

"У*******” ӨЭМТ ББН нь 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргатай "Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээ"-г байгуулсан бөгөөд тус гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр байна. Учир нь 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын баталсан журам, "Гэрээний загвар, шалгуур үзүүлэлт батлах тухай" А/104 тушаалын нэгдүгээр хавсралтын 5 дугаар бүлэгт заасан талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох үндэслэл байхгүй тул 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/367 дугаар тушаалын 1.2-д дурдсан дахин сонгон шалгуулах үндэслэл хангагдаагүй гэж үзэх тул ийнхүү сонгон шалгаруулалт буюу тендер зарласан явдал нь хууль бус байна.

 "У******* " ӨЭМТ ББН нь маргаан бүхий Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өрхийн Эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан ба тэр гэрээний дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн ажлыг “У*******” ӨЭМТ-н салбар эмнэлгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа хамт олон болох "И*******" ББН хийж гүйцэтгэж байсан бөгөөд өрхийн Эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах тендер зарласан улмаас дээрх гэрээ цуцлагдаагүй хоёр байгууллага нэг хороо нь дээр давхар гэрээтэй болсон, цаашид өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эмч, эмнэлгийн ажилчид ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн билээ.

Гэтэл шүүхээс "И*******" ББН-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй хэмээн үзсэн нь огт үндэслэлгүй шийдвэр юм.

 Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/406 дугаар захирамжид түр салбарлуулах талаар дурдаагүй бөгөөд салбарлуулж, бие даалгах тухай захирамж юм. Гэтэл шүүхээс салбарыг түр байгуулсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй юм. Аль ч нотлох баримт, эрх зүйн акт дээр түр байгуулах талаар дурдаагүй, энэ талаар эрх зүйн зохицуулалт байхгүй байхад шүүх өмнө түр ажиллаж байсан мэтээр дурдсан нь үндэслэлгүй юм.

Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/406 дугаар захирамж нь "Өрхийн эрүүл мэндийн төвийг бие даалган зохион байгуулах" тухай захирамж бөгөөд үүнийг түр салбар байгуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Бүр тодруулбал захирамжийг 1 дэх хэсгийн 2 болон 3 дахь мөрд "бие даалган байгуулах" гэсэн байхад салбар байгуулсан, түр байгуулсан мэтээр тайлбарлаж буй тайлбар огт үндэслэлгүй юм.

Энэхүү маргаан нь Өрхийн Эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах тендерт ямар нэгэн компани шалгарсан нь буруу гэсэн агуулга бүхий маргаан биш бөгөөд тус тендерийг анхнаасаа зарласан үйлдэл нь илт хууль бус бөгөөд тендер зарлах эрх хууль зааснаар олгогдоогүй байхад зарласан нь илт хууль бус хэмээн маргаж буй гэдгийг шүүхээс анхаарч авч үзээсэй гэж хүсэж байна.

3.4.Мөн шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар бүлэгт заасан тусгай журмаар шийдвэрлэх маргааны 112 дугаар зүйлийн 112.4 дэх хэсэгт заасны дагуу 30 хоног дотор шийдвэрлээгүй, 112.10 дахь хэсэгт "...Шүүх энэ зүйлийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан цахим системээс нотлох баримтыг цахимаар авч шинжлэн судлах ба захиалагч болон бусад этгээд тоон гарын үсгээр баталгаажуулж цахим системд байршуулсан баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангасанд тооцно..." гэж заасны дагуу нотлох баримтуудыг цахимаар шинжлэн судлаагүй, мөн тус хуулийн 113 дугаар зүйлийн 113.1. дэх хэсэгт "... Энэ хуулийн 112.1.3, 112.4-д заасан маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг таван хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авна..." гэж заасны дагуу "...шүүхийн шийдвэрийг таван хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч гарын үсэг зурна..." гэснийг тус тус зөрсөн.

Дээрх үндэслэлүүдээс үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 317 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт "...Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна..." гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

3.5.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4. дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэж заасан бөгөөд шүүх талуудын маргаж буй хамгийн чухал үндэслэл болох Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан эрх зүйн хэм хэмжээг хэргийн бодит байдалтай нийцүүлэн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг мөн агуулгын шаардлага хангаагүй учир дутагдалтай дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 317 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 8/28 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 1 дүгээр хороог хуваан шинээр 24 дүгээр хороог байгуулж, уг хорооны оршин суугчдын тоо 8000-аас давсан, Баянгол дүүргийн Засаг даргаас 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 06/151 дүгээр албан бичгээр “…иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тус хороонд өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүссэн”, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/367 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ын 1.2-т "…хуулийг үндэслэн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр …сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтална", мөн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 1.7-д “Өрхийн эрүүл мэндийн төвд ногдох иргэний доод хязгаар нь аймаг, орон нутагт 6000-аас, нийслэлд 8000-аас доошгүй байна” гэж заасан байх тул Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр сонгон шалгаруулах НЗДДЭМГ/202306025/02/01 дугаар тендер зарласныг илт хууль бус гэж үзэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Бодит байдалд “И*******” ББН дээрх тендер шалгаруулалтад оролцсон боловч тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тул татгалзагдаж, энэ талаарх мэдэгдлийг хүлээн авснаас 3 хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сангийн яаманд тендер шалгаруулалттай холбоотой гомдол гаргасан, гэвч яамнаас 10 дугаар сарын  25-ны өдрийн 03/7863 дугаар албан бичгээр “…захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй…” гэсэн үндэслэлээр гомдлыг нь хяналгүйгээр буцаасан, улмаар нэхэмжлэгчээс яаманд дахин хандсан боловч мөн л 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8029 дүгээр албан бичгээр гомдлыг дээрх үндэслэлээр дахин буцаахдаа гомдол гаргах хуульд заасан 5 хоногийн хугацаа өнгөрсөн байгааг анхааруулжээ.

2.Сангийн яаманд гаргасан дээрх гомдлууд болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 2053 дугаар албан бичгийн агуулгаас үзэхэд тухайн үед тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч маргаж байснаас бус тендер зарласантай огт маргаагүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үнэлгээний хороонд холбогдуулж “С*******” ББН-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1718 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг давж заалдах шатны шүүхийн мөн оны 249 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Иймд гуравдагч этгээд “С*******” ББН-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр болон тус компанитай байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн “Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх” 014 дүгээр гэрээ хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд цаг хугацааны хувьд тендер зарласан захиалагчийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох боломжгүйгээс гадна Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах эрх бүхий этгээд болно.

3.Харин нэхэмжлэл болон давж заалдах гомдлын гол үндэслэл болох Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байршил, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн хүрээнд тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно” гэж заасны дагуу хариуцагчаас Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төвийн байршил, хамрах хүрээг тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, нийслэлийн Засаг даргаар тогтоолголгүйгээр зөвхөн дүүргийн Засаг даргын хүсэлтийг үндэслэн тендер зарласнаар процессийн хувьд хуулийн дээрх шаардлага бүрэн хангагдаагүй ч үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

Учир нь нэхэмжлэгч Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд “У******* өрхийн эрүүл мэндийн төв” ББН-ийн байгуулсан гэрээний хүрээнд түүний салбар эмнэлгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байснаас бус тус хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээг бие даан эрхлэх эрхгүй, мөн дээр дүгнэсэнчлэн маргаан бүхий шийдвэрийн хүрээнд тендер шалгаруулалтад оролцсон төдийгүй шалгаруулалттай маргах боломжоо хугацааны хувьд алдсан байна.

4.Түүнчлэн шийдвэрт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 8/28 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулахаар шийдвэрлэсэн гэж огт дүгнээгүй, гагцхүү энэхүү тогтоолоор уг хороо байгуулагдсан болохыг, мөн хорооны оршин суугчдын тоо 8000-аас давж, салбар бус харин биеэ даасан өрхийн эрүүл мэндийн төв байгуулах шаардлага үүссэн талаар л дүгнэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт илт хууль бус болох тохиолдлын нэгийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тодорхойлсон. Гэтэл Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5-д заасны дагуу өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулах сонгон шалгаруулалт зарлах эрхтэй тул иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор маргаан бүхий шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.

5.Бичгээр гаргасан давж заалдах гомдлын шаардлагаа давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрчилж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахыг хүссэн, гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй, шийдвэрт нөлөөлөх хэмжээний процессийн зөрчил гараагүй болохыг тэмдэглэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                                      З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН