Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,

Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Д-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.н овогт Т-ы Б-д холбогдох эрүүгийн 2213002060186 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн ..... сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х.н овогт Т-ы Б- регистрийн дугаар БЖ.........

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хар ширээт” гэх газар 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд хохирогч Б.М-тэй хадлангийн талбайн асуудлаар маргалдаж, улмаар түүнийг хамар тус газар нь гараараа 1 удаа цохиж хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч Д.Д-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирол болох 300.000 төгрөгийг шүүгдэгч Т.Б-гаар нөхөн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

1.2. Шүүгдэгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулна”  гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213002060186 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1.Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 01-02 дахь тал/,

2.2. Иргэн Б.М-ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 50 минутад гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

2.3. Хохирогч Б.М-ийн аймаг цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

2.4. Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09, 18, 21 дэх тал/,

2.5. Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 25 дахь тал/,

2.6. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 23 дахь тал/,

2.7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 560 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31 дэх тал/,

2.8. Шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэргийг,

 

2.9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

2.10. Шүүгдэгч Т.Б-гаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

            3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

4. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

4.1. Шүүгдэгч Т.Б- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хар ширээт” гэх газар 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд хохирогч Б.М-тэй хадлангийн талбайн асуудлаар маргалдаж, улмаар түүнийг хамар тус газар нь гараараа 1 удаа цохиж хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

2.1.Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 01-02 дахь тал/,

2.2. Иргэн Б.М-ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 50 минутад гаргасан “...Т.Б- нь миний эрх чөлөөнд халдаж зодсон...” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

 

2.3. Хохирогч Б.М-ийн аймаг цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

 

2.4. Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед Дэлүүн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар ширээт” гэх газар миний бие Б.А-ийн хамт хадлан хадаж байхад М.М- манай хажууд ирсэн. Ирээд над руу чи энэ газрыг хадахгүй хэмээн хэрүүл маргаан үүсгэхээр нь би энэхүү хадлан манайх хэмээн ойлгуулж суугаад дуусаж байхад араас нь Т.Б- ирж тухайн асуудлаас болж надтай маргалдан улмаар миний хамар хэсэгт нэг удаа гараараа хүчтэй цохисон ба миний хамарнаас маш их цус гоожсон юм. ...миний бие тухайн үедээ хамар хэсэгтээ 1 удаа цохиулсан ба тэрнээс болж толгой хэсгээрээ өвдсөн зовууртай, хоёр нүд хөхөрсөн байгаа...”...эмчилгээнд 300.000 төгрөг гарсан тул түүнийг нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09, 18, 21 дэх тал/,

 

2.5. Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.М-, Амангелд нарын хадлан хадаж байгаа газарт би очсон. Очоод байж байхад хэсэг хугацааны дараа Т.Б- ирсэн. Тэгэхэд Т.Б- Б.М- руу хандаж энэ газрыг чи хадахгүй хэмээн хэлж улмаар тэр хоёр маргалдаж Т.Б- нь Б.М-ийн хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 25 дахь тал/,

 

2.6. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар ширээт” гэх газар би Б.М-т тусалж хадлан хадаж байхад М.М- ирж тэр хоёр тухайн хадлангийн талбай хэнийх болох талаар юм ярьж байсан. Тэгэхэд мал хариулж явсан Т.Б- ирж Б.М- руу дайрч чи энэ газрыг хадахгүй хэмээн маргаан үүсгэж, түүний хамар хэсэг рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 23 дахь тал/,

 

2.7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 560 дугаартай “...Б.М-ийн биед тархины доргилт, баруун, зүүн зовхинд цус хуралт, хаван хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

2.8. Шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...яллагдагчийн эрхийн хүрээнд мэдүүлэг өгөхгүй. Гэхдээ өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг Б.М-ийн цохисны дараа М.М-, Б.М-ийг салгах гээд барьж авсан. Тэрнээс М.М- барьж байгаад миний зүгээс цохисон асуудал байхгүй. Хохирогчоос уучлалт гуйхад за надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Иймд түүнд хохирол нөхөн төлж өгөөгүй, гэхдээ гэм буруугаа ойлгож уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

     5.3. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 

5.4. Шүүгдэгч Т.Б- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

5.5. Шүүгдэгч Т.Б-гийн үйлдлийн улмаас хохирогч Б.М-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5.6. Шүүгдэгч Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

5.7. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

5.8. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, хадлангийн бэлчээрийн маргаантай асуудлаар үл ойлголцох байдал үүссэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

6.1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

6.2. Шүүгдэгч Т.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогчид учирсан 300.000 төгрөгийг төлж  барагдуулаагүй, шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гаас 300.000 төгрөг гаргуулан хохирогч Б.М-т олгож шийдвэрлэв.

6.3. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

 

Шүүгдэгч  Т.Б-гаас “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс “Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

2.2. Шүүгдэгч Т.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

2.4. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

 

2.5. Шүүгдэгч Т.Б- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/-аар тогтоогдож байна.

 

2.6. Шүүгдэгч Т.Б-гийн түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгахаа илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500.000 төгрөгтэй тэнцэх юм.

 

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

2.9. Шүүгдэгч Т.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

2.10. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Б- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

2.11. Шүүгдэгч Т.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.н овогт Т-ы Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гаас 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.М-т олгосугай.

 

6. Шүүгдэгч Т.Б- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК