| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00470/И |
| Дугаар | 142/ШШ2018/00745 |
| Огноо | 2018-07-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2018/00745
| 2018 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 142/ШШ2018/00745 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 12-р баг, ** тоотод оршин суух, Ш овогт Д-н гийн Э-н /Регистрийн дугаар: ** / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, ** тоотод оршин суух, Ш овогт О-гийн Г-од /Регистрийн дугаар: ** / холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э, хариуцагч О.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Э нь О. Г-той 2014 оны 12 сард танилцаж бие биедээ дасаж улмаар хүүхэдтэй болсон бөгөөд 2016 оны 10 сар хүртэл уулзаж байсан бөгөөд 2017 оны 06-р сарын 29-нд охин Энхсувд төрсөн.Анх хүүхэдтэй болсоноо сонсоод надаас харьцаагаа тасалсан.Одоо миний охин 9 сартай бөгөөд би эрхэлсэн тодорхой ажилгүй хүүхдээ тэжээж, амьдралаа авч явахад хэцүү мөн хүүхдийн өдөр тутмын хэрэглээ, сарын асаргаа сувилгаа зэргийг нь хангаж чадахгүй байгаа тул О.Г-ыг Э.Э-н төрсөн эцэг нь мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.Г- нь 2015 оны 01 дүгээр сард Д.Этай анх танилцаж танилын хүрээнд найз байсан. О.Г- би 2015.05.01-ний өдөр эхнэр Т.Б-тай уулзаж үерхдэг байсан. Харин Д.Э нь энэ үеэр өөр хүнтэй үерхдэг байсан бөгөөд тэр хүн нь сүүлдээ эхнэр хүүхэдтэй хүн болж таарсан. Ингээд тэр хүнээсээ салсныхаа дараа над руу хааяа ярьдаг байсан. 2016 оны 09-н сард байхаа уулзъя гэхэд нь бид хоёр уулзсан. Тэгээд ганц хоёр юм манай найз нартай нийлж уугаад цуг байсан. Энэ үед Д.Э намайг эхнэр Т.Б-тэй үерхдэг байсныг мэдэж байсан, би өөрөө хэлсэн. Одоо Д.Эын хүүхэд минийх мөн биш нь би мэдэхгүй байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч О.Г-од холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Э, О.Г- нар нь 2014 онд танилцаж, үерхсэн боловч гэр бүл болж эхнэр, нөхрийн журмаар амьдраагүй, гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байна. Тэдний дундаас 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин Э.Энхсувд төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Хариуцагч нь охин Э.Энхсувдын эцэг мөн эсэхэд маргаж, хариуцагчийн хүсэлтээр эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлэхэд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5305 дугаартай шинжээчийн дүгнэлтээр О.Г- нь охин Э.Энхсувдын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж 99,99%-ийн магадлалтай байна гэж тогтоожээ.
Хариуцагч нь охин Э.Энхсувдын эцэг мөн эсэхэд шүүх хуралдааны явцад маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч О.Г-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчид цаашид хамтран амьдрахгүй, охин Э.Энхсувд нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа хүүхдийн насны байдал, эхийн хайр энэрэл, анхаарал халамж, асаргаа зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан эх Д.Эын асрамжинд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 30,844 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Э-н эцэг нь Ш овогт О-гийн Г- /Регистрийн дугаар: ** / мөн болохыг тогтоож, охин Э.Э-г эх Д.Эыг асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар зааснаар 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг О.Г-оос гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгосугай.
3.Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч О.Г-оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 30,844 гаргуулж Төрийн санд оруулсугай.
5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН