Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1260

 

 

 

 

 

 

 

 

      2022             10             11                                             

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Б.Энэрэл,

шүүгдэгч: С.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.М-т холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Х овогт С-ийн М /РД:0000000000/,

Монгол Улсын иргэн, ******* оны *****дугаар сарын ******ны өдөр ***** хотод төрсөн, ******** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Мандал-Овоогийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 0дугаар гудамжны нийтийн байрны 0 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүү Н.У-д “миний архи уух чамд ямар хамаатай юм бэ” гэх зэргээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар хутгаар хүү Н.У-ийн зүүн бугалга хэсэгт 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 0 дугаар гудамжны нийтийн байрны 0 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүү Н.У-д “миний архи уух чамд ямар хамаатай юм бэ” гэх зэргээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар хутгаар хүү Н.У-ийн зүүн бугалга хэсэгт 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Цагдаагийн байгууллагад 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цаг 43 минутанд “Аав нь хүүгээ хутгалчихлаа хурдлаарай” гэх дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7-р хуудас/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-14-р хуудас/,

-Хохирогч Н.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 04-ний орой ажлаа тараад 19 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд аав М  согтуу архи ууж байсан бөгөөд би ядраад толгой өвдөөд хэвтээд өгсөн. Тэгээд хэвтэж байхад аав ээж хоёр архи хувааж ууж байснаа хоорондоо хэрэлдээд байхаар нь “дуугүй байлдаа, байнга хэрүүл хийж байх юм, унтаж амрая л даа” гэсэн чинь “дуугүй бай, бид хоёрын асуудал чамд ямар хамаатай юм” гэж уурлаад мах хөшиглөж байсан хутгаараа миний зүүн мөрлүү нэг удаа хутгалсан. Тэгээд би гарч явсаны дараа аав, ээж гарч ирээд 103-т дуудлага өгсөн. Урьд өмнө намайг зодож, гэмтэл учруулж болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. ...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,

-Гэрч С.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр М  гэртээ согтуу байсан. М  нь намайг хардаад хэрүүл өдөөд байдаг ба намайг гэртээ орж ирэхэд надтай хэрүүл өдөөд байсан. Тэгсэн 19:00 цагийн орчим манай хүү У гэртээ ирсэн. М  нь архины халуундаа надтай маргалдаад байсан. Миний хүү У нь ядаргаатай юм унталдаа ээж өглөө ажилтай эртхэн унтуулаач гэж хэлсэн. Тэгсэн М  буюу манай нөхөр маань У буюу хүү маань хоорондоо хэрэлдээд маргалдаад эхэлсэн. М  У-нийг ална шүү гэхэд У тэгээд алаач гэж хэлсэн. М  тэр үгэнд нь их уурлаж хоолны шүүгээнд байсан хоолны хар иштэй хутгыг аваад У-ийн зүүн мөр орчим нь нэг удаа хутгалчихсан. Тэгээд У нь гэрийн хаалгаар гарч яваад нийтийн байрны шат орчим очоод ухаан алдаад уначихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000дугаартай:

 “...1. Н.У-ийн биед зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүлл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,

-Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 58-62-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

 Шүүгдэгч С.М ын яллагдагчаар өгсөн: “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэж /хавтаст хэргийн 54-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 75-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 76-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 81-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 82-р хуудас/, 1999.12.28-ны өдөр төрсөн Н.У, 2016.10.10-ны өдөр төрсөн Н.Е, 1996.09.24-ний өдөр төрсөн Н.У, 2004.06.06-ны өдөр төрсөн Н.Х нарын төрсний гэрчилгээний /хавтаст хэргийн 83-86-р хуудас/, гэрлэсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 87-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.М нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.У-ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, шүүгдэгч С.М нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүү Н.У-ийн зүүн бугалганд нэг удаа хатгаж байгаа нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Мөн түүнчлэн шүүгдэгчийн, гэр бүлийн хамаарал бүхий хүүхдийнхээ эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр…хамтран амьдрагч.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.

Иймд С.М ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Н.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.М ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.М ын үйлдсэн гэмт хэргийг нотолж улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч С.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн төрсөн хүү Н.У-тэй архи уулаа гэж хэллээ гэж маргаж түүний мөр хэсэгт хутгалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч С.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тус зүйл ангид зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байна. Шүүгдэгч С.М ын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, архи согтууруулах ундааны зүйлийг байнга хэрэглэдэг нөхцөл байдалтай. Шүүгдэгчийн хувьд хувиараа хөдөлмөр эрхэлж, ажил олдсон үед ажилладаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн. Энэ хүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх баримтуудыг гаргаж өгөөгүй. Хохирогчийн хувьд гомдол саналгүй гэдгээ илэрхийлдэг тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Энд тэнд ажил хийдэг гэх тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цамц, хутгыг устгуулах саналтай байна гэх дүгнэлттэй шүүгдэгч С.М мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно....” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.М-т гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.    

Шүүгдэгч С.М ын дээрх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл /эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг/-ийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.М нь эрхэлснэ тодорхой ажилгүй байх бөгөөд хүний амь насанд аюултай аргаар буюу хутга ашиглаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас түүнд торгох ял оногдуулах нь тохиромжгүй гэж дүгнэсэн болно.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хохирол төлбөргүй байдлыг нь харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хар өнгийн хутга, 1 ширхэг цамцыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овогт С-гийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хар өнгийн хутга, 1 ширхэг цамцыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.УРАНГУА