Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/262

 

       

 

 

 

   2022        09           27                                      2022/ШЦТ/262

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Тогтох,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

Шүүгдэгч Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.А-д холбогдох эрүүгийн 2238000000521   дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                     

Монгол Улсын иргэн, Э.А-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота Приүс-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Б.Д-г дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000521 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.А- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Тоёота Приүс-20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх арга хэмжээг аваагүйн улмаас Б.Д-г дайрч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А-гийн:... гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн:  “.. хэрэг болсон гэх газар нь  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Приүс-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүн мөргөсөн” гэх тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар тал/,

Хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 30 минутын үед Н- эмч эмнэлэг дээр хүрээд ир гэж дуудаад намайг очтол танайд оръё гээд манайд орж ирээд хоол цай болоод хөзөр тоглоод пиво ууцгаасан. Орой 23 цагийн үед Н- эмчийнд очсон. 2022 оны 08 дугаар сарын 03-ны 01 цагт Н- эмчийн хашааны гадаа зогсож байтал тэр машин гэнэт ухарч бөгсөн биеэн дээгүүр гарсан ухарч мөргөөд дээгүүр гараад зогсох үед нь Э.А- эгчийгээ дайрчихлаа гэсэн чинь урагшлаад дахиад дээгүүр гарсан. ...Миний биед зовиур байна. Умдаг болон аарцаг яс бяцралттай, нурууны таван сэртэн хугарсан L-1-ээс L-5 хүртэл, хоёр сүүжний нарийн хэсгээр хугаралттай, сүүжний дэлбэнгүүд хагарсан, хэвлий хэсэгт бага зэргийн шингэнтэй, баруун гуяны мах хоёр хэсэгтээ тасарсан, зүүн гарын бугуй эмзэглэлтэй, хоёр өвдөгнөөс доош хөхрөлт шархтай байна. ...Одоогоор эмчилгээ болон бусад зардал нийлээд 2.500.000 төгрөг гарч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 443 дугаартай:  “1. Б.Д-гийн биед 2 талын аарцаг яс талын суудал яс, зүүн ташаа яс, зүүн талд ууцны дэлбээ хэсгээр, L1-5 сэртэнгүүд баруун талд, L5-р нугаламын их биеийн дээд доод ирмэгийн хугарал, L5-р нугаламын гулсалт, L4\L5, L5\S1 нугаламуудын хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, давсагны ханын зузаарал, хэвлийн хөндийд шингэн, зүүн гуя, баруун өвдөг зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөг, зүүн шилбэ, баруун бугалга, зүүн шуу, дээд уруул, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022.08.03-нд үүссэн гэмтэл байх боломжтой. 4. Б.Д-гийн биед үүссэн аарцаг ясны гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд, бусад цус хуралт зулгаралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. 6. Хэвлийн хөндий дэх сул шингэний нягтрал тогтоогдоогүй тул гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/,

Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн: “...Жолооч Э.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7а-д заасан “тухайн ангиллын  тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа / хх-ийн 42-43 дугаар тал/,

ЦЕГ-ын цахим мэдээллийн сангийн хайлтын лавлагаа /хх-ийн 62 дугаар тал/,

Шүүгдэгч Э.А-гийн эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 72 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.А-гийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 08 сарын 02ы орой ...22 цагийн үед гэртээ байж байхад Б.Д- эгч над руу гар утсаар залгаад чи хайччихав аа манайд хүрээд ир” гэж хэлэхээр нь гэрт нь явж очиход Н-, Ганчимэг, Б.Д- эгч, Д-, А-, А-, Б-, Ш- нар байсан. Эдгээр хүмүүс 2.5 литрийн пиво задлаад уугаад сууцгааж байсан. ...тэд нар намайг хоцорч ирсэн, нэг дор гурван аяга пиво ууна шүү гэж хэлсэн. ...Н- эмчийн хашаан дотор Ш-, Н- хоёр ...зодолдоод байхаар нь би гэртээ харъя гээд гүйгээд гарсан. Би ганцаараа машин руугаа явж ороод хөдлөх гэтэл миний машины урд Н- эмчийн машин зогссон байхаар нь машинаа бага зэргийн ухраахад хүн орилохоор нь би урагшлаад зогссон. Тэгтэл Б.Д- эгчийн нөхөр П- надад “чи хүн алчихлаа шүү дээ пизда минь” гээд машинаас татаж буулгасан. Би машинаас буугаад харахад миний машины хойд гуперийн доогуур бөгсөн тал нь орчихсон Б.Д- эгч хэвтэж байсан. ...Миний эзэмшлийн ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл. ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар тал/ зэрэг болно.  

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Д-гийн мэдүүлэг, гэрч Ж.П-, З.Б- нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, Э.А- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ  2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн магадлагаа, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 443 дугаартай: “Б.Д-гийн биед 2 талын аарцаг яс талын суудал яс, зүүн ташаа яс, зүүн талд ууцны дэлбээ хэсгээр, L1-5 сэртэнгүүд баруун талд, L5-р нугаламын их биеийн дээд доод ирмэгийн хугарал, L5-р нугаламын гулсалт, L4\L5, L5\S1 нугаламуудын хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, давсагны ханын зузаарал, хэвлийн хөндийд шингэн, зүүн гуя, баруун өвдөг зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөг, зүүн шилбэ, баруун бугалга, зүүн шуу, дээд уруул, нуруунд зулгаралт бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Э.А- нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Тоёота Приүс-20 маркийн ... улсын дугаартай автомашин  жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн дүрмийн дүрмийн 3.7 дахь хэсгийн А дахь заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, Б.Д-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь шүүгдэгч Э.А-гийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Д- нь авто ослын улмаас биед 2 талын аарцаг яс талын суудал яс, зүүн ташаа яс, зүүн талд ууцны дэлбээ хэсгээр, L1-5 сэртэнгүүд баруун талд, L5-р нугаламын их биеийн дээд доод ирмэгийн хугарал, L5-р нугаламын гулсалт, L4\L5, L5\S1 нугаламуудын хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, давсагны ханын зузаарал, хэвлийн хөндийд шингэн, зүүн гуя, баруун өвдөг зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөг, зүүн шилбэ, баруун бугалга, зүүн шуу, дээд уруул, нуруунд зулгаралт бүхий  гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Э.А-гийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.А- жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Э.А- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.А-гийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Д-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч Б.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон эмчилгээний төлбөр 4.331.296 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Э.А- нь 2.050.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 2.281.296 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-гаас 2.281.296 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Д- нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.А-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.А-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.А-г хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 59-62 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.А- нь ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ... дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

Шүүгдэгч Э.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос 2.050.000 төгрөг төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 247 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Э.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосноор шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг  тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 9 сарын хугацаанд Цэцэрлэг сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Эрүүгийн 2238000000521 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Э.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 9 (ес) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хилийн дээсээр тогтоож, 9 (ес) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас гадагш явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-гаас 2.281.296 (хоёр сая хоёр зуун наян нэгэн мянга хоёр зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д олгосугай.

7. Эрүүгийн 2238000000521 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Д- нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.А-гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР