Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/478

 

 

 

 

 

 

    2022        06           15                                        2022/ШЦТ/478

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э даргалж, шүүгч М.Д, шүүгч Г.З нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Э хөтлөн

улсын яллагч Г.О,

иргэдийн төлөөлөгч Д.Д,

шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Я овогт Сгийн Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105008191271 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 7 дугаар сарын 03-ны өдөр А аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Э ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 1, ганцаараа ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор .... түр оршин суух хаягтай, урьд

-2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 773 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

-2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 464 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Я овогт Сгийн Г, РД: .

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

С.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ... тоотод гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч О.Бг зодож түүний биед баруун 5, 6, 7, 8 дугаар хавирганы далд хугарал, 1, 2, 3, 4, 9 дүгээр хавирганы далд хугарал, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт голтын хий хуралдалт, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх, нүүр, дух, хацар, шанаа, баруун шуу, зүүн бугалга, бүсэлхий, нуруу, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                                                                        

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ... тоотод гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч О.Бг зодож түүний биед баруун 5, 6, 7, 8 дугаар хавирганы далд хугарал, 1, 2, 3, 4, 9 дүгээр хавирганы далд хугарал, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт голтын хий хуралдалт, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх, нүүр, дух, хацар, шанаа, баруун шуу, зүүн бугалга, бүсэлхий, нуруу, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

            Дээрх үйл баримтыг тогтоохыг тулд  нь шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Гын “...Би өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2105008191271 дугаартай хэргээс:

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр О.Бгийн хохирогчоор өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гадаад харилцааны яамны салбар ...-д ажиллаж байхад 17 цагийн үед найз Г ирсэн. Ирээд “намайг хүргэж өгөх үү” гэхээр нь би хүргэж өгөхөөр 17 цаг 30 минутын орчимд ажил тарахаар нь гарсан. Бид Гын гэр болох Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... очсон. Тэнд хамт хоол хийж идчихээд 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Г гэнэт надад хандаж “чи гэрийнхээ хойно байрлах барилга руу ордог, тэнд уулздаг хүн байгаа юу” гэж байснаа намайг зодсон. Намайг гэрээсээ гаргахгүй хаалгаа цоожилж байгаад дахин зодсон. Би харих гэсэн боловч гарч чадахгүй айгаад тэндээ үлдсэн. Маргааш нь 9 цагийн үед би гэртээ харьсан бөгөөд гэртээ очоод амарч байхад манай том охин энэ талаар мэдээд цагдаад дуудлага өгсөн. Би Гтай 2 жил орчим уулзаж байгаа, өмнө нь намайг зодож байсан. Хааяа нэг тэднийд хонодог байсан. Энэ талаар манай охин Ж мэдэж байгаа. Надад эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн бөгөөд гомдолгүй. Би эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр О.Бгийн хохирогчоор дахин өгсөн “...Бид 2 хоол хийж идээд 0,5 литрийн архи хувааж уусан бөгөөд намайг “гэрийнхээ хойно байдаг барилга орж хэнтэй уулздаг юм бэ” гэж хэлээд шууд нүүр нүдгүй зодож эхэлсэн. Би хавирга өвдөөд, бас согтуу архи уусан байсан болохоор гарч чадаагүй. Тэндээ хоноод өглөө нь Гт “чи намайг зодсон юм чинь хүргэж өг” гэхэд “за” гээд хүргэж өгсөн. Би гэртээ ороод хэвтэж байтал манай охин мэдээд цагдаад хандсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал байхгүй. Мөн надад учруулсан гэмтлийг бүгдийг нь Г учруулсан. Би тэднийд байхдаа архи уусны дараа бие засах гээд байсан бөгөөд гэрт нь хүндээр болон хөнгөнөөр бие засчихсан юм. Тэгтэл Г намайг цэвэрлэ гэсэн бөгөөд намайг хардаад зодсон. Г намайг зодох үедээ ир үзүүртэй зүйл ашиглаагүй, гараараа зодсон. Намайг зодож байхад энэ тэнд юманд цохиод язалсан байх, би дараа нь харсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-116 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Жын гэрчээр өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ээж над руу залгаад Г ахтай нь уулзана, оройтох байх гэж хэлсэн. Орой утас нь холбогдохгүй байсан. Маргааш нь ээж залгаад Г ах чинь өчигдөр зодчихсон, ажилдаа явж чадахгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би орой ажлаа тараад 18 цагийн үед гэртээ очиход ээжийн нүүр, гар, өгзөг, зүүн хөл гээд хөхөрч хавдсан байсан. Тэгэхээр нь би айгаад цагдаад дуудлага өгсөн бөгөөд шууд эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлгээс хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй гэсэн ба хагалгаанд орж магадгүй, 9 хавирга хугарсан байна гэж хэлсэн. Г нь манай ээжтэй хааяа уулздаг бөгөөд яг хамтран амьдардаггүй, үерхдэг юм шиг байна лээ. Өмнө нь энэ удаагийн үйлдэлтэй нийлээд 4 удаа зодсон бөгөөд 1 удаа цагдаад дуудлага өгсөн. Нөгөө 2-т нь дуудлага өгөөгүй. Өмнө нь зодож байхад нь ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй, харин энэ удаа хэвтэрт ортол нь зодсон тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 5626 дугаартай “...О.Бгийн биед баруун 5, 6, 7, 8 дугаар хавирганы далд хугарал, 1, 2, 3, 4, 9 дүгээр хавирганы далд хугарал, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт голтын хий хуралдалт, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх, нүүр, дух, хацар, шанаа, баруун шуу, зүүн бугалга, бүсэлхий, нуруу, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн бөгөөд зүүн мөрний зүсэгдсэн шарх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 тал/,

 

            Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2578 дугаартай өвчний түүх, холбогдох баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-81 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 49 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 51 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 52 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 60-66, 88-94 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

            Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч С.Г нь “2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ... тоотод гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч О.Бг зодож түүний биед баруун 5, 6, 7, 8 дугаар хавирганы далд хугарал, 1, 2, 3, 4, 9 дүгээр хавирганы далд хугарал, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт голтын хий хуралдалт, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх, нүүр, дух, хацар, шанаа, баруун шуу, зүүн бугалга, бүсэлхий, нуруу, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан”  гэх үйл баримт нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн энэ үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгчид холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй эсэхэд шүүх дараах дүгнэлтийг хийсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч С.Гын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхэд халдаж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан, өөрийн  үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандсан,  хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн үйл баримт тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд  заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч С.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Харин, Баянгол дүүргийн прокуророос С.Гыг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж зүйлчлэн шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү; Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж тодорхой зохицуулсан байх ба  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл хохирогч болох О.Б нь шүүгдэгч С.Гын хувьд түүний эхнэр эсхүл хамтран амьдрагч бол гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд заасан субъект байх хуулийн шаардлага үүсч байна.

Гэтэл хохирогч О.Б нь шүүгдэгчийн хууль ёсны эхнэр болох нь, нэг гэрт хамтран амьдардаггүй буюу гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдардаг болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй  байх тул, тодруулбал хохирогч нь шүүгдэгчийн эхнэр биш, хамтран амьдрагч биш байх тул,  хохирогчийг шүүгдэгч С.Гын гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд, шүүгдэгч С.Гын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг хангахгүй байх тул Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгчид холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх, шүүгдэгч С.Гыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч “...шүүгдэгч С.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба энэ дүгнэлт үндэслэл бүхий гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 болон  2 дахь хэсэгт  хуульчилсан.

Хохирогч О.Бд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан бөгөөд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын 325.034 төгрөгийн баримт /хх-ийн 82-84 тал/-ыг хэрэгт хавсаргасан байна.

Хохирогч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “...С.Г нь эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн, надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” /хх-ийн 17 тал/ гэж, шүүгдэгч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...би Бгийн эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн...” гэж тус тус мэдүүлж оролцсон байх тул  шүүгдэгч С.Гыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч О.Бд төлбөл зохих төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

Хэдийгээр, шүүгдэгч С.Гыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч О.Бд төлбөл зохих төлбөргүй ч хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

           

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.   

           

Шүүхээс шүүгдэгч С.Гт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирогчид учирсан гэмтэл, гэмт хэргийн нийгмийн хор аюул зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 7  /долоо/  жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

        Шүүгдэгч С.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тус тус тогтоогдоогүй болно.

 

Харин, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид баримтаар  төлөх төлбөргүй  байх тул  2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч С.Гт оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасч түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилээр тогтоолоо.

 

Шүүгдэгч С.Гын  гэм буруугаа ухамсарлаж гэмшиж буй байдал, хэргийн зүйлчлэлд дүгнэлт хийж эдлэх ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд нийт 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн  цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.      

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч О.Бд төлбөл зохих хохирол төлбөргүй  болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон             

 

                                                   ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Я овогт Сгийн Гт холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. С.Гыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. 2021 оны Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан  С.Гт оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаас 2/хоёр/ жилийн хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 5/тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  түүний  цагдан хоригдсон  59 /тавин ёс/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. С.Гт оногдуулсан  хорих ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

        8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч О.Бд төлбөл зохих хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар  хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

              

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.Э

 

 

                 

                                    ШҮҮГЧИД                             М.Д

 

 

 

                                                                                   Г.З