Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2018/01702

 

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2018/01702

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2018/01570/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Манлайбаяр, нэхэмжлэгч А.Л, хариуцагч Б.Г нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л нь Б.Гтэй 1995 онд танилцаж 10 жилийн сурагчид байхаасаа үерхэж 2001.04.05-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Г.Гб 2001.06.06-нд, хүү Г.Тб 2008.11.24-нд төрсөн. Сүүлийн арваад жил өөр хүнтэй хамтран амьдарч, гэр орондоо ирэхгүй байгаа учраас цаашид хамтран амьдрах боломжгүй байна ... Иймд 2001 оны №40 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Г.Гб, Г.Тб нараа өөрийн асрамжинд авч хүү Г.Тбтээ хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах авахыг хүсч байна ... Хамтын амьдралын явцад дундын 2 үл хөдлөх хөрөнгөтэй болсон ба Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 6-9 тоотод байрлалтай өвлийн сууц бүхий байшин, хашаа, 8 дугаар багийн 24-8 тоотод байрлах 48м2 бүхий орон сууц юм. Үүнээс 2 хүү болон өөрт ногдох хэсгийг гаргуулах буюу Мөрөн сумын 8 дугаар баг 24-8 тоотод байрлах 48м2 орон сууцаа өөрийн эзэмшилд, 9-6-9 тоотод орших өвлийн сууц бүхий байшин, хашааг Б.Гийн эзэмшилд үлдээх саналтай байна гэв. 

Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1995 оноос сурагч байхаасаа үерхэж эхэлсэн ба 2001 оны 4 сард гэр бүл болж бидний дундаас 2001 оны 06 сарын 06-ны өдөр хүү Г.Гб 2008 оны 11 сарын 24-ний өдөр бага хүү Г.Тб нар төрсөн. А.Л бид хоёр нэг гэрт орж арав гаруй жил хамтдаа амьдарсан ба бидний хооронд элдэв хэрүүл маргаан, архи дарс, хүчирхийлэл байдаггүй байсан. Гэр бүл цуцлуулах гол шалтгаан нь би гэр бүлээс гадуур өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон гэдэг нь үнэн. Дээр нь миний ажлын онцлогтой ч холбоотой байх. Би сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд өөр сумдад ажиллаж амьдарч ирсэн. А.Лтай гаргасан нэхэмжлэлийнх нь талаар бид ярилцсан боловч эвлэрээгүй. Иймд нэхэмжлэлийг би бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүхдээ би хүүхдийн тэтгэлэгт хязгаарлагдахгүйгээр асран хүмүүжүүлж, тэжээж тэтгэж явна. Гэрлэлтээ цуцлуулна, хоёр хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээж, бага хүүдээ хүүхдийн тэтгэлэг төлнө. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээр ч мөн маргах зүйлгүй. Мөрөн сумын 8 дугаар багийн 24-8 тоотод байрлалтай орон сууцаа эхнэртээ үлдээнэ, Мөрөн сумын 9 дүгээр багийн 6-9 тоотод байрлах хашаа байшингаа өөртөө үлдээнэ гэв.     

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч Б.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2001 онд гэр бүл болж, 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Лын гэрлэлт цуцлуулахыг хүссэн шаардлагыг хариуцагч Б.Г хүлээн зөвшөөрч байх бөгөөд талууд цаашид гэр бүлийн хамтын амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй учир эвлэрэх боломжгүй хэмээн тайлбарлажээ.

Нэгэнт гэрлэгчид гэр бүлийн харьцаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй, эвлэрч амьдрах боломжгүй болсон гэх тайлбар, нэхэмжлэгч хариуцагч нар нь тус тусдаа амьдарч байгаа байдал, зохигч нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл зэргийг үндэслэн  шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх нь үр дүнгүй байна гэж үзэж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр А.Л, Б.Г нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

Гэрлэгчдийн дундаас 2001 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү Г.Гб төрсөн болох нь түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Тб төрсөн болох нь №0220651-8.. дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Гэрлэгчдийн дундаас 2001 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.Гб, 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.Тб нарыг  хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн санал зэргийг харгалзан эх А.Лын асрамжид үлдээж, бага хүү Г.Тбт эцэг Б.Гөөс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Г.Тбийг эх А.Лын асрамжинд үлдээсэн нь эцэг Б.Гийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч А.Л, хариуцагч Б.Г нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт харилцан тохиролцож Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 6 дугаар гудамжны 9 тоотод байрлах 77 кв.м талбай бүхий хувийн сууц, 600 м2 эзэмшил газрын хамт хариуцагч Б.Гийн өмчлөлд, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 24 дүгээр байрны 1 дүгээр орц, 8 тоотод байрлалтай 48 кв.м 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч А.Л болон хүү Г.Гб, Г.Төгөдөлбилэг нарын өмчлөлд тус тус үлдээхээр талууд тохиролцсон тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг талуудын тохиролцсоноор хувааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Лын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, эд хөрөнгө хуваах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257.950 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 358.994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гөөс эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257.950 төгрөг, мөн 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.Тб 10 настай тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Г төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Г.Тбт сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 358.994 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Б.Г, А.Л нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.Гб, 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.Тб нарыг эх А.Лын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.Тбийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Гөөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар нэхэмжлэгч А.Л, хүү Г.Гб, Г.Тб нарын өмчлөлд  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 24 дүгээр байрны 1 дүгээр орц, 8 тоотод байрлалтай 48 кв.м 2 өрөө орон сууцыг,  хариуцагч Б.Гийн өмчлөлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 6 дугаар гудамжны 9 тоотод байрлах 77 кв.м талбай бүхий хувийн сууц, 600 м2 эзэмшил газрын хамт үлдээхээр тохиролцсон болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Гт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.Лт тус тус даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358.994 /гурван зуун тавин найман мянга есөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гөөс 358.994 /гурван зуун тавин найман мянга есөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Лт олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БЯМБАСҮРЭН