| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/02420/И |
| Дугаар | 102/ШШ2018/03553 |
| Огноо | 2018-11-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2018/03553
| 2018 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2018/03553 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “А” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд 3 334 800 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Би 2018 оны 5-р сарын 06-ны өдөр 2014 онд Англи улсад үйлдвэрлэсэн MG-3 маркийн машиныхаа тос маслыг “А” ХХК-иар солиулж, угаалгасан. Тэр өдрөө машин зүгээр байсан, маргааш нь машинаа асаатал тачигнасан дуу гарахаар нь буцаж очоод засварчин болон захиралд нь үзүүлсэн, машиныг засах гэсэн боловч дууг нь арилгаж чадаагүй. Тэгээд маргааш нь машинаа хэвийн хэмжээнд оруулж засуулахаар хашаанд орхисон. Тэгээд 3 хоногийн дараа очиход хэвэндээ байсан. Ингээд би найзынхаа машинаар чирж яваад Хан-Уул дүүрэгт өөр засварын газарт машинаа үзүүлэхэд машиныг задалж, шаардлагатай солих сэлбэгүүдийг Хятад улсаас захиалж авчирсан. Машиныг задлахад хөдөлгүүрийн кришек нь эвдэрсэн, ковш нь цоорсон, клапан хугарсан зэрэг гэмтлүүд гарсан. Эдгээр сэлбэгүүдийг захиалгаар авчирхад 3 334 800 төгрөгийн зардал гарсан. Ингээд засвар хийлгээд сарын дараа машин ассан. Үүнээс хойш дахиад өөр хүнээр кроп нь автомат байсныг механик болгуулсан. Би одоо “А” ХХК-иас зөвхөн орсон сэлбэгийн үнийг л нэхэмжилж байгаа. Түүнээс би ажлын хөлс болон бусад зардлыг нэхэмжлээгүй. Миний машин 2014 онд үйлдвэрлэгдсэн 40000 километр явсан шинэ машин байсан. Иймд “А” ХХК-иас сэлбэгийн үнэ 3 334 800 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2018 оны 5-р сарын 06-ны өдөр манай төвөөр машиныхаа моторын тосыг солиулсан, маргааш нь захиралтай яриад “танайхаар тос солиулсан чинь моторт дуу орчихлоо” гэсэн байсан. Тэгээд 2018 оны 5-р сарын 13-ны өдөр буюу 7 хоногийн дараа ирсэн. Ингээд моторын дууг сонсоход мотор цохисон ч юм уу, ямар нэгэн механик эвдрэл гарсан дуу биш, харин хий хувиарлах системийн эд ангиуд тосолгооны систем бохирдолтой удаан явснаас болж дутуу тослогдож, элэгдэлд орсноос болж гардаг дуу байсан. Энэ талаар тайлбарлаж хэлэхэд ойлгоогүй, танайхаар засуулснаас миний машин дуу орсон гэсэн. Нэгэнт онолын хувьд тайлбарлаад ойлгохгүй болохоор нь тосолгооны систем цэвэрлэгч моторт нь хийж, цилиндрийн даралтыг хэмжиж үзүүлсэн. 4 цилиндрийн даралт жигд 10-11 барын даралттай байсан. Цилиндрийн даралт хэмжсэний дараа машиныг нь асаах гэтэл машин нь асаагүй. Ингээд үйлчлүүлэгч маань миний машиныг эвдчихлээ гээд илүү бухимдаж эхэлсэн. Бид машин асахгүй байгаа шалтгааныг олохоор машиныг нь дахин шалгаж үзэхэд тахир голын эргэлтийг компьютерт мэдээлдэг датчик шатсан байсан. Энэ датчик шатсан байна. Датчикийг солихоор машин чинь асна, солиод өгье гэсэн. Тэрнээс цилиндрийн даралт хэмжсэнээс датчик шатах боломжгүй. Энэ талаар Д.Б тайлбарласан боловч ойлгоогүй. Бид энэ чиглэлээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цилиндрийн даралтыг ганц манайх биш дэлхий дахин яг л энэ арга барилаар хэмждэг. Эцэст нь Д.Б датчикаа олж ирэхээр бид засч өгөхөөр болж, Д.Б машинаа манай засварын хашаанд үлдээгээд явсан. 2018 оны 5-р сарын 15-ны өдөр Д.Б нь манай засварчинд хуучин датчикных нь оронд шайб тавихаар асдаг гэж хүн хэллээ гэсэн байсан. Түүний хэлснээр шайб тавьж үзсэн боловч асаагүй. Ингээд Д.Б өөрөө машинаа авч явсан. Д.Б нь өөр засварын газар машинаа задлуулж, засуулсан гэсэн. Тэгэхдээ яагаад манайд мэдэгдээгүй, байлцуулаагүй вэ. Хөдөлгүүрийн тосолгооны системийг цэвэрлэж, тос сольсон, цилиндрийн даралт хэмжсэнээс болж нэхэмжлэлд дурдсан шиг эвдрэл гарахгүй. Гэтэл нэхэмжлэлд гал алдагдсан, гинж сунасан, клапан хугарсан гэж бичсэн. Хэрвээ машины хөдөлгүүрийн клапан хугарсан, поршин эвдэрч солих хэмжээнд хүрсэн бол цилиндрт даралт огт үүсдэггүй. Даралт хэмжихэд маш сайн зааж байсан тул нэхэмжлэлд бичсэн эвдрэл үүссэн байх ямар ч боломжгүй. Нэхэмжлэлд бичсэн гал алдагдсан, гинж сунасан, клапан хугарсан гэх эвдрэлүүд тос солих үйлчилгээ хийснээс болж үүсэх зардлууд биш. Тухайлбал духны гинж сунасан гэж байна. Ямар ч машины гинжийг 150 000 километр яваад солих үйлдвэрийн заалттай байдаг. Тосолгоо үйлчилгээг тогтмол хийгээгүй тохиолдолд 150000 километрээс ч бага зайнд явсан үед духны гинж солих шаардлага гарч болно. Харин 150000 километр явж байж үүсдэг элэгдэл зөвхөн угаагч хийж, тос солих хооронд үүсэх боломжгүй. Д.Б манай байгууллагаар өмнө 2017 оны 6-р сарын 23-ны өдөр, 2017 оны 7-р сарын 28-ны өдрүүдэд тос солиулах үйлчилгээ хийлгэж байсан. Манай байгууллагын үйлчилгээ, бүтээгдэхүүний үр нөлөөг мэддэг үйлчлүүлэгч байгаа. Иймд Д.Б ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүй төлбөр манайхаас нэхэмжилж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь “А” ХХК-д холбодох ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас учирсан хохиролд 3 334 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Д.Б нь “А” ХХК-иар 2018 оны 5-р сарын 06-ны өдөр MG-3 маркийн 75-09 УНУ дугаартай машиныхаа мотор, хропны тос маслыг солиулах үйлчилгээ хийлгэж, ажлын хөлсөнд 278 800 төгрөгийг /хх 7-9/ төлжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч нь машины тос, масло солиуснаас болж моторт дуу орсон талаар гомдлын шаардлага гаргаж, 2018 оны 5-р сарын 13-ны өдөр тосолгооны систем цэвэрлэгчээр мотор цэвэрлүүлсэн, улмаар 4 цилиндрийн даралт хэмжихэд 10-11 барын жигд даралттай байсан, харин датчик шатсан байснаас машин асаагүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон /хх 35/ байна.
Харин нэхэмжлэгч нь үүнээс хойш буюу мотор, хропны тос солиулснаас хойш 2018 оны 6-р сарын 7-ны өдөр Авто про ХХК-иар мотороо задлуулж засварлуулах үйлчилгээ хийлгэж, засварын зардал, ажлын хөлсөнд 3 030 000 төгрөг төлсөн, энэ нь мотор, хропны тос солиулснаас учирсан хохирол гэж маргаж, гаргуулахаар шаарджээ.
Агро про ХХК-ний засварын ажлын тайланд “...хөдөлгүүрийг задалж шалгахад 3-р цилиндрийн клапан хугарсан, поршин хагарсан байсан тул поршин сольсон, хөдөлгүүрийн цэвэрлэж буцааж боосон, крышкийг бүтнээр нь сольсон, ган болон пирда дискийг сольсон” үйлчилгээ хийсэн тухай тусгагдсан /хх 6/ байх ба үйлчилгээний хөлс 2 940 000 төгрөг төлсөн нь баримтаар /хх 10-11/ тогтоогдсон байна.
Харин Агро про ХХК-ний нэхэмжлэхээр 3 030 000 төгрөг төлөхөөр нэхэмжилсэн боловч үзүүлсэн үйлчилгээ, төлсөн мөнгөний баримтаас зөрүүтэй зардал тусгагдсан, өөрөөр хэлбэл, хөдөлгүүрийн ком жийрэг, тахир голын мэдрэгч, тосны шүүр зэргийг сольсон үйлчилгээг үзүүлээгүй, нэхэмжлэгчийн төлсөн 2 940 000 төгрөгийн зардалд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй үйлчилгээний зардал орсон гэх үндэслэлтэй.
Нөгөө талаас, шинжээч Авто-Ойл ХХК нь эд мөрийн баримтаар хэрэгт авагдсан очлуур, тахир голын мэдрэгчийг шинжлэн судлаад “Автомашины хөдөлгүүр болон хурдны хайрцагийн тос сольсноос хөдөлгүүрийн гавал /крышка/, хөдөлгүүрийн жийрэг, поршен, тахир голын мэдрэгч, тосны шүүрэнд гэмтэл үүсэхгүй, гэмтсэн гэх очлуур, тахир голын мэдрэгч нь асаалтын системийн эд анги болно. Энэ нь тосолгооны системийн тосноос болж эвдрэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь хариуцагчийн “...хөдөлгүүрийн тосолгооны системийг цэвэрлэж, тос сольсон, цилиндрийн даралт хэмжсэнээс болж нэхэмжлэлд дурдсан эвдрэл гарахгүй, ... машины хөдөлгүүрийн клапан хугарсан, поршин эвдэрч солих хэмжээнд хүрсэн бол цилиндрт даралт огт үүсэхгүй” гэсэн хариуцагчийн татгалзалтай нийцсэн, дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэргийн 30-31 дэх талд авагдсан баримт нь Д.Б ын урьд нь тухайн компаниар тос, масло солиулж байсныг нотолсон баримтууд байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэг, 352-р зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А” ХХК-иас 3 334 800 /гурван сая гурван зуун гучин дөрвөн мянга найман зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн Д.Б ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 466 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА