Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2018/03487

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2018/03487

Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М.Н-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: А.А-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Байгальмаа /үнэмлэх 2520/, А.Одончимэг /үнэмлэх 1783/, хариуцагч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.  

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Атай 2016 онд хамт ажиллаж байгаад танилцаж, 2017 оны 8-р сарын 23-ны өдөр хүү А.Жанцанноровыг төрүүлсэн. Хүүхэдтэй болоод А.А бид хоёр хамт амьдарч эхэлсэн. А  архи уудаг, ширүүн догшин зантай болсон. Намайг эмнэлэгт төрхийн хүндрэлтэй байхад хаяж яваад ирээгүй. Манай ээж, аав араас нь утсаар ярьж байж ирсэн. Хүүхэд төрснөөс хойш зан ааш нь өөрчлөгдсөн, өөр уулздаг хүнтэй болсон юм шиг байсан. Орой үдэш эмэгтэй хүн залгадаг. Энэ талаар асуухаар хэлдэггүй. 2018 оны 2 дугаар сараас хойш ирээгүй. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Иймд хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч А.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд уурхайд ажиллаж байхдаа М.Н-тэй танилцаж, хүүхэдтэй болж хамтран амьдарсан. Гэрлэлтээ батлуулаагүй. Бидний хооронд хэрүүл маргаан байдаггүй. Би хадам ээжтэйгээ таардаггүй учраас сүүлийн үед очоогүй байгаа. Намайг орой 8 цагт тэднийд очиход гэртээ харь гээд шөнө Лүн сумаас буцааж байсан. Мөн 2, 3 удаа шөнийн 4 цагт гэрээс нь хөөгдөж байсан. Сүүлд машинтайгаа

наашаа явахад намайг машин хулгайлсан гэж цагдаад барьж өгч байсан. Бидэнд салах шалтгаан байхгүй, нэхэмжлэлээ өөрөө бичээгүй байсан. Хүүхдийн 20 000 төгрөгийг би сар бүр М.Н рүү шилжүүлдэг. Хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н нь А.А д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

А.А, М.Н нар нь гэр бүл болох зорилгоор 2016 оноос хамт амьдарч 2017 оны 08-р сарын 23-ны өдөр хүү А.Ж-ыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Харин талууд хамт амьдрах хугацаандаа А.А нь архи уудаг, ааш зан муутай, халамж анхаарал тавьдаггүй, хүүхдээ харж ханддаггүй, хадам ээжтэй таардаггүй зэрэг таарамжгүй харьцааны улмаас хүүхдээ төрснөөс хойш тусдаа амьдарсан, үүнээс хойш хүү А.Жанцанноров нь эхийн асрамжинд өссөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...бидэнд салах шалтгаан байхгүй, хадам ээжтэй таардаггүй” гэх боловч энэ нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

 

Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож хүү А.Ж-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэг, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 08-р сарын 23-нд төрсөн хүү А.Ж-ыг эх М.Н-ийн асрамжинд үлдээж, А.Ж-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг А.А-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч А.А-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА