Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1247

 

 

 

 

 

 

 

 

 

 

         2022              10              06                                            

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Б холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ийн Б /РД:0000000000/,

Монгол улсын иргэн, ****оны ** дугаар сарын ***-ны өдөр ****** аймгийн ****** суманд төрсөн, эмэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буянт-Ухаа 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

   Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хустайн 23 дугаар гудамжинд иргэн Э.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар иргэн Б.О-ын эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас бусдад 1.099.550 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хустайн 23 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Э.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар хохирогч Б.О-ын эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслэл рүү чулуу шидэж, хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас бусдад 1.099.550 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

-хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ...төрсөн хүү М-ийн салсан эхнэр Б  утсаар ярьж дуудсан. Гурван хүүхдэдээ мөнгө өгнө гэж хэлсэн. Надаас машин асуугаад аваад явсан. ...М гэртээ ирээд надад хэлэхдээ “...Машиныг чинь Б  ийм болгочихлоо” гээд надад үзүүлсэн. Би утсаараа бичлэг хийсэн гээд надад үзүүлсэн. ...00-00 ААА улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...Баруун талын капот, толь, урд талын крыло, урд, хойд хаалганд хонхойж, зурагдсан гэмтлүүдтэй байсан. ...Би үнэлгээгээр гарсан 1.099.550 төгрөг болон үнэлгээ хийлгэсэн 56.000 төгрөг, нийт 1.155.550 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 20 хуудас/,

-гэрч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ...Б  миний дугаарыг барьж байсан болохоор асаалттай байна уу, унтраасан байна уу гээд залгатал холбогдож байхаар нь би түүнд хандаж “Миний утасны дугаарыг унтраа, хүмүүс залгаж байгаа” гэж хэлсэн. Тэгтэл “Би хүүхдүүд дээрээ хоосон орчихсон байна лээ. Ирээд надаас 100.000 төгрөг аваадах” гэж хэлсэн. Би хаана байгааг нь асуугаад Баруун салаа буюу Хустайн 7 дугаар гудамжинд очсон. Надад манай эхнэр 100.000 төгрөг өгсөн. Би хүүхдүүдтэйгээ холбогдоно гээд надад утас өгсөн. Цүнхнээсээ том пиво гаргаж ирээд машины ард талд тал пивыг нь уусан. ...“...Танай эгчийг үзэн ядаж байна. ...Амьдралд гай болсон...” гэх мэтээр яриад байсан. Түүний дараа “Би яахаараа чамд ер нь мөнгө өгдөг юм бэ?” гээд машины голоос утас, мөнгөө авахаар нь “Чи хүүхдүүддээ пампарсны мөнгө өгч чадахгүй юм бол би явлаа” гэж хэлтэл “...Үгүй. Намайг эгч Баттөгсийн гэрт хүргээд өг. Би очиж алалцмаар байна...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буу гэж хэлсэн. “...Ээжийн чинь машиныг би угаасаа бодчихсон байгаа” гээд миний унаж байсан ээжийн машиныг чулуу аваад гупер рүү нь шидсэн. ...Баруун талын хаалга руу өшиглөөд, толь өшиглөөд байхаар нь би машиндаа суух гэтэл “явах юм бол хойд шилийг чинь хагална” гээд суулгахгүй байсан. Манай ээж О-ын Тоёота Приус-30 маркийн 00-00 ААА улсын дугаартай машины баруун хойд крыло, баруун талын 2 хаалга, хойд хаалганы цонх нээгдэхээ больсон. Мөн урд талын крыло, урд талын капот зэргийг хонхойлгож эвдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/,

               -“Мастер үнэлгээ” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 9117 дугаартай:

               -Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан ...нийт шууд зардлын дүн 666.950 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.099.550 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 28-30-р хуудас/,

               -Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-11-р хуудас/,

   -Шүүгдэгч Б.Б ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ...ганцаараа 1 том пиво аваад ууж байгаад нөхөр дээрээ байгаа хүүхдүүддээ мөнгө өгье гэж бодоод салсан нөхөр М-ийг дуудсан ба Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 0 дугаар гудамжинд М ээжийнхээ нэр дээр байдаг машинтайгаа ирсэн. Би машин дотор нь сууж байгаад үлдсэн пивоо уугаад “чи хүүхдүүдээ авч явсан” гэж уурласан ба тухайн үедээ согтуу уурандаа Тоёота приус-30 маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү өшиглөж, чулуу шидэж гэмтээсэн. ...Би эд зүйлийн үнэлгээтэй уншиж танилцсан. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэж /хавтаст хэргийн 59-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 34-р хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 35-р хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 36-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 41-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

  Шүүгдэгч Б.Б ын хууль бус санаатай үйлдэл буюу чулуу шидэж Б.О-ын эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн нүүрэн талын салхины шил хагарч, хохирогч Б.О-т 1,099,550 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”

Шүүгдэгч Б.Б ын үйлдэл нь хохирогчийн эд хөрөнгө буюу автомашин руу санаатай үйлдлээр буюу хохирол учруулах боломжтойг мэдсээр байж чулуу шидэж байгаа нь хууль бусаар бусдын эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхэд нь халдсан гэж үзэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Б.Б ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.О нь 1,099,550 төгрөгийг нэхэмжлэхгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.  

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.Б оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 56,000 төгрөгийг / үнэлгээний зардал/ гаргуулж, хохирогч Б.О-т олгох нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 23 дугаар гудамжинд иргэн н.О-ын эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас бусдад 1.099.550 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч н.О-ын мэдүүлэг, гэрч н.М-ийн мэдүүлэг, “Мастер үнэлгээ” ХХК-ийн автомашин техник эвдрэлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Б.Б ын мэдүүлэг, гэрч н.Д, н.М нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Дээрх зүйл, заалтад зааснаар түүнийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад автомашин техникийн үнэлгээгээр хохирогч н.О-т 1.099.550 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож дээрх хохирлыг нэхэмжилж оролцсон боловч н.О, Б.Б нар харилцан тохиролцож, хохирогч н.О нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Б ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх нь зүйтэй байна. Түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн доод ял буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Учир нь Б.Б нь бага насны олон хүүхэдтэй талаар мэдүүлдэг. Гэхдээ эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүнд торгуулийн ялыг сонгон оногдуулах боломжгүй гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй, хамаарахгүй байгаа тул түүнд дээрх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди хавсаргагдсан. Дээрх сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах саналтай байна. Б.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Түүнчлэн автомашин техникийн эвдрэл, хохиролд үнэлгээ хийлгэсэн 56.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч н.О-т олгох нь зүйтэй байна гэв.

 

Шүүгдэгч: Надад 240 цаг нийтэд тустай ажил хийнэ гэхэд хэцүү байна. Би гэртээ хүүхдүүдээ хардаг, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б од 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялыг бага насны 5 хүүхдийн хамт амьдардаг байдлыг харгалзан үзэж өөрчилж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдалтай нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Боржигон овогтой Батсуурийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Б од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оос 56,000 төгрөг гаргуулан хохирогч Б.О-т олгосугай.  

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА