Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/03554

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/03554

Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

             Нэхэмжлэгч: “ГЗ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Б.Ж-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 879 825 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Б.Ж-тэй 2017 оны 5-р сарын 23-ны өдөр “Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 12-р сарын 31-ний өдөр дууссан. Гэрээнтй хугацаанд Ж-д 8 удаагийн худалдан авалтаар нийт 1 520 950 төгрөгийн шатахуун нийлүүлсэн. Үүнээс 267 800 төгрөгийг төлж, 1 253 150 төгрөгийг төлөөгүй. Түүнээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан  боловч огт төлбөр хийгээгүй. Гэрээний 2.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Бид төлбөр барагдуулах хэлцэл хийж байсан ч төлөөгүй. Иймд худалдан авсан шатахууны үнэ 1 253 150 төгрөг, алданги 626 575 төгрөг нийт 1 879 725 төгрөгийг Б.Ж-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Би “ГЗ” компаниас 1 253 150 төгрөгний бензин шатахуун авсан нь үнэн. Тухайн үед тээвэрт явж байсан, тэрэг эвдрээд одоо хүртэл явахгүй байгаа. Миний авсан 1 253 150 төгрөг алдангитай 1 879 725 төгрөг болсон байгаа. Тиймээс би 10 сарын хугацаанд төлж барагдуулж чадна. Тэрнээс өмнө хугацаанд төлж чадах боломжгүй гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн

судлаад

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

“ГЗ” ХХК нь Б.Ж-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 879 725 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

            “ГЗ” ХХКнь Б.Ж-тэй 2017 оны 5-р сарын 23-ны өдөр “Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 2017 оны 12-р сарын 31-нийг зээлээр худалдан авах, худалдан авагч нь төлбөрийг шатахуун худалдан авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор төлөх,  гэрээний 2.3-т зааснаар худалдан авагч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 262-р зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр /хх 3-4/ байна.

 

Гэрээний хугацаанд Б.Ж-д 8 удаагийн худалдан авалтаар нийт 1 520 950 төгрөгийн шатахуун нийлүүлсэн, үүнээс 267 800 төгрөгийг төлж, 1 253 150 төгрөгийг төлөөгүй байх ба энэ талаар хариуцагч маргаагүй /хх 6-8/ байна.

 

Иймд хуульд зааснаар 50 хувиас хэтрээгүй хэмжээний алдангийн хамт 1 879 725 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч шүүх хуралдааны мэдэгдлийг 2018 оны 11-р сарын 23-ны өдөр хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                              ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 262-р зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ж-ээс 1 879 725 /нэг сая найман зуун далан есөн мянга долоон зуун хорин тав/ төгрөг гаргуулж “ГЗ” ХХК-д олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 030 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж-ээс 45 030 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА