Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 813

 

         А.Ш-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор С.Мөнхтулга,

          шүүгдэгч А.Шинэзул, түүний өмгөөлөгч Ч.Атарболд,  

          нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ш-н гаргасан давж заалдах гомдлоор А.Ш-д холбогдох 1808 03239 0890 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн А-н Ш, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, охин, хадам эх, ах, дүү нарын хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй,

Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор ....... 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор ............ нэрээр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн ялаас 1 жил 1 сарын хорих ялыг нэмж, нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор ........... нэрээр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ял дээр 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 20 хоногийн ялын зарим буюу 6 сарын хорих ялыг нэмж, нийт 1 жилийн хугацаагаар хорих ял,

Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор ............ нэрээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор .............. нэрээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 317 дугаартай шүүгчийн захирамжаар Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хорих ялын хэмжээнд дүйцүүлэн 7 жил 9 сар 7 хоногийн хорих ялыг эдэлсэнд тооцож, хорих ялаас чөлөөлөгдсөн, /РД: .............../;

     А.Ш нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ..... тоотод иргэн Б.Л-н эзэмшлийн өвлийн сууцны үүдний гишгүүр доор байсан түлхүүрээр хаалгыг нь онгойлгон нэвтэрч, 3 ширхэг хөөрөг, 2 ширхэг гинж, 1 хос пүүз, 1 ширхэг үүргэвч, 1 ширхэг гар цүнх, 3 хос ээмэг, 1 ширхэг хослол, 1 ширхэг бөгж, 1 ширхэг шампунь буюу нийт 14 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.818.600 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ..... тоотод иргэн Б.М-н эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгон нэвтэрч, Элко брэндийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 319.920 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ......тоотод, иргэн Б.Ц-ын өвлийн байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, бэлэн 72.000 төгрөг, хос мөнгөн ээмэг, зүүлт бөгж, 3 ширхэг набор, мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 118.400 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ....... тоотод, иргэн Ч.Л-н эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Ти Си Эл” брэндийн, 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 159.960 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, .......тоотод иргэн Ц.Д-н өвлийн байшингийн цонхны салхивчийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч, “Делл” брэндийн иж бүрэн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ........тоотод оршин суух иргэн Ч.Б-н хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, алтан ээмэг, бөгжний хослол, цагаан брилянтан шигтгээтэй бөгж, монетон хүзүүний зүүлт, 6 ширхэг мөнгөн халбага, турк чулуун зүүлт, дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг сувдан зүүлт, турк мөнгөн зүүлт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Ш-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хорчин овогт Алтанцэцэгийн Шинэзулыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан  А.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ш-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 18 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10 дахь хэсэгт зааснаар А.Ш-н төрсөн хүүхэд болох 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Г.Г-н асран хамгаалах үүргийг түүний төрсөн эцэг Т.Г-т даалгаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд хөгжлийн газар буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.Ш миний бие давж заалдах гомдол гаргах болсон учир нь:

1. Гэм буруутай этгээд нь хуулийн өмнө харилцан тэгш эрхтэйгээр хариуцлага хүлээх үүрэгтэй. Бас үр хүүхдүүдийнхээ өмнө ч мөн адил хүлээсэн үүрэг хариуцлагаа мартаж болохгүй гэж бодож байна. Өнөөдөр энэ танхимд цугларсан Монгол Улсын төрийн төлөөлөл болох шүүх бүрэлдэхүүний өмнө хэлэхэд охиныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэгдүгээрт тавьмаар байна. Миний охин одоо 8 сартай, анхан шатны шүүхээс эцэг Т.Г-н асрамжид үлдээх шийдвэр гаргасан ч харж хандах хүнгүй хамаатны айлд үлдсэн учир маш их санаа зовж байна. Нөхөр намайг хэрэгт холбогдсоныг мэдсэнээс хойш уурлаж, таарч тохирохгүйн улмаас би охиноо аваад салсан. Гэсэн хэдий ч эх хүний гэгэлгэн зангаараа амьдралын сайханд тэмүүлж, алагхан үрээ тэврэхдээ эх хүн байхын аз жаргалыг мэдрэх тусам хань минь болж ирээд буцсан тэр хүнд би гомдохгүй. ...

            2. Би гэмт хэрэг хийж бусдад хохирол учруулсан нь үнэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа илчилж мэдүүлэг өгсөн. Хэрэгт миний ойр дотно гэр бүлийн хүмүүсээс тайлбар авч хувийн байдлыг тодорхойлоогүй. Зөвхөн өмнөх шийтгэлийг нөлөөлүүлэн амьдралын эх үүсвэр болгосон гэх үндэслэлээр миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Тухайн үед миний амьдралд хүрэлцэхүйц орлогын эх үүсвэр байсан. Энэ нь 2018 оны 7 сард хэрэг үүсэх үед манай нөхөр Г Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэгч компанид сарын 1.800.000 төгрөгийн цалинтай мужааны ажил хийж байсан. Мөн би өөрөө гэртээ би өөрөө гэртээ уг компанийн ажилчдын зуны хувцасыг захиалгын журмаар оёж, мөнгө олж амьдралдаа зарцуулдаг байсан учраас надад сонгосон гэм буруугийн үндэслэлтэй санал нийлэхгүй байна. Би үнэхээр амьдралдаа хэрэглэх зорилгоор хулгай хийгээгүй. Урьд нь хамт хоригдож байсан танил эгч надаас тусламж хүссэн. Утсаар яриад эгчдээ 500.000 төгрөг байвал зээлээч гэсэн. Эхлээд байхгүй гэхэд дараа дахин залгаад ямар ч байсан туслаач гээд гуйгаад байсан. Үнэндээ хамт хоригдож байхдаа бид хоёр зовлон жаргалаа ярьдаг байсан болохоор тухайн үед хэрэгтэй мөнгийг нь олоод өгчих юмсан гэж бодон ийм тэнэг алхам хийхэд хүрсэн. Шүүх энэрэнгүй хандаж, хэргийг шийдвэрлэнэ гэж найдаж байна. Иймд та бүхэн хуулийн хүрээнд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, миний гэм буруутай үйлдэлд тохирсон зүйл, хэсгээр зүйлчилж хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 Шүүгдэгч А.Ш-н өмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.Ш-г бусдад 5 удаагийн үйлдлээр 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Үнэхээр амьдралын эх үүсвэр болгож, гэр бүлээ тэжээж байсан эсэхийг шүүх анхаарч үзнэ үү. Түүний нөхөр нь сарын 1.800.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Мөн өөрөө оёдолчин хийгээд гэрээгээр ажил гүйцэтгэж байсан. Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь эргэлзээтэй байна. Үүнээс гадна Ш-н хүүхдийн асуудал хүнд байна. Иймд шүүх боломжтой бол зүйлчлэлийг хөнгөрүүлэх эсхүл хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

          Прокурор С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх А.Ш-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 А.Ш нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ......... тоотод иргэн Б.Л-н эзэмшлийн өвлийн сууцны үүдний гишгүүр доор байсан түлхүүрээр хаалгыг нь онгойлгон нэвтэрч, 3 ширхэг хөөрөг, 2 ширхэг гинж, 1 хос пүүз, 1 ширхэг үүргэвч, 1 ширхэг гар цүнх, 3 хос ээмэг, 1 ширхэг хослол, 1 ширхэг бөгж, 1 ширхэг шампунь зэрэг 14 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.818.600 төгрөгийн хохирол,

2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ...... тоотод иргэн Б.М-н эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгон нэвтэрч, Элко брэндийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 319.920 төгрөгийн хохирол,

2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ........ тоотод иргэн Ц.Д-н өвлийн байшингийн цонхны салхивчийг төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч, “Делл” брэндийн иж бүрэн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 390.000 төгрөгийн хохирол,

2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ........ тоотод, иргэн Б.Ц-н өвлийн байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, бэлэн 72.000 төгрөг, хос мөнгөн ээмэг, зүүлт бөгж, 3 ширхэг набор, мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 118.400 төгрөгийн хохирол,

2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ...... тоотод, иргэн Ч.Лх-н эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Ти Си Эл” брэндийн, 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 159.960 төгрөгийн хохирол,

2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, .... тоотод оршин суух иргэн Ч.Б-н хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, алтан ээмэг, бөгжний хослол, цагаан брилянтан шигтгээтэй бөгж, монетон хүзүүний зүүлт, 6 ширхэг мөнгөн халбага, турк чулуун зүүлт, дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг сувдан зүүлт, турк мөнгөн зүүлт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол буюу нийт 6 удаагийн үйлдлээр 3.056.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.М-н “... Манай байшингийн салхивч онгойчихсон байхаар нь шагайгаад хартал гэр доторх хамаг эд зүйлс шалаар тараагаад хаячихсан байсан ба хананд өлгөөтэй байсан 32 инчийн, “Элко” брэндийн зурагт алга болсон байсан. ...” /1 хх 29-30/,

хохирогч Б.Л-н “... Бэр Нямзулын хамт гэртээ иртэл хаалга онгорхой гэрийн эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. 3 ширхэг хөөрөг, монетон гинж, пүүз, үүргэвч, мөнгөн ээмэг, бөгж, шампунь зэрэг эд зүйлс хулгайлагдсан байсан. ...” /1 хх 75-76/,

хохирогч Б.Ц-ын “... Намайг амралтад амарч байхад бэр Заяабаяр яриад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд түрийвчинд байсан 72.000 төгрөг, ээмэг бөгж, зүүлттэй мөнгөн хослол, 3 ширхэг набор, хөргөгчинд байсан мах зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” /1 хх 121-122/,

хохирогч Ч.Л-н “... гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдээд дотор нь байсан 32 инчийн, “ТСL” загварын зурагт алдагдсан байсан. ...” /1 хх 156-157/, 

хохирогч Ц.Д-н “... Би ажлаа тараад гэртээ иртэл хаалга онгорхой, эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. ... “Самсунг” загварын суурин компьютероо алдсан. ...” /1 хх 209-210/, 

хохирогч Ч.Б-н “... Манай гэрээс алтан ээмэг, бөгжний хослол, цагаан бриллянтан шигтгээтэй бөгж, монетон хүзүүний зүүлт, 6 ширхэг мөнгөн халбага, Турк зүүлт, аяга, сувдан зүүлт ... зэрэг эд зүйл алдагдсан. ...” /2 хх 180-181/,

гэрч Г.Т-н “... Би ажил үүргээ гүйцэтгээд машинтай уруудаж явтал жирэмсэн эмэгтэй алчууранд боосон зурагт үүрээд явж байхаар нь зогсоож шалгатал “засуулах гээд авч явж байгаа юм” гэж хэлсэн. ... Уг зурагтыг хэлтэс дээр авчраад шинжээчид өгөөд байж байтал хулгайн дуудлага гарлаа гээд бүрэлдэхүүн явсан бөгөөд хохирогч гэх залуу ирээд “энэ манай зурагт мөн байна” гэж таньсан. ...” /2 хх 41/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-5, 60-65, 102-108, 142-146, 179-187, 2 хх 170-174/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /1 хх 35-36, 83-84, 124-125, 161-162, 214-215/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /3 хх 191-194/ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 хх 30-33/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч А.Ш-г хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч А.Ш-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.Ш-д анхан шатны шүүхээс 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул “...зүйлчлэлийг өөрчилж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Учир нь, шүүгдэгч А.Ш-н үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамааруулж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шат шатны шүүхэд хэрэглэн, шүүгдэгчид оногдуулах хорих ялыг дахин хөнгөрүүлэх хууль зүйн боломжгүйг дурдах нь зүйтэй. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ш-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.