Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0324

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Э.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З

 

Нэхэмжлэгч: Э.О

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: С.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох нийтийн номын сангийн захирлын орон тоонд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 112/ШШ2024/0008 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: ё

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Оээс Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан “...Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох нийтийн номын сангийн захирлын орон тоонд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэх-ээр маргасан байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 112/ШШ2024/0008 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох нийтийн номын сангийн захирлын орон тоонд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112/ШШ2024/0008 тоот шийдвэрийн Үндэслэх хэсгийн 17-д “Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д ...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх..., 4.2.6-д ...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах...гэх заалтууд болон дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Говь-Аптай аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.О-ийн урьд эрхэлж байсан аймгийн Нийтийн номын сангийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ” гэжээ.

Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд холбогдох баримтуудыг захиргааны байгууллага цуглуулсан. Э.О нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байхдаа ном зүйч Б.О-г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч, түүний ажилгүй байсан хугацааны цалинд нийт 2.227.000 төгрөгийг байгууллагын төсвөөс буюу улсын төсвөөс гаргуулж олгосон байдаг. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар төлүүлнэ гэжээ. Гэтэл улсын төсөвт учирсан дээрх хохирлыг Э.О нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу албан тушаал бууруулах хүртэл хугацаанд сайн дураар төлж барагдуулаагүй. Төсөв гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр. санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг ойлгохоор хуульчилжээ. Мөн Э.О нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллах ёстой төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд хийсэн ажлынхаа үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй. Иймд Э.Оийг нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 тоот аймгийн Засаг даргын захирамжаар албан тушаал бууруулсан бөгөөд шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, хуулийн заалт хэрэгжээгүй гэх дүгнэлт нь үндэслэлгүй юм.

3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-т "Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулсан эсэх, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар тэмдэглэл хөтөлж, бэлтгэж баримтжуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй” гэжээ.

Захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу нотлох баримт цуцлуулж, Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байсан Э.Оийн үйл ажиллагаатай холбоотой, улсын төсөвт учирсан хохиролтой холбоотой нөхцөл байдлыг дүгнэн үзээд  захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад зааснаар сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа нотолсон. Өөрөөр хэлбэл хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11-д “аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/725 дугаар албан бичигт дурдагдсан ...хөдөөгийн иргэдийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд сум орон нутгийн малчид, иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэх ажлыг алслагдсан бүс нутаг Алтай сум, Хилийн цэргийн анги, Бугат, Тонхил сумдын Тахийн тал, Алтансоёмбо багуудад зохион байгуулж, ажлын тайланг 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор танилцуулах...гэсний дагуу аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар албан бичигт дурдсан сум, байгууллагад ажилласан ажлын тайланг хавсралтаар хүргүүлж байсан байна” гэжээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/725 тоот “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг аймгийн Нийтийн номын сангийн захирал Э.Од хүргүүлсэн. Тус албан бичигт сум, байгууллагад ажиллаж, ажлын тайланг ирүүлэх, аймгийн 100 жилийн түүхэн ойг угтсан бэлтгэл ажлыг хангах үүднээс байгууллагын гадна, дотор тохижилт үйлчилгээг хийж гүйцэтгэх, байгууллагын ажилчдын дотоод уур амьсгалыг сайжруулах үүднээс хууль, захиргааны хэм хэмжээний актыг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгож, төрийн үйлчилгээг иргэдэд ид тод, түргэн шуурхай хүргэж байх үүрэг чиглэл өгсөн. Гэтэл дээрх чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажил, тайлан мэдээгээ дурдсан хугацаанд нь ирүүлээгүй. Аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21 дэх заалт, Соёлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар орон нутгийн өмчийн соёлын байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр үүрэг чиглэл өгөх бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл аймгийн нийтийн номын сангийн захирал Э.О нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь заалтад зааснаар харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Иймээс дээд шатны албан хаагчаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажилласан гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна.

3.4. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112/ШШ2024/0008 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Э.О-ээс Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан “... Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийтийн номын сангийн захирлын орон тоонд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх “... албан тушаалын тодорхойлолтод заасан ямар зорилго, зорилт, чиг үүргийг хэрхэн хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Төрийн албаны тухай хуулийн 45.1.1 дэх заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зохицуулалт байхад төрийн үйлчилгээний албан тушаал болох Нийтийн номын сангийн захирлыг албан тушаал бууруулахдаа дээрх заалтыг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн, /уг шийдвэрийг гаргахдаа/ соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг аваагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.   

4. Тогтоогдсон үйл баримтын тухайд,

4.1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 112/ШШ2021/0025 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 397 дугаар магадлалаар Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.Оийг тус аймгийн Нийтийн номын сангийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосноор нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан уг ажлыг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс үргэлжлүүлэн гүйцэтгэсэн.

4.2. Тус аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжаар, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалтыг үндэслэн, хууль тогтоомжид заасан чиг үүрэг, зорилго, зорилт болон албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Э.Оийг албан тушаал бууруулжээ.

Адил агуулга бүхий 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/99 дүгээр тушаалыг аймгийн Засаг дарга гаргасан боловч “Э.О ээлжийн амралттай байсан тул захирамжийг хэрэгжүүлээгүй” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан байна.

4.3. Аймгийн Засаг дарга нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/725 дугаар албан бичгээр 3 заалт бүхий чиглэлийг Нийтийн номын сангийн захирал Э.О-д хүргүүлсэн бөгөөд Нийтийн номын сангаас чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар албан бичгээр аймгийн Засаг дарын Тамгын газарт, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст, 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Соёл, урлагийн хэлтэст тус тус тайлан, мэдээллийг хүргүүлжээ.

5. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг “...байгууллагынхаа үйл ажиллагааны явцыг мэдээлдэггүй, орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажилладаггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй үл хүндэтгэдэг, захирал байхдаа Б.О-г ажлаас үндэслэлгүй халсан нь 2018 онд шүүхээр тогтоогдож, нөхөн олговорт нь төсвөөс олгосон 2,227,724 төгрөгийг төрд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй” гэх зэргээр тайлбарлах бол нэхэмжлэгч нь “...шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажилда эргэн орж, ажил үүргээ алдаа дутагдалгүй гүйцэтгэж байхад дахин ажлаас чөлөөлсөн, албан тушаал бууруулах хууль зүйн үндэслэл бүрдээгүй, мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулаагүй” гэж түүнийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргасан.

6. Төрийн албаны тухай хуулийн IV хэсэгт төрийн албан дахь хөдөлмөрийн харилцааг журамлахдаа, 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан бол маргаан бүхий захиргааны актад баримталсан, тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:” гээд 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заажээ.

7. Тодруулбал, хуулийн энэхүү “захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах” зохицуулалт нь гагцхүү төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахыг хууль тогтоогчоос тогтоосон ба төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарах төрийн албан хаагч буюу тухайн тохиолдолд аймгийн Нийтийн номын сангийн захирлын хөдөлмөрийн харилцаанд энэ зохицуулалт үйлчлэхгүй.

8. Иймд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд хэрэглэх албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарах зохицуулалтыг маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Э.О нь Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байхдаа 2017 онд ном зүйч Б.О-г ажлаас чөлөөлсөн нь шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй болох нь тогтоогдож, улсын төсвөөс 2,227,000 төгрөр гаргаж олгосон. Төрийн албаны тухай хуулийн 50.1-д зааснаар уг хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх ба Э.О нь төлж барагдуулаагүй. Энэ үндэслэлээр ажлынхаа үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх үүргээ биелүүлэгүй Төрийн албаны тухай хуулийн 37.1-д заасныг зөрчсөн байхад шүүх буруу дүгнэсэн” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авсангүй.

9. Нөгөөтээгүүр Төрийн албаны тухай хууль нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн зохих харилцааг журамласнаас бус шийдвэр гаргах ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулаагүй тул энэ харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ.

10. Тухайлбал, хариуцагч нь маргаан бүхий 2023 оны Б/114 дүгээр захирамжийг гаргахдаа тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “ ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:” гэж заасныг бүрэн хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

11. Дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтуудын агуулгыг тоймловол “тухайн шийдвэрийг гаргахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, санал тайлбарыг нь сонсох зэргээр шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах; сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан шаардлага, журмын дагуу хүргүүлэх; бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг нэгбүрчлэн хангасан байх” нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг илэрхийлнэ.

12. Захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр, түүнийг гаргах үйл ажиллагаа нь хуулиар олгосон эрхийн хүрээнд, тогтоосон шаардлагын дагуу байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “захиргаанаас хууль зөрчсөн ямарваа үйлдэл хийхийг хориглох, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглох” агуулга бүхий “хуульд үндэслэх зарчим”-д нийцнэ.

13. Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу захиргааны байгууллага болохын хувьд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийг гаргахдаа тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлах ба тухайн тохиолдолд үл хамаарах эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэд халдсан захиргааны байгууллагын шийдвэр, түүнийг гаргах ажиллагаа нь бүхэлдээ хууль зөрчжээ.

14. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн эрхлэн явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 112/ШШ2024/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ