Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
Хэргийн индекс | 147/2016/0183/Э |
Дугаар | 77 |
Огноо | 2016-11-21 |
Зүйл хэсэг | 096.1., 145.2., |
Улсын яллагч | Б.Очбадар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 77
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, иргэдийн төлөөлөгч Я.Отгон, улсын яллагч Б.Очбадар, хохирогч А.Тулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аасайхан, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Б.Батцэнгэл, Т.Хүдэр, шүүгдэгч С.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агсахал овгийн Сугарын Ганзоригт холбогдох 201317000183 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 3, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал маллаж амьдардаг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг “Хулгар” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Агсахал овгийн Сугарын Ганзориг /РД:ЛЮ91062814/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч С.Ганзориг нь согтуурсан байх үедээ 2013 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 24 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Овоотын 8-13 тоотод байх М.Баттөрийн гэрт хохирогч А.Тулгын зүй бус харьцаанаас шалтгаалан маргалдаж улмаар гэрийн гадна талд газарт хэвтүүлж дээр нь суух, 2 хөлийг нь мөрөн дээгүүр нь давуулж дээрээс нь дарж суух зэргээр хүч хэрэглэн зодож хүзүүний 4, 5 дугаар нугаламын их биеийн хугарал, мултрал, нугас тасрал, жийргэвч мөгөөрсний урагдал, 4 мөчний саажил зэрэг хүнд гэмтэл санаатай учруулсан,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг “Цогтын-Овоо” гэх газраас 2015 оны 03 сарын 18-ны орой шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Х.Санжидтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Г.Хүрэл-Очирын 1 эр үхрийг хулгайлж 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгтээ: 2013 онд Э.Алтансувд Цэнгэлмаа, Нардүүрэн бид хэд хамт Бага дөрвөлж рүү явсан. Бага Дөрвөлжөөс айл руу явсан. Тэр айлд очиход хүмүүс архи уугаад сууж байсан. Би бол архи уугаагүй байсан. Тулга ах Э.Алтансувдыг юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Э.Алтансувд Тулга ахтай зууралдаад байсан. Өөр зүйл санахгүй байна. Э.Алтантөр Эмнэлгийн хойд талын айлаас гарч ирээд бидэнтэй хамт явсан. Э.Алтантөр Бага дөрвөлжид айлд очоод архинаас ганц нэг уусан. Э.Алтансувдын куртикыг би өмссөн байсан. Тулга урсан. Тулга намайг ташиж унагаагүй. Тулга согтуу байсан. Би Тулгын хүзүүг дараагүй. Тулгад 1.200.000 төгрөг өгсөн. Цэнгэлмаа, Э.Алтансувд нар хохирол төлсөн. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-ийг хүлээн зөвшөөрөхгүй.
Санжид гэдэг манай найз над руу утсаар яриад манайд хүрээд ир гэхэд би гэрт нь очсон. Санжид миний мотоциклийг унаад ойрхон яваад ирье гэсэн. Яваад удалгүй ирсэн. Намайг хоёулаа хамт явья гэсэн. Хамт явж байхад зам дээр хэдэн үхэр байхад Санжид “ найз нь нэг үхэр авах гэсэн юм “ гэж хэлсэн. Би Санжидад “найз нь асуудалтай байгаа ш дээ ” гэж хэлэхэд Санжид “ найз нь бүгдийг нь даана” гэж хэлсэн. Тэгээд Санжид үхрээ махлачихаад нэг найзыгаа дуудаад аймаг руу оруулсан. Аймагт ирээд манай аавын найз Шархүү гэдэг ахынд үхрээ буулгаад маргааш нь ченжид өгсөн...гэв.
- Хохирогч А.Тулга шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн орой болсон зүйлийг мэдэхгүй байна. Би согтуу байсан. Эмчилгээ хийлгэсэн. Миний бие гайгүй байгаа. Баруун гар жаахан мэдээ муутай. Гүйж алхаж чадна. Ганзоригоос эмчилгээний зардал 1.300.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй. Би хохирлын талаар өөрийнхөө саналыг л хэлж байна... гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аасайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би өмгөөлөгчийнхөө хөлсийг явц дундаа өгье гээд өгөөгүй байсан. Тулга өмгөөлөгч оролцуулахгүй гээд явуулсан байна. Тулга өөрийгөө зүгээр болчихлоо гээд байна. 2014 оноос хойш эмчилгээнд явж чадахгүй байгаа. Би бол хохирлоо төлүүлээд л Тулгыг эмчилгээнд явуулах гэсэн юм. Ер нь бол 16.000.000 төгрөгийн хохирол гарсан. Гэхдээ баримт нь 13.000.000 төгрөг нэхэмжлэхээр байгаа. Хохирлоо л төлүүлчихвэл гомдолгүй. Би хохирлоо л төлүүлмээр байна...гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аасайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: /2014-02-07, 2-р хх-ийн 15-рт/... Би А.Тулгын ээж нь юм. Тулга нь миний 4 дэх хүүхэд. Тулга нь эхнэр хүүхэд байхгүй. 2013 оны 7 сард бусдад зодуулж биедээ маш хүнд гэмтэл авч үүний улмаас байнгын эмчилгээ хийлгэж байна. А.Тулга нь 4 мөчний саажилттай учир бичиж чадахгүй бие нь маш муу байгаа учир Тулгыг төлөөлж хохирогчоор оролцож байна. Маш их гомдолтой байна. Тулга эдгэрсэн ч гэсэн байнгын хүний асаргаанд байх болно. А.Тулгыг эмчилхэд гарсан бүх зардлыг нэхэмжилнэ. Нийт 12 сая төгрөгний зардал гарсан гэж үзэж байна. Эмчилгээ хийлгэсэн баримт байгаа уг баримтаа шүүх хурал дээр эх хувиар нь авч орно гэсэн мэдүүлэг,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: /2013-09-11, хх-ийн 17/,... А.Тулгын биеийн байдал маш хүнд байгаа, 4 мөч мэдээгүй хүзүү нь 2 хугарсан, 2013 оны 9 сарын 10-ны өдөр хагалгаанд орж зүүн төмсөгөө авахуулсан. Зүүн бөөр задарсан. Одоо эмчилгээний зардалд 7 сая төгрөг зарцуулсан байгаа. Дүүгийнхээ эрүүл мэндийг хохирсонд гомдолтой байна. Эмчилгээний зардал гэж Ганзоригийн ар гэрээс 1,300,000 төгрөг өгсөн, өөр хэн нэгэн нь огт мөнгө өгөөгүй гэсэн мэдүүлэг. /2013-10-17, хх-ийн 19/,
- Гэрч Б.Адъяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: /2013-07-21, хх-ийн 22-рт/, ... 2013 оны 07 сарын 13-ны өдөр манай найз Алтансувдын төрсөн өдөр гээд орой нар шингэчихсэн үед Дөрвөлж толгой дээр очиход Нардүүрэн, Алтансувд, Цэнгэлмаа, Ганзориг, Алтантөр, Баттөр нар боргио пиво уугаад байж байсан. Удалгүй Баттөр түрүүлээд явсан. Нардүүрэн, Алтансувд, Цэнгэлмаа, Ганзоригт, Алтантөр бид зургаа 13 дугаар дэлгүүрийн хойд талд Баттөрийн гэрт очиход гэрт Тулга, Баттөр, Дэлгэрбаатар, Гэрэлт-Од, Анхбаяр гээд 5 хүн байсан. Би Тулгатай мэндлээд байж байтал Тулга босож ирээд Алтансувдтай маргаад эхэлсэн. Алтансувд нь Тулгыг алгадаж байсан би салгасан. Тулга бол согтоод дэвээд байсан. Би салгасан. Гэр дотор бол Тулгыг Алтансувд алгадаж байсан, мөн гэрийн зүүн ор луу дээр доороо ороод унаж байсан гэх мэдүүлэг,
/2013-12-01, хх-ийн 232-рт/... Алтансувд нь Тулгатай гэр дотор маргаад байсан. Тулга, Ганзориг, Цэнгэлмаа, Алтансувд нар гэрээс гараад явсан. Удалгүй Ганзориг нь Алтансувдын хар өнгийн куртикийг мөр хэсгээр нь уруулчихсан уранхай чигээр нь өмсчихсөн орж ирсэн гэх мэдүүлэг.
- Гэрч Т.Дэлгэрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: /2013-08-21, 23-рт/ ... Анхбаяр, Тулга, Гэрэлт-Од, Баттөр бид тав нийт 3 дах шил архиа ууж байхад 2 эмэгтэй, 3 эрэгтэй 23 цаг өнгөрч байхад орж ирсэн. Би гэрийн хойд талаар газраар завилаад сууж байсан. Бүдүүн том биетэй Алтансувд руу Тулга нь нэг юм хэлсэн чинь Алтансувд нь Сүхбаатарын Дархан хааны хүүхэн ямар байдгийг үзүүлнэ гээд Алтансувд нь баруун гараараа Тулгын хүзүүг нь тэвэрч мушгиад дээрээс нь өвдгөөрөө дараад байсан. Цэнгэлмаа нь Тулга руу дайрч алаад өгье гээд 2 гараараа Тулгын мөр лүү нь цохьсон. Нардүүрэн, Ганзориг, Адъяа нар Алтансувдыг хорьж салгасан гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 60-рт, дахин байцаасан тэмдэглэл/
- Гэрч М.Баттөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: /2013-09-11, хх-ийн 24-рт/, ... 2013 оны 07 сарын 13-ны өдөр 15 цагийн үед Баруун-Урт сумын төвд байрлах Дөрвөлж толгой дээр Алтансувд, Нардүүрэн, Цэнгэлмаа, Ганзориг нарын хамт том пиво хувааж уучихаад би гэр лүүгээ яваад өгсөн. Гэртээ манай найз Анхбаярын төрсөн өдөр гэж Анхбаяр бид 2 манайд 2 шил архи хувааж уусан. Манай гэрт Дэлгэрбаатар, Анхбаяр, Гэрэлт-Од, Тулга бид 4 ерөөл нэртэй архи хувааж уугаад шөнийн 00 цаг өнгөрч байхад гаднаас Алтансувд, Цэнгэлмаа, Ганзориг, Адъяа, Алтантөр нар орж ирсэн. Энэ үед Тулга нь гэрийн зүүн хойд талд газраар завилаад баруун урагшаа чигтэй хараад сууж байсан. Алтансувд гаднаас орж ирэхэд Тулга нь чи яахаараа архи ууж явдаг юм гэсэн. Тэгтэл Алтансувд миний архи уух чамд ямар хамаатай юм гээд Алтансувд Тулга нар нь зууралдахаар нь гэрт битгий ноцолдоод бай гэхэд Алтансувд Тулгыг толгойны ар хэсэгт нь урт ургасан үснээс нь зуурч мөн мөрнөөс нь барьж байгаад гэрээс чирээд гаргасан. Араас нь Цэнгэлмаа, Нардүүрэн, Алтантөр, Ганзориг нар гарсан. Удалгүй Алтансувд нь Тулгыг гаднаас оруулж ирсэн гэх,
/2013-12-02, хх-ийн 233-рт/... Тулга нь Алтансувдыг архи уулаа гэж загнасан. Тэгтэл Алтансувд нь миний архи уух чамд ямар хамаатай юм гээд Алтансувд нь Тулгын мөрнөөс бариад гэрээс авч гарсан. Гаднаас орж ирсэн хүмүүсээс Адъяа нь үлдээд бусад нь гарсан. Удалгүй Алтансувд нь Тулгыг гэрт оруулж ирсэн гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтанд өгсөн: /2013-07-21, хх-ийн 28-рт/... Тулга бид 3 дах шил архиа ууж байтал гаднаас 4 эрэгтэй 2 эмэгтэй нийт 6 хүн орж ирсэн би бол огт таньдаггүй залуучууд байсан. 2 эмэгтэйн нэг нь том биетэй нөгөө нь туранхай биетэй эмэгтэй байсан. Харин Тулга нь том биетэй эмэгтэй рүү нь “чи миний дэргэд архи уудаг гөлөг биш” гэж хэлтэл “чи намайг гөлөг нохойгоор дууддаг хэн бэ” гээд Тулгыг барьж аваад дээр доороо орсон. Адъяа, Ганзориг, Нардүүрэн нар салгаад байсан. Би бөөлжихөөр гэрээс гараад гэрийн зүүн урагш бөөлжөөд байж байтал гэрээс шуугилдаад бөөндөө Тулга, Алтансувд, Цэнгэлмаа, Ганзориг, Нардүүрэн, Алтантөр нар гарч ирээд хэсэг зууралдаж байгаад Алтансувд нь Тулгыг гэр лүү чирээд орж байгаа харагдсан удалгүй буцаад орсон. Намайг гэр лүү ороход Тулга нь пийшингийн зүүн хойд талд баруун тийш хараад Алтансувд нь гэрийн баруун орон дээр сууж байсан. Алтансувд нь босч Тулга руу очиж Тулгыг барьж аваад тонгорч унагаах шиг болсон унахдаа Тулга нь пийшингийн зүүн хойд буланг хөлөөрөө нураачихсан.Тулгыг босоод ирэх үед дахин гэрийн зүүн хойд орон дээр дарж унагааж Тулгын өмдийг нь шувталж энэ муу ах чинь ямар жаахан юмтай юм гэсэн. Тулгатай бол Алтансувд гэх бүдүүн бор хүүхэн л зууралдаад байсан. Тулгатай өөр маргаж муудсан хүн байхгүй. Гэр дотор Алтансувд нь Тулга руу очиж дээр нь гараад цохиод байсан. Нэг удаа цохихдоо 2 гараа ээлжлэн цохиод байсан Алтансувдтай цуг явж байсан хүмүүс салгаад байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Э.Алтантөрийн мөрдөн байцаалтан өгсөн: /2013-12-03, 1-р хх-ийн 234-рт/ ...Тулга нь Алтансувдыг доромжилсон үг хэлтэл Алтансувд гэр дотор нь Тулгыг сэгсрээд байсан. Тэгтэл Тулга хачин муу янхан минь ална шүү гэж гэр дотор хэлтэл Алтансувд нь Тулгын цээж рүү цохиод байсан. Ганзориг нь чи миний найзыг ална шүү гэж хэллээ гэсэн. Алтансувд нь Тулгыг гэрээс гаргаад Алтансувд нь буцаад гэрлүү орж ирсэн. Тулга нь гэрлүү орох гэтэл Нардүүрэн Тулгыг мөргөөд газар унагаасан. Тэр үед Ганзориг нь шээчихээд ирье гээд гэрээс зөрөөд гартал Тулга нь хэвтээ байхдаа Ганзоригийг гөлөг минь нааш ир гээд дуудаад Ганзориг нь Тулга дээр очиход Тулга нь хэвтээ байхдаа хөлөөрөө Ганзоригийг ташаад газар унагаасан. Тэгтэл Тулга нь Ганзоригийг босох үед нь өмсөж явсан куртикийг нь татаад урчихсан. Ганзориг нь манай найзын куртикийг урчихлаа гээд Тулгын 2 хөлийг дээш нь өргөөд толгойных нь 2 талаар 2 хөлийг нь гаргаж 2 хөлнийх нь гуян дээр нь суугаад дараад Тулгыг түлхээд унагаасан. Алтансувд нь гарч Тулгыг 2 гарнаас нь чирээд гэр лүү оруулж гэрийн зүүн урд талд чирч авчирсан. Алтансувд нь Тулгын өмдийг шувтлаад ямар жаахан боовтой юм гэж хэлээд 2 нүдийг нь нээж үзээд үхээгүй байна гэж хэлсэн. Ганзориг нь Тулгыг ташиж унагаад үүнээс хойш Тулга нь босоогүй. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тулгыг гэр дотор Алтансувд нь зодоод байсан. Алтансувд нь Тулгыг зодож цохих үед Тулга унаад босч ирээд байсан. Алтансувд нь Тулгыг гэрээс гаргаад орхисон. Тулга нь гэрийн гадаа зогсож байгаад Ганзоригийг гарах үед нь нааш ир гэж дуудаад Ганзориг нь зодож үүнээс хойш Тулга босоогүй гэсэн мэдүүлэг. Мөн Э.Алтантөрийн дахин гэрчээр өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 61-рт/,
- Шинжээчийн 2013 оны 07 дугаар 18-ны өдрийн №305 дугаартай дүгнэлтэнд: 1/ А.Тулгын биед хүзүүний нугаламын гулссан мултрал, хүзүүний сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-5 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 74-рт/
- Шинжээчийн 2013 оны 08 сарын 01-ний өдрийн 9881 дугаартай дүгнэлтэнд: Хэсэг газрын үзлэгт: Хүзүүнд бэхэлгээтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 80747 тоот өвчний түүхэнд: хэвтсэн 2013 оны 07 сарын 16-ны өдөр, зовиур толгой хүзүү өвдөнө, гар хөл мэдээгүй гэнэ, үзлэгт биеийн байдал хүнд, орчиндоо харьцаатай, байрлал албадмал, 4 мөч саа саажилттай, амьсгал, зүрх судас дотор эрхтний талаас голомтот өөрчлөлтгүй, хүзүүнд бэхэлгээтэй, рентгенд хүзүүний 4-5 дугаар нугалам хугаралтай, мултралттай гэжээ. 2013 оны 07 сарын 19-ний өдрийн хагалгааны тэмдэглэлд: Хүзүүний 4, 5 дугаар нугаламын хугарал, мултрал засагдах боломжгүй, зүүн фасет үе мултарсан байв. Хүзүүний арын хүрцээр хүзүүний 4, 5 дугаар нугаламд хүрэхэд арын холбоос тасарч 4, 5 дугаар нугаламын зүүн фасет үе мултарсаныг бэхлэв. Хүзүүний 4, 5 дугаар нугаламын урд холбоос мөгөөрс урагдсан байсан тул үүнийг ба дискийг авч нугасыг чөлөөлөв. Ясны мөгөөрсийг авч декортикаци хийв. Нугас бүрэн тасарч нугасны ус гарч байсныг губкаар тогтоов. Сүүжний баруун урд дэлбэнгээс ясны суулгац авч хүзүүний 4, 5 дугаар нугаламын завсар хавчуулж титан ялтсаар нугаламд бэхлэв гээд: Дүгнэлт: Тулгын биед хүзүүний 4, 5 дугаар нугаламын их биеийн хугарал, мултрал, нугас тасрал, жийргэвч мөгөөрсний урагдал, 4 мөчний саажил гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-5 дах хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 100 хувь нөлөөлнө гэсэн /хх-ийн 1-х 81-рт/,
- Шинжээчийн 2014 оны 01 сарын 30-ны өдрийн 305 дугаартай дүгнэлтэнд: А.Тулгын биед баруун мөрний урд хэсэгт цус хуралт, баруун гарын шуунд шалбаралт, зүүн гарын шуунд шалбаралт, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун хавирганы нумаар зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба нарийн тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэсэн / 2-р хх-ийн 18-рт/,
- Шинжээчийн 2015 оны 02 сарын 06-ны өдрийн 189 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 58-рт/
- Хэргийн газарт үзлэг хийсэн 2015 оны 03 сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 77-81-рт/
- С.Ганзоригийн яллагдагчаар өгсөн: /2013-08-12, хх-ийн 140-рт/ ... 2013 оны 07 сарын 13-ны өдөр Баруун-Урт сумын төвд байрлах Дөрвөлж овоон дээр Цэнгэлмаа, Нардүүрэн, Адъяа, Баттөр, Алтансувд, Алтантөр нарын хамт боргио пиво уусан юм. Баттөр ах гэрлүүгээ яваад өгсөн. Харин Цэнгэлмаа, Нардүүрэн, Адъяа, Алтантөр, Алтансувд бид зургуулаа Баттөр ахынх руу явган явж очиход Баттөрийн гэрт Гэрэлт-Од, Анхбаяр, Дэлгэрбаатар, Баттөр, Тулга нар нийлээд 5-уулаа сууж байсан. Тулга ах Алтансувд руу нэг юм хэлсэн тэгтэл Алтансувд Тулга 2 хоорондоо зууралдаад гэрийн зүүн хойд талд зодолдоод байсан. Дахин гэрийн гадна Алтансувд Тулга нар гарч маргалдаад байсан. Энэ үед нь Алтантөр бид 2 хажууд нь байсан тэгтэл Алтансувд нь Тулгыг дээш харуулж хэвтүүлж байгаад 2 хөлийг нь дээш өргөж толгойных нь 2 талаар болгож хөлийг нь газар хүргэчихсэн байсан. Би Алтансувдыг цааш нь түлхэж салгасан. Би Тулгыг яасан бэ гээд хацарлуу нь алгадаж сэргээсэн тэгтэл Алтансувд Тулгын 2 гарнаас нь барьж чирээд гэрлүү оруулж гэрийн баруун урд талд авчирсан. Алтансувд Тулгын нүдийг нээж харчихаад зүгээр байна гэсэн мөн чирэгдэх үед өмд нь шувтарчихсан байсан юм, тэгтэл жоохон юмтай юм байна гээд өмдийг нь татаж байсан гэх мэдүүлэг,
/2013-09-25, хх-ийн 143-рт/: Бид нарыг ороход дахин нэг шил архи задалж Адъяа, Цэнгэлмаа, Алтансувд нар архинаас нь уусан. Алтансувд, Тулга нар хоорондоо маргаж Алтансувд Тулгын нүүр лүү гараараа цохиод байсан. Тулгыг Алтансувд нь чамайг ална гээд байсан. Би нэг харахад Алтансувд ньТулгын 2 хөлийг дээш нь болгож гуталын өлмий нь газар хүрчихсэн Алтансувд өөрөө бөгсөн дээр нь суучихсан байхаар нь Алтансувдыг түлхэж салгасан. Тулга тухайн үед сонин болчихсон байхаар нь очиж хөөе сэрээрэй гээд 2-3 удаа алгадсан чинь Тулга нь дуугарч байсан. Алтансувд нь зүгээр байна гээд Тулгыг 2 гарнаас нь барьж байгаад биеийнх нь нуруу хэсгээр газраар чирч гэрлүү оруулж гэрийн баруун талд газар хэвтүүлсэн гэх мэдүүлэг,
/2015-04-06, 3-р хх-ийн 116-рт/ ... Намайг 2015 оны 03 сарын 18-ны орой гэртээ байж байхад Х.Санжид 22 цагийн үед миний гар утас руу залгаад хөдөө гэр лүү хүрээд ир гэж дуудахаар нь би мотоцикльтойгоо очсон юм. Тэгээд Х.Санжид миний мотоциклийг жолоодож намайг сундалаад гэрээсээ урагш чигтэй явж байгаад замын зүүн хажуу талд хэдэн үхрүүд таарахад Х.Санжид 1 тооны үхрийг нь авья гэж хэлэхээр нь би Х.Санжидыг хулгай хийх гэж байгаа юм уу найз нь асуудалтай байгаа шүү дээ гэхэд Х.Санжид бүх асуудлыг би даана гэж хэлсэн юм. Тэгээд Х.Санжид бид хоёр таарсан хэдэн үхрүүдээс 1 тооны үхрийг уяагаар оосорлож байгаад барьж авч үхрийг Х.Санжид хутгаар салгасан юм. Х.Санжид үхэр янзалсаны дараа нэг хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Тэгээд Сүхбаатар аймгаас Х.Санжидийн найз гэх залуу машинтайгаа үхэр янзалсан газар ирсэн юм. Х.Санжид миний мотоциклийг авч үлдэж би Х.Санжидийн найзын машинтай үхрийн махаа ачаад аавын найз шар Пүрэвээ гэдэг ахын хашаанд буулгасан юм. Би үхрийн махыг 1.000.030 төргөрөөр махны ченжид зарж борлуулсан юм. Надад Санжид 400.000 төгрөг өгсөн бусад мөнгийг нь өөрөө авсан гэх мэдүүлэг.
- Э.Алтансувдын яллагдагчаар өгсөн: /2013-08-12, хх-ийн 145-рт/... 2013 оны 07 сарын 13-ны өдөр Баруун-Урт сумын төвд байрлах Дөрвөлж овоон дээр Цэнгэлмаа, Нардүүрэн, Адъяа, Баттөр, Алтантөр, Ганзориг нарын хамт архи уусан. Баттөр гэрлүүгээ явсан. Харин бид нар Баттөр ахынх руу орохоор болж Цэнгэлмаа, Нардүүрэн, Адъяа, Ганзориг, Алтантөр бид 6 ороход 5 эрэгтэй хүн архи уугаад сууж байсан. Буржгар үстэй Тулга гэх ах гэрийн зүүн хойд талд газраар сууж байгаад над руу “гичий минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи “гичий” гэж хэллээ гээд баруун гараараа Тулгын зүүн хацар луу 1 удаа алгадсан би болсон асуудлыг мартсан тул санахгүй байна.
/2013-09-25, хх-ийн 148-рт/ ... Бид нар орж танилцаад байж байхад Тулга нь намайг “гичий минь” гэж 2-3 удаа хэлэхээр нь чи намайг гичий гэж хэллээ гээд Тулгыг алгадаж цээж рүү нь гараараа цохьсон. Үүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Харин гэрийн гадна зүүн урд талаас Тулгыг цээжээр нь араас тэвэрч цээж хэсгийг нь өргөж хөлийг нь газраар чирээд гэрт оруулж гэрийн баруун шалан дээр хэвтүүлж дээгүүр нь хөнжил нөмрүүлж өгчихөөд явсан. Тулгыг өөр хэн нэгэн нь зодож байсныг хараагүй гэсэн мэдүүлэг.
- Т.Цэнгэлмаагийн яллагдагчаар өгсөн: /2013-09-18, хх-ийн 153-рт/ ... Би гэрээс гараад харахад гэрийн хаалганаас урагш Тулга нь газар бие нь дээшээ харчихсан урагшаа чигтэй толгой нь чиглэсэн байдалтай дээд талд нь Ганзориг гарчихсан гараараа нүүрлүү нь 2 удаа цохьсон. Яаж байгаа юм гэхэд Ганзориг нь найзын савхи урчихлаа гээд Тулгыг босгож суулгаад толгойных нь араас барьж байгаад толгойг нь урагшаа бөхийлгөж дарсан. Ганзоригийг гэрлүү авч ороход Ганзоригийн өмсөж байсан савхин хар өнгийн материалтай куртикний баруун талын ханцуй мөр орчмоор урагдсан байсан. Тулгыг хэн гэрээс авч гарсаныг мэдэхгүй, Ганзориг нь Тулгыг зодсоны дараа Алтансувд нь Тулгыг 2 гарнаас нь чирч гэрт оруулж баруун талд авчирч өмдийг нь шувтлаад ямар жаахан боовтой юм гэж хэлсэн. Намайг гэрээс гарахад Ганзориг Тулгыг зодож байсан харин үүнээс хойш бол Тулга босч ирээгүй, Алтансувд Тулгыг чирч оруулсан. Би Тулга ахтай маргаж муудаагүй Алтансувд л маргаад байсан,
- С.Нардүүрэнгийн яллагдагчаар өгсөн: /2013-10-01, хх-ийн 158-рт/ ... Баттөрийн гэрт Алтансувд, согтуу Тулга нар хоорондоо зодолдоод Алтансувд нь Тулгын үснээс нь зулгаагаад байхаар нь би салгах гэтэл Тулга нь миний толгой руу 2 удаа цохьсон би Тулгын цээж рүү мөргөсөн. Дахиад түжигнээд байсан. Алтансувд, Тулга, Ганзориг нар гэрийн гадна зодолдоод байсан яаж хэнийг зодсоныг бол хараагүй.
/2014-04-24, 2-р хх-ийн 178-рт/ ... Алтансувд нь Тулгыг гаднаас гэр лүү чирч оруулж ирсэн. Энэ үедээ Тулгын биеийн гаднах зулгарсан, урагдсан гэмтлийг учруулсан байх гэх мэдүүлэг,
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг 2013.07.14 /хх-04-08/
- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол 2013.09.06 /хх-09/
- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл 2013.09.06 /хх-10/
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл 2013.07.14 /хх-15/
- А.Тулгын өвчний түүх Аймгийн нэгдсэн эмнэлэг /хх-42-52/
- А.Тулгын өвчний түүх Гэмтэл согог судлалын үндэсний төв /хх-54-73/
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн Засаг даргын 2013.08.22-ны өдрийн 168 дугаартай тодорхойлолт /хх-167/
- Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт 2013.09.19 /хх-245/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013.07.18-ны өдрийн 305 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт: 1.А.Тулгын биед хүзүүний нугалмын гулссан мултрал, хүзүүний сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-74/
-Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013.08.01-ний өдрийн №9881 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт: 1.А.Тулгын биед хүзүүний 4,5 дугаар нугалмын их биеийн хугарал, мултрал, нугас тасрал, жийргэвч мөгөөрсний урагдал, 4 мөчний саажил гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 100% нөлөөлнө гэх дүгнэлт /хх-81/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013.08.22-ны өдрийн 305 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын нэмэлт дүгнэлт: 1.А.Тулгын биед учирсан гэмтэл нь толгойн хоёр талаар хоёр хөлийг нь оруулж дарах үед гэмтэл илүү үүсэн магадлалтай ба хоёр хөлнөөс бариад нуруугаар нь хатуу гадарга гэрийн модон босго давуулж чирэх үед үүсэх боломжгүй, нүүр толгойн тус газар нь цохих, толгой руу нь толгойгоороо мөргөх, нүүр цээж рүү нь гараараа цохих, орон дээр дарж унасан тохиолдолд хүзүүний яс хугарах эсэх нь цохилтын хүчээс хамаарах ба энэ хугарал ямар байдлаар үүссэн болох нь тогтоогдох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-87/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013.09.06-ны өдрийн 35 тоот шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд ханзралт байна. 2. Уг ханзралт нь татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /хх-93-94/
- Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013.08.30-ны өдрийн №6575 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 4-р баг Овоотын 8-13 тоотод байх гэр дотроос хураан авсан 00-ийн цаасанд цус илэрсэн. Бүлгийн харьяалал тогтооход дээж хүрэлцэхгүй гэх дүгнэлт /хх-101/
- Хохирогч Г.Хүрэл-Очирын: /2015-03-24, 3-р хх-ийн 90-рт/ ... Манайх Сүхбаатар аймгаас хойш 20 км Цогт овоо гэдэг газар нутагладаг юм. Би 2015 оны 03 сарын 1-нд үхрүүдээ бэлчээр дээрээс нь хөөж авчирч үзэхэд мухар улаан бүдүүн эр үхэр 6 настай байхгүй байсан. Тэгээд үхрээ хайгаад явтал Улаан худаг гэдэг газраас ертөнцийн зүгээр зүүн хойш 2 км орчим газарт үхрийн сэвс, толгойг нь гуунд орхиод явсан байхыг олсон. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Одоо 7 настай үхэр. Содон шинж тэмдэг гэвэл зөв талын чих урдаасаа ухам, буруу талын чих үзүүрээсээ цуулбар имтэй, мухар хар хүрэндүү үхэр юм. Алдсан үхрээ 1.700.000 төгрөөр үнэлнэ гэх мэдүүлэг.
- Гэрч Ч.Лхамын мөрдөн байцаалтанд өгсөн: /2015-04-27, 3-р хх-ийн 92-рт/ ... Манайх Баруун-Урт сумын 5 дугаар баг Бага дөрвөлжийн 16-7 тоот хашаанд байдаг юм. 2015 оны 03 сарын 20-ны өглөө 05 цаг 30 минутын үед манай хашааны хаалгыг хүн балбаад нохой хуцаад байхаар нь би хөгжлийн бэрхшээлтэй /хэлгүй дүлий/ хүүгээ гаргасан юм. Тэгсэн Сугарын Ганзориг манай гэр лүү орж ирээд Лхам ахаа мах хийчих газар байна уу? гэхээр нь би манай зүүн талын илүү гэр лүү хийчих гэсэн юм. Тэгээд намайг босоод цайгаа уугаад сууж байхад 09 цагийн С.Ганзориг гэр лүү ганцаараа орж ирээд Лхам ахаа мах зарах гэсэн юм танд таньдаг ченж байна уу? гэхээр нь би хүнтэй ярьж өгье гээд Амаа гэх залуутай утсаар мах авах уу гэж асууж ярьсан юм. Тэгээд Амаа удаагүй манай руу ирсэн юм. Амааг гэрт дотор мах үзэх үед Амаа бид хоёр С.Ганзоригоос хулгайн мах юм биш биз дээ, толгой арьс нь яасан юм бэ? гэж асуухад С.Ганзориг манай үхэр юм, арьсыг нь шүүлэх гээд авч үлдсэн гэж хэлж байсан юм. Тэгээд Амаа Ганзоригийн махыг хиллээд аваад явсан юм. Би махыг нь хэдэн килограмм байсныг мэдээгүй. Миний албан ёсны нэрийг Чалхаа овогтой Лхам гэдэг юм. Намайг хүмүүс Шархүү гэж дууддаг юм. С.Ганзориг болон С.Ганзоригийн аав, ээж намайг Ч.Лхам гэдэг албан ёсны нэрийг мэдэхгүй юм гэх мэдүүлэг.
- Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: /2015-05-04, 3-р хх-ийн 94-95-рт/ ... 2015 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Санжид над руу өөрийнхөө гар утаснаас яриад манай гэрт хүрээд ир гэхээр нь би Санжидын гэрт яваад очсон чинь Санжид хөдөө баруун талын хонхорт үхэр алчихсан байж байсан. Тэгэхээр нь би энэ ямар учиртай үхэр вэ гэхэд Санжид энэ манай үхэр би ээжээс нуугаад зарах гэж байгаа юм. Харин намайг машиндаа махыг нь ачаад аймгийн төв рүү оруулаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд машиныхаа багажиндаа нөгөө үхрийн махыг ачаад Санжидын нэг найзтай нь хамт машиндаа суулгаад Сүхбаатар аймгийн төв рүү оруулж өгсөн. Надад Санжид хөлс гэж бэлэн 130.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг,
- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, схем зураглал /2015-03-21, 3-р хх-ийн 77-82-рт/
- Эд зүйлийн үнэлгээ /3-р хх-ийн 140-рт/
- Х.Санжидын яллагдагчаар өгсөн: /2015-04-13, 3-р хх-ийн 119-рт/ ... Би С.Ганзоригийн утас руу 2015 оны 03 сарын 18-ны өдөр 11 цагийн үед залгаад хөдөө гэрлүү хүрээд ир гэж ярьсан юм. Тэгсэн С.Ганзориг мотоцикльтойгоо манай гэр лүү ганцаараа ирж бид хоёр С.Ганзоригийн мотоцикльтой Сүхбаатар аймаг ордог замаар явж байхдаа замын хажууд хэдэн үхрүүд таарахаар нь С.Ганзоригоос энэ үхрүүдээс 1 үхэр авчихья гэхэд С.Ганзориг дургүйцээд яах гээд байгаа юм бэ гэсэн юм. Тэгээд тэр эр үхрийн хөлөнд уяа орж татаж байгаад арай гэж барьж авч би хутгаар нугаслан, цусалж ойчуулсан юм. С.Ганзориг бид хоёр эр үхрийг өвчиж махыг нь арьснаас нь салгаж 4 мөчөөр нь болгож би гэрээс утсаа авч Эрдэнэт хотоос ирсэн найз Пүрэвсүрэнтэй утсаар ярихдаа найз нь гэр бүлээс нуугаад 1 үхэр хийчихсэн миний найз манай хөдөө гэр лүү машинтай ирээд авчих гэж ярьсан юм. Тэгээд Пүрэвсүрэн өөрийнхөө прүсь маркийн машинтай шөнийн 01 цагийн үед ирэх үед нь би мотоцикльтой зам дээр тосоод хүлээж байгаад Пүрэвсүрэнг ирэхээр нь машинд үхрийн махаа ачиж өгөөд аймаг явуулсан юм. Би үхрийн мөнгөнөөс С.Ганзоригт 300.000 төгрөг, Пүрэвсүрэнд машиндаа бензин тос хийгээрэй гээд 100.000 төгрөг өгсөн юм. С.Ганзориг бид хоёрын хулгайн хэрэгт ашигласан мотокиль С.Ганзоригийн мотоцикль юм. С.Ганзориг бид хоёрын үхэр бугуйлдаж барьсан суран бугуйл болон хутга минийх юм. Би үхэр хулгайлах санааг анх гаргасан юм... гэх мэдүүлэг,
- С.Ганзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-159/
- С.Ганзоригийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-165/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Ганзориг нь согтуурсан үедээ 2013 оны 07 сарын 13-наас 14-нд шилжих шөнө 24.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Овоотын 8-13 тоотод байх М.Баттөрийн гэрт хохирогч А.Тулгын зүй бус харьцаанаас шалтгаалан маргалдаж улмаар гэрийн гадна талд газарт хэвтүүлж дээр нь суух, 2 хөлийг нь мөрөн дээгүүр нь давуулж дээрээс нь дарж суух зэргээр хүч хэрэглэн зодож хүзүүний 4, 5 дугаар нугаламын их биеийн хугарал, мултрал, нугас тасрал, жийргэвч мөгөөрсний урагдал, 4 мөчний саажил бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч А.Тулга, гэрч Э.Алтансувд, Т.Цэнгэлмаа, С.Нардүүрэн, гэрч Э.Алтантөр нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013.07.18-ны өдрийн 305 тоот, 2013.08.22-ны өдрийн 305 тоот актын нэмэлт дүгнэлт, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013.08.01-ний өдрийн №9881 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны 2013.11.13-ны өдрийн актаар,
2015 оны 03 сарын 18-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг “Цогтын овоо” гэх газраас Х.Санжидтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Г.Хүрэл-Очирын 1 эр үхрийг хулгайлж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгч С.Ганзоригийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, Г.Хүрэл-Очир, гэрч Ч.Лхам, Б.Пүрэвсүрэн нарын мэдүүлгүүд, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зураг, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтасны 15 /, Эд зүйлийн үнэлгээ /3-р хх-ийн 140/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч С.Ганзориг нь хохирогч А.Тулгын бие махбодид гэмтэл учруулаагүй гэж өөрийн гэм буруугийн талаар маргах боловч энэ нь тухайн хэрэг гарахад хамт байсан, болсон явдлыг харсан гэх гэрч Э.Алтантөрийн “ Ганзориг Тулга ахын дээр нь гарч баруун гараараа шанаа руу нь нэг удаа цохиод бостол Тулга нь хэвтээ байдлаараа хөлөөрөө Ганзоригыг ташаад унагасан. Тэгтэл Ганзориг босч ирээд Тулгыг дээш хараад хэвтэж байхад нь 2 хөлийг нь өргөж толгойных нь араар 2 талаар 2 хөлийг болгож газар дараад өгзөг хэсэг дээр нь суучихсан.Тулга газраас босч чадахаа больсон, гэрийн надаа ганцаараа үлдсэн” гэх/ 1-р хавтас 26/, гэрч Т.Цэнгэлмаагийн “...гэрийн хаалганаас урагш Тулга нь газар бие нь дээшээ харчихсан урагшаа чигтэй толгой нь чиглэсэн байдалтай дээд талд нь Ганзориг гарчихсан гараараа нүүр рүү нь 2 удаа цохьсон. Яаж байгаа юм гэхэд Ганзориг нь найзын савхи урчихлаа гээд Тулгыг босгож суулгаад толгойных нь араас барьж байгаад толгойг нь урагшаа бөхийлгөж дарсан. Ганзориг нь Тулгыг зодсоны дараа Алтансувд нь Тулгыг 2 гарнаас нь чирч гэрт оруулсан. Намайг гэрээс гарахад Ганзориг Тулгыг зодож байсан харин үүнээс хойш бол Тулга босч ирээгүй байхад нь Алтансувд Тулгыг чирч оруулсан ” гэх / 1-р хавтасны 153 /, Э.Алтансувдын ” Би Тулга ахын хүзүүг мушигсан зүйл байхгүй. Харин 2-3 удаа алгадсан, нэг удаа цээж рүү нь цохьсон. Дээш хараад хэвтэж байх үед нь хөлийг нь дээш өргөж мөрөнд 2 хөлийг нь хүргэсэн. Тэгээд өргөөд оруулах гэхэд дийлдэхгүй байсан учир 2 гарнаас чирч гэрт оруулж гэрийн баруун шалан дээр хэвтүүлж дээгүүр нь хөнжил нөмрүүлж өгчихөөд явсан” / 1-р хавтасны 30-31/ гэх, Б.Адъяагийн “ нэг удаа Ганзориг орж ирэхдээ хар өнгийн куртикээ уруулчихсан орж ирсэн” /1-р хавтас 22х/ гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэн, няцаагдаж байна.
С.Ганзориг нь хохирогч А.Тулгыг “ найз Э.Алтансувдын куртикыг урлаа ” гэдгээр шалтаглан зодсон буюу тухайн гэмт хэргийг хувийн сэдэлтээр үйлдсэн нь гэрч Т.Цэнгэлмаагийн “ Ганзориг нь найзын савхи урчихлаа гээд Тулгыг босгож суулгаад толгойных нь араас барьж байгаад толгойг нь урагшаа бөхийлгөж дарсан. Ганзоригийг гэр рүү авч ороход Ганзоригийн өмсөж байсан савхин хар өнгийн материалтай куртикны баруун талын ханцуй мөр орчимоор урагдсан байсан” гэх, гэрч Э.Алтантөрийн” Алтансувдын хар савхиндуу материалтай куртикыг Ганзориг өмсөж байсан. Ганзориг Тулгын хөлийг нь дээш өргөж байхад Тулга нь ханцуйнаас нь татаад урчихсан” /1-р хавтас 27/ гэх, гэрч Б.Адъяагийн” Нэг удаа гаднаас Ганзориг орж ирэхдээ хар өнгийн куртикээ уруулчихсан орж ирж байсан” / 1-р хавиас 22/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдоно.
Харин тэрээр Х.Санжидтай бүлэглэн иргэн Г.Хүрэл-Очирын 1 эр үхрийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ нь Х.Санжидын яллагдагчаар өгсөн ” Би С.Ганзоригийн утас руу 2015 оны 03 сарын 18-ны өдөр 11 цагийн үед залгаад “ хөдөө гэрлүү хүрээд ир “ гэж ярихад С.Ганзориг мотоцикльтойгоо ирсэн. С.Ганзоригийн мотоцикльтой Сүхбаатар аймаг ордог замаар явж байхдаа замын хажууд хэдэн үхрүүд таарахаар нь “ нэг үхэр авчихъя “ гэхэд С.Ганзориг дургүйцээд “ яах гээд байгаа юм бэ “ гэсэн. Би С.Ганзоригийн мотоциклийг унаад ойр хавьд айл байна уу гэж харахад айл харагдаагүй. С.Ганзориг бид хоёр үхрүүдээс 1 тооны эр үхрийг уяагаар бугуйлдаж авсан. Би үхрийн гэдэс толгойг үхэр янзалсан газар дээр орхиж, арьсийг нь үхэр янзалсан газраас 500 м орчим мухар эргэнд орхисон. Би найз Пүрэвсүрэнгийн машинд үхрийн махаа ачиж явуулсан. 2015 оны 03 сарын 19-ний өглөө надтай С.Ганзориг утсаар “ нөгөө үхрээ 1.100.000 төгрөгөөр зарж борлуулсан” гэж ярьсан. Би үхрийн мөнгөнөөс С.Ганзоригт 300.000 төгрөг өгсөн. Бид нарын хулгайлсан улаан хүрэн зүсмийн мухар эр үхэр байсан, им, тамгыг анзаараагүй. С.Ганзориг бид хоёрын хулгайн хэрэгт ашигласан мотокиль С.Ганзоригийн мотоцикль юм. Үхэр бугуйлдаж барьсан суран бугуйл, хутга минийх юм. Би үхэр хулгайлах санааг анх гаргасан гэх “ мэдүүлгээр/3-р хх-ийн 119/ хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч С.Ганзоригт холбогдох хэргүүдэд мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэлүүд тохирсон, хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ялаар, мөн бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр баривчлах ял шийтгэл тус тус оногдуулах үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
С.Ганзориг нь хувьд ноогдох эд хөрөнгөгүй, хохирогч Г.Хүрэл-Очирт учирсан нэг эр үхрийг хохирлыг нөхөн төлсөн зэргийг үндэслэн эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.Ганзоригийн үйлдсэн дээрх хэргүүд нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулах хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулах баривчлах ялыг өршөөн хэлтрүүлэхээр тус тус тогтоолоо.
С.Ганзориг нь Х.Санжидтай бүлэглэн иргэн Г.Хүрэл-Очирын нэг эр үхрийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 1416Т902096 аралын дугаартай, 051210224 моторын дугаартай, улсын дугааргүй мотоциклийг ашигласан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар уг мотоциклийг гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл гэж үзэн хурааж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ганзоригийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.
С.Ганзориг тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь гэрч Б.Адъяа, Э.Алтантөр, Т.Цэнгэлмаа, Э.Алтансувд нарын “ Дөрвөлж толгой дээр гарч Алтантар, Нардүүрэн, Ганзориг, Баттөр бид архи, пиво уусан “ гэх адил мэдүүлгүүдээр нотлогдоно.
Шүүгдэгч С.Ганзориг нь хохирогч А.Тулгын эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг өгсөн, хохирогч Г.Хүрэл-Очирын 1 эр үхрийн үнэд 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч А.Тулга, Г.Хүрэл-Очир нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүх мөрдөн байцаалтын шатанд өмнө нь хохирогч А.Тулгын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Аасайханы шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “ Тулга өөрийгөө зүгээр болчихлоо гээд байна. 2014 оноос хойш эмчилгээнд явж чадахгүй байгаа. Ер нь 16.000.000 төгрөгийн хохирол гарсан. Гэхдээ баримт нь 13.000.000 төгрөг нэхэмжлэхээр байгаа. Би хохирлоо л төлүүлмээр байна ” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь хохирогч А.Тулга нь мөрдөн байцаалтын шатанд 2016.10.14-ний өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож мэдүүлэг өгсөн ба шүүх хуралдаанд “ Ганзоригоос эмчилгээний зардал 1.300.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй. Би хохирлын талаар өөрийнхөө саналыг л хэлж байна” гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн хийгээд түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9, 43 дугаар зүйлийн 43.3.4-т заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Хэрэгт Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн иштэй, 3 ширхэг дугуй дүрс бүхий хадаастай, ажлын хэсэгт HONG LI гэсэн бичигтэй, ажлын хэсгийн урт 15 см, нийт 26 см урттай нэг ширхэг хутгыг устгаж, Э.Алтансувдын өмчлөлийн савхин куртикыг түүнд буцаан олгоно.
Мөн эд хөрөнгө хураах ял биелэгдтэл буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал С.Ганзоригийн эзэмшлийн 1416Т902096 аралын дугаартай, 051210224 моторын дугаартай улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2015.04.13-ны өдрийн Хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үргэлжлүүлнэ.
Хэрэг гарахад хохирогч А.Тулгын согтуурсан зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирогчид хүнд гэмтэл учирсан боловч эдгэрч байгаа, тэрээр шүүгдэгчид холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч С.Ганзориг хохиролд тодорхой мөнгөн төлбөр төлсөн, гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байгаа зэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоолоо.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Агсахал овгийн Сугарын Ганзоригийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч С.Ганзоригт 05 / тав/ жил 10 / арав/ хоногийн хорих, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 04 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ялтан С.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасч, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 04 сарын баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т заасныг журамлан ялтан С.Ганзоригийн биечлэн эдлэх 03 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан ялтан С.Ганзоригийн цагдан хоригдсон 254 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан хэрэгт 2015.04.13-ны өдөр битүүмжлэгдсэн ялтан С.Ганзоригийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн, түүний эзэмшлийн А1416М902096, М051210224 арлын дугаартай, 800.000 төгрөгийн үнэтэй, улсын дугааргүй, хар өнгийн мотоциклийг улсын орлогод оруулсугай.
7. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Хүрэл-Очирт учирсан эр үхрийн төлбөр болох 1.500.000 төгрөг нөхөн төлөгдсөн, хохирогч А.Тулга гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд тэрээр цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн бариултай, 26 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, харин хар өнгийн курткыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн иргэн Э.Алтансувдад буцаан олгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан С.Ганзоригийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2015 оны 04 сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үлдээж, харин түүний эзэмшлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 03 сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар ялтан С.Ганзоригт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР
ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА
С.НАСАНБУЯН